Б.Аюурзана бол хоёр ч дайнд дарийн удаа үнэрлэсэн ахмад дайчдын нэг. Өнөө жил нас сүүдэр 100 хүрч буй тэрээр 1939 оны Халх голын дайнд хуягт бригадын хоёрдугаар баталионд жагсаалын дарга, ахлах дэслэгч цолтойгоор тулалдаж явсан бол 1945 онд хуягт бригадын нэгдүгээр ротын техникийн даргаар ажиллаж байсан нэгэн. Өдгөө үр ач нараа тойруулан өнөр өтгөн аж төрж буй түүний дүү Б.Лааган ч чөлөөлөх дайнд нэр төртэйгөөр тулалдаж явсан баатар билээ.
-1939 оны Халх голын дайн болоод 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдаас 30 гаруй хүн л амьд сэрүүн байгаагийн хамгийн ахмад нь та. Тэгэхээр та бол өнгөрсөн зууны түүх болоод дайны он жилүүдийн тухай өгүүлж чадах амьд хууч юм. Тиймээс Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан таныг зорьж ирлээ?
-Өвөө нь нас өндөр болсон болохоор шууд дайны жилүүдээс ярьж эхлэх хэцүү байна. Хольж хутгаад таарна. Тиймээс хоёулаа миний гарал үүсэл болоод цэрэгт явах болсон үеэс эхэлж ярих уу.
-Бололгүй яахав?
-Би Увс аймгийн Зүүнговь суманд 1915 онд төрсөн юм. Одоо нас сүүдэр яг 100 хүрч байна. Айлын том, эхээс хоёулаа. Тухайн үед манайх нэлээн хөрөнгө чинээтэй айл байлаа л даа. Би бага залуудаа адуу мал маллаж, аймаг сумдын хооронд жин тээдэг байв. 1937 онд, намайг дөнгөж хорь эргэм настай байхад манай суманд цэрэг татлагын комисс ирж есөн хүнийг авч явсан юм.
Улс эх орноо амь насаараа хамгаалж явсан ахмад дайчдын төлөөлөл болсон түүнтэй Халх голын дайны тухай 100 жилийн зузаан намтар түүхээр нь хачирлан ярилцсанаа хүргэе.
Хонжайн Баатар, Ашгайтын Гомпил, Равданы Жамбал, Навааны Жундаан, Анжайн Ланжай, Раднаагийн Дамдин, Цагаандайн Нугаржаа, Хавтгайн Бадрах, Пүрэвийн Бадарч болон Бадраа гэх залуустай хамт цэрэгт татагдаж аймгийнхаа цэргийн карантинд ирж тэндээсээ Ховд руу явсан. Ховдоос 11 машин цэрэг Улаанбаатар руу хөдөлсний дунд би байлаа. Хотод ирээд Туул голын хөвөөнд байрлаж байсан цэргийн карантинд иртэлтэндээс ихэнх цэргийг зүүн хязгаар руу хуваарилсан юм.
Биднийг хотод ирэхэд Улаан хуарангийн гурван хороо байсанд аваачив аа. Яг ижилхэн дөрвөн давхар гурван тоосгон байшин байсан нь тэр үедээ л хамгийн өндөр барилга нь байлаа шүү дээ. Тэр гурван байшингийн урд талынхт нь моторжуулсан танкын хуягт бригад гэж байсан бол нөгөө хоёрт нь холбооны хороо, есдүгээр морьт хороо байрлаж байлаа.
Сонирхолтой нь зүүн хязгаар руу хуваарилсан 200 гаруй цэрэгт манай Зүүнговийн есөн залуу бүгд байж таарсан юм. Мөн зэргэлдээ Тэс сумын хэдэн цэрэг ч байсан. Ухаандаа нөгөө гурван хороонд л 200 гаруй цэрэг хуваарилсан юм билээ. Түүнд нь бид багтсан.
Би Тэс сумын хэдэн залуутай хуягтын баталионд хуваарилагдаад удаагүй байтал 1938 он ч гарч нөгөө айхтар их хэлмэгдүүлэлт гээч юм эхлэвээ. Манай баталионы даргаар ЗХУ-д сургууль төгсөөд ирсэн Лхасүрэн гэдэг тухайн үеийн бригадын командлан захирагч мундаг залуу байсан бол комиссар нь Гармаа гэдэг 30 орчим насны сайхан залуу байж билээ.
Гэтэл тэр хоёрыг маань хувьсгалын эсэргүү гээд бариад явчихав. Гэтэл удалгүй Булан дэрсийн харуулаар Японы тагнуулчид орж ирэхэд амжилттай тулалдаж Монгол Улсын баатар цолоор шагнуулж байсан Гонгор гэгч залуу байдаг тухай дуулж байсан нь манай хуягт бригадын даргаар томилогдож ирсэн. Харин комиссараар нь Эвлэлийн хороон дарга Санжийн Батаа гэж мундаг хүн ирсэн юм.
Тэгээд 1939 онд Японы имперлистүүд манай улс руу дайрч дээр дурдсан гурван хороо хилийн хязгаар руу хөдөлсөн дөө. Явсаар Тамсаг булгаас цаана Буйр нуурын тэнд нэг толгойд очиж байрласан юм. Одоо нэрийг нь санахгүй байгаа ч нэг жижигхэн толгой дээр байрлаж байж билээ.
-Та тухайн үед ямар алба тушаалтай байв?
-Манай хуягтын баталион дотроо хоёр хуваагддаг байсан юм. Нэгдүгээр бригад, дунд хуягтын бригад гэж. Би дунд хуягтын экипажийн ахлагч мөн хоёрдугаар баталионы жагсаалын дарга байсан. Цэргүүдийнхээ хоол унд, хувцас хунар, буу зэвсэг гээд хамаг л юмыг нь авчирч, түгээдэг гол ажилтай. Надтай хамт сумлагч, буудагч, жолооч гэх гурван хүн нэг танкинд хамт үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ Халх голд очсоор манай хуягтын бригад ерөөс тулаанд ороогүй л байлаа. Үе, үе агаарын дайралтад өртөж багагүй хохирол амсана. Нэг удаа үдийн алдад бид хоолоо идээд сууж байтал Буйр нуурын тэндээс л 21 цагаан онгоц хүүе гэхийн зуургүй шунгинаад ороод ирэв ээ. Бид ч хам хум сандралдан окопондоо орж бэлэн байдлаа хангасан. Нөгөө онгоцууд манай буу зэвсэг, сум ачсан машинуудыг бөмбөгдөж нэлээн хохирол учруулсан. Эргэн тойрон том том дэлбэрэлт болоод л. Мөн зургадугаар дивизийн тэнд агтны олон байр байсныг юу ч үгүй бөмбөгдөж орхисон.
Бөмбөгдөлт нэлээн удаан үргэлжилж байтал Зөвлөлтийн 14, 15 ногоон онгоц орж ирсэн юм. Тэгээд л агаарын их том тулаан болж хаа сайгүй дэлбэрэлт болж утаа савссан онгоцууд унах нь унаж шатах нь шатаж байлаа. Тэр агаарын байлдаан Буйр нуур хүртэл үргэлжилж Японы 15 онгоцыг устгасан юмдаг. Дээр дооргүй байлдаж байлдаж дуустал “Японы хоёр нисэгч шүхрээр буугаад алга боллоо” гэсэн мэдээ ирэв. Тэдний араас манай бригадын дөрөв, таван машин цэрэг хайгуулд гарч хилээс наахна, Буйр нуурын тэндээс хоёр нисэгчийг олж авсан юм. Биднийг очиход нэгийнх нь хөл тасарчихсан нөгөө нь гаргүй болчихсон байсан.
