Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Ариунболд: ТЭДС авах улаанбуудайнхаа үнийг 460 мянган төгрөгөөр тогтоосон


-Энэ сарын сүүлчээр цочир хүйтрэх тул ургацаа хяруунд цохиулах магадлалтай-


ҮХААЯ-ны Газар тариалангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Ариунболдоос төмс хүнсний ногоо, үр тариа хураалтын бэлтгэл ажил ямар байгаа талаар тодрууллаа.


-Энэ жил хэдий хэмжээний ургац хурааж авах төлөв байгаа юм бол. Ургацын болц ямар байна вэ?
-Энэ сарын 20-ны өдөр гэхэд улсын хэмжээнд ургацын бланс гарна. Өөрөөр хэлбэл, тэр үед хэдий хэмжээний ургац авах вэ гэдэг нь таримал тус бүрт урьдчилсан байдлаар тодорхой болох юм.  Одоогоор хурааж авах ургацын дүн мэдээг тийм, ийм гэж хэлэх боломж алга. Ер нь ургац хураах цаг хугацаа хаяанд ирлээ. Энэ жил манай улс 293 мянган га талбайд улаанбуудай, 13.3 мянган га-д төмс, 7.9 мянга га-д хүнсний ногоо тариалсан. Одоо төмс, хүнсний ногооны эртийн ургац хурааж эхлээд байна. Улаанбуудай аарцан болцондоо орж эхэлсэн. Зарим газарт аарцан болцтой болсон байгаа.  Иймд үр тарианы болцыг  эрчимжүүлэх зорилгоор захалж хадах, зурваслах, ангилан хадах шаардлага бий.  
-Тэгвэл үр тарианы болц удааширч байгаа хэрэг үү?  
-Үгүй. Тийм зүйл байхгүй. Үр тарианы болц хэвийн байна. Ер нь механик буюу ангилан хадалтын аргыг зайлшгүй хэрэглэх ёстой. Тэгэхгүй бол болц нь гүйцсэн тариа салхи, хадах явцад хаяж үрэгдэх нь элбэг байдаг. Үгүй дээ л мал ороод гарахад идэхээсээ илүү талхлаад хаях тохиолдол бий. Ангилан хадсан тариаг бага зэргийн цас орсон ч   хатахаар нь хураагаад авах бололцоотой. Тэгэхээр эрс тэс уур амьсгалтай, техникийн хүрэлцээ муутай  манай орны нөхцөлд ангилан хадалтын технологи зайлшгүй чухал. Шууд нэг мөсөн үр тариагаа хураана гэдэг бол маш эрсдэлтэй. Нэг ёсондоо хаягдал ихтэй технологи юм. Өндөр хүчин чадалтай  техниктэй, зохион байгуулалт сайтай,  хүн хүч ихтэй, санхүүгийн чадалтай аж ахуйн нэгж л шууд хураалтыг сонгодог юм.

-Эдийн засгийн хямралын нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэ­дийн амьдрал хүндхэн байгаа. Ургац хураалтад зарцуулах сан­хүү, хөрөнгө хэр байгаа бол. Намрын их ажлын бэлтгэл  ямар шатанд байна вэ?
-Эдийн засаг хүндхэн байгаа нь бүх айл өрх, иргэд, аж ахуйн нэгжид нөлөөлж л байгаа. Гэхдээ ийм байлаа гээд бид тариа, ногоогоо хураахгүй, хаяж үрэгдүүлж  байж болохгүй. Хамгийн гол нь, харилцан ойлголцох, бие биеэ хүндэтгэж ажиллах шаардлага байгаа юм. Ургац хураалтад 80 мянган тонн шатахуун хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ шатахууныг хөнгөлөлттэй нөхцөлөөр аж ахуйн нэгжүүдэд олгох талаар ярилцаж байна. Тэгэхдээ шатахууны үнийн 50 хувийг аж ахуйн нэгжүүдээс урьдчилж авна. Үлдсэн мөнгийг нь үр тариагаар авч тогтсон эрх зүйн харилцаа бий. Үүнийг үргэлжлүүлэх санал тавина. Бас шатах, тослох материал импортлогч компаниудтай зөвөөр ойлголцох ёстой. Ургац хураахад ашиглах  техникийн засвар үйлчилгээ, бэлтгэл ажил  70 гаруй хувьтай байна. Энэ жил үр тариа хураах 1100 гаруй комбайн, 625 жаатак,  үтрэмийн техник 750, бусад  техник 120 гаруйг  ажиллуулах бүртгэл бий.  Тариалан эрхлэлтийг дэмжих сан улаанбуудай хүлээж авах агуулахууддаа ариутгал, засвар үйлчилгээ  хийгээд дуусч  байна. Тариалан эрхлэгчид ирэх жил тариалах үрээ нөөцөлж авах, хянан баталгаажуулах  ёстой. Энэ ажлыг тухайн орон нутаг нь зохион байгуулах учиртай. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын мал аж ахуйн өвөлжилт болон ургац хураалтын ажлыг эрчимжүүлэн зохион байгуулах тухай албан даалгавар гарсан. Ирэх өвөл хүн, мал хүнс, тэжээлтэй, тав тухтай өвөлжихийн тул байгууллага,  аж ахуйн нэгж, иргэн бүр зохион байгуулалт сайтай ажиллах  шаардлагатай юм. Тухайлбал, техникийн засвараа сайтар хийх, малчид малаа тариалангийн талбайд оруулахгүй байх хэрэгтэй. Ингэж байж бид тариа ногоогоо хорогдолгүй, цаг хугацаанд нь хурааж  авна.

