Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дорждавга: Халбага сэрээнээс эхлээд хос хөдөлгүүртэй машин үйлдвэрлэх боломж байна


Монгол Улсын машин үйлдвэрлэлийн анхны гэсэн тодотголт “Эрдү” ХХК-ийн үйлдвэрийн дарга Д.Дорждавгатай ярилцлаа.

-Хөрөнгө оруулалт, техник технологийн өндөр шалгууртай машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарт анхдагч танай компани хэзээ байгуулагдсан бэ?
-Монгол улсад өндөр технологи шингэсэн дан, хосомол, гуравмал тэжээлийн систем бүхий JEA-800 загварын троллейбус, дуобус, монбус үйлдвэрлэсэн мөн Монгол улсаас анх удаа машин экспортонд гаргасан “Цахилгаан тээвэр” компанийн хамт олны хийж бүтээж байгаа үйлс нь бидэнд маш их урам зориг өгч 2010 онд энэ салбарт хөрөнгө оруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Euro-3 хөдөлгүүртэй J-800N загварын дөрвөн автобус үйлдвэрлэснээс анхных нь нийслэлийн иргэдийн үйлчилгээнд гурав дахь жилдээ амжилтай явж байна.

-Монгол улсад шинэ технологи нутагшуулах иноваци бий болгох чиглэлээр төр засгаас олон хөтөлбөр гаргасан. Танайх ч тэдний нэгийг хэрэгжүүлэхээр зүтгэж буй.  Тэгэхээр төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг авч байгаа биз дээ?
-Монголчууд та бидний гадаад улс орноос худалдан авч буй импортын бүтээгдэхүүнийн үнийн дүнгийн бараг 70 хувь нь метал хийц, тоног төхөөрөмж, машин механизмын үнэ байдаг. Монголоос доллар гадагшлах үндсэн суваг нээлттэй байгаагийн улмаас Монгол төгрөг үнэгүйдэж, бидний амьдрал доошлох гол хүчин зүйл болж байна гэж инженер хүний хувьд үздэг. Манай үйл ажиллагаатай УИХ-ын дарга, сайд нар, хотын дарга гээд олон албан тушаалтан ирж танилцаад дэмжиж ажиллахаа илэрхийлдэг. Гэвч олон талын онцгой ач холбогдолтой машин үйлдвэрлэлийн шинэ салбарт бодит хууль эрх зүйн орчны дэмжлэг үгүйлэгдэж байна.
Инженерүүд бидний яриад байгаа хөгжлийн боломжийг ойлгодог дарга нар их л цөөхөн байна. Үндэсний машинт үйлдвэрлэл өсөн бойжихоор тэмүүлж байхад Монголынхоо компаниудаа дэмжихийн оронд гадаад улс орнуудад үйлдвэрлэсэн автобусдыг гааль, худалдааны татваргүй оруулж ирж байгаа нь Монгол инженерүүд бүтээлч иргэдээ зүгээр л дампуур гэж буйтай адил юм. Барилгын салбартай адилхан техник, технологи дээр суурилсан хөгжлийн шинэ салбарыг бий болгох нь Монголоо хайрласан хүн бүрийн үүрэг гэж бодож байна.

-Танай компанийн үйлдвэрлэл ямар шинэ техник технологиуд нэвтрүүлж байна вэ?
-Euro-3 хөдөлгүүртэй Volvo фирмийн лиценз бүхий БНХАУ-н Шанхай хотын “Sunwin” автобусны үйлдвэрийн шассин дээр J-800N загварын Монголын анхны автобусыг 2010 онд угсарч үйлдвэрлэн гурав  дахь жилдээ үйлчилгээнд ажиллуулж байна.
Мөн Cummins, Yutsai фирмийн хөдөлгүүр бүхий автобусны шассиг оруулж ирэн автобус үйлдвэрлэж байгаа бөгөөд АНУ-ын Калифорни мужид төвтэй дэлхийд алдартай Cummins хөдөлгүүрийн дистербюртер “Mongolia Cummins” ХХК-тай цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байна. Үйлдвэрлэдэг хөдөлгүүрийн тоогоор дэлхийд 1-рт ордог БНХАУ-н “Yutsai” хөдөлгүүр үйлдвэрлэлийн дистербютер компани Монгол улсад байгуулагдаж байгаа нь бидний эхлүүлж буй ажлыг эрчимжүүлэхэд ихээхэн тустай болно.
Монгол улсад үндсэн дөрвөн  агергат буюу мотор, хурдны хайрцаг, хойд тэнхлэг, жолооны системээс бусад компонент материал, сэлбэг эд анги үйлдвэрлэх жижиг дунд компаниуд биднийг дагаад босч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Монгол компаниудын үйлдвэрлэсэн троллейбус, дуобус, монбусыг өндөр үнэтэй, худалдан авч болохгүй шүү гэсэн мэдээлэл их гарч байх юм. Энэ талаар санал бодлоо хуваалцаач?
-Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, экологижуулах чиглэлээр Нийслэл хотын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын 2012-2016 онд хийх ажилд ч байдаг бөгөөд төр засгийн байгууллагуудын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Монгол хүн, Монгол компаниуд идэвхтэй оролцох ёстой гэж ойлгон экологийн өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн дизайн хийцтэй автобус үйлдвэрлэхээр ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн шугамаар автобус худалдан авах саналыг дэлхийн 10 улсын 12 компанид тавьснаас энэ ажилд оролцохоор саналаа өгсөн Монгол компанийн нэг нь манай компани юм.