Энэ бол Халх голын дайны томоохон тулалдааны нэг байсан юм. Тулааны дараа нэг хэсэг нам гүм байж байтал тушаал ирвээ. Тэр үед Гонгор баатар “Одоо бид хил нэвтэрч жинхэнэ тулаанд орно” гэв. Удсанч үгүй түүний ярьсан ёсоор Японы фронт руу нэвтэрч гал нээсэн юм. Маргааш нь мөн дахин нэвтэрч тулалдаад япончууд бууж өгсөн юм даа. Өвөө нь Халх голын байлдаанд иймэрхүү янзтай оролцсон хүн дээ.
-Японы 21 онгоц орж ирсэн өдөр хэдэн сарын хэдэн байсан юм бол. Та санадаг уу?
-Харин тэрийгээ би бүр санадаггүй, бодож ядлаа.
-Та нарын олзолсон хоёр нисгэгч яасан бол?
-Тэд цааш яасныг сайн мэдэхгүй. Ямартай ч, манайхан аваад л явсан юмдаг. Бидний мэдэхээр их чамин гоё гуталтай, цагаан алчуур зангидсан хоёр цэрэг байсан. Бид барьж ирчихээд л гутал хувцсыг нь их сонжсон.
-Чөлөөлөх дайнд татагдах хүртлээ хаана юу хийж байв?
-Бид буцаад хуучин байрлалдаа очсон. Дараа нь 1941 онд манай отряд Сайншандад очсон юм. Тэнд байхад биднийг хэдэн бага дарга хариуцан шалгалт шүүлэг авч дуусаад “Та нарыг маргааш Улаанбаатар руу ачина” гэж байна. Яав, ийв гээд асуутал “Та нарыг түр курст сургана” гэдэг байгаа. Тэгээд нөгөө түр курс гээч юманд нь 1.5 жил сууж төгсөөд ахиад ангидаа ирсэн. Ирээд Дамдинсүрэн гэж хүн байсны нэгдүгээр салаанд даргаар томилогдоод байж байтал 1943 оны сүүлчээр намайг хот руу дуудаж авчраад Армийн тээврийн автобаталионы техникийн даргаар тавьчихдаг байгаа. Техникийн дарга гэдэг нь бүхий л ачаа тээвэртэй холбоотой ажлыг хариуцна. Хөдөө гадаагүй их ч явдаг ажил байж билээ. Чөлөөлөх дайны үед би нэлээн явсан юмдаг. Тухайн үед Америкаас тусламж ирж байснаас манай баталионд 45 Шевролет гэдэг машин хуваарилдаг юм байна.
Түүнээс 30 машины жолоочоор түр цэргүүд томилж арав арваар нь гурван хэсэгт хуваасан юм. Тэгээд л дайны ар талын фронтод үүрэг гүйцэтгэхээр болсон. Арав арван машин гурван чиглэлээр явж үүрэг гүйцэтгэсний нэг цувааг нь би командалж дайн дуустал урагшаа Хятадын цагаан хэрэм гээд бүх л газраар явж олзолсон сум, буу зэвсэг, хоол хүнс, бараа таваар цуглуулж Тамсагийн зургадугаар дивизийн агуулахад хүргэж өгдөг байлаа. Тэндээсээ дахин хоол хүнсээ базааж аваад эргэн Монгол орныг тойрч буу зэвсэг, ачаа бараагаа цуглуулна. Нэг ёсондоо бид фронтод байлдаж буй цэргүүдэд бүхий л хэрэгцээт юмыг нь хүргэж өгдөг арын албанд байсан хэрэг. Гэхдээ бид зүгээр нэг хэрэн хэсээд байсангүй. Арван жолооч өөр өөрийн машинаа л хариуцна. Би цувааны эхний машинд сууж хөдлөөд зам зуур бүгдэд нь ээлжлэн сууж явдаг байлаа. Хол замд их ч удаан явсан даа. Очсон газар, цэргийн ангиуддаа нийлж байгаад ачаагаа ачна. Хааяа зам нь бэрх газар хэд хоногоор ч хамаагүй саатна. Бид бүр машин битгий хэл хүн амьтан ч явж байгаагүй газраар явдаг байлаа. Нэг удаа цуваагаараа явж байтал манай нэг машиныг жолоочтой нь бөмбөгдөж байсан юм.