-Ургац хураах үеэр тэнгэрийн байдал ямар байх бол. Цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан уу?
-Найм, есдүгээр сарын цаг агаар ургац хураалтад их чухал байдаг. Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын сүүлчээр цочир хүйтрэх  сэрэмжлүүлэг өгч байгаа. Энэ үед үр тариа, төмс хүнсний ногоогоо хяруунд цохиулахгүй байх арга хэмжээ авна.  Гэвч тариалангийн тэр том талбайг бүхэлд нь цочир хүйтрэлээс хамгаалахад их хүндрэлтэй. Ингэж цочир хүйтрэх үед механик болон химийн аргаар ургацаа хамгаалдаг. Жишээ нь утаан хөшиг тавих арга бий. Мөн хөрөнгө мөнгөний боломжтой компаниуд  химийн арга ашиглах болсон.

-Хурааж авсан үр тариа, төмс хүнсний ногоогоо хадгалах агуулах савны хүрэлцээ ямар байна вэ?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн стратегийн зориулалттай хүнсний үр тариа хадгалах элеватор 146 мянган тоннын багтаамжтай. Гурлын үйлдвэрүүдэд нийт 300 мянган тонн үр тариа хадгалах элеватор бий. Үүнээс гадна тариалан эрхлэгчдэд 100 мянган тоннын багтаамжтай элеватор байдаг. Ингээд үзэхээр улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийнх нийлээд энэ намар хурааж авах үр тариагаа хадгалах агуулах сав хүрэлцээтэй. Төмс хүнсний ногоо энэ жил 350 гаруй мянган тонныг хурааж авах тооцоо бий. Гэвч түүнийгээ хадгалах зоорь 50 хувьд нь  хүрэлцэнэ.  Манай улс 182 мянган тонн ногоо хадгалах л зоорьтой. Тэгэхээр нийслэл болон аймгийн төв, томоохон суурин газруудад худалдан борлуулах аян өрнүүлнэ. Нэг ёсондоо иргэд, аж ахуйн нэгжүүд  өөрсдөө нөөцлөх ажил зохион байгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, намрын их ургацын өмнө эртийн ногооны 80 орчим мянган тонныг нь борлуулчихвал зоорийн хүрэлцээ боломжийн болно гэж тооцож байна. Одоогоор Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дүүргүүдэд төмс хүнсний ногоо борлуулах цэг  талбай, лангуу, асар  гарган өгч байгаа.  Улсын хэмжээнд 63 мянган ногоочин бүртгэлтэй байдаг. Иймд  ногоочид нөхөрлөл бүлэг, сум орон нутгаараа нэгдэж борлуулах ёстой. Түүнээс биш би өөрийнхөөрөө борлуулна гээд зүтгэх юм бол худалдаа хийх цэг лангуу хүрэлцэхгүй.

-Өмнөх жилүүдэд чамгүй үр тариа нөөцөлсөн. Үүний үлдэгдэл гэж байгаа юу?
-Байхгүй. Бүх агуулах саваа чөлөөлсөн.

-Нэг тонн улаанбуудай худалдаж авах үнэ хэд байх бол. Тариаланчдад энэ жил урамшуулал олгох уу?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнгөрсөн хавар техник, шатахуун, үр, ургамал хамгааллын бодисоор аж ахуйн нэгжүүдэд тусалсан. Тэгэхдээ урьдчилгаа төлбөрийг нь авч үлдсэнийг нь намар улаанбуудайгаар төлөөрэй гээд гэрээ хийсэн юм. Ингээд тус сан намар авах нэг тонн улаанбуудайн үнийг 460 мянган төгрөг  гэж тогтоосон. Харин гурлын үйлдвэрүүд тариаланчдаас ямар үнээр нэг тонн  улаанбуудай авахаа өөрсдөө тохирно. Яагаад гэвэл тэд бас л арилжаанд оролцож буй талууд юм. Түүнээс биш улсын үнэ ийм байна гэж болохгүй.

-Ер нь, ургац хураалтад ажиллах техникийн хүрэлцээ ямар байна вэ?
-Манай улсын хэмжээнд ургац хураахад ашиглах техникийн хүчин чадал дутагдалтай байгаа. Ер нь 6-7 жилээс дээш хугацаанд  ашигласан техникийг шинэчлэх ёстой. “Атрын-3” аяны үед оруулж ирсэн техник одоо таван жилийн нүүр үзэж байна. Үүнээс хойш хамгийн цөөн жил ажилласан нь гурав дахь жилдээ орлоо.  Тэгэхээр манай газар тариаланд ашиглаж байгаа техникийн 60 орчим хувь нь шинэчлэгдсэн. Бусдыг нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа юм.

-Тэгэхээр техник шинэчилнэ гэдэг нь нөгөө л хөрөнгө санхүүтэй холбоотой. Иймд олон жил ашигласан техникээ шинэчлэх ямар гарц байна вэ?
-Төрөөс ийм дэмжлэг, хөнгөлөлт үзүүлнэ гэж хэлж чадахгүй. “Атар-3” аян хэрэгжиж байх үед манай олон компани гадаад харилцаагаа бэхжүүлж  газар тариалангийн техник үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоож албан ёсны диллер нь болсон. Эдгээр компани тариаланчдад техник гэрээгээр олгож байгаа.  Үүнд төр оролцоогүй. Төр одоохондоо техник нийлүүлэх ачаалал даах төсөвгүй байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан