Ирэх сард орон сууцны айлууд дулаанаа авна. Дулааны шугам сүлжээний засварын явц ямар байгаа талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Алтангэрэлээс тодрууллаа.
-Дулааны шугам сүлжээний засварын ажил ямархуу байгаа вэ. Өвөлжих бэлтгэл хэр хангагдаад байна вэ?
-Энэ жил Эрчим хүчний яам, нийслэлийн Захирагчийн ажлын алба, диспетчерийн үндэсний төвийн хүрээнд батлагдсан хуваарийн дагуу гол шугамын засвараа хийж байна. Улаанбаатар хотод нийтдээ 379 километр урт 150-1200 мм-ийн голчтой дулааны шугам бий. Шугамын засвар үйлчилгээг хийхдээ хотын хэмжээнд буй 13 төв шугамыг 10 хэсэгт хувааж 10-14 хоногийн хугацаанд засдаг. Үүнд шугам өргөтгөн солих, шинэчлэх, тодорхой эд ангийг солих зэрэг ажил багтдаг юм. Дулааны шугамыг засахдаа гагнуур хийдэг болохоор даралтыг зайлшгүй хаадаг. Энэ жил арван шугамын даралт хаах ёстойгоос есийнх нь засварыг хийгээд дууссан. Удахгүй сүүлийн зогсолт буюу Их тойруу, бага тойруу орчмын хэрэглэгчдийг хангадаг зургадугаар магистралын засвар эхэлнэ. Энэ үеэр их тойруу, бага тойруу орчмын хэрэглэгчдийн халуун ус хаагдана гэсэн үг. Үндсэндээ наймдугаар сарын 25 гэхэд төв шугамынхаа засварын ажлыг шахаад дуусгана.
-Нийт хэр хэмжээний өртөгтэй ажил хийхээр төлөвлөсөн бэ. Засварын ажилд хөрөнгө дутах болоод бусад асуудал гарав уу?
-Манай компани энэ жил дангаараа таван тэрбум орчим төгрөгөөр 28 хэсэгт есөн километр урт дулааны шугамыг сольсон. Одоо үлдээд буй ажил гэвэл дөрөвдүгээр хорооллын урд хэсгийн /7К магистрал/ шугам солих. Дуусах шатандаа яваа. Энэ долоо хоногт ашиглалтад оруулна. Манайх төлөвлөсөн ажлынхаа хүрээнд даралт өргөх нацос болон бусад гол тоноглолын засвараа хийдэг. Энэ жил нэмэлтээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван хэсэгт шугам солих ажил хийж байна. 5В магистрал буюу Хүүхдийн паркийн урдуур зүүн тийшээ явах шугамын засвар нэлээд удааширсан. Гүйцэтгэгч компани анх гэрээнд тусгасан хугацаандаа засварын ажлаа хийж дуусгаагүй.
-Есдүгээр сарын 15-нд халаалт өгөхөд бэлэн болно биз дээ?
-Манай байгууллагаас шалтгаалах бүх ажил бүрэн дуусна. Есдүгээр сарын 15-нд орон сууцны, аравдугаар сарын 1-нд аж ахуйн нэгжийн халаалтыг залгана. Харин Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй хоёр шугамын ажил удааширсан. Дээр хэлсэн Хүүхдийн паркаас зүүн тийш болон хойшоо чиглэсэн 5В, 1В магистрал л даа. Захиалагч нь Эрчим хүчний яам боловч ашиглагч гэсэн утгаараа манай байгууллага шаардлага, хяналт тавьж хамтарч оролцоод есдүгээр сарын 1 гэхэд дуусгахаар шахах гэж байна.
-Дулаан тавих дөхөж байхад зарим газарт хэзээ дуусах нь тодорхойгүй шугам засах нэрээр нүх ухчихсан хэвээрээ л байгаа харагдана. Жишээ нь 11 дүгээр хорооллын явган хүний замыг ухаад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ тухайд?
-6Ж магистралыг солих ажил байгаа юм. Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн захиалгаар хийж байгаа. Ажил нь зургадугаар сарын 16-нд эхэлсэн. Хуучин шугамыг буулгаж шинээр шугам угсарсан. Өнөөдрийн байдлаар угсрах ажлын 80 хувь нь дууссан. 11 дүгээр хорооллын хэсэг хэрэглэгчдийн халуун усыг өгөөд эхэлсэн. Одоо шугамаа туршаад, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон мэргэжлийн хяналтын байгууллага үзээд ашиглалтад хүлээж авсны дараа булж, нөхөн сэргээх ажил хийнэ.
-Яг хэзээ дуусах вэ?
-Хэлж мэдэхгүй байна. Шугамын ажил нь дууссан. Шугамаа туршаад ажилд оруулсан. Хэрэв хүлээгээд авчихвал дулаалгыг нь хийгээд булна.
-Зундаа халуун усны бараа үзэхгүй нь хэмээн иргэд бухимддаг. Нэг жилд бүх засвараа хийчихэж болдоггүй юм болов уу. Ер нь, нэг шугамыг ямар хугацаанд засдаг юм бэ?
-Тодорхой хугацаатай. Дулааны шугамын өөрийн хугацаа 25-35 жил байдаг. Бидний засаад байгаа шугамнууд нь 25-аас дээш жил ашиглагдсан гэсэн үг. Жил бүр засвар хийдгээрээ хийхээс өөр аргагүй. Дунджаар жилд ес орчим километр шугамыг компанийн хөрөнгөөр мөн ийм хэмжээний шугамыг улсын төсвийн хөрөнгөөр сольдог. Нийслэлд байгаа 379 километр шугамын 30 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. 1959 онд анх ашиглалтад орсон шугам одоо ч ашиглаж байгаа шүү дээ. Үүнийг хөрөнгө мөнгөнийхөө боломжоор засаад явдаг гэсэн үг. Шугам засах хугацаа богино. Тавдугаар сарын 15-аас наймдугаар сарын 25-ныг хүртэл буюу гуравхан сарын дотор энэ олон шугамыг бүгдийг нь солих боломжгүй.