Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ, Монголын Үндэсний олимпийн хороо, Ховд аймгийн ЗДТГ хамтран “Ховд-2014 бага олимп” спортын наадмыг Ховд аймагт энэ сарын 6-10-ны хооронд зохион байгуулж байна.
“Амжилтын оргил өөд” уриатай бага олимп нь иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачлага, оюун ухаан сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг дэмжих, үндэсний спортын орхигдож буй төрлүүдийг сэргээн өвлүүлэх, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Бага олимпод Үндэсний бөх, жудо, чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөгг ширээний теннис, хөнгөн атлетик, олс таталт, нийтийн биеийн тамир, халх сур харваа, шатар, даам, урианхай сурын харваа, хөлбөмбөг зэрэг 14 төрлөөр 1500 гаруй тамирчин өрсөлдөх юм. ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Ерөнхий дасгалжуулагч А.Басхүү 90 хүнээс бүрдэх шүүгчдийн бүрэлдэхүүнийг удирдана.
Дэлхийн Улаан номонд орсон, нэн ховордсон, зөвхөн Алтайн хязгаар, уулархаг нутагт амьдардаг Алтайн аргалиар билэгдэл, логогоо хийжээ. Үүгээр дамжуулж ховордож буй энэ амьтныг хайрлан хамгаалах, үүгээр дамжуулан эх дэлхий, онгон байгалиа хамгаалах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.