Нэг зах зээл дээр хоёр ижил бүтээгдэхүүн хоёр өөр татварын орчинд байхаар яаж үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх вэ. Өнөөдрийн байдлаар энэ худалдан авалтанд оролцохоор Солонгос, Япон, Швед, Беларусь, Турк, Монгол гэсэн зургаан улсын компани үлдээд байна. Euro-3 хөдөлгүүрээс дээш экологийн шаардлага хангасан, нам болон хагас намхан шалтай автобусны худалдах үнийн санал 150,0 мянган доллараас эхэлж байгаа шүү дээ. Манай компанийн хувьд Euro-3 хөдөлгүүртэй хагас намхан шалтай автобусаа 110 мянган доллар гэж байгаа нь саналаа өгсөн компаниуд дотроос хамгийн бага нь. Хэрвээ элдэв хөнгөлөлт эдэлсэн бол 96 мянган доллараар ч санал болгох боломжтой. Зөвхөн нийтийн тээврийн салбараас жилд 10,0 тэрбум буюу 6,0 сая орчим ам.доллар Солонгос улс руу сэлбэг материал, парк шинэчлэлтэд гардаг юм. Валютын энэ урсгалыг Монгол хүнд хэрэгтэй байхаар шийдэх нь ард түмний санал авсан дарга нарын үүрэг.
Монголчууд бид халбага сэрээ, хутга, шанага, тоног төхөөрөмж, машин механизмаа өөрсдөө аль эсвэл хамтрах хэлбэрээр Монгол улсдаа үйлдвэрлэж эдийн засгийн тусгаар тогтнолоо бөхлөж авах хэрэгтэй байна.

-Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангах  тухайд?
-Үр хөврөлийн шатанд яваа Монголын машин үйлдвэрлэлийг хөгжөөд 40-100 жил болсон улсын машин үйлдвэрлэгчидтэй харьцуулж ирээд мэдэмхийрэн хараар будагчид байна.

2006 онд үйлдвэрлэсэн JEA-800 маркын троллейбус өнөөдөр 8 дахь жилдээ иргэдэд үйлчилж байгаа нь монгол инженерүүд аюулгүй ажилллагааны шаардлага хангасан өндөр технологийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чадвартайг гэрчилж байна. Автобус үйлдвэрлэх Монгол Улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн манай автобуснууд техник хяналтын оношлогоонд ороод гурав дахь жилдээ иргэдэд үйлчлээд байна. Тээврийн хэрэгслийн техник ашиглалт аюулгүй ажиллагааг үндсэн таван систем дээр хийдэг.  Зам тээврийн яам, Хотын тээврийн газрын техник оношлогооны байгууллагаар орж баталгаажсан JEA-800 маркийн троллейбус, автобус, дуобус, монбуснууд иргэдэд олон жил үйлчилж байгааг олж харах хэрэгтэй.

Нэгдүгээрт тормозны систем, хоёрт жолооны систем, гуравт хийн систем, дөрөвт хөдөлгүүрийн систем, тавд цахилгаан тоноглол түүний ашиглалт гэсэн үндсэн оношлогоог дэлхий нийтээр хийдэг. Тэр л оношлогооны стандартаар Made in Mongolia машинын техникийн оношлогоо баталгаажуулалтыг хийлгэж байна.
Их Монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойн босгон дээр монголчууд анх удаа нийтийн тээврийн цахилгаан машин хийсэн шүү дээ. Жаргалсайхан инженерийн эхлүүлсэн аж үйлдвэржилтийн чухал алхмын ач холбогдлыг ойлгосон бидний инженерүүд одоогоор монголчууд эзэмшиж чадаагүй байгаа шинэ зах зээл дээр ажиллах бүрэн дүүрэн итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл
zewseg uildwerlej boloh u? kk
Yum hiij heregjuulj baigaa humuustee uram hairatsgaaya
Хамгийн их уншсан