Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Дашдэлэг: Хэвтээ тэнхлэгийн хурдны замын ажил энэ онд эхэлнэ


“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын явцын талаар тус төслийн  Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Дашдэлэгтэй ярилцлаа.

-Гудамж төсөл энэ жил хэчнээн гудамж замын ажил хийж байна вэ?
-Манай төслийн хүрээнд хурдны зам, гэр хороолол, хотын төв гэсэн гурван дэд төсөл хэрэгждэг. Улаанбаатар хотод хэвтээ болон босоо тэнхлэгийн хоёр хурдны зам баригдахаар төлөвлөсөн. Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл 33 километр хурдны замыг Туул голын хойд эрэг дагуу барина. Энэ ажлын тухайд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болоод гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах шатандаа яваа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчээ сонгоод энэ ондоо эхлүүлнэ. Хурдны замын уулзварууд нь нэг түвшинд биш дээгүүр доогуураа огтлолцдог онцлогтой. Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хурдны зам энэ байх болно. Сэлбийн хурдны замын тухайд байгаль орчны үнэлгээ нь хийгдсэн. Одоо нарийвчилсан инженерийн зураг төслийн ажилдаа ороод явж байна. Энэ жилдээ зам барилгыг ажил нь хараахан эхлэхгүй. Сэлбийн хурдны зам нь Туулын хурдны замаас хойшоо Хандгайт хүртэл үргэлжилнэ. Энэ хоёр зам баригдсанаар хотын төвийн хөдөлгөөнийг сийрүүлэх, багасгах ач холбогдолтой л доо.

-Хотын төв дэд төслийн тухайд?
-Ноднин энэ дэд төслийн хүрээнд Улаанбаатар хотод автозамын 18 уулзвар шинэчилсэн. Энэ жил дөрвөн уулзвар барихаар төлөвлөснөөс хоёр нь бүрэн дуусаад байна. Цэцэг төвөөс урагш, Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөг холбосон дөрвөн замын уулзвартай шинэ уулзвар бариад зургадугаар сард ашиглалтад оруулсан. Зуун айлын уулзвар ямар байсныг хүн бүр мэдэх биз. Зүүнээс ирж буй тээврийн хэрэгсэл урагш 11 дүгээр хороолол руу эргэж болдоггүй, урдаасаа хойшоо нэвтрэхэд төвөгтэй, буруу зохион байгуулалттай, дүрсэлбэл “Z” үсэг шиг байсан. Үүнийг дөрвөн замын уулзвар болгон засаад ашиглаж эхлээд байна. Мөн 3,4 дүгээр хорооллын эхлэлийн уулзвар буюу ахуйн үйлчилгээний уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажил дуусах шатандаа ороод байна. Тэнд нь байсан Энэбиш агсны хөшөөг зүүн урагш 10 метрт шилжүүлсэн. Ихэнх зорчих хэсгийн хучилтын ажил дууссан. Урд хэсэгт нь дулааны шугам сүлжээ солих ажил явагдаж байгаа болохоор жаахан хүлээлт үүссэн. Гэхдээ гэрээт хугацаа буюу наймдугаар сарын 10 гэхэд бүрэн дуусах боломжтой. Үлдсэн нэг уулзвар нь Хан-Уул дүүргийн захиргааны байрны хойд уулзвар. Энэ уулзварын ажлыг замыг нь өргөтгөхтэй хамт эхэлчихсэн явж байна. Ноднин 19 дүгээр хорооллын замыг хангалттай өргөсгөсөн. Гэхдээ яг энэ хэсгийн зам нарийн хэвээрээ үлдчихсэн байсан юм.

