Аюулгүй байдал судлаач Б.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудад 20 жил ажиллаж, сүүлийн 10 жил аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийжээ. Хууль зүйн ухааны болон цэргийн шинжлэх ухааны магистр, Тусгай албаны удирдлага, олон улсын аюулгүй байдал судлаач хүн юм.
-Бүх телевизээр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой “100 чухал сэдэв” нэвтрүүлэг гарахад Засгийн газар бүү хэл ард түмэнд түлхэлт өгсөн. Энэ нэвтрүүлэгт оролцогчдын яриа, санааг уран бүтээл талаас их хассан шүү дээ. Судлаач хүний хувьд таны санааг орхисон юм уу дэлгэрүүлж ярьж амжаагүй зүйлс байсан болов уу?
-“Чухал сэдэв” нэвтрүүлгээр бид уг нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой таван сэдэв хөндсөн. Гэтэл хүмүүс нэг, хоёр л зүйлийг маш их анзаарч, яриад байна. Тэр нь, өргөн нарийн царигийн асуудал. Цаана нь дөрвөн чухал асуудал байхад ердөө анзаараагүй. Яахав, дөрвөн зүйлээс арай илүү хүлээж авсан нь үйлдвэржилт. Монгол Улсад ямар ач холбогдол, хэрэгцээ байна, үндэсний аюулгүй байдалд ямар нөлөөтэй вэ гэдгийг жаахан ойлгосон байх. Үлдсэн гурван зүйлийг бүр огт ярихгүй болохоор би эмзэглээд байгаа юм.
-Тэр гурван зүйлийг та дэлгэрэнгүй ярьж, тайлбарлахгүй юу?
-Юун түрүүнд Монголын эдийн засгийн аюулгүй байдал гэдэг зүйл бий. Үүнийг хөгжилтэй холбоод үзэхээр бусдаас хараат бус, бие даасан байх ёстой. Дотроо олон салбартайн нэг чухал хэсэг нь банк, санхүү. Жилийн өмнө Хятадын “Банк оф Чайна” манайд төлөөлөгчийн газраа нээсэн, одоо салбараа байгуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад арилжааны банкны санхүүгийн үйл ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа юм. Үндсэндээ ажил нь явагдчихсаныг манайхан тэр бүр мэдэхгүй, анзаараагүй. Банк гэдэг зүйл нь аль ч орны эдийн засгийн гол бүрдэл. Хүний биеэр авч үзвэл зүрх нь юм. Эдийн засгийн цус болох мөнгийг шахаж өгдөг зүрх гэдэг нь банк санхүүгийн тогтолцоо. Хүний зүрх муудаад, доголдлоо гэхэд авч хаяад өөр хүний зүрх хийчихдэггүй шүү дээ. Эсвэл баруун талд нь зүрх нэмдэггүй. Яг үүнтэй адилаар манай банкууд жаахан доголдоод, зээл хумигдахаар Хятадын банк орж ирэхээр боллоо. Яагаад гэвэл Монголын банкууд томоохон зээл олгож чадахаа байсан учир Хятадын банк түүнийг хийх юм гэнэ. Хятадын банк томоос нь түүж арилжаа хийгээд эхлэхээр жижиг ч гэлээ манай банкууд үйл ажиллагаанаас шахагдаж, дампуурал руу явах юм. Тэгэхээр жижиг, бичил зээлүүд хүссэн хүсээгүй “Банк оф Чайна” руу шилжинэ. Энэ бол 5-10 жилийн дараах үйл явц. Бид өнөөдрөө л хараад ирээдүйгээ бүү хэл бараг маргаашаа ч харж чадахгүй байна.
Манай улсад ажилладаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь Хятадын компани. Гадаад хөрөнгө оруулалтын 50 хувь нь мөн л Хятадынх. Энэ нь эдийн засгийн аюулгүй байдлын үзүүлэлтэд нийцэхгүй. Нэг орны хөрөнгө оруулалт 1/3-ээс илүү байж болохгүй. Тэгэхгүй бол эрсдэл үүсч эхэлдэг. Одоо бусад орны хөрөнгө оруулагчид гараад явчихаар эдийн засаг дахь гадаадын хөрөнгө оруулалт гэдэг гол үзүүлэлтэд Хятадаас оруулсан хөрөнгийн хэмжээ автоматаар өснө. Үүний дээр Хятадын банк ороод ирвэл хоорондоо юаниар гүйлгээгээ хийнэ шүү дээ.
