Аливаа улс орон зээл авч хөгжлийн хөрөнгө оруулалт хийх нь түгээмэл. Гагцхүү тэр зээлээ хэрхэн зөв ашигтай зарцуулах, эдийн засгийн хамгийн гол салбараа дэмжих нь чухал. Ингэж байж зээлсэн мөнгөө эргүүлэн олж төлбөрийн чадвартай болно. Манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээр их эзэн хааныхаа нэртэй таван жилийн хугацаатай бонд гаргаж 1.5 тэрбум ам.доллар босгож чадсан. Энэ мөнгө орж ирснээр татраад байсан ам.долларын урсгалыг түр ч атугай нэмэгдүүлж гадаад валютын нөөцийг өсгөсөн билээ. Гэвч энэ мөнгийг хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөж чадах эдийн засгийн гол салбартаа зарцуулж чадаагүй. Улсын өрийг л нэмээд өнгөрсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл тасралтгүй өссөөр ирлээ. Манай улсын гадаад өрийн үлдэгдэл өнгөрсөн оны сүүлчийн байдлаар 23 хувиар буюу 3535 сая ам.доллараар өссөн байна. Үүний 2891 сая ам.доллар нь хувийн хэвшлийнх. Үлдсэн 644 сая ам.доллар нь Засгийн газар, Монголбанкных аж. Ингээд өнгөрсөн онд манай улсын гадаад өр ДНБ-ий 36.5 хувьд хүрсэн.
Манайх шиг нээлттэй, жижиг эдийн засагтай оронд гадаад валютын нөөц их байх нь эдийн засгийн дархлааг улам бататгадаг. Гэтэл манай улсад орох гадаад валютын урсгал эдүгээ татраад байгаа. Иймд гадаад валютын нөөц дундарч буй юм. Энэ оны эхний улирлын байдлаар гадаад валютын улсын нөөц 14 хувиар буурсан тооцоо бий. Уг нөөц нь манай улсын импортын төлбөр хийхэд 21 хоногт хүрэлцэх юм. Олон улсын жишигт тухайн улс орны гадаад валютын нөөц нь импортын төлбөрийг 12 долоо хоногт хангаж байвал болно хэмээн үздэг аж. Одоогоор экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй байгаа юм. Тэгэхээр цаашид гадаад валютын нөөц үргэлжлэн буурах нь эдийн засаг, санхүүгийн системийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй. Иймд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж төлбөрийн тэнцлээ сайжруулах асуудал тулгараад буй билээ.
Энэ оны эхний улиралд төлбөрийн тэнцлийн алдагдал 58.5, гадаадын шууд хөрөнгө оруулалт 65.3 хувиар татарсан. Ингээд төлбөрийн нийт тэнцэл 307 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаад чамгүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн өсөхгүй байгаа. Энэ нь Ашигт малтмалын тухай хууль болон Оюу толгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн эдийн засагчид дүгнэж буй юм.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид эдгээр асуудлыг хэрхэн шийдэхийг хүлээж байгаа ажээ. Нэг ёсондоо манай улсын хууль эрх зүйн орчин, Засгийн газрын үйл ажиллагаанд итгэхгүй байна гэж болох нь. Энэ оны эхний улирлын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 551 сая ам.доллараар буурсан статистик бий.
Нөгөө талаар төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 20.8 хувиас 16.3 хувь болж буурчээ. Энэ нь уг алдагдлыг хааж ирсэн хөрөнгө оруулалт буурсан өнөө үед эерэг нөлөөтэй юм. Өөрөөр хэлбэл гадаад валютын нөөцийн дарамт буурсан байна. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэгэнт хааж чадаагүй тул гадаад валютын нөөц 307 сая ам.доллараар буурчээ. Ингээд манай улсын гадаад валютын нөөц 1943.3 сая ам.доллар болсон аж. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан, төсвийн гадуурх зарцуулалт өндөр байгаа, улирлын шинжтэй гадаад валютын эрэлт нэмэгдсэн зэрэг нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг өсгөжээ. Тухайлбал, төгрөгийн ханш оны эхнээс 7.3 хувиар, өнгөрсөн оныхоос 26.3 хувиар тус тус сулраад буй юм. Энэ бүгдээс үзэхэд манай улсын эдийн засаг ам.доллараар цангаж байна. Харин энэ цангаагаа тайлах жор, нөхцөл нь хэзээ бүрдэх вэ гэдэг нь асуултын тэмдэг дагуулсаар үлдлээ.