-Тамсаг булагийн дивизийн тухай яриач?
-Тамсагийн зургадугаар дивизийн дарга Дандар баатар байлаа. Баазын агуулах гэж айхтар том юм байж билээ. Бидний аваачсан бүхнийг хурааж цааш нэгдсэн журмаар ачиж зөвлөлт рүү явуулдаг. Тэр агуулахад юм юм байсан шүү. Буу зэвсэг, хоол хүнс, гутал хувцас, алт мөнгө гээд л.
-Дайны жилүүдэд манайх зөвлөлтөд агт морьдыг хэдэн мянгаар нь хандивладаг байсан гэдэг?
-Агтыг бол тусад нь аваачдаг байсан юм. Бөөн бөөнөөр нь хөлөөр нь тууж хүргэдэг байсан.
-Чөлөөлөх дайнд оролцож байхдаа та фронтод, яг галын шугам дээр очиж байв уу?
-Явалгүй яахав, олон ч хотоор явсан даа.
-Халх голын байлдаанд оролцоход манай талын зэвсэг техник ямар байсан бэ. Бас ЗХУ тэр дайнд шинэ зэвсэг техникээ туршсан гэдэг юм билээ?
-Манай талаас морьт хороо голдуу л байсан. Хуягтын бригад 40 гаруй хуягт техниктэй байсан. Харин жижиг хуягтын бригад 30 гаруй хуягттай байсан юм. Тэр нь ердөө л хоёр хүний орон тоотой байлаа. Зөвлөлтийн зэвсэг техникийн хувьд БТ-7 танк голцуу байсан санагддаг юм. Шинээр туршсаныг нь би сайн мэдэхгүй ээ. Энэ тухай бидэн дундаа илүү мэддэг байсан хүн нь Олзвой баатар л байсан даа.
-Таны цэрэгт явсан үе бол хэлмэгдүүлэлтийн урьтал үе байсан шүү дээ. Та тэр үеийн тухай дурсахгүй юу?
-Миний санахаар аав маань их том тушаал цолтой зайран хүн байсан юмдаг. Намайг 14-тэй дүү Лааганыг 7, 8-тай байхад хатгаагаар нас барсан юм. Тухайн үедээ тэр хавийн айлуудыг нэгтгэж байсан сүм хийдийг ахалдаг одоогийнхоор бол хороо, дүүргийн даргархуу хүн байсан гэх үү дээ. Тэр ч утгаараа хэлмэгдүүлэлт эхлэхэд хамгийн түрүүнд баригдах хүн нь аав маань байсан гэж болно. Мөн манай хамаатан садны арав гаруй хүн лам хувраг байсан юм. Намайг цэрэгт явсан хойно бүгдийг нь аваад явсан гэдэг юм билээ. Одоо бодоход аав маань хэлмэгдүүлэлтээс өмнө өөд болж амьдын хагацал үзээгүй азтай хүн дээ. Аавыг өөд болоход манай Зүүнговийн нэг их том алба тушаалтай таван лам ирж хойдохыг нь уншчихаад нэг нэг морь барьж байсныг би сайн санадаг юм.
Мөн манай аавын ах Жамъян унзад гэж их сайхан унзад лам байсан нь тэр үед баригдаад явсан гэдэг. Яг намайг дайнд явсаны дараа жил бүгдийг нь аваад явсан болохоор ахин уулзаж чадаагүй.
-Эргэж ирсэн хүн бий юу?
-Ердөө байхгүй. Арав гаруй хүн аваад явсанаас нэг нь ч ирээгүй гэдэг юм. Би дайн дажин гэж хэдэн жил тойрч яваад гэртээ очсон болохоор хэнтэй ч уулзаж чадаагүй. Тэр үед одоогийнх шиг харилцаа холбоо хөгжөөгүй байсан болохоор ар гэрээс сураг ажиггүй. Нэг захидал бичихэд жил тойрч байж нэг очвол очно. Хариу нь ирэх гэж дахиад л жил болно шүү дээ.
-Таны дүү чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдсан цөөхөн монгол цэргийн нэг гэдгийг мэдэх юм байна?
-Чөлөөлөх дайнд манай ах дүүгийн долоон хүн оролцож байсан. Түдэв, Дамдинжав, Монгол Улсын баатар Дүүдээ, Түүвээ гэж манай ах дүүсийн хүүхдүүд. Мөн би манай дүү Лааган байлаа. Мөн Найдан гэж манай авга ахын хүү Цагаанхүү гэх залуу оролцож байлаа. Цагаанхүү бид хоёр Халх голын дайнд хамт оролцож байсан юм.
Дүү Лааган маань миний хажууд нэлээн юм хийсэн хүн шүү. Хоёрдугаар дайнд хорин хэдүүлээ яваад долоо, найм нь буцаж ирсэний нэг нь дүү маань. Дайнд баатарлагаар тулалдаж байгаад дайны дараа ЗХУ руу сурахаар явсан юм. Явж ирээд нутагтаа ирж Чацарганы тариалан эрхлэлтийг анх сэдэж санаачилсан хүн дээ. Нарийн судалгаа шинжилгээ хийж хүний биед хэрэгтэй маш их эрдэс бодис агуулдаг жимс гээд түүгээрээ бүр Байгалийн ухааны доктор хамгаалсан юм.
-Та дайны дараа юу хийж байв?
-Дайны дараа зарим цэргүүд Улаанбаатарт ирж 40 хоногийн семинарт сууж дуусгаад гэр гэр рүүгээ явсан. Тухайн үед морин өртөө халагдаад Тээврийн яам дөнгөж байгуулагдаж байсан цаг. Тэгэхэд миний цэрэг байсан Норов гэдэг залуу семинар дуусгаад хугацаанаасаа эрт халагдаж нутагтаа очоод Увс аймгийн тээврийн ажлыг хариуцаж байлаа. Намайг очиход 59 дүгээр бааз болон өргөжиж даргаар нь би томилогдон ажилласан юм. Зургаа, долоон ч жил ажилласан байх шүү. Дараа нь аймгийн худалдаа бэлтгэл ангийн хэлтсийн даргаар жил ажиллаад сумандаа очиж 20 гаруй жил ажилласан даа.
-Та даргын ажил их олон удаа хийж явсан юм байна?
-/инээв/ Миний дарга ч гэж юу байхав. Бага даргаас хэтрэхгүй явсаар байгаад 1979 онд тэтгэвэртээ гарсан.
-Тантай хамт 59 дүгээр баазад ажиллаж байсан Норов гэгч хүн арай Ерөнхий сайд Алтанхуягийн аав биш биз?
-Мөн байлгүй яахав. Бид хоёр чинь Халх голд хамт тулалдаж яваад ар араасаа нутагт ирсэн юм. Ирээд ч хамт ажиллаж байлаа. Миний мэдэхийн Норовын хоёр банди гээд улаан хацартай хоёр жаахан юм гүйгээд байдаг байсны нэг нь манай Ерөнхий сайд юм билээ.
-Тэтгэвэрт гарсанаасаа хойш өөр юм хийж байв уу?
-Намайг тэтгэвэрт гарахад үр хүүхдүүд маань бүгд хотод ороод ирчихсэн байлаа. Би ч удалгүй хотод ирж Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны даргаар ажиллаж байгаад дараа нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны дэргэд намын үүрийн даргаар хоёр жил ажилласан.