Колумбын эсрэг тоглох үеэр нуруундаа гэмтэл авч, ДАШТ-ийг харамсалтайгаар орхиход хүрсэн ч дэлхийн аварга болох мөрөөдөл нь төгсгөл болоогүй гэдгийг Неймар мэдэгдлээ. Одоо ердөө 22-хон настай ч бүх Бразилийн итгэл найдвар болсон тэрээр хэлэхдээ “Мөрөөдөл минь түр тасалдсан ч үргэлжилсээр байгаа”, учир нь “Багийнхан маань миний мөрөөдлийг, дэлхийн аварга болох хүслийг минь биелүүлэхийн төлөө бүхнийг хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн багийнхнаа урамшуулсан юм. Зургаа дахь дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирна хэмээн эх орон нэгтнүүдийнхээ хамаг итгэл найдварыг өвөрлөөд байсан тэрээр тэмцээнийг хамгийн чухал үед нь цагаасаа эрт орхих болсондоо өөрийн эрхгүй нулимс унагаж байсан юм. Энэ тухайгаа тэрээр “Миний бодол сэтгэлд юу болж байгааг үгээр илэрхийлэх аргагүй, үнэхээр хүнд мөч байна. Гэхдээ аль болох хурдан талбайдаа эргэж ирэхийг хичээнэ. Намайг байхгүйд багийнхан маань тэмцээндээ түрүүлж, аварга болно гэдэгт итгэлтэй байна. Бүх бразильчууд тэр ялалтыг удахгүй тэмдэглэх болно” хэмээн түүний эзгүйд шигшээ баг нь яах бол гэсэн айдастай байгаа хөгжөөн дэмжигчдээ тайвшруулахыг хичээсэн юм.
Неймарын гэмтэлд Бразилын Ерөнхийлөгчөөс эхлээд хөлбөмбөгийн одод, хөгжөөн дэмжигчид гээд бүх хүн санаа зовниж, хурдан эдгэхийг хүсч, твиттерийн зурвасаар дарж байна.
Аргентин-Бельгийн тоглолтын үеэр Бразилийн телевиз шууд дамжуулалтаа түр зогсоож, Неймарыг Рио дахь бэлтгэлийн төвөөс Сан Пауло руу нисдэг тэргээр авч явