Ийм мэдээг өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон Халх голын дайны талаарх судалгааны шинэ ном хэвлүүлсэн түүхч, судлаач И.В. Сеченов хүргэлээ. Сеченов нь Халх голын дайнд оролцсон Хил хамгаалах тусгай батальоны дайчдын тухай “Халх голын тулаанд оролцсон хил хамгаалах тусгай батальон” нэртэй онц сонирхолтой судалгааны бүтээл хэвлүүлснээ танилцуулав.
И.В.Сеченов нь 2008 онд “Дорнод хил” нэртэй хайгуулын бүлэг байгуулан Халх голын тулаан болсон газарт эрэл хайгуулын ажил хийж Зөвлөлтийн 51, Монголын нэг дайчны шарилыг илрүүлэн ёс төртэйгээр нутаглуулсан буянтай үйлийн эзэн.
Халх голын түүхт 75 жилийн ойн ялалтын өмнө гарч байгаа И.В.Сеченовын бүтээлийг танилцуулах ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд И.К. Азизов, Казахстан улсаас манай улсад суугаад Элчин сайд К. И. Кобландин, Беларусь улсаас манай улсад суугаа Элчин сайд нарын хүн оролцлоо.
Тухайн үед буюу 1939 онд Зөвлөлт Холбоот Улс гэж байсан бөгөөд энэ холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан 15 “республик”-ийн иргэд Японы эзэрхэг түрэмгий нарын халдлагыг няцаахад оролцож байсан болохоор түүхт ялалтын 75 жилтэй холбоотой номын танилцуулгад Элчин сайд нар нь оролцох нь зүйн хэрэг төдийгүй эдгээр улс Халх голд 70 гаруй жилийн тэртээ болсон үйл явдалд хэрхэр ач холбогдол өгч байгааг харуулсан үйл явдал боллоо.
-Та Халх голын дайны талаар анх хэдийд сонссон бэ?
-Би бүр дунд сургуулийн зургадугаар ангид байхдаа манай хайгуулын бүлгийн зохион байгуулагч И.В. Сеченовоос анх удаа Халх голын орчим том дайн болж байсан тухай сонссон. Тэгээд тэр дайнд оролцож байсан хүмүүсийн дурдатгал унших, архивт суух зэргээр судалж эхэлсэн. Дараа нь, “Дорнод хил” отрядын бүрэлдэхүүнд багтан 2010 оноос эхлэн Монголд ирж дайн болсон газар эрэл хайгуул хийж эхэлсэн.
-Тулаанд амь үрэгдсэн дайчдын цогцсыг илрүүлэхэд ямар сэтгэгдэл төрж байв?
-Ний нуугүй хэлэхэд би анх явж байхдаа их айх байх гэж бодож байсан. Тэгээд анх удаа Орос цэргийн цогцсыг олоод хийж байгаа зүйлээрээ бахархах сэтгэгдэл төрсөн. Энэ хүн бидний төлөө, монголчуудын төлөө дайтаж яваад амиа өгсөн, ийм олон жил хүний ёсоор нутаглуулаагүй байхад бид олоод одоо хүн ёсоор нутаглуулах боллоо гэж бахархсан.
-Та нарын хийж байгаа зүйлийг нутгийн иргэд хэрхэн хүлээн авсан бэ?
-Ямар ч байсан их гайхаж байсан. Тэд бидний өмсч байгаа шиг ногоон дүрэмт хувцсыг магадгүй хамгийн сүүлд 1939 онд л харж байсан биз. Гэтэл цэргийнх шиг дүрэмт хувцастай хүмүүс дайн болж байсан газар ирж хайгуул хийж эхэлсэнд их гайхсан байх.
-Та нар эрлийн ажил хийх хугацаанд хэчнээн дайчны цогцсыг олж хүн ёсоор нутаглуулав?
-Манай дарга И.В.Сеченов сая хэлсэн. Бид 2008 оноос хойш нэлээд олон жилийн турш эрэл хайгуул хийхдээ нийт 51 орос цэрэг эрийн шарилыг илрүүлж ёс төртэй, хүндэтгэлтэйгээр хүний ёсоор нутаглуулсан. Мөн нэг монгол цэрэг, нэг япон цэргийн цогцсыг олсон.
-Тэдний нэр усыг нь тодруулж чадсан уу?
-Харамсалтай нь дийлэнхийг нь чадаагүй. Ганц дайчны нэрийг л тодруулсан. Тэр цэргийн цогцсыг малтан гаргаж авахад сум хийдэг цүнхэн дээрээ нэрээ бичсэн байсан юм. Түүнээс бусдыг нь хараахан тодруулж чадаагүй л байгаа.
-Танай хайгуулын ажил цаашид үргэлжлэх үү?
-Миний л мэдэж байгаагаар Халх голын дайнд оролцсон Зөвлөлтийн 2000 гаруй цэрэг сураггүй алга болсон гэдэг баримт байдаг. Тиймээс бидний хайгуулын ажил цаашид олон жилийн туршид үргэлжлэх байх. Оросын алдарт жанжин А.Суворов “Тулаанд амиа алдсан цэргүүдийг бүгдийг нь хүн ёсоор нутаглуулаагүй цагт дайныг дуусаагүй гэж үзэх ёстой” гэсэн байдаг.
-Ажиллах нөхцөл бол хүнд л байх. Манай Халх голын шумуул ч алдартай шүү?
-Монголын нар манай нутгийнхаас илүү хурц. Бид майхан эсвэл гэр барин хээр буугаад ажилладаг. Заримдаа үнэхээр хэцүү байдаг шүү. Гэхдээ манай Сибирьт шумуул нь бүүр ч хэцүү шүү.
-Танай найз нөхөд, төрөл садан хийж байгаа зүйлийг тань яаж хүлээж авдаг вэ?
-Юуны өмнө хамаатан садан маань миний хийж байгаа зүйлээр их бахархдаг гэдгийг хэлье. Намайг болон миний найз нарын хийж байгаа бүхнийг алдалгүй ажигладаг. Тэгээд томчууд нь том зүйл хийж чадаагүй байхад та нар үнэхээр чухал зүйл хийж байна гэж үнэлдэг юм. Тэдэндээ бүгдэд нь танай сониноор дамжуулан Монгол улсаас мэнд хүргэе.
-Та манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Алексей Трубач гэдэг би Оросын Үнэн алдартны сүмийн Монгол дахь Ариун гурвалын сүмийн номлогч ламтан мяндагтай.
-Оросын Үнэн алдартны сүм хийд 1939 онд Халх голд болсон үйл явдалд хэрхэн ханддаг вэ? Тэр үед сүм хийдийг үгүйсгэх, шашныг муулах кампанит ажил их явж байсан шүү дээ?
-Зөвхөн Оросын үнэн алдартны сүм хийд гэлтгүй бүх, шашин, сүм хийдэд хэцүү цаг үе байлаа. Гэхдээ тэр дайнд оролцон хамаг хүнд бэрхийг даан гарч ирсэн 18-19-тэй залуучууд ойролцоогоор 1920-иод онд төрсөн хүмүүс. Харин 1920 онд Үнэн алдартны сүм хийдийг шамшигдуулах, дарамтлах аян хүчтэй газар аваагүй байсан юм. Тиймээс, хөдөө тосгоноос ирсэн залуучууд бүгд үнэн алдартны шашинтан, загалмайлуулсан хүмүүс байсан гэж бат итгэлтэй хэлж болно. Иймд манай Үнэн алдартны шашинтан, түүний сүм хийд хэдий дарагдаж, дарамтлагдаж байсан ч Халх голд байлдаж байгаа Зөвлөлийн дайчдын араас ялалт ерөөн нууцхан залбирч, ном хурдаг байсан юм шүү. Ер нь, Оросын үнэн алдартны сүм нь эх орныхоо төлөө, газар нутгийнхаа төлөө дайтаж яваа хүмүүсийг ямагт дээдэлдэг, тэдний ялалтын төлөө үргэлж залбирч, мөргөл хийсээр ирсэн түүхтэй гэдгийг хэлмээр байна.
-Халх голын 75 жилийн ойг тохиолдуулан танай сүмээс ямар нэг тусгай зүйл зохион байгуулах уу?
-Заавал зохион байгуулна. Халх голд байлдан амиа алдсан дайчдын төлөө тусгай ном уншин, мөргөл үйлдэнэ. Энэ мөргөл, залбирлыг зөвхөн Монголд гэж хязгаарлахгүй, Орос орон даяар үнэн алдартны бүх сүм хийд уншина гэдгийг хэлье.