Манай улсад орж ирэх гадаад валютын урсгал татарч, төлбөрийн тэнцлийн хямралд ороод байгаа билээ. Эдийн засагчдын хэлж буйгаар манай улсын эдийн засагт гурван тэрбум гаруй ам.доллар дутаж буй. Эдийн засгийн энэ хүндрэлээс гарахын тулд экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадаас зээл авах, алт олборлолтоо нэмэгдүүлэх учиртай. Ингэж байж эдийн засагт дутаад буй ам.долларын урсгалыг нэмэгдүүлж хямралаас гарна.
Эдийн засгийн хямралын улмаас гадаад худалдаа буурч алдагдал нь багассан. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар зургаан тэрбум гаруй ам.доллар болов. Үүний 2.9 тэрбум ам.доллар нь экспорт, 3.1 тэрбум гаруй нь импортод ногдож буй статистик мэдээлэл бий. Одоогоор экспортын хэмжээ 586 сая ам.доллараар өссөн бол импорт 536 сая ам.доллараар буурсан байна. Монголбанкнаас гаргасан тооцоогоор манай улс сар бүр 150 сая ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээж буй. Монгол Улс өнгөрсөн оны эхний долоон сард гадаад худалдаанаас 1.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Харин энэ оны байдлаар 207 сая ам.доллар болж буурчээ. Гэвч манай эдийн засаг ам.доллараар цангасан хэвээр байна. Өөрөөр хэлбэл гадаад худалдааны алдагдлыг нөхөх ам.долларын урсгал улам л муудаад байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн онд манай улсад 1.2 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. Харин энэ онд одоогийн байдлаар дөнгөж 370 сая ам.доллар орж ирсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл сард дунджаар 50 сая гаруй ам.доллар орж ирж буй ажээ. Ашигт малтмалын үнэ өндөр, эдийн засгийн хямрал нүүрлээгүй байсан үед манай улсад сард дунджаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байв. УИХ гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон хуулиа засч эрх зүйн орчинг нь таатай болгож, Ашигт малтмалын тухай хуулиа өөрчлөх, хайгуулын лиценз олгох болсон билээ. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн байдал, ашигт малтмалын үнийн уналт зэргээс шалтгаалж буй гэдэг. Манай улсад чамгүй хэмжээний ам.доллар орж ирэх нэг хүлээлт бий. Тэр бол Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт. Уг уурхайн хөрөнгө оруулалт ирэх сар хүртэл хойшлоод буй. Хөрөнгө оруулагч талын мэдээлснээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч буй тул хүндрэл учруулж байна гэсэн. Оюу толгойн далд уурхайд нийт 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ажээ. Хэрэв энэ хэмжээний хөрөнгө оруулалт ороод ирвэл манай жижиг эдийн засаг сэргээд л ирнэ. Урд нь 2009 онд манай эдийн засаг 1.3 хувиар агшиж 100 орчим мянган хүн ажилгүй болсон. Гэтэл дараа жил нь 1.6, 2011 онд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тул манай эдийн засаг 17 хувьд хүртэл өссөн билээ. Энэ өндөр өсөлтөд хүргэсэн хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь Оюу толгойн ордыг ашиглахад зориулагдсан. Мөн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр манай улсын зээлжих зэрэглэл дагаад өссөн. Одоо хөрөнгө оруулалт татрахаар зээлжих зэрэглэл ч бас буурсаар. Ирэх онд Япон Улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах болсон тухай таатай мэдээ бий. Энэ гэрээг байгуулснаар тус улсын хөрөнгө оруулагчид манай эдийн засгийн бүхий л салбарт ажиллах боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулахаар мөнгөө бариад ирэх бизнесийнхний цуваа олшрох нь.
Монголбанк эдийн засгийн хүндрэлийг хямрал болгохгүй талаас нь олон арга хэмжээ авч буй. Үүний тулд эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах нь чухал гэж буй билээ. Ингээд дунд хугацаандаа манай эдийн засаг өндөр өсөлтөд хүрнэ гэсэн хүлээлт байгаа. Инфляц энэ оны эхний хагас жилд 14.6 хувьд хүрлээ. Төв банк эдийн засгийг тогтворжуулах, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг бага байлгах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд инфляцад үзүүлэх нөлөөлөл нь 2010-2012 оныхоос 5.5 дахин бага байгаа юм. Гэвч эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал уруудсан хэвээр байна. Иймд ард иргэд бүсээ чангалахаас өөр аргагүй. Эдийн засгийн энэ хүндрэлээс гарахын тулд төлбөрийн тэнцлээ богино хугацаанд сайжруулах арга хэмжээ авах учиртай. Тэгэхгүй цаг алдах юм бол хүндрэл улам гүнзгийрч хямрах болно. Эдийн засгийн хүндрэлийн улмаас төв банк мөнгөний бодлогоо хатууруулсан. Өөрөөр хэлбэл Монголбанк бодлогын хүүгээ 1.5 хувиар нэмэгдүүлж 12 хувь болгосон. Эдийн засаг сайжрахгүй бол цаашид бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал өндөр. Иймд төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангах учиртай. Мөн экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах ёстой хэмээн эдийн засагчид үзэж байна.