Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл БНАСАУ-ын Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хот нь Пхеньян хоттой 2003 оны 11 дүгээр сард эгч, дүү хотын харилцаа тогтоосон юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Бидний урилгыг хүлээн авч Зүүн хойд азийн хотын дарга нарын форумд оролцохоор хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Хэдийгээр бид 2003 онд эгч, дүү хотын харилцаа тогтоосон ч сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа харьцангуй удааширсан байсан. Тиймээс энэхүү форум нь манай хоёр хотын цаашдын хамтын ажиллагаагааг илүү тодорхой болгоход дэмжлэг болно гэж итгэж байна. Пхеньян хотоос суралцах зүйл бидэнд их байгаа. Ялангуяа эдийн засаг, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа” хэмээн онцлов. Мөн тэрээр Улаанбаатар хот 2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон томоохон хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн хотуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа тухай дурдлаа. Харин Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим “Та бүхний зохион байгуулж буй энэхүү форумд оролцох болсондоо таатай байна. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Үүний дүнд манай хоёр хотын цаашдын харилцаа ч өргөжиж, эдийн засаг, хөдөө аж ахуй, тухайлбал соёлын салбарт голчлон хамтран ажиллахад бид нээлттэй байх болно” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум энэ сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус форумд Зүүн хойд Азийн зургаан улсын 120 гаруй төлөөлөгч оролцох юм байна.