“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уул уурхай стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Гантулгатай ярилцлаа.
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Нүүрс хөтөлбөрийн хүрээнд олон түмний дунд бий болоод буй маргаантай асуудлаар яриагаа эхлэх үү. Та инеженерийн хувьд, газар дээр нь ажиллаж байсан хүний хувьд нийгэмд хүлээлттэй байгаа үнэн бодит тайлбарыг өгөөч.
-Багануурын уурхай нь төвийн бүс болон Улаанбаатар хотын эрчим хүчийг нүүрсээр хангах ёстой статегийн том орд. Энэ хүрээндээ Улаанбаатар хотын гурван том станц болох \ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4\ -ийг нүүрсээр хангадаг гол нийлүүлэгч нь “Багануур” хувьцаат компани юм.
Би сүүлийн 17 жил Багануурын уурхайд ажиллаа. Эндээс миний ажлын гараа эхэлсэн. 2004-2011 он хүртэл Техник хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бол сүүлийн жил Хөгжил хариуцсан хэлтсийн даргаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд эрчим хүчний ТЭЦ-үүдийг нүүрсээр хангахаас гадна Улаанбаатар хотын айл, өрхүүдийн нүүрсний хэрэгцээг хангах нь хамгийн тулгамдсан асуудал болж байлаа.
Их хэмжээгээр нүүрс авах машины дараалал, дугаар замбаагүй болсон. Үүнийг дагаад нүүрсний ченжүүд ч ихэссэн. Ченжүүд ихсэнэ гэдэг маань ард иргэд үндсэн өртгөөсөө хамаагүй дээгүүр үнээр нүүрс авах болсон асуудал юм.
Цаашлаад уурхайн өдөр тутмын үйл ажиллагааны технологит доголдол учирч эхэлсэн. Бид хамгаалалтын компаниудтай гэрээгээр хамтран ажиллах болсон ч дорвитой шийдэгдэж өгөхгүй байлаа. Нүүрс тухайн үедээ маш үнэтэй байлаа шүү дээ. Тэвшнээсээ хамаараад 200-300 мянган төгрөг хүрдэг байсан. Тухайн үеийн судалгаагаар айл өрхөд хүрч буй нүүрсны шуудайны хэмжээ хэтэрхий жижигхэн гэх мэт зөндөө асуудлууд байсан ч нүүрсний үнэ буурдаггүй, ер нь шат дамжлага бүртээ ямар нэгэн асуудалтай байдаг байлаа. Ченжүүд даацаа хэтрүүлж ачаад уурхайн амнаас гарч чадахгүй том машинаар татуулж гардаг. Цаашлаад уурхайн болон уурхайн ажилчдын тогтвортой ажиллах нөхцөл байдал алдагдаж эхэлсэн.
Яг энэ үед Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөр үнэхээр цаг үеээ олсон ажил болсон. Уурхайн бүх үйл ажиллагаа горминдоо орж, нүүрсны үнийн өсөлт тогтворжиж, ард иргэд хямд үнээр нүүрс худалдан авах боломжтой болсон. Жишээ нь, уурхайд нэг ам бэлдэж, тэр амнаас гарч байгаа нүүрсийг шигших, бутлах, ангилах, ачих, савлах, тээвэрлэх цаашлаад иргэдийн гэрт хүргэх гэх мэт ажлуудыг зохион байгуулсан нь ард иргэдэд өгөөжөө өгсөн ажил болсон.
-Нүүрс хөтөлбөр хэрэгжсэнээр уурхайн өдөр тутмын үйл ажиллагаа тогтворжсоноос гадна өөр ямар ач холбогдолтой болсон бэ?
-Уурхайн ажиллах технологийн горим жигд явагдахаас гадна гурван чухал ач холбогдолтой хөтөлбөр болсон.
Нэгд, зохион байгуулалт сайжирсан, хоёрт, нүүрсний үнийн хөөрөгдлийг бууруулж, тогтворжуулсан. Гуравт, утааг тодорхой хэмжээгээр бууруулсан.
-Нүүрс хөтөлбөр Улаанбаатарын утаа буурахад нөлөөлсөн гэх баримт баталгаа юу байна вэ?
-Нүүрс хөтөлбөр хэрэгжснээр ард иргэд хог хаягдалгүй нүүрс түлдэг болсон. Ер нь хог хаягдал утааг хамгийн ихээр үүсгэдэг. Тортог буурахаас гадна цэвэр жингээ барьсан нүүрс түлснээр эдийн засагт нь сайнаар нөлөөлж байна. Энэ нь утаагүй Улаанбаатар болоход чухал ач тустай ажил болсон. Мөн хувиараа нүүрс ачдаг машин замбараагүй байх үед Улаанбаатар Багануур чиглэлийн замд нүүрс ихээр хаягдаж замаар машин явахад хүндрэлтэй болдог байлаа. Ил задгай хаягдсан бохирдол байгаль орчныг бохирдуулж байсан гэхчилэн сөрөг үр дагаварууд байсан.
-Нүүрсний үнэ огцом унаснаар уурхайн үйл ажиллагаа доголдсон уу?
-Уурхайн үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөө байгаагүй. Харин ченжүүдийн асуудлыг цэгцэлж үнийн хөөрөгдлийг бууруулснаар ард иргэд хямд, чанартай нүүрс түлдэг болсон.
-27500-80,000 төгрөг болгон бууруулах явцад дундаас нь ашиг олох боломж бий юу?
-Энэ бүхнийг хэрэгжүүлнэ гэдэг өөрөө маш зардал ихтэй ажил шүү дээ. Уурхайгаас ухаж гаргана, бутлана, шигшинэ, ачина, ангилна, савлана, амсарыг нь оёж битүүлнэ, иргэдэд хүргэнэ гээд үүнээс гадна ажиллаж буй хүн хүч, цалин хөлс, хоол унд машин тэрэг, бензин шатахуун... гэх мэт маш их зардал гарч байгаа. Энэ бүх явц бүрт өөрийн гэсэн өртөг шингэсэн байдаг.
-Багануурын нүүрс, Алаг толгойн нүүрс, Налайхын нүүрсны ялгаа юундаа байна вэ. Зарим хүн Багануурын нүүрсний талаар тааруухан дүгнэлттэй байдаг?
-Алаг толгойн нүүрс чулуужсан нүүрс болохоор маш хурдан асч түргэн хугацаанд гэрийг дулаацуулдаг ч дулаанаа хурдан алддаг. Коксжсон нүүрс мөн адил. Харин Багануурын нүүрс удаан асдаг ч элч дулаанаа маш сайн барьдаг онцлогтой. Тэр утгаараа Багануурын нүүрсийг худалдаж авах байдал сүүлийн хэдэн жил нэмэгдсэн байдаг. Дээр нь нунтаг нүүрсийг шигшээд байгалийн болон технологийн явцад гарсан хог чулууг нь түүгээд цэвэрлэчихээр дутах юмгүй зарим талаараа илүү ч үр ашигтай нүүрс гэдгийг түлсэн хүмүүс нь мэдэж байгаа байх аа.