Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээлэлд дурдсанаар, амь насанд
хүрэх аюултай “Эбола” вирусын халдвар аван нас барсан хүмүүсийн тоо 961
болжээ.
Баруун Африкт тархсан энэ вирусын тархалтыг олон нийтийн эрүүл мэндэд онц аюултай, олон улсад тулгамдсан асуудал болоод байна гэж ДЭМБ мэдэгдсэн юм.
Вирусын гаралтай уг өвчин Баруун Африкийн улсуудад, тодруулбал, Гвиней, Либери болон Сьерра-Леонд хурдацтай тархаж байна.
ДЭМБ-ын зөвлөснөөр, бүх улс “Эбола” тархсан улсуудаас очиж буй хүмүүсийг нарийн шалгаж, үзлэгт хамрагдуулах хэрэгтэй.
Энэ вирусын халдвар авсан тохиолдолд амь насаа алдах эрсдэл 90 хувьтай байна. Одоогоор үүнийг дарж, эмчлэх үр дүнтэй эмчилгээний арга, вакцин байхгүй байгаа юм.
Харин “Эбола”-г дарах зорилгоор гаргасан туршилтын эмийг хэрэглэж болох эсэхийг ДЭМБ ирэх долоо хоногийн даваа гарагт хэлэлцэнэ.
Шинэ эмийг аюулгүй болох нь тогтоогдсоны дараа хэрэглэхийг шинжээчид уриаллаа.