Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт буруутгагдан Төв аймгийн цагдан хорих ангид хоригдоод буй Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн өмгөөлүүлэх эрхийг АТГ зөрчиж байна хэмээн өмгөөлөгч нь мэдээлж байсан. Тэгвэл хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн АТГ-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай гомдол гаргана гэдгээ өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдлээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Ямар үндэслэлээр АТГ-ыг хүний эрх зөрчсөн гэж үзээд байгаа юм бэ?
-АТГ мөрдөн байцаах байгууллага. Энэ байгууллага эрүүгийн байцаан шийтгэх хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. ЭБШХ-ийн 28.2.1-15 дугаар зүйлд мөрдөн байцаагчийн чиг үүргийг тодорхой заасан. Гэтэл АТГ өмгөөлөгчийг үйлчлүүлэгчтэй нь уулзуулж болохгүй гэсэн албан бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэж удаа дараа уулзуулаагүй. Энэ асуудлаар би Хүний эрхийн үндэсний комисст хандсан. “АТГ ийм эрх хэмжээ эдлэхгүй, өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгаа асуудал нь хүний эрх зөрчсөн байна. Тиймээс ахиж ийм асуудал гаргаж болохгүй” гэсэн дүгнэлт Хүний эрхийн комиссоос гаргаж ШШГЕГ-т хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, ХЭҮК-ын энэ дүгнэлт нь АТГ хууль зөрчсөн гэдгийг нотолж байгаа юм. Энэ хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцооч гэсэн гомдлоо Нийслэлийн прокурорын газарт гаргасан. Мөн ШШГЕГ-т ч өгсөн. Өнөөдрийн байдлаар хариуцлага тооцсон зүйл алга. Цаашдаа АТГ-ын энэ мэт хууль зөрчсөн байдал, өмгөөлөгчийн болон хоригдож буй хүний эрхэнд халддаг, өмгөөлөгчийг өрөөнөөсөө хөөдөг, тэмдэглэж байгаа материалыг нь булааж авдаг бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж болохгүй. Үнэнийг хэлэхэд өнөөдөр энэ талаар зоригтой яриад асуудал тавих хүн алга. Өмгөөлөгч нар АТГ-ын байцаагч нараас айгаад үг хэлж чадахгүй загнуулаад өрөөнөөс нь гардаг болчихож.
-Та цагдан хоригдсоноос нь хойш үйлчлүүлэгчтэйгээ хэдэн удаа уулзсан бэ?
-Би гурван удаа уулзсан. АТГ уулзуулж болохгүй гэсэн чиг өгсөн байсан. Гэсэн ч би хууль тайлбарлаад уулзсан. АТГ өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ уулзах эсэхийг шийддэг байгууллага биш. Энэ бол хүний эрхийг зөрчсөн ноцтой баримт. Үүнд АТГ хариуцлага хүлээх ёстой. Энэ байгууллагыг шалгадаг Прокурорын мөрдөнг өнгөрсөн онд татан буулгаснаас болоод АТГ хяналт шалгалтгүй, албан тушаалтнууд нь хэнд ч захирагдахаа больсон. Хүний эрхийг зөрчих нь тэдэнд юу ч биш болсон байна.
-Холбогдох байгууллагад нь гомдол гаргасан ч өнөөдөр хэнд ч хариуцлага тооцоогүй байна гэлээ. Цаашид ямар арга хэмжээ авна гэж бодож байна вэ?
-Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлтийг үндэслээд хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулна. Тооцохгүй бол Улсын ерөнхий прокурорт гомдлоо гаргана.
-Ерөнхий сайд очиж уулзсан бичлэгийг олон нийтэд тараагаад байгааг юу гэж үзэж байна вэ?
-УИХ-ын тухай хуулийн 7.1.18 дугаар зүйлд зааснаар УИХ-ын гишүүн төрийн аль ч объектод саадгүй нэвтэрч, хэнтэй ч уулзах эрхтэй гэсэн байдаг. Үүний хүрээнд уулзсан гэж тайлбарлаж болно. Хэн нэг субъектээс зөвшөөрөл авна гэсэн зохицуулалт байхгүй. Чухам аль талаас нь тайлбарлаж болохыг би хэлж мэдэхгүй байна.
-Мөрдөн байцаах ажиллагаа хэр явж байна вэ?
-Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Манай үйлчлүүлэгч хоригдоод 20 гаруй хонож байхад өчигдөр /уржигдар/ ганц удаа байцаалт авсан.
-Та өмгөөлөгчийнх нь хувьд үйлчлүүлэгчээ гэм буруугүй л гэж үзэж байгаа байх. Энэ тухайд?
-Манай үйлчлүүлэгч гэм буруугүй. Багануураас 27 мянган төгрөгөөр авсан нүүрсээ нийслэлд 80 мянган төгрөгөөр зарсан. 27 мянган төгрөгөөр авсан нүүрсээ ямар ч зардал гаргахгүйгээр авчраад гурав нугалаад зарсан мэтээр мэдээлээд, буруутгаад байгаа нь буруу. Нүүрсийг аваад шигшинэ, вагонд ачуулна, тээвэрлэнэ, ирсэн хойно нь савлаад хаягдлыг нь ялгаад нийслэлийн 163 цэгт хүргэнэ. Энэ бүх зардал нийлээд 78 мянган төгрөг болж байгаа юм. Ер нь АТГ мөрдөн шалгаагүй байж эрт мэдээлэл хийдэг, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нэр төрийг нь унагаадаг байдал нь хэрээс хэтэрч байна. Мөрдөн байцаах ажиллагаанд ийм эрх хэмжээ байхгүй. Хүнийг шалгаж эхлээгүй байхдаа тэрбум, тэрбум төгрөг идчихлээ гэж мэдээлдэг. Нийгэм ч түүгээр нь хүлээж авдаг. Нарийн түвэгтэй аливаа асуудлыг нотлох баримтанд тулгуурлаж ярих ёстой шүү дээ.
-Л.Гансүх зөвлөхийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Манай үйлчлүүлэгч Улсын ерөнхий прокурор Дорлигжав болон холбогдох албанд гомдол гаргасан. Өмгөөлөгчдөө хандсан бичгийг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өгүүлэхгүй байна. Энэ мэтээр шат шатандаа хууль зөрчөөд байгаа нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүндрэл учруулж буй юм. Чимээгүй байж байгаад шүүх дээр ороод шийтгэлийг нь авахуулахаас өөр аргагүй байдалд оруулаад байна. Ядаж шинжээчийн дүгнэлттэй ч танилцах боломж ч надад алга.
-Гансүхтэй холбоотой хэрэгтэй холбогдуулан нэмж шалгагдаж буй хүн бий юу?
-Тулга болон Төмөрбаатар нарыг цагдан хорьсон. Гэхдээ энэ хүмүүс Гансүхийн хэрэгтэй ямар ч хамааралгүй.
-Хамгийн эхэнд гэрээ байгуулсан компани охиных нь байсан гэдэг?
-Энэ бол худал мэдээлэл. Үүнийг АТГ залруулах ёстой. Шалгаж байгаа, эцсийн байдлаар тогтоогдоогүй. “MGLBS” гэсэн ганц компани байгаа. Энэ компанитай охин нь ямар ч холбоогүй. Мөн Төмөрбаатар, Тулга нар ч хамааралгүй. Нийслэлд 200 мянгаар зарагдаад байгаа нүүрсийг газар дээрээс нь 27 мянган төгрөгөөр аваад нэмүү өртөг шингээгээд нийслэлд 80 мянган төгрөгөөр худалдах ажлыг гүйцэтгэсэн л компани. Өнөөдөр нэг портер нүүрсийг Амгалангаас Толгойт руу зөөхөд тээврийн зардал нь 40-50 мянган төгрөг байна. Энэ зардлыг баримтад дурдсанаар 10 мянгад багтаасан. Зардлыг маш бага хэмжээнд бариад нийслэлийн иргэдэд хямд үнээр хүргэх зорилготой төсөл. Ямар төсөл, хэн шийдвэрийг нь гаргасан гэх бүх мэдээлэл хэнд ч нээлттэй. Нөгөө талаар Гансүх шийдвэр гаргадаг субъект биш. Зөвлөх хүн төсөв захирдаггүй. Бусдын эд хөрөнгийг хариуцдаг зарцуулдаг этгээд ч биш.
-Ашиггүй ажилласан гээд Засгийн газраас их хэмжээний мөнгө нэмж авсан гэх юм?
-Засгийн газрын шийдвэрээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 854 сая төгрөг олгосон. Нүүрс хөтөлбөр хэрэгжихэд наана нь үүссэн санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан Засгийн газар шийдсэн. Энэ мөнгө Засгийн газарт бүрэн төлөгдсөн. Хэн ч хохироогүй, хэн ч өргөдөл гаргаагүй.
-Төв аймгийн цагдан хорихын даргыг ажлаас чөлөөлснийг юу гэж үзэж байна?
-Төв аймгийн Цагдан хорих төвийн дэд дарга хууль зөрчсөн. Өмгөөлөгчийг бүтэн өдөр үүдэндээ хүлээлгээд хүнтэй нь уулзуулаагүй хоёр хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Үүнд ямар хариуцлага тооцох нь бидний мэдэх зүйл биш.