Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саваа сайлаар, сэтгэлээ сайхан мэдээгээр

Тал газар халиуран шар­галтаад, тариан түрүү боловсорч гүйцсэнээ тунхаглан салхины аясаар хөнгөхөн най­гана. Тариаланчдын сэт­гэл тэнүүн ургац хураалт, хад­ландаа бэлтгэх аж. Энэ жилийн хувьд тарианы болц эрт гүйцсэн учраас тариаланчдын ажил эд ундарч байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Дархан-Уул аймгийн тариаланчдын ажил байдалтай танилцлаа. Ирэх аравдугаар сард Үйлдвэр хөдөө аж, ахуйн яам ирэх хоёр жилийн зорилтоо Засгийн газраар батлуулна. Харин тэрнээс өмнө салбарын зорилт чухам юунд чиглэхийг тогтоохоор салбарын удирдлагууд ажиллаж буй.


Дарханчуудын намрын ажил эхэлжээ


Дархан-Уул аймгийнхны хувьд хадлан, тариа, ногоо хураалтын ажил эхэлжээ. Сүүлийн жилүүдэд тус аймгийн ургац хураалт тогтвортой байгаа сайхан мэдээгээр аймгийн ҮХАА-н газрын дарга З.Нэргүй салбарын сайдаа угтлаа. Дарханчуудын хувьд төмс хүнсний ногоогоороо улсын хэрэгцээний 20 хувийг хангадаг  гэнэ. Энэ жил зун өдөртөө халаад, шөнөдөө хүйтэрч байсан ч чийг сайн байж. Харин долдугаар сард их халсан учраас цаг уурынхантай холбогдож үүлэнд нөлөөлж, ургацынхаа болцыг түргэсгэх арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгч тариалангаа эхнээс нь хураан авах боломжтой болж.
Урьдчилсан дүнгээр хадлангийн ургац га-гаас 4-6 центнер өвс авахаар болж. Тус аймгийн хувьд малаа хонины тоо толгойд шилжүүлбэл 560 мянган тоо толгой мал тоологдож. Энэ жил 80 мянган тонн өвс шаардлагатай. Үүнийгээ хадлангаасаа өлхөн авна гэдгээ хэлсэн. Тус аймгийн хувьд өнгөрсөн өвөл цаг агаар тогтуун байсан учраас өнгөрсөн жилийн хадлангийн нөөц тэр чигээрээ байгаа аж. Өвсөө улсын нөөцтэй гэрээ хийгээд битүү саравчинд хадгалж байгаа учраас хоёр жилдээ хадгалах боломжтой гэнэ.

Энэ намрын улаанбуудайн анхны ургацыг Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан авчээ. Нийт тарианы 70-аас багагүй хувийнх нь болц гүйцэж, зарим нь үл ялиг ногоон байвал ангилан хадалт хийж, ургацаа авдаг аж. Тус сумынхан аль хэдийнэ ангилаад хадаж эхэлсэн учраас улсын хэмжээнд анхны ургацынхаа дээжийг гар дээрээ тавьсан гэсэн үг. Сүүлийн хэд хоногт шарсан нарны илчинд тарианы болц нэлээд эрчимтэй гүйцсэнийг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунболд ярив. Ургацын урьдчилсан балансыг орон нутагт тооцож, энэ долоо хоногт улсын Ургацын комиссыг хуралдуулан, балансын үр дүнг Засгийн газарт танилцуулахаар зэхээд байна. Аймаг сумдаас авсан урьдчилсан балансаас үзэхэд ойролцоогоор нэг га-гаас 15-15.8 центнер улаанбуудай авах тооцоо бий аж. Нийлбэр дүндээ 430 орчим мянган тонн улаанбуудай хурааж авах урьдчилсан дүн бий тул өнгөрсөн жилийнх шиг улаанбуудайн уут дүүрэхгүй байх асуудал энэ онд гарахгүй бололтой. Энэ онд улсын хэмжээнд өнгөрсөн жилээс 15-16 мянган га-гаар илүү талбайд улаанбуудай тариалсан аж.

Газрын хуулийн гацаа, гадаадын зээл тусламж

Дархан-Уул аймгийнхны сайхан мэдээнээс дутахааргүй зүйлийг ч салбарын сайд тариаланчдад дуулгасан. Тэрээр “БНХАУ-ын даргын айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарт 200 орчим техник хэрэгсэл авахаар болсон. Манай улсад жил бүр 300 орчим сая юаны тусламж, тэрбум орчим ам.долларын зээл тусламж үзүүлэхээр болсон. Үүнийг хөдөө аж, ахуйн салбарт гэж зохиож хэлсэн. Цаашид хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчдад их туслана. Хүнсний ногоо, жимс жимсгэний салбарынхан зээл тусламжаас хоцроод байдаг. Үүнийг анхааралдаа авна. Техник хэрэгслийг нь шинэчилнэ” гэсэн юм. Улсын эдийн засгийн байдал хэдийгээр тааруу байгаа ч хоёр хөршийн маань удирдагчдын айлчлал  байгаа нь хөдөө аж ахуйн салбарт боломж бий болгож байна. Гэхдээ тэр боломжийг салбарын техник шинэчлэлд хандуулах ёстой гэдгийг тэрээр хэлсэн юм.
Мөн тариаланчид газрын хууль батлагдах цаг хугацааг салбарынхаа сайдаас лавлаж асуусан. Улс төрийн асуудлаас болж уг хууль гацсан ч заавал батлах ёстой гэдгийг сайд хэлсэн. Тус хууль батлагдснаар хамгийн гол нь тариалан эрхлэгчид болон малчид хэрхэн нэг бүс нутагт зохицон амьдрах таатай нөхцөл бүрдэх учиртай. Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймаг бол газар тариалангийн бүс нутаг. Тиймээс мал аж ахуй, газар тариалан хоёрын зөрчил хамгийн ихээр өрнөдөг бүс нутаг гэж хэлж болохоор. Энэ зөрчлийг арилгах ганц арга нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хуулиар зохицуулах юм.
Мөн манай улсалд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа учраас Бүрэнхааны орд зэрэг газруудаас ургацад хэрэгтэй химийн элементүүдийг авч хэрэглэхээр анхан шатны яриа хэлэлцээр хийгдэж байгаа аж. Ингэснээр тариалан эрхлэлтийн салбарт хамгийн өндөр үнээр авдаг бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр авах боломж нээгдэх нь. ОХУ-аас манай улс жилдээ тэрбум гаруй ам.долларын бинзен шатахуун авдаг. Түүнийхээ оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлохоор хэлэлцээр хийх гэж буй. Энэ боломжийг судлахаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ОХУ-д ажиллаж байгаа гэнэ. Манай улсад атаршсан тариалангийн талбай их бий учраас түүнийгээ ашиглаад, та­­риалалтаа нэмэгдүүлбэл би­­дэнд дотоодын нөөцөө хан­­­гаад, гадаадын аль нэг улс руу газар тариалангийн бү­­­­тээг­дэхүүн нийлүүлэх боломжтой.

Малын удмын сангийн цогцолбор босч байна

Дархан-Уул аймгийн Хонгор суманд Монгол малын удмын сангийн цогцолбор босч буй. Уг бүтээн байгуулалттай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж танилцлаа. Монгол малын удмын санг хадгалж, хамгаалах мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр тус цогцолборыг бүтээн босгож байгаа аж.
Энд эцэг малыг тэжээн хиймлээр нийлүүллэгт оруулан үрийг нь авч азотод хадгалаж, түүнийгээ эх малд хиймлээр суулган өсгөж үржүүлэх ажлыг хийх аж. Мөн сайн үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байр, монгол малын ашиг шимийг дэлгэн харуулсан музей зэрэг байгуулагдах юм. Барилгын ажил 70 гаруй хувьтай явж байгаа гэнэ. Өнгөрсөн жил гадна талын хашаа болон газар доогуурхи дэд бүтэц бүрэн хийгдсэн бол энэ жил зарим блокууд баригдсан байна. Цогцолборын бүтээн байгуулалт ирэх жил дуусах хэдий ч дотор нь тавигдах техник хэрэгсэлд хөрөнгө мөнгө их шаардагдах учраас салбарын сайд ийн ажил байдалтай нь танилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан