Америк тэргүүтэй өрнө дахин манай хойд хөршийн эсрэг хориг хэмжээ аваад удаж байгаа. Оросууд долоо хоног тутам эдийн засгийн хориг арга хэмжээний бай болж алдагдал хүлээсээр залхсан бололтой Европын холбоо, Америкаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Гэтэл энэ хориг нь Өрнөдийн авч байгаа хориг арга хэмжээнээс илүү их дуулиан тарилаа. Учир нь, Оросын авсан хориг арга хэмжээ нь юуны түрүүнд Америк, Канад, Австралийг бус харин Европын холбооны гишүүн орнуудыг доргиосон. Хамгийн ойролцоо тооцоогоор Европын холбооны улсууд энэ хориг арга хэмжээнээс болж 13 тэрбум еврогийн алдагдал хүлээх нь гарцаагүй болоод байгаа аж.
Орос ийм олон тэрбум еврогийн бүтээгдэхүүнийг богино хугацаанд өөрийн боломжоор нөхөх чадваргүй учраас Латин Америкийн орнуудад хандан Орос руу чиглэсэн экспортын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Тухайлбал, Бразилийн Засгийн газартай яаралтай тохиролцоо хийсний хүчинд тус улсын 90 махны үйлдвэрт Орос руу бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрөл өгсөн байна. Мөн Чилийн загас агнуурын компаниудад хандан Европоос оруулахыг хориглосон загасыг орлуулах нийлүүлэлт хийхийг зөвшөөрчээ. Ийм зөвшөөрлийг Бразиль, Чилиэс гадна Парагвай, Аргентин, Эквадор, Уругвай гэх мэт бусад улс авсан байна. Европын холбооны алдах нь тодорхой болоод байгаа 13 тэрбум еврог эдгээр орны фермерүүд, экспортлогчид авна гэсэн үг.
Ийм нөхцөлд Европын холбоо нь нэгдсэн байдлаар Латин Америкийн улсууд гишүүн болж ажилладаг эдийн засгийн “МЕРКОСУР” байгууллагаар дамжуулан Орос руу хийдэг мах, сүү, тахианы мах, жимс, хүнсний ногооны экспортоо нэмэхийг нь зогсоох дарамт үзүүлэх болсон аж.
Европын холбооны удирдлагад өндөр албан тушаал хашдаг нэгэн Украины хэрэг явдалд дэлхий нийтээр Оросын эсрэг байр суурьтай байх ёстой гэдэг үүднээс хэлэлцээр явуулж Латин Америкийн орнуудыг Орос руу хийх хүнсний бүтээгдэхүүний экспортоо нэмэхгүй, харин ч бүр багасгах талаар ярих гэж байгаа тухай мэдэгджээ.
Гэтэл Латин Америкийн орнууд багтдаг “МЕРКОСУР” эдийн засгийн байгууллага нь Европын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар 15 жилийн турш хэлэлцээр хийгээд ямар ч амжилтад хүрээгүй байгаа. Ийм нөхцөлд Латин Америкийн орнууд Вашингтоныг аялдан дагасан европчуудын байрыг дуртайяа эзлэх биз.