-Энэ жил шинээр олон зам төлөвлөөд байсан. Замын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?
-Бүх ажлаа нэгтгээд үзвэл энэ жил хийх ёстой ажлын гүйцэтгэл 50-60 хувьтай байна. Шинээр баригдах замын ажил урагштай байгаа. Жишээ нь Яармагийн гүүрнээс хойшоо ТЭЦ-3-ын  баруун талаар ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр чиглэсэн 1,5 километр зам энэ сарын сүүлээр ашиглалтад орно. Гүүрний хэсгийн хучилт нь дууссан ч хойд хэсэгтээ газар чөлөөлөлтийн асуудалтай байгаа нь хүндрэл учруулаад байна. Мөн хотын баруун чиглэлд хийгдэж буй  олон шинэ замын нэг нь нэгдүгээр хорооллын арын замаар баруун тийш яваад төв зам руу оролгүйгээр шууд Москва хорооллын араар гарч Баянхошууны замтай нийлэх боломж бүрдүүлэх нэг километр автозам юм. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер нь зарлагдсан.
Түүнээс гадна Гурвалжингийн гүүрний урдах ажилчны уулзвараас баруун тийш явсан зам дээр голчлон том оврын машинууд ачаалал үүсгэдэг. Энэ хэсэгт нэг гүүртэй зам мөн барих гэж байна. Нисэхийн Спортын ордноос хойшоо Сонсголонгийн гүүрээр гараад Моносын уулзвар хүртэлх 5.5 километр замын ажил ноднин эхэлсэн.  Газар шорооны ажил нь бараг дууссан. Одоо хучилтын ажилдаа орох гэж байна.

-5.5 километр замыг жил дамнан барина гэдэг чинь урт хугацаа биш үү?
-5.5 километр гэдэг чинь нэлээд урт шүү дээ. Мөн энэ замаар голчлон том оврын автомашин зорчдог учраас даац сайтай арматуртай бетон суурьтай барьж байгаа юм. 14 метрийн өргөн зорчих хэсэгтэй, хажуугаараа явган хүний болон дугуйн замтай байна. Тиймээс хугацаа шаардсан ажил болж байгаа юм.

-Танай төслийн шугамаар хотын зүүн хэсэгт баригдаж буй автозам бий юү?
-Улиастайн гүүрнээс шар хадны эцэстэй нийлэх зургаан километр автозам төлөвлөгдсөн. Дундаа Улиастайн гол дээгүүр гарах гүүртэй Шар хадны эцсээс эхлэх 2,36 замыг энэ жил барина. Газар шорооны ажил нь дуусаад хучилтаа хийхэд бэлэн болоод байгаа. Нийслэлд маш олон автозам төлөвлөгдсөн. Цаашдаа автозамын маш том торон сүлжээ бий болно. Эхний ээлжинд яагаад энэ замыг сонгосон бэ гэвэл тухайн орчны иргэд автозамаас зайтай амьдардаг. Тэдэнд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилготой л доо.

-Гэр хороолол дэд төслийн талаар асуулгүй өнгөрч болохгүй байх. Гандангийн гудамжуудыг тохижуулж байгаа гэв үү?
-Гандангийн дэнжийн 55 га газар 31 гудамж бий. Эндэхийн айлуудыг инженерийн дэд бүтэцтэй болгох, дэд бүтцийг нь цогц байдлаар шийдвэрлэх ажил эхэлсэн. Хамгийн түрүүнд Орхоны зургаа гэх байгалийн чулуун автозамтай,  явган хүний замтай, нэг загварын хашаатай болгосон. Цаашид үлдсэн 30 гудамжийг энэ жишгээр тохижуулна.  Цэвэр бохир ус, дулааны сүлжээ орж байгаа. Дараагийн ээлжинд засагдах тав, аравдугаар гудамжны инженерийн шугам сүлжээг байгуулах ажлын сонгон шалгаруулалт эхэлсэн.  

0 Сэтгэгдэл
жараад оны зургаа гэж, залуу хүн байж, таг хөдөө
5.5 километр гэдэг чинь нэлээд урт шүү дээ. - Hir urt yum bol?
Хамгийн их уншсан