Эбола цусархаг халууралт өвчний
улмаас Африкт онцгой шаардлага гарахгүй бол аялал, жуулчлал, албан болон
хувийн ажлаар түр хугацаагаар зорчихгүй байхыг анхаарууллаа.
Гвиней улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны байдлаар Эбола цусархаг халууралтын нийт 151 тохиолдол бүртгэгдсэнээс 98 нь нас баржээ. Батлагдсан өвчтөний 14 тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан байснаас 8 нь нас барсан байна. Энэ нь эмнэлгийн нөхцөлд халдвар тархах эрсдэлтэйг харуулж буй юм.
Өвчин гэнэт эхэлж, 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөж бөөлжих, дотор муухайрч, цаашид цусаар бөөлжих, эхлээд усаар, цаашдаа цусархаг шингэнээр суулгах, хэвлийгээр тархмал өвдөх, сэтгэц өөрчлөгдөж нойрмог болох, нүдний салстын судсууд өргөсөн улайж өвдөх, зүрхний булчин үрэвсэж, артерийн даралт буурах, элэг дэлүү томрох, их биеэр гүвдрүүт тууралтууд гарах зэрэг шинж илэрвэл уг өвчний шинж тэмдэг хэмээн эмч нар хэллээ.
Халдвар ихэвчлэн ахуйн замаар тархах боловч агаар дуслын болон бэлгийн замаар халдварлаж болохыг тогтоожээ. Мөн ариутгаагүй зүү, тариураар ч халдвар дамжих аж. Халдвартай цус, шүүрэл, эрхтэн, үрийн шингэнтэй шууд харьцахад хүнээс хүнд халдвар тархдаг байна.
Манай оронд гадаад харилцаа, аялал, жуулчлал, зам тээврийн хөгжил, дэлхийн цаг уурын дулааралттай холбогдон уг өвчнийг судалж мэдэх, мэдээлэлтэй байх шаардлага гарч буйг мэргэжилтнүүд сануулж байна.