Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих ажлын гүйцэтгэл 17,3 хувьд хүрч өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө 1 хувиар давуулан биелүүлсэн амжилттай явна.
Өнгөрсөн бямба гарагт ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэн тус төслийн ажлын явцтай танилцах үеэр төслийн захирал Н.Энхбат энэ тухай танилцуулаад оны төгсгөл гэхэд гүйцэтгэлийг 26,9 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлсэн юм.
Төслийн бүтээн байгуулалтын хувьд өнөөдөр Зорчигч үйлчилгээний барилга, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, түүний дэд өртөө, Үндсэн дэд өртөө, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, Ус цэвэршүүлэх байгууламжийн төмөр бетоны ажил, инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. Мөн Зорчигч үйлчилгээний барилгын нисэх буудлын харилцаа холбоо, аюулгүй байдал, хамгаалалтын системийн кабелийн сувагчлалын ажил, нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд ид өрнөж байна. Зорчигч үйлчилгээний барилгын ган хийцийн ажлыг наймдугаар сарын эхээр эхлүүлсэн ба тус барилгад холбогдох гүүрэн байгууламжийн суурийн багануудыг цутгах, агаарын навигацийн гэрэл суултын системийг суурилуулах, хөөрч буух зурвасын инженерийн шугам сүлжээний хонгил цутгах ажлыг гүйцэжтгэж байгаагаа төслийнхөн ИНЕГ-ын удирдлагад танилцууллаа.
Хөөрч буух зурвасын бетон хучилтын ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлүүлсэн ба төлөвлөгөөний дагуу энэ ажил 2015 онд дуусах юм. Манай улсын Засгийн газраас төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч шинэ нисэх буудлын дэд бүтэц болох холбоо мэдээллийн шилэн кабель, цахилгаан эрчим хүчээр хангах 110 кв-ын цахилгаан дамжуулах шугамуудыг ашиглалтад бүрэн оруулж, одоо 9,4 км урт үерийн усны хамгаалалтын далангийн барилгын ажил хийгдэж байна. Мөн нисэх буудалд холбогдох хурдны авто зам, Захиргааны барилга, Аэродромын үйлчилгээний барилга болон Ачаа шуудан тээврийн барилгуудыг манай улсын Засгийн газрын санхүүжилтээр барих бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа ажээ.
Төслийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар гадаад дотоодын нийт 40 гаруй туслан гүйцэтгэгч компани ажиллаж байгаагийн дийлэнх нь манай үндэсний аж ахуйн нэгжүүд байна. Төслийн талбайд өдөрт 1300 гаруй хүн, 150 гаруй машин техник ажиллаж байна.