Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бодлогын хүүд богтлогдсон эдийн засаг

Санхүүгийн тогтвортой байд­лын зөвлөл “Монгол Ул­сын санхүүгийн байдлын тайлан-3”-ыг  гаргаад байгаа. Энэ зөвлөлд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны эдийн засагчид багтдаг.  Уг тайланд өнөөдөр манай улсад тулгараад буй  хүндрэл нь дан ганц салбараас хамаарсан, эдийн засгийн өрөөсгөл бүтэц­тэй  байгааг дурджээ. Сүү­лийн гурван жилд төл­бөрийн тэнцлийн алдагдал өсч ирсэн. Жишээлбэл, 2009 онд ДНБ-ий 7.5 хувь буюу 341 сая ам.доллар байж. Гэтэл жилд 3.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 30 хувьтай тэнцэж буй юм. Төлбөрийн тэнцэлийн энэ алдагдалыг уул уурхайн салбарт орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хааж ирсэн. Ингээд тус салбарт орж ирсэн 9.3 тэрбум ам.долларыг төлбөрийн тэнцлийн алдаг­далыг санхүүжүүлэхэд зар­цуул­сан тооцоо бий.  Энэ оны эхний улиралд төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 320  сая ам.доллар болжээ. Ингээд өнгөрсөн оны  мөн үеэс 2.4 дахин буурчээ. Өөрөөр хэл­бэл, нийт төлбөрийн тэн­цэл дээрх хугацаанд 307 сая ам.доллар болж га­даад валютын нөөцөөр сан­хүү­жүүлсэн байна.
Манай улсын экспортын ашигт  малтмалаас хамгийн гайгүй байгаа нь зэсийн баяжмал, алт, газрын тос юм. Эдгээр ашигт малт­ма­лын экспортод гарах тоо хэм­жээ нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал, зэсийн баяж­малын экспорт  87.2, газрын тосных 45.9 хувиар тус тус нэмэгдсэн. Тоо хэмжээний энэ өсөлтөөс зэсийн баяж­малын орлого 139.7, алтных  47.1, газрын тосных  63.9 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн тооцоо байна. Харин цайрын экспорт  28.4,  төмрийн хүдрийнх 44.5 сая ам.доллараар буурчээ. Нэг ёсондоо энэ хоёр ашигт малтмалын экспорт бараг зогссон гэсэн үг юм.  Тэгэхээр уул уурхайд суурилсан мөчлөг дагасан эдийн засаг хэврэг, хямралд өртөмтгий гэдгийг энэ удаа бидэнд чангахан мэдрүүлж байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын эрэлт буурч үнэ унахад улсын төсвийн орлого тасрах, орж ирэх мөнгөн урсгал хумигдах, ажилгүйдэл нэмэгдэх зэргээр  эдийн засгийн хямралд шууд татагдан орж байгаа юм. Тухайлбал,  уул уурхайн салбарын огцом тэлэлтийн нөлөөгөөр манай эдийн засаг 2011 онд 17.5 хувиар өссөн. Гэтэл үнэ ханш, уул уурхайн салбарын зогсонги байдлын нөлөөгөөр энэ онд эдийн засгийн өсөлт 9.5 хувьтай гарах төсөөлөл гараад байна. Дэлхийн банк манай улсын эдийн засгийн хагас жилийн тайланг саяхан гаргаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Уг тайланд мөнгөний бодлогоо хатууруулах, “Чин­­гис бонд”, Хөгжлийн банк­ны хөрөнгө оруулалт зэ­рэг  төсвийн гадуурх зар­далыг улсын төсөвт тусгах зөвлөгөө өгч онцлон тэм­дэглэсэн билээ.  Одоогоор Монголбанкны бодлогын хүү  10.5 хувьтай байгаа. Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны хоёрдугаар сарын эхээр хуралдаж бодлогын хүүг нэмж хасалгүйгээр дээрх хэмжээнд хэвээр хадгалан үлдээсэн.  Тухайн үед  эдийн засаг өсөлттэй,  гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, экспортын орлого өсөх  хүлээлттэй байв. Гэтэл эдүгээ эдийн засгийн өсөлт саарсан, гадаадын хөрөнгө оруулалт  төдийлэн сайжраагүй байна. Мөн экспортын хэмжээ нэмэгдсэн ч түүхий эдийн үнэ ханшаас шалтгаалж орлого өсөөгүй ажээ. Тухайлбал, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оноос хойш энэ жилийн эхний таван сарын байдлаар 65 хувиар буурсан тооцоо бий. Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн оны нэгдүгээр сард төв банкны бодлогын  хүүг 0.75 нэгжээр бууруулж  12.5 хувь болгож байв. Үүнээс хойш эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан үзэж буурсаар дээрх хэмжээнд хүрээд буй билээ. Хэрэв төв банкны бодлогын хүү нэмэгдвэл зээл хумигдаж эдийн засаг дахь мөнгөний хэмжээ буурна гэсэн үг.  Монголчууд дотоодын банк, санхүүгийн байгууллагаас нийт 11 их наяд төгрөгийн зээл авсан статистик мэдээлэл бий.