-Танд тодорхой баримт дэлгэх боломж байна уу?
-Тээвэр, зуучлалын “Туушин” компани сая СТӨ-ний ард 24 давхар зочид буудал барилаа шүү дээ. Түүнд 24 сая гаруй ам.долларын зээл Худалдаа хөгжлийн банкнаас авч. Гэтэл Хятадын банк төлөөлөгчийн газраа нээнгүүт нь Худалдаа хөгжлийн банк “Туушин”-гийн зээлийг шилжүүлчихсэн юм байна. Харахад банк хоорондын, байгууллагын харилцааны асуудал. Гэтэл үндэсний томоохон аж ахуйн нэгж гээд авч үзвэл байдал өөр. Дандаа томоохон төсөл санхүүжүүлнэ гэсэн Хятадын банкинд 40 орчим аж ахуйн нэгж зээл олгох хүсэлт ирсэн гэж өөрсдөө албан ёсоор мэдэгдсэн. Үүнийг бодоод үзэхээр манай улсын хамгийн том үйлдвэр, үйлчилгээ, бүтээн байгуулагчид Хятадын банкны зээлээр ажиллах нь. Зээл авсан хүн зээлдүүлэгчээсээ тодорхой хэмжээгээр хараат болдог нь үнэн. Зээлдэгч өөрөөрөө дамжуулж банкнаас хараат болж байгаа хэрэг. Банк хэзээ ч үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгодоггүй.
Харин ч зээлсэн хүнийг ямар нэг арга механизмаар, зорилгоор зээлээ төлөх боломжгүй болгоно. Өнөө маргаашдаа биш урт хугацаанд, 10-20 жил үргэлжилнэ. Ингээд өр хуримтлагдаад ирэхээр эцэст нь тулган шаардаж эхэлдэг. Хятадын төрийн оролцоотой банк ажиллаж байгаа гэдэг бол тэнд Хятадын төрийн бодлого тодорхой хэмжээгээр байна гэсэн үг. Улмаар Монголын хүчтэй, бие даасан, томоохон 40 орчим байгууллага гадаад улсын бодлогоос хараат болж буй хэрэг. Хүний организмд байх цусыг гаднаас нь удирдаад эхэллээ гэсэн үг юм. Дэлхийн язгууртнууд гэж өөрсдийгөө нэрлэдэг англичууд “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэж хэлсэн нь бий. Өнөөдөр маш сайхан мөнгө, зээл олдоод л сайхан байлаа ч маргааш хариуд нь маш том зүйл нэхнэ. Яг үүнийг сайн ойлгож, алс хэтээ бодох хэрэгтэй байна.
-Гэвч энэ асуудалтай санал нэгдэхгүй, үгүйсгэсэн хүн олон бий шүү дээ. Тэдэнд ямар эрх ашиг байна?
-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүртэл ийм зүйл байхгүй гэдэг. Уг нь, тэр хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн шүү дээ. Үндсэний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлалд тодорхой заалт байдаг. Гадаадын төрийн оролцоот аж ахуйн нэгж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд заавал өөр шаардлага тавьж, хязгаарлана гэж. Гэтэл Ерөнхий сайд нь би мэдэхгүй, надад хамааралгүй, Монголбанкнаас зөвшөөрөл авсан, УИХ мэдэх ёстой гээд байгаа. Эндээс хоёр л дүгнэлт гарна. Үнэхээр тэр хүн юмаа мэдэхгүй байгаа эсвэл худлаа хэлсэн. Аюул биз.
-Та түрүүн юаниар гүйлгээ хийж эхэлнэ ээ гэж ярилаа. Хэрэв тийм зүйл боллоо гэхэд эдийн засгийн аюулгүй байдал гэдэг зүйл бүрэн нурах хэрэг үү?
-Хятадын Засгийн газар манай улсад олон төрлийн, их хэмжээний зээл өгөхдөө бүгдийг нь юаниар олгодог. Тэр болгоныг Хятадын банкнаас ав гэдэг шүү дээ. Эдийн засгийн цусан эргэлтийг өөр зүрхтэй болгож байгаа хэрэг. Ингэвэл манай банкны тогтолцоо үгүй болно гэсэн үг. Хятадын Засгийн газар юанийн гадаад гүйлгээг нэмж, дэлхийн хэмжээний хатуу валют болгоно, Ази тивээсээ эхэлнэ ээ гээд бодлогоо тодорхойлчихсон. Тэр гүйлгээнүүд манайд яваад байна. Хятадын банк манайд ажиллавал юаниар гүйлгээ хийнэ, хятад компаниудтайгаа юаниар харилцана шүү дээ. Улмаар төгрөг шахагдана.
Өнөөдөр ч хил дагуух сумд, боомтод юаниар гүйлгээ хийгээд л байна шүү дээ. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол ийм өчүүхэн зүйлээс л эхэлдэг юм. Манайхан л мэргэжлийн хүмүүс нь мэдэг, тусгаар тогтнол гэхээр л маш том зүйл гэж хараад байдаг. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал багахан зүйлээс эхэлдэг юм.
-Дараагийн анзаарч, ойлголгүй орхисон асуудал юу байсан юм бэ?
-Газрын асуудлыг бид оруулсан. Хүмүүс газар нутгаа алдах нь гэдэг ерөнхий ойлголт авснаас биш илүү тодорхой зүйл анзаараагүй байна. Гэтэл Алтанхуяг сайд Газрын тухай багц хууль ард түмэнд маш ашигтай байсан ч хэвлэл мэдээллээр янз бүрийн зүйл гарсан тул буцаан татлаа гэсэн.
Үнэхээр тийм ашигтай юм бол яагаад тайлбарлаж, хамгаалаагүй юм бэ. Чухам юу нь ашигтайг ил тодорхой хэлээгүй юм бэ. Ерөөсөө л “Би чамд хайртай” кинонд сургуулийн захирлын өрөөнд Баяраагийн аав өгсөн өргөдлөө барьж аваад “Юу гэхэв, ураад хаячихъя” гэж жүжиг тавьдаг шиг харагдсан. Тэр хуулийн төслийг бүхэлд нь ярихгүйгээр, өөрчилсөн ганц үгийг авч үзье. Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос илүү хугацаагаар оршин суусан гадаадын иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж болно гэж өөрчилсөн. Урьд нь ашиглах гэж байсныг эзэмших болгочихоод хоорондоо бараг ялгаагүй гээд байгаа юм. Үнэндээ тийм биш. Ашиглах гэдэг бол тухайн газрын үр шимийг хүртэж ашиглана гэсэн үг юм. Ногоо тарих, мал маллах гэх мэт. Харин эзэмших гэрчилгээтэй бол барьцаанд тавина, барилга барьж болно, өөрөөр хэлбэл зах зээлийн эргэлтэд оруулна гэсэн үг юм. Энэ эзэмших эрх явсаар байгаад сүүлдээ өмчлөх гэдэг үгээр өөрчилбөл яах вэ. Хэрэв ийм зүйл болчихвол Монголын газар нутаг байхгүй болно оо.
Одоо Монголд хэдэн мянган хятад ажилчин, хэдэн зуун хятад компани байна. Улирлын чанартай барилга дээр, зам дээр, уул уурхайд ажилладаг. Албан ёсны тоо 30 мянга. Тэд бүгд мөнгөтэй, шаардлага хангасан байгаад нэг дор, өчнөөн га газар нийлж заагаад л эзэмших эрх авчихвал та бид хаана суух вэ. 0.07 га талбайг 30 мянгаар үржүүлээд тооцвол хэр том газар байх вэ /2100 га талбай. Сурв./ Миний мэдлэг чадвар, амьдрал, ажлын туршлага гэдэг зүйл байна шүү дээ. Түүгээрээ одоогийн үйл явцыг дүгнэж байна. Өнөөдөр хүн бүрийг шахаж шавдуулаад л газрыг өмчлүүлэх гээд зүтгээд байна. Яах гээд 10 шахам жил явж ирсэн зүйлийг нэг өдөр шахаад унав аа. Миний хувьд иргэн бүр газартай болчихоор үлдсэн жаахан газрыг нь эргэлтэд оруулах гээд байгаа болов уу. Тэр үед иргэд эсэргүүцэхээр чи газраа авсан энэ бол тусдаа хоосон газар гэх маягаар. Хоног хугацаа зааж бушуухан өмчлөөдөх, дахиж ийм ажил зохион байгуулахгүй шүү гэж иргэдийг тэвдүүлээд л байх юм. Энэ нь ямар учиртай юм бэ.
-Зөвхөн гадаадын иргэд орж ирээд өмчилчихнө гэдэг утгаараа юу?
-Түүнээс ч өөр асуудал бий. Дээр хэлсэн шиг банкны тогтолцоог Хятадын төрийн өмчит байгууллага өөртөө төвлөрүүлчихлээ шүү дээ. Иргэдийн зээлийн хэрэгцээ тийшээ чиглэнэ. Наана нь иргэдэд газар өмчлүүлээд байна. Хүмүүст газар байдаг, мөнгө алга. Мөнгөтэй болъё гэхээр газраа барьцаалахаас аргагүй. Үндсэндээ ийм замаар бүх газар нутаг Хятадын эрхэнд шилжинэ. Нэгэнт зээл авсан хүмүүсийг зээлээ төлж чадахгүй болгох талаас нь л бодлого явуулан шүү дээ. Харахад ном ёсоороо байдаг үнэн хэрэгтээ эзлэн түрэмгийлэх бодлого. Орчин цагт улсыг эзлэхэд заавал цэрэг дайны аргаар эзлэхээ больсон. Харин эдийн засгийн аргаар эзлэн авч байна. Өнөөдөр манай улсын газар нутгийн 46 хувь нь лиценз гэдэг бичгээр бусдын мэдэлд л байгаа шүү дээ. Аливаа зүйл хэзээ ч гэнэт шинээр бий болдоггүй, заавал зүй тогтолтой. Үйл явц нь нөгөө үйл явцаа дагуулж, суурь нөхцөл бүрдүүлж байдаг.
Ийм л зүйлийг өнөөх Алтанхуяг гэдэг сайд Монголын ард түмэнд ашигтай, хэрэгтэй байсан юм даа, гэхдээ яахав авлаа гэж худлаа ярих хэрэггүй шүү дээ. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Тэднээр түрий барихаа болих хэрэгтэй.
-Чухал сэдэв нэвтрүүлгээр олон нийтэд хүргэхийг хүссэн нэг асуудал үлдлээ. Түүнийхээ талаар ярилцъя?
-Улс орон оршин тогтнох гол зүйл нь төрийн залгамж чанар. Тодорхой хэлбэл, төрийн үйл ажиллагааны зарим зүйл ил нээлттэй байхад зарим нь нууц. Ялангуяа гадаад бодлого, оршин тогтнохтой холбоотой зүйл. Гэтэл манайд төр засаг тогтворгүйтээд, Тагнуулын ерөнхий газрын даргыг ойр ойрхон солиод эхэлсэн. Нэг нууцыг хоёр хүн мэдэж байвал хадгалж, хамгаалж болдог. Гуравдахь хүн мэдчихвэл нууцыг хадгалахад хэцүү. Цаасан дээр буусан юм уу баримт дээрх зүйлийг нэг бүрчлэн дэлгэдэггүй ч утга санааг нь илэрхийлээд байдаг. Монголчууд их мэдэгч царайлах дуртай хүмүүс. Ялангуяа даргын сэнтийд суухаараа. Түүнийгээ батлах гэсэндээ өнөөх хаана ч дуугарч болдоггүй, есөн эрүү шүүлт давсан ч хэлэх ёсгүй зүйлийг ярьчихдаг. Хөөрлөөрөө, согтуудаа... Нэмээд нууцыг олж мэдэхийн тулд хуйвалдаан хийж, “хор найруулж” байгаа.
Төрийн нууцтай холбоотой зүйлийг өөрийн мэдэлд авч, бусдыгаа намнах, агнах хэрэгсэл болгоод эхэлсэн. Өнгөрсөн сарын 31-нд Ерөнхий сайд Хууль зүйн сайдаа дагуулаад ШШГЕГ-ын Төв аймаг дахь албанд очлоо шүү дээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэн ч хэлнэ. Ерөнхий сайд хуулиа мэддэггүй байж гэж бодъё. Уг нь, ингэж ярьж болохгүй, дүгнэлтийн хувьд том алдаа л даа. Тэр хүн Монгол Улсад хүчин төгөлдөр бүх хуулийн хэрэгжилтийг хангаж, хуулиа сахицгаа гэж хэлэх ёстой хүн юм.
Гэхдээ хоёулаа түүнийг их ажилтай гэдгээр нь боломж олгоё л доо. Тэгсээр байхад Хууль зүйн сайд нь хуулиа зөрчөөд, өөрийнхөө гаргасан тушаал журмыг сахихгүй явж байгааг юу гэж ойлгох вэ. Ийм хүмүүс өнөөдөр Эрүүгийн хуулийг өөрчилнө, эрх зүйн маш том шинэчлэл хийнэ гэж байгаа шүү дээ. Тэмүүжингийн дэргэд хуучин Нямдорж сайдын орондоо хууль засдаг гэдэг нь юу ч биш. Яагаад гэхээр тэр нь батлагдаагүй төсөл төдий байхад Тэмүүжин баталчихсан, хүчин төгөлдөр хуулийг зөрчиж байна.
-Гэхдээ тэр үйлдэлдээ салбарын сайд тайлбар өгсөн шүү дээ.
-Тэмүүжин сайдын тайлбар нь гурван настай хүүхдийн яриа шиг инээдтэй. “Би салбараа танилцуулж явсан юм” гэж хэлсэн шүү дээ. Тэгж танилцуулдаггүй л байхгүй юу. Тусдаа журмалсан эрх зүйн акттай. Нөгөө талаас Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн хаана ч орж, хэнтэй ч уулзах эрхтэй байж болно гэсэн. Тийм боломж бий л дээ. Тэгвэл яагаад заавал тэр олон хүний дундаас, хувийн эрх ашгийн зөрчилтэй Лүймэдийн Гансүхтэй уулзсан юм. Асуудал маш тодорхой байгаа, бүгд харлаа.
-Хамгийн гол нь энэ үйл явдлын эцэст АТГ, ТЕГ гэсэн хоёр байгууллага хоорондоо сөргөөцөлдсөн шүү дээ. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна?
-Тэр явдлаас гурав хоногийн дараа Төрийн тусгай хамгаалалтынхан АТГ-ыг төрийн нууц задруулсан хэргээр ТЕГ-т өгсөн. Тагнуулын ерөнхий газар Ерөнхий сайдын мэдэлд байдаг. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдог. Харин Төрийн тусгай хамгаалалтын газар ТЕГ-ынхаа харьяа. Өөрөөр хэлбэл, ТЕГ, ТТХГ болон АТГ гэсэн мөргөлдөөн үүсч байгаа. Тэр мэдэгдэл нь үнэндээ ичмээр юм. Арай ч Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль барьж ярьсангүй. Тэр бичлэг хийсэн хүмүүс хэнд ч халдаагүй шүү дээ.
Гэтэл төрийн нууц задруулсан гээд байгаа. Нууц задарчээ гээд үзье. Тэгвэл хэн буруутай гэхээр хамгаалалтынхан өөрсдөө. Хэрэв төрийн албан тушаалтныг хамгаалах, арга ажиллагаа нууцлах үүрэгтэй хүмүүс түүнийгээ алдчихвал өөрөө буруутаж хариуцлага хүлээх ёстой. Хуулиараа бол төрийн нууцыг задруулсан гэмт хэргийн субьект бол түүнийг итгэмжлэн хариуцсан албан тушаалтан байдаг. Үүнээс гадна Төв аймгийн ШШГГ-ын албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ жагсаад, сайд нартай мэндчилээд өнгөрсөн.
Тэгэхээр жагссан хүмүүсийн хувьд нууц задраагүй байдаг, наана нь байгаа хүмүүст, ард түмэнд болохоор нууц задарсан хэрэг болчихоод байгаа юм.
