Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+13°C
Бодлогын хүү чангарсан ч орон сууцны зээлийг хумиагүй


Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан найман хувийн хүүтэй (ипотекийн) зээл олгох хөтөлбөр 20 жилийн хугацаанд найдвартай хэрэгжинэ хэмээн Засгийн газар ам гарснаас хойш жил тойрчээ. Энэ хугацаанд арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн зээлийн өргөдөл ирснээс 21383 иргэнд 1201.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Монголбанкны тайланд түшиглэн мэдээлж болохоор байна. Түүнчлэн өнгөрсөн сарын 23-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 853 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18519 зээлдэгчийн нийт 536.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлжээ.

Зээл хэвийн олгож байгаа ч шийдвэрлэх хугацаа уртассан

Өмнөх засгийн үед хэрэгжүүлж байсан орон сууцны зээлтэй харьцуулахад дээрх нь боломжийн статистик ч цаашид зээл олгох уу гэх асуудал энэ сар гарсаар дэгдэх боллоо. Дээрх яриа гарах болсон учир шалтгааныг албаны зүгээс тайлбарлаагүй ч зээл хэвийн үргэлжилнэ гэдгийг дор бүр нь мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Орон сууцны найман хувийн хүүтэй зээл үргэлжилж байгаа. 20 жилийн хугацаанд найдвартай. Энэ хөтөлбөр нь бага дунд орлоготой иргэдэд зориулсан, нэлээн урт хугацааны тогтолцоо юм. Тиймээс энэ хөтөлбөр цаашид үргэлжилнэ” хэмээн албаны байр суурийг илэрхийлсэн. Харин зарим арилжааны банкууд зээлд хамрагдах хүсэлтэй иргэд олон байгаа учраас зээлийн хүсэлтийг сар орчим хугацаанд шийдвэрлэж байгаа гэдгийг бидэнд хэлсэн юм. Түүнчлэн зөвхөн өөрийн харилцагч нартаа ипотекийн зээл олгож эхэлжээ.

Бид дээрх асуудлын хүрээнд ХААН банкны олон нийттэй харилцах мэргэжилтнээс дараах асуултад хариулт авлаа.

-Арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээлээ зогсоосон гэсэн мэдээлэл нийгэмд тархсан. Үүнийг Барилга хот, байгуулалтын сайд албан ёсоор үгүйсгэсэн ч өнөөдрийг хүртэл зээл саатсан гэсэн мэдээлэл намжихгүй байна. ХААН банк дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ. Зээлийг хэвийн олгож байгаа юу. Түүнчлэн танай банкийг өнгөрсөн сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийг түр хугацаанд хаасан гэх боллоо. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд олгогдох жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжиж эхэлсэн цагаас иргэдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж ирсэн. Өнөөдрийн байдлаар манай банк иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн хүсэлтийг хэвийн хүлээн авч, шийдвэрлэсээр байгаа.

-Тэгвэл зээл олгох шалгуур нөхцөлд өөрчлөлт орсон уу. Зээлийг нэг сар орчим хугацааны дараа буюу урт хугацааны дараа шийдвэрлэж байна ч гэх иргэн байна?
Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, Монгол Улсын Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”, ХААН банкны “Дэд хөтөлбөрийн хүрээнд олгогдох орон сууцны зээлийн журам”, түүний шаардлагуудыг мөрдлөг болгон ажиллаж, ипотекийн зээл олгож байгаа. Тиймээс зээл хүсэгч дээрх журмын шаардлагуудыг хангахаас гадна шаардлагатай баримт бичгийг богино хугацаанд бүрэн, үнэн зөв бүрдүүлсэн тохиолдолд зээл олгох шийдвэр богино хугацаанд гарч байгаа.

-Монгол банк бод­логын хүүгээ нэмсний ул­маас арилжааны банкууд зээлээ хаах хүртэл арга хэмжээ авдаг. Үүнтэй холбоотойгоор найман хувийн болон бусад төрлийн зээлийн үйлчилгээнд өөрчлөлт орсон уу?
-ХААН банкны хувьд ипотекийн зээл болон бусад төрлийн зээлийн хүсэлтээ хэвийн хүлээн авч, шийдвэрлэж байна. Монголбанк бодлогын хүүг өсгөсөн ч манай банкны бүх төрлийн зээлийн хүүнд өөрчлөлт ороогүй.

-Өнөөдрийг хүртэл ХААН банкаар дамжин хэдэн хүн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаад байгаа вэ?
-Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар 10 мянга гаруй иргэнд  жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгоод байна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан