Дэлхийн томоохон хотуудын иргэдийн хүсэн хүлээдэг зүйлийн нэг бол хоолны фестиваль юм. Тэгвэл Улаанбаатар хотын шилдэг ресторан кафе, хүнс үйлдвэрлэгчид өнөөдөр нарийн боов болон амтат хоолоо хийж иргэдэд сурталчилж байна.
“UB Food Festival-2014” арга хэмжээ “Вива Сити” хороололд “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд болж буй юм. Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Вива Сити хороолол, М-Си-Эс Проперти, Грийн Катеринг ХХК-ууд хамтран дээрх арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Гэр бүл, найз нөхөд, хамт олонд зориулсан уг фестивальд орон орны амтат хоолыг 1000-3000 төгрөгийн үнээр амталж, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, хөгжөөнт тэмцээнүүд үзэх боломж бүрдүүлжээ. Дээрх арга хэмжээний онцлох үзүүлбэр нь 5х1 метр хэмжээтэй “Найрсаг Улаанбаатар” бялуу бөгөөд ирсэн зочдыг үнэгүй дайлах юм. Энэ жилийн арга хэмжээнд Монголын тогооч нарын холбоо, “Facebook”-ийн Sweet kitchen Бүтээлч бүсгүйчүүдийн групп, “Гоё Хоолтой газар хаана байна”, “Taste it” Энийг хар даа групп зэрэг олон байгууллага дэмжин оролцож байна.