Ер нь, Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын албан хаагчид хоорондоо харилцан мэдээлэл солилцдог, хамтран ажиллах олон зүйл гардаг. Албан хаагчид нь ч танилууд, хамт сурч байсан, найзууд гээд харилцаа бий. Түүнийг энэ явдлаар үгүйсгэчихнэ. Танай АТГ, танай ТЕГ гэсэн яриа гарна шүү дээ. Үүний цаана төрийн тусгай чиг үүрэг бүхий хоёр том байгууллагыг хагаралдуулж байгаа хэрэг юм. Уг нь, Монгол Улсын төлөө гэж хоёулаа тангараг өргөсөн, нэг сүлдэн дор явдаг. Ийм хоёр байгууллага хоорондоо тэрсэлдэхээр аль алийнх нь хүч суларч, үндсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болно, хяналтгүй орон зай бий болно. Энэ сиймхий, тэр хоосон орон зайд өнөөх “нөхөд” “ажиллана” шүү дээ. Ийм асуудлыг санаатай, санамсаргүй хийсэн нь хамаагүй. Төрийн жолоо атгаж, залж яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийж буй үйлдэл, ярьж байгаа болгоноо бодож байх ёстой юм.
-Төрийн өндөрлөгүүдэд шүүмжлэлтэй хандаж байна уу?
-Нэвтрүүлэг гарсны дараа Засгийн газраас нэг мэдэгдэл гаргасан. Тэнд нэг томъёолол гаргасан байна лээ. Эдийн засгийн тусгаар тогтнол гэж. Энэ бол Монголд бүү хэл дэлхийд ч байдаггүй нэр томъёо. Ийм зүйл байдаггүй гэдгийг Ерөнхий сайд хариуцлагатайгаар мэдэгдье гэдэг шиг хариуцлагатайгаар хэлчихье. Эдийн засгийн аюулгүй байдал гэж бий, хараат бус байдал гэж байдаг. Гэтэл Засгийн газар улс орны тусгаар тогтнолтой холбоотой мэдэгдэл гаргахдаа ийм хариуцлагагүй хандсан. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар долоо хэмжиж нэг огтлох биш дал хэмжих ёстой.
Мөн тэр нэвтрүүлгээс хойш Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж 20 гаруй минут загнаж байна лээ. Хэн хэн хийсэн, зочид буудлын арын өрөөнд хийгээ юу, бүгд тодорхой байх ёстой гээд л. Уг нь миний нэр хүртэл аюулгүй байдлын судлаач гээд гарсан шүү дээ. Тэгтэл юу ярьсан нь ойлгомжгүй биз дээ. Тагнуулын ерөнхий газраас нэвтрүүлэг хийсэн, оролцсон хүмүүсийг шалгаж эхлэхэд Ерөнхийлөгч мань “Аюулаас хамгаалах байгууллага болимоор юм, чоно борооноор гэдэг шиг үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шалгалаа” гэх шиг гурав хоногийн дараа өөрийнхөө хэлсэн үгнээс буцсан. Уг нь өөрөө гурван өдрийн өмнө шалга, мөрд гээд ҮАБЗ-ийн тэргүүний хувиар үндсэндээ үүрэг өгчихсөн шүү дээ. Гэтэл төрийн тэргүүний хувьд ярьсан зүйлээсээ буцсан, эргэсэн. Үнэхээр сүүлчийн үг нь зөв байсан юм бол анхнаасаа тийм зүйл ярих хэрэггүй л байсан юм.
-Тэр нэвтрүүлгээс хойш Засгийн газар нийт дөрвөн мэдэгдэл гаргасны дотор ард түмний төлөөх гэдэг үг дандаа байсан. Гэвч хүмүүстэй ярилцахаар тийм биш гэдгийг хэлээд байх юм.
-Ард түмний төлөө гэж хууль баталдаг УИХ яагаад бидний эрх ашгийн эсрэг хууль хэлэлцэж, баталдагийн даваан дээр буцаав. Хуулийн хэрэгжилтийг хангах ёстой Засгийн газрын тэргүүн, сайд яагаад хуулиа зөрчөөд яваад байна. Үндэсний эв нэгдэл гэж ярьдаг Ерөнхийлөгч яагаад эсрэг тэсрэг юм яриад байна вэ. Бодох л ёстой шүү дээ. Төр гэдэг өөрөө юу юм бэ. Үндсэндээ сонгуулийн үеэр 76 гишүүн ард түмний төлөөлөл болно гэж баахан зүйл амлаж, донгодож байж гардаг шүү дээ. Төр гэдэг нь ард түмэн өөрсдөө юм. Гэтэл өнөөх 76 хүн хулхин дээр цэцэг ургуулж гарсныхаа маргааш бүгдийг мартдаг. Баталгаатай дөрвөн жилийн эрх өгчихсөн, өөрсдийгөө төр гээд ойлгочихсон. Манайд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гэсэн эрх зүй зохицуулалт байдаг ч огт хэрэглэдэггүй учир гишүүд дураараа дургиж байгаа юм. Улстөрчийн, төрийн хар хүний дархлаа алга. Тэр хүн бусдын, гадаадын эрхшээлд орохоос хамгаалдаг тогтолцоо алга гэдгийг эртнээс хэлж байсан. Өнөөдөр УИХ-ын гишүүд хууль гаргаад л өөртөө бүрэн эрх өгчихсөн. Тэгээд суудлаасаа салж чадахгүй зууралдаад байна. Энгийн хүн байсан бол хэрэгтэн байхаар боловч УИХ-ын гишүүн гэдгээрээ хамгаалуулдаг сонин тогтолцоо биз дээ. Товчхондоо, шоронд байх ёстой хүн төр барьж байна гэсэн үг. УИХ-ын гишүүд эхний дөрвөн жил ард түмний хөрөнгийг идээд ханахгүй болохоороо наймдахь жилдээ сууна. Тэр хулгайлснаа нуух гэж 12 дахь жилдээ сонгогдож гардаг шүү дээ.
Өнөөдрийн байдлаар эрх мэдэлтнүүдийн дураараа авирлах явдал хэрээс хэтэрч байна. Наад захын жишээ гэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг төрийн нэр барьж бусадтай нууц гэрээ байгуулсан гэж буруутгасан. Хэрэв Х.Баттулга гишүүн ийм үйлдэл хийсэн юм бол тэр хариуцлага хүлээх ёстой. Гэтэл тэрээр өөрийгөө Загийн газрын шийдвэрээр энэхүү нууц гэрээ байгуулсан гээд байдаг, хэрэв тийм бол Ц.Нямдорж гишүүн төрийн нууц задруулсан асуудалд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл аль аль нь ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй явж л байдаг.
-Төмөр замын хоёр янзын цариг л асуудлын хамгийн гол нь юм гэж ойлгосон хүн олон байгаа байх.
-Эхлээд үндэсний төмөр замын сүлжээг дотооддоо бий болгочихъё. Хэвтээ тэнхлэгтэй зам барьчихвал бидний мэдлийнх. Тэр нь өргөн байг. Яагаад гэвэл манай төмөр замчдын материал, техникийн бааз, боловсон хүчин тийм байгаа юм. Үндэсний төмөр замын сүлжээгээ байгуулчихаад урагшаа, хойшоо, зүүн баруун тийшээ хил сэтэлж хэдэн зам гаргах нь хамаагүй. Тэр нь өргөн, нарийн байг ялгаагүй байх юм.
Одоо Гашуунсухайтад ганц мухар зам байгуулна гээд байна. Тийм алс, бөглүү газар Монголын төмөр замчдаас хэн очиж ажиллах юм бэ, хятадууд л ажиллана шүү дээ. Тэгээд тэр мухар төмөр зам нь цаашаа Хятадын төмөр замтай холбогдоно биз дээ. Хятадын 245 км замыг нь дагаад хятад хүмүүс л орж ирнэ, амьдран сууршина. Тэд хятад суурьшил буюу чайна таун бий болно шүү дээ.
Тийм болохоор үндсэний сүлжээгээ байгуулчихаад монголчуудын суурьшлыг бий болгох хэрэгтэй. Хүний биед орсон өргөс удахаараа идээлж, тэр хавьдаа үхжил үүсгэдэг, тэгээд бүх биеэр тархана, удахгүй үхнэ биз дээ, гэтэл улс орныхоо хэвлий рүү төмөр хадаас зоочих гээд байгаатай ялгаагүй зүйл болох гээд байна.
Ерөнхийлөгчийн ярьсан нэг зүйлтэй би санал нэгдэхгүй. Эхлээд шонгийн модоо босгочихъё, дараа нь утсаа татъя гэсэн. Шинэ долоон замаа шон гэж нэрлээд байгаа юм шиг байгаа юмуу даа. Харин хөндлөн тавих үндэсний төмөр замын сүлжээг утас гэнэ. Өнөөдөр зуслан дээр чи шон хатгаж, утас тавиад, цахилгаан татчихсан байлаа гэхэд өөр айл тэндээс тог авах гэхэд хэрүүл, зодооны дайтай юм болдог биз дээ. Яг үүний адилаар хятадуудын төмөр замын толгойд бид төмөр замаа холбоё гэхээр маргаан үүснэ. Ядаж л нарийн шонтой учраас бүдүүн утас даахгүй ээ, та нар нарийн утас татчих гэж тулгана биз дээ. Тийм болохоор л үндэсний төмөр замын сүлжээгээ эхэлж хийх нь чухал байгаа юм. Төрийн тэргүүн маань аж ахуйчийн үүднээс ярих гээд байх шиг санагдсан.
Гэтэл цахилгаан татахад чинь хамгийн бүдүүн тэжээлийг кабель утсыг газар доогуур тавьдаг, тэндээсээ бусад нь салаалдаг шүү дээ. Тийм байтал Ерөнхийлөгч маань хэдэн ёрдойсон юм барьчихаад хаанаас хангаж, хаанаа холбох нь мэдэгдэхгүй юм ярих нь. Үндсэндээ байшинг суурь цутгаснаар барьж эхэлдэг байхад дээврээс нь барих гээд байгаа юм.
-Төмөр замын бодлогын бичиг баримтаа хэрэгжүүлэхгүй байхаар цааш цаашдаа ажил яаж үргэлжлэх юм бэ гэдэг шүүмжлэл их бий.
-2010 оны зургадугаар сарын 23-нд баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт энэ сүлжээг байгуулах дарааллыг тодорхойлчихсон. Одоо яриад байгаа экспортын чиглэлийн төмөр замууд бүр сүүлд нь байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр Засгийн газар эхнийхийг нь хийгээгүй байж юундаа ингэж улайран дайраад байна вэ. Яагаад банкийг нь байгуулж өгөх гээд байна. Яагаад газар эзэмших эрхийг нь өгөөд байгаа юм. Яагаад Монголын ард түмнийг эдийн засгийн хямралтай байхад тав хоног амраагаад байна. Бид жилд албан болон албан бусаар хоёр сар амарч байна шүү дээ. Яагаад Монголд ашиггүй, бусдад ашигтай энэ бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд байна гэдэг асуудлууд ар араасаа цувран гарсаар байхад нэг ч хариулт алга. Салбар тус бүрт нь авч үзэхээр төдий л анзаарагдахгүй байгаа биз. Харин бүгдийг нь нийлүүлээд харахаар юу болоод байна вэ гэдэг их том асуудал гарч ирж байгааг бих нийтээрээ анхаарах цаг нэгэнт ирсэн. Түүгээр зогсохгүй тусгай чиг үүрэг бүхий хоёр байгууллагыг зодолдуулж байна. Өөрөөр хэлбэл, хотоо манах ёстой хоёр нохойг уралцуулчихаад ардуур нь чоно оруулж байгаа дүр зураг илэрхий байна.
Та бид ямар нэг алдаа гаргаж, буруу зүйл хийгээд бусдаас уучлал гуйдаг биз дээ. Нэгнийхээ хөл дээр гишгээд л уучлал гуйдаг. Гэтэл хоёрхон жилийн дотор улс орныг 20 тэрбум ам.долларын өрөнд оруулж, итгэл өгсөн ард түмнээр тохуурхаж, улс орны эд баялаг, сан хөмрөгийг тонож, олон улсын тавцанд Монголын нэр хүндийг унагааж, улс орон ард түмний эрх ашгийг уландаа гишгэж байгаа энэ хэдэн нөхөр буруугаа ухамсарлаж, хийсэн алдаандаа дүгнэлт хийж, ноцтой үр дагаварт хүрээгүй байгаа дээр зогсох цаг болсон. Ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрч, уур хилэн нь буцалж, нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед ёс суртахуун гэдэг зүйл байдгийг эргэн санаж, буруугаа хүлээж, ард түмнээсээ уучлал гуйх цаг оройтож байна. Хэрхэхийг ард түмэн маань мэдтүгэй.