Манай сурвалжлах багийг Ховд аймгийн Булган сум орох тухай ярьж эхэлхэд л хүмүүс шумуулны талаар сануулж байсан юм. Үлгэр домог шахуу болсон яриа ч байлаа. Уяатай морь улаан эрээн болдог л гэнэ, сумаараа зундаа шумуулаасаа зугатаад нүүдэг л гэнэ. Гэсэн хэдий ч Монголын баруун цэг болсон Булган сумын амьдралтай танилцахаар бид шийдлээ. Үнэхээр шумуулны хувьд ч ярих юм алга. Таван минут нэг газраа л зогсвол идүүлчих бололтой. Харин биднийг угтаж авсан Засаг дарга Д.Баатарсүрэн харин ч шумуул багассан тухай хуучилснаар бидний яриа эхэлсэн юм. Тус сум Ховд аймгийн хэмжээнд хүн амынхаа тоогоор нэгт жагсдаг. Хятадтай шууд хиллэдэг болохоор наймаа арилжаа ч цэцэглэж.
-Булган сум хилийн боомттой Монгол Улсын цөөн сумын нэг. Үүнийгээ ч дагаад Ховд аймгийн хамгийн олон хүн амтай сум нь. Тэгэхээр танай сумд ямар үндэстэн, ястнууд амьдардаг вэ?
-Манай суманд 13 мянга орчим хүн амьдарч байна. Дийлэнх нь торгууд, казахууд амьдардаг. Монгол Улсын тусгаар тогтнолыг баруун талд нь бат хамгаалж байсан баатар торгуудууд ч бий. Тэдний дундаас Э.Шийлэг, Бадам баатарыг монголчууд анддаггүй. Бид тэднийгээ хүндэтгэн, хөшөөнд мөнхжүүлсэн. Хилийн цэргээс 15 баатар төрсөн байдгийн 10 нь манай сумын газар нутагт ажиллаж амьдарсан байдаг. Хил дагуу суурьшсан сумын хувьд иргэдэд маань газар нутгаа хамгаалахаас гадна, улсын хилээ ч сахин хамгаалах үүрэг ногддог.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигт хилийн туслах хүчний гишүүдийг ахлагчийн 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр урамшуулах ёстой гэж заасан байдаг. Энэ заалт арав гаруй жил хэрэгжсэн. Харин өнгөрсөн жилээс эхлээд ИТХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэйгөө ярилцаж Засаг даргын төсөвт тодорхой мөнгө суулгаад хил дээр амьдраад малаа малладаг 16 хүнийг 250-500 мянган төгрөгөөр урамшуулж байгаа. Монгол цэргийн баяраар очоод тэдэндээ баяр хүргээд 500 мянган төгрөг өгч урамшуулчихдаг. Хилээсээ бүх хүн дайжчих юм бол хэн эх орноо хамгаалах юм. Ганцхан жилийн цэрэг энэ ажлыг хийж чадахгүй. Хятадууд бол малчдаа хилээ дагуулж суурьшуулан мал аж ахуйгаа эрхэлдэг.
-Газар нутаг, хүн зоны онцлогоос хамаараад энэ том сумыг удирдан чиглүүлэх амаргүй. Гэхдээ гурван ч удаа удирдлагаар нь сонгогдож ажиллаж байгаа учраас энэ орон нутаг яаж явбал зөв хөгжихийг олж мэдсэн байх...?
-Сумын бодлого бол дөрвөн зүйлд л төвлөрч байна. Нэгдүгээрт байгаль орчноо хамгаалах, Булган голын ус үр ашигтайгаар ард иргэдэд хүрдэг байх. Хоёрдугаарт хүүхэд залуучуудын хөгжил, төлөвшил. Монгол Улсын Засгийн газрын “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлээд эхэллээ. Хүн зөвхөн эрдэм номтой байхаас гадна эрүүл биетэй, зөв төлөвшилтэй мөн сайхан сэтгэлтэй байх ёстой. Тийм ч учраас манай сумын хувьд өнгөрсөн жил дөрвөн биеийн тамирын талбай байгуулсан. Багийн тоглолт гэдэг бол хүн хүнээ хүндэлдэг, нэгнээрээ бахархах үзэл суулгадаг. Мөн “Шатрын ордон” шинээр бариулж байна. Хүүхдүүдээ оюуны тоглоомоор тоглуулья. Анх Засаг даргаар сонгогдоод 50 хүүхдийн урлагийн тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулж байсан. Энэ жил ч хийнэ. Булганчууд юу хийж чаддагийг харуулна. Гуравдахь бодлого маань төрийн нэр хүндийг ард иргэдийн дунд дээшлүүлэх. Төрд зүтгэдэг хүн шударга л байх ёстой. Ажлаа хийж чаддаг, хүний төлөө үйлчилдэг байх хэрэгтэй. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байх ёстой. Манай суманд л гэхэд “Эко” бие засах газар айлуудад тавьж өгөх Францын төсөл оруулж ирсэн. Төсөлд хамрагдаж байгаа эхний айлуудад үнэгүй тавьж өгнө. Тэр өрх цааш нь 10 айлд сурталчилж, нөлөөлөх юм. Дөрөв дэх бодлого бол аливаа хүн эх орноо хайрлах сэтгэлтэй байх. Манай улс чинь хилээ хаячихсан. Ярантын боомт дахь Хятад, Монголын хаалгыг харьцуулаад харахад л өдөр, шөнө шиг ялгаатай. Хятадын хилийн тор, манай тор хоёрыг харьцуулах ч хэрэггүй. Эх орон хаанаас эхэлдэг вэ гэхээр хилээс. Малчин хүн малынхаа хашааг л сайн болгож байж сайн малчин болно. Үүнтэй л агаар нэг.
-Мэдээж хөгжил гэдэг эдийн засгийн асуудалтай салшгүй холбоотой. Тэгэхээр эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Манай суманд зургаан орны 20 гаруй эрдэмтэн Ватеркоп нэртэй төсөл хэрэгжүүлж байна. Германы Кайссены их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль, МУИС-д боловсруулсан төсөл. Булган сумын цаг уурын өөрчлөлт, хөрсний судалгаа болон малчны хөдөлмөрийн эдийн засгийн үнэлгээг гаргана. Хоёр жилийн судалгаагаа дүгнэж энэ сарын 24, 25-нд эрдэм шинжилгээний хурал хийх болсон. Одоо ийм байна, цаашид ингэж хөгжүүлнэ гэсэн зүйлийг л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох гээд байгаа юм. Өнөөдөр бидэнд бол хог, тог гээд олон асуудал бий. Эдгээрийн хамгийн том нь иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөх. Сум орноо гэсэн орон нутгаа хайрлах сэтгэлийг л хүн бүр өөртөө бий болгож чадвал орон нутаг маань сэргээд л ирнэ.
-”Эко” бие засах газар төслийг сумандаа хэрэгжүүлж байгаа гэсэн. Айл бүр тариалангийн талбайтай учраас энэ ажил хөрсний бохирдлыг бууруулахад их нэмэртэй юм. Ер нь энэ талаар судалгааны дүн бий юү?
-Яг бодитой судалгаа гараагүй байна. Гэхдээ хүн ямар нэг юм хийе гэж бодонгуутаа л турших хэрэгтэй. Ядаж л турших хэрэгтэй. “Эко” бие засах газар төсөл маань хэрэгжлээ гэхэд хөрсний бохирдлыг бага ч гэсэн хувиар бууруулах нь тодорхой.
-Олон бүтээн байгуулалт, иргэдэд чиглэсэн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна. Олон хүн амтай сумын хувьд төрийн үйлчилгээг үзүүлэгчид хэр хүрэлцээтэй байна вэ?
-Бүтээн байгуулалтууд хийгээд ирэхээр тэндээ хэнийг ажиллуулж, хаанаас цалинжуулах вэ гэсэн олон асуудал гардаг. Жирийн жижиг сумтай манайхыг адилтгаж үздэг л дээ. Хүн амынх нь тооноос хамаарч, төрийн албаны ажилчдын тоог авч үзэх ёстой. Манайд одоо 2500 хүн амтай баг байна. Тэнд ганцхан багийн Засаг дарга л ажилладаг. Гэтэл Монгол Улсын хэмжээнд 1500 хүрэхгүй хүн амтай сум байдаг. Авдаг цалин, хийдэг ажил өөр. 120 хүүхэдтэй сургуулийн захирал, 1200, 12 мянган хүүхэдтэй сургуулийн захирлууд яг адилхан цалин авдаг. Ийм байж ухаалаг төр гэж ярих нь утгагүй. Төрийн бодлого хүн рүү чиглэсэн байх ёстой. Төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа хэн боловч арай өөр цалин хангамжтай байх ёстой биз дээ.
-Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн хувьд хотын статустай болох хүсэлт тавиад, хотын хэмжээнд тавигдах шаардлагуудыг биелүүлээд явж байгаа юм билээ. Танай сумын хувьд хот болох боломж бий юү?
-Бид санал тавьдаг. Ядаж зургаан багаа найм болгох хэрэгтэй. Тэгээд тэр багууддаа нэмээд нэг нэг нийгмийн ажилтан хуваарилж өгөөч, 2500-аас дээш хүн амтай багийн эмчийг хоёр болгооч гэсэн санал тавьдаг. Ингэх юм бол заавал баг дээр байгаа хүн ойр зуурын асуудлаар сумын төвийг зорихгүй. Би нэг юм боддог юм. Улаанбаатар хотын утааг бууруулна гээд л жил бүр олон тэрбум төгрөг зарж байна. Тэгж байхаар тэнд чанаргүй амьдарч байгаа иргэдийг л орон нутаг руу нь буцаах хэрэгтэй. 10, 10 сая төгрөг өгөөд, сумын дарга нарт албан бичигтэй явуулчих. Газар юм уу, мал аваад амьдраг л дээ. Эзгүй хээр тал Монгол оронд их бий. Ядаж л тэднийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл, зах зээл бий болно. Багш, эмч нарын ажлын байр ихээр гарна.
-Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ Монгол Улс даяар гамшгийн хэмжээнд хүрсэн нь үнэн. Болгоод яваа учраас л нэг их ярьдаггүй болохоос. Танай сумын хувьд ямар байна вэ?
-Хоёр ерөнхий боловсролын сургуультай учраас хичээлийн байрны хүрэлцээ хэвийн. Манай сумын хэмжээнд ЕБС-д 2700 орчим хүүхэд суралцдаг. Малчин өрхийн 1000 гаруй хүүхдийг дотуур байранд авмаар байна. Гэтэл 120, 240 хүүхдийг л дотуур байранд авах боломжтой. Яг одоо манай сумын хувьд боловсролын системийн гол асуудал зургаан настай хүүхдийг дотуур байранд байлгах болчихоод байна. Тэдний хувцсыг угаахаас эхлээд халамж анхаарал зайлшгүй тавих шаардлагатай. Олон жил сургуулийн захирал хийсний хувьд энэ асуудлыг дээш нь тавьдаг л байсан. Одоо нэгэнт зургаан настай хүүхдүүдийг сургуульд сургаад эхэлсэн учраас тэдэнд үйлчлэх хүнийг ч гэсэн томилох хэрэгтэй. Ийм зүйл байхгүйгээс залуу малчид хүүхдээ зургаан нас хүрэхээр сумын төв рүү орж ирж суурьшдаг. Үүнийг дагаад хөдөө залуу малчин багасч байна. Монголд одоогоор хамгийн зөв нөхөн үйлдвэрлэл бол мал аж ахуй.
-Гадаадын хамтын ажиллагаа сайн юм. Тэгвэл аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Сум хөгжүүлэх сангаар дамжин 555 сая төгрөг ирдэг. Одоогийн байдлаар 100 саяыг нь өгчихсөн. Хэрэв бүгдийг нь өгчихвөл аялал жуулчлалын бүс нутаг байгуулах тал дээр төлөвлөсөн ажил бий. Бас цаашид хоёр ЕБС-ийнхаа нэгийг олон улсын сургууль болгож хөгжүүлнэ. Халимаг, Шинжааны хүүхдүүд ирж сурдаг. Монгол, Хятад, Орос, Англи хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Учир нь Халимаг, Шинжаанд манай торгуудууд олон бий.
-Та төрийн албанд хэдэн жил зүтгэж байна вэ. Өнгөрсөн хугацаанд мэдээж амжилт ялалтаас олон зүйлийг авч үлдсэн байх?
-Төрийн албанд 30 гаруй жил зүтгэж байна. 24 жилд нь удирдах ажил хийсэн. Сургуулийн захирлаар ажиллаж байгаад сумын Засаг даргаар гурав дахиа сонгогдсон. Ер нь удирдах албанд томилогдсон хүн их бодох хэрэгтэй. Иргэд надад ямар итгэл хүлээлгэж энэ албанд томилсон юм бэ гэдгийг. Бас өмнө нь ажиллаж байсан хүнээ хэзээ ч үгүйсгэж, муулж болдоггүй. Муу байсан ч үнэнийг нь хэлэхээр ард иргэд талцаад байдаг. Төрийг муу хэлж болохгүй. Манайхан чинь аягатай хоолоо барьж идэж чадахгүй мөртлөө л улсынхаа Ерөнхийлөгчөөс эхлээд багийн Засаг даргаа муулдаг. Хүнд итгэл үзүүлдэг байх хэрэгтэй. Хэзээ ч алдаа гаргаж байгаагүй хүн гэж байдаггүй. Залуу нас, албан тушаал, жаргал, зовлон гэдэг чинь хэрчим. Төгсгөлтэй. Тийм учраас хүн л байх хэрэгтэй.
-Таны дарга гэсэн хэрчим дуусахаар сумын ард иргэд таныг дурсах үйл бүтээсэн байх нь чухал. Тийм зүйлийг хангалттай бүтээж, бий болгож чадсан уу?
-Надаас хойш сумын иргэд маань “тэр хүн чадлынхаа хэрээр бидний төлөө зүтгэж явсан юм байна. Үнэхээр хэр хэмжээ нь л энэ байж дээ” л гэж хараасай гэж хүсдэг. Миний нэг бодож санадаг зүйл бол газар нутгаа ухаж төнхүүлэхгүй байх. Ашиглаж чадахгүй чанаргүй уул уурхайг бий болгоод яахав. Байж л байг. Бидний дараагийн үе хэрэглэг. Залуу үедээ итгэдэг байх хэрэгтэй. Тэр итгэлээ даалгах хүмүүсээ зөв хүмүүжилтэй болгож өгсөх нь чухал.