Үүний гуравны нэг нь орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл гэдэг. Өөрөөр хэлбэл, нийт зээлд хамгийн их жин дарж байгаа нь орон сууцны ипотекийн зээл гэж болох нь. Тэгэхээр мөнгөний бод­лого чангарахаар уг зээл ч бас дагаад хумигдах магад­лал өндөр байна. Үүнээс гадна  импортын түүхий эд ашигладаг жижиг дунд үйлд­вэрүүд, албан ёсны бор­луу­лагч нар зардлаа танаж ажилч­даа цомхотгохоос өөр аргагүйд хүрэх төлөв бай­гаа. Иймд наад зах нь 30 гаруй мянган хүн ажилгүй болох албан бус тооцоо бий.  Нөгөө талдаа эдгээр ажилгүй болсон иргэд авсан зээлээ төлөх чадваргүй болно. Ингээд банкны системийн найдваргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсөх дүр зураг ажиглагдаж буй юм.
Дэлхийн банкны эдийн за­сагчид “Аливаа зүйлд зо­лиос байдаг. Төв банкны бод­логын хүү  өсөхөд ард иргэ­дийн амьдрал нэг хоёр жилдээ хүндхэн байх бол­но. Хямралаас гарсны да­раа тэнгэр цэлмэж нар гий­нэ. Хэрэв бодлогын хүүгээ өсгөхгүй, төсвийн гадуурх зардлаа тооцохгүй яваад байвал улам л хүнд болж олон жил эдийн засгийн бүүдгэр саарал орчинд амьдарна” хэмээн тайлбарлаж буй юм. Харин энэ оны гуравдугаар улирлын эхээр Монголбанкны эдийн засагчид “Эдийн засгаа энэ хүндрэлээс гаргах хэд хэдэн сонголт бий.
Түүний нэг нь бодлогын хүүг нэмж эдийн засгаа хумьж болно. Гэвч олон мянган хүн ажлын байргүй хоцорч амьдрал хүндэрнэ. Орлого бага ядуу тарчиг иргэдтэй эдийн засаг эргээд сэргэх нь удаан. Харин эдийн засгийн өсөлт гэхээс илүү  санхүүгийн тогтвортой байдлаа хадгалан үлдэх нь чухал. Үүний тулд эдийн засгаа хумилгүй ажлын байраа хадгалж үлдэх сонголт бас бий. Тэгэхдээ хууль эрх зүйн орчноо яаралтай сайжруулж гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаад зах зээлээс хөрөнгө босгох зэргээр валютын орох урсгалаа нэмэгдүүлэх арга хэмжээ цаг алдалгүй авах ёстой. Иргэд орлоготой байна гэдэг бол эдийн засгаа тэтгэх нэг том хөшүүрэг” хэмээж байлаа. Иймд монголчууд “Энэ олон салаа замын алинаар нь явах вэ та минь ээ” гэсэн сонголтын уулзварт зогсч байна.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан