Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваанд үзэгч олныг гайхашруулсан хачирхалтай явдал нэг биш гарлаа. Хэдхэн хоногийн өмнө дархан аварга болсон А.Сүхбат дархан аварга Г.Өсөхбаярыг амлан авав. Дархан аварга дархан аваргыгаа амлаж, тэр тусмаа гурвын даваанд барилдах болсон нь үзэгчдийг гайхашруулж дуусаагүй байтал А.Сүхбат аварга Г.Өсөхбаярт тахимаа өгчихөв. Дархан аваргын энэ хачирхалтай үйлдэл өчигдөр хоёр дархан аваргын зүүн, баруун магнайд гарах эсэх маргаанаас үүдсэн гэдгийг үзэгчид аль эрт тааварлаж байсан ч А.Сүхбат аварга энэ талаар жинхэнэ учир шалтгаанаа хараахан тайлбарласангүй. Тэрээр хэлэхдээ "Монгол бөхөд эрэмбэ дэг гэж байдаг. Тэр ёсоор ам авч, хүндэтгэл үзүүлээд тахимаа өглөө" гэсэн ч ийм үйлдэл хийхэд хүргэсэн шалтгаанаа дараа тайлбарлах бололтой. "Баяр наадам сайхан болж байна. Энэ тухай наадмын дараа тайлбар өгье" гэлээ.
Зодог тайлснаас хойш олон жил наадмын зүлэг ногоон дэвжээнээ гараагүй түүнийг хүлээсэн үзэгчид дунд ядаж тавын даваа хүртэл барилдахгүй яав даа хэмээн санал гомдол хэлэх нэг хэсэг байхад үндэсний их баяр наадмаар тоглолт хийлээ гэж буруутган шүүмжлэх хэсэг ч байна.
Ийнхүү дархан аварга дархан аваргыгаа амлаж авахыг монголчууд энэ жилийн наадмаар үзэв. Ийм ам авч байхыг амьдралдаа харж байсангүй хэмээн О.Балжинням аварга ярьж байна.