Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөл-Булганы авто замын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй


Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил ид үргэлжилж байна. Зам, тээврийн сайд А.Гансүх болон тус яамны дэд сайд Х.Ержан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон тэргүүтэй албаны хүмүүс долдугаар сараас эхлэн баруун зургаан аймаг болон Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж, авто замын барилгын ажлын явцтай танилцаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Зам, тээврийн сайд А.Гансүх, дэд сайд Х.Ержан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хөвсгөл, Булганы авто замын ажлын явцтай газар дээр нь очиж танилцаад иржээ.
Хөвсгөл-Булганы чиглэ­лийн 253 км авто замын аж­лыг, зам барилгын дөрвөн компани хэсэгчлэн хувааж гүйцэтгэж байгаа. Хөвсгөл аймгийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажлыг “Эйч Ки Би интернэшнл холдинг” компани гүйцэтгэж байна. Эхний 40 км авто замын ажил 90 хувьтай, энэ сарын 30-нд бүрэн ашиглалтад орох гэнэ. Харин үлдсэн 48 км авто замын ажил 65 хувьтай, ирэх аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй ажээ. Түүнчлэн бүс нутгийн онцлогоос шалтгаалан борооны улирал эхэлж байгаа, эрт хүйтэрдэг зэрэг онцлогийг харгалзан ажлаа шахаж, яаравчлахыг Зам, тээврийн сайд А.Гансүх үүрэг болголоо. Гэхдээ яарч сандран чанаргүй зам барьж болохгүй гэдгийг ч хатуу анхааруулсан юм.

Зам, тээврийн яамны удирдлагуудын шалгасан дараагийн замын хэсэг бол Мөрөн-Тариалан чиглэлийн 32 км авто замын ажил. Энэ замыг “Хотгор зам” ХХК-ийнхан барьж гүйцэтгэж буй.

Замын ажлын явц 71 хувийн гүйцэтгэлтэй. Нийтдээ 145 хүн зам, барилгын ажлыг хийж байгаа гэнэ. Гэрээний хугацаа өнгөрөгч долдугаар сарын 10-нд дууссан ч цаг агаарын байдлаас шалтгаалан ажил хэсэг хугацаанд саатсан гэдгийг тус компанийн удирдлагууд нуусангүй. “Хотгор зам” компанийн барьж гүйцэтгэж буй замтай залгуулаад “Их Монгол барилга” компани Мөрөн-Тариалан чиглэлд 25 км авто замын ажил хийхээр гэрээ байгуулжээ. Харин тус компанийн ажлын явц маш муу, гүйцэтгэл дөнгөж 50 гаруйхан хувьтай явж байна. Зам, тээврийн сайд А.Гансүх тус компанийг замын ажлыг цагт нь эхлээгүй, ажлын гүйцэтгэл муу байгаа зэргийг шүүмжлээд гэрээг цуцалж, өөр чадвартай компанид шилжүүлэх ёстой. Гэрээний дагуу ажлаа хийж чадахгүй компанитай яриад байх зүйл байхгүй” гэж хатуухан хэлсэн. Харин “Их Монгол барилга” компанийн удирдлагууд “Замын төсөвт өртөг хүрэхгүй байна. Гэхдээ санхүүжилт бүрэн хийсэн” гэдэг тайлбар хэлж байв. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар ч тус компанийн асуудал яригдаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараагийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг Зам, тээврийн сайдад өгсөн юм. Харин Зам, тээврийн яамны удирдлагууд Засгийн газрын хуралдаан дуусангуут “Их Монгол барилга” компанийнхантай уулзаж, гэрээгээ шууд цуцалж, замын ажлыг нь хурааж авахаар болсон байна.
Зам, тээврийн сайд А.Гансүх дээрх Засгийн газ­рын хуралдаанд Хөвсгөл, Өмнө­говь, Сүхбаатар, Дорнод айм­гийн авто замын барилгын аж­лын явцын талаар мэдээлэл хий­сэн. Тэрбээр дээрх замуу­дын хөрөнгө оруулалт, сан­хүү­жилтийн асуудал бүрэн ший­дэгдсэн. Одоо компаниуд аж­лаа чанартай гүйцэтгэх хэ­рэг­тэй. Зам, тээврийн яам гол анхаарлаа үүнд хандуулж ажил­­лаж байгаа гэдгээ хэлсэн юм.

Мөрөн-Тариалан чиглэ­лийн 29,3 км авто замын ажлыг “Пик девелопмент” барьж гүйцэтгэж байгаа бөгөөд ажил үндсэндээ дууссан, энэ сарын 20 гэхэд бүрэн ашиглалтад хүлээлгэж өгнө гэж салбарын сайддаа тайлагнасан. Тус компанийн захирал Э.Батхүү “Монголчууд зам барьж чадахгүй гэдэг. Гэхдээ хичээж, зорьж, зориглож чадвал хийж чадахгүй юм гэж байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай 160 гаруй ажилтны 40 орчим нь орон нутгийн хүмүүс. Тэд ажиллаж чадаж байна” хэмээн ярьж байсан.

Салбарын сайд А.Гансүх тэр­гүүтэй албаны хүмүүс Мө­рөн-Тариалан чиглэлийн 79 км замын ажилтай танилцсан. Хя­тадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эйч Ки Би” ком­пани замаа өнгөрөгч оны аравдугаар сард барьж дуусга­сан хэдий ч улсын комисс хүлээж аваагүй байна. Замын чанар, тэмдэг тэмдэг­лэгээ, залгаасууд чанаргүй хийгдсэн учраас тэд өөрсдийн хөрөнгөөр дахин засварлаж, шинэчилж байгаа ажээ. Сайд энэ үеэр “Би ирэх сарын сүүлчээр дахин ирнэ. Алдаагаа засч, ажлаа сайжруулахгүй бол бид гэрээгээ цуцална. Удахгүй замын хяналт шалгалтын баг ирүүлнэ. Тэд засвартай, алдаатай газрыг нарийн тогтооно” гэлээ.
Ийнхүү Зам, тээврийн яамны удирдлагууд Хөвсгөл-Булганы авто замын ажилтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Нийтдээ 253 км авто замын 130 орчим км нь хатуу хучилттай замаар холбогдсон ч чанарын хувьд ялгаатай байгааг Зам, тээврийн сайд А.Гансүх онцолж байлаа.

Б.Оюунгэрэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан