Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төлждөг баялгаараа түрийвчээ түнтийлгэе


Мөчлөг дагасан эдийн засаг монголчуудыг мөлхүүлж байна. Эдийн засагчид уул уурхайд хэт шүтэж түүнээс хамааралтай байж болохгүй. Ашигт малтмалын үнэ өндөр орлого ихтэй үед хуримтлал үүсгэх учиртай, эдийн засгийн бусад салбараа жигд хөгжүүлэх ёстой гэж зөвлөсөөр ирсэн. Дэлхийн банкны судалгаанаас үзвэл ашигт малтмалын үйлдвэрлэл хоёр жилийн өмнө манай улсын ДНБ-ий 15.7 хувьд хүрсэн. Нийт экспортын 94 орчим хувь нь ашигт малтмал болсон билээ. Өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унасан болон тус салбарт орж ирэх хөрөнгө оруулалт огцом буурав. Ингээд эдийн засаг гадаад валютаар дутаж  хямарч байна. Өөрөөр хэлбэл нүүрс болон бусад ашигт малтмалын үнэ унахад амьдрах чадвараа алдаж буй юм. Газрын хэвлийн баялаг бол олон зуун, сая жилийн тэртээ үүсэн тогтсон ч ухаад ашиглахад эргээд нөхөн төлжихгүй.  
Нэг хэсэг манай улсын эдийн засаг “Голланд өвчин” тусчихаж, тусаагүй гэж нэлээд маргаан өрнөсөн. Тэгвэл энэ өвчний шинж тэмдэг одоо манай эдийн засагт нэлээд гүн, тод илэрч байна гэж хэлж болох нь. Учир нь уул уурхай зогсохоор бид хямарч бүсээ чангалж байна.  Голландын эдийн засаг нэг хэсэг уул уурхайгаас хамаарч гялалзаж байсан ч дэлхийн зах зээлийн үнэ ханшийн уналтад өртсөн. Ингээд тус улсын эдийн засаг туйлдаа хүртэл хямарч байсан удаатай. Эдийн засагчид ашигт малтмалаас хараат, түүний үнийг мөчлөгийг дагаж унаж босч буй эдийн засгийг “Голланд өвчин” туссан гэж тодорхойлдог. Тэгвэл тус улс өнөөдөр хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж валют олох гол эх үүсвэрээ болгож чадсан. Тус улс цэцэг, хүнсний ногоо тариалалт, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд дээгүүр байр суурь эзэлж буй юм. Голланд улс уураг, эм бэлдмэлийн дэлхийн зах зээлийн таван хувийг хангаж байна. Гэтэл манай улс малын тоогоороо Голландаас найм дахин их боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 385 дахин бага ажээ.

Тэгэхээр монголчуудыг  эрт дээр үеэс тэжээн тэтгэж ирсэн мал аж ахуй нөхөн төлжиж ашиг орлого байнга авч ирэх эдийн засгийн гол тулгуурын нэг гэдэг нь эргэлзээгүй. Монголчууд малын арьс, шир, үс ноос, сүү гээд бүгдийг нь ашиглаж ирсэн. Ирэх өвөл 50 сая толгой мал өвөлжих тооцоо бий. Энэ бол дотоодын хоол хүнсний хэрэгцээгээ хасч тооцсон тоо. Тодруулбал, найман сая толгой мал бид хүнсэндээ хэрэглэнэ  гэж байгаа.  Тэгэхээр дотоодын хүнсний хэрэглээгээ хангахаас гадна мах экспортлох боломж бий. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас махны экспорт хийхэд гоц халдварт өвчин гараагүй, малаа эрүүл өсгөж, үржүүлсэн, үйлдвэрийн аргаар мах бэлтгэсэн  байх шаардлага тавьдаг.

Манай улс  ОХУ, БНХАУ, Какахстан,   Япон, Украин,  Арабын бүгд найрамдах Эмират, Иран, Вьетнам зэрэг улстай мал эмнэлэгийн салбарт хамтран ажиллах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн хорио цээрийн нөхцөлүүдийг харилцан тохиролцож гэрээ хэлэлцэл байгуулжээ. Үүний үр дүнд бага ч атугай мах экспортлох боломж бүрдэж буй аж. Мөн арьс, шир, үс ноос, шөрмөс гээд дайвар бүтээгдэхүүнийг ашиглаж, боловсруулж чадвал эдийн засагт дутаад байгаа ам.долларыг  түвэггүй олох  боломжтой аж.  Манай улсад эхний ээлжинд хүнсний желатин, яснаас цавуу гарган авах үйлдвэрлэл эрхлэх боломж бий гэдэг. Өнгөрсөн онд нэг тонн хүнсний желатин дунджаар 9.8, цавуу 2.5 мянган ам.долларын үнэтэй байжээ. Гэтэл бид эдгээр бүтээгдэхүүний түүхий эд болох малын шийр, ясыг хог дээр хаядаг. Хот хөдөөгүй гудамжинд хэвтэж л байдаг билээ. Нэг ёсондоо ам.долларын ханш өслөө, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж амьдрал хэцүүдлээ гэж байгаа ч гадаад валютын эх үүсвэрээ хог дээр хээв нэг хаяж байна гэсэн үг юм. Иймд зөвхөн дээрх хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л чамлахааргүй ам.доллар олох боломж бидэнд байна. Үүнээс гадна арьс шир боловсруулахад 40 хувийн хаягдал гардаг гэнэ. Тухайлбал год, шийр, өөх тос, коллагены уураг хаягддаг. Энэ нь дахин боловсруулахад хамгийн үнэт түүхий эд болдог аж. Гэтэл, Шинжлэх ухааны академийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгаанд манай улс жилд малын арьс, ширнээс 7.1 сая тонн хаягдал гаргадаг  хэмээн дурдсан байдаг.

НҮБ-аас гаргадаг статистик мэдээлэлд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрэлт дэлхийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 2.3 сая тоннд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд жилд дунджаар мал аж ахуйн гаралтай уураг, эм бэлдмэл, гоо сайхан, хиймэл эрхтэн, хиамны хальс, мэс заслын утас  гээд 13 нэр төрлийн бүтээгдэхүүний худалдааны эргэлт 1.03 их наяд ам.доллар болжээ.  Тэгэхээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээл дээр эргэлдэж буй энэ мөнгөнөөс бид чадлынхаа хэрээр халаасалж авах боломж бий. Харин хэзээнээс эхлэх, хэрхэн халаасалж авах нь өнөөдөр яаралтай  шийдэж хэрэгжүүлэх  гол асуудлын нэг яах аргагүй мөн. Нэг ёсондоо жил бүр 20 гаруй хувиар нөхөн төлждөг баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах цаг үе  аль хэдийнэ иржээ.  Товчхондоо бидэнд ухдаг, үрждэг баялаг байна. Үүнийгээ ашиглана, хөгжинө гэж ярих бус хийж хэрэгжүүлж эхлэх нь дутаад байх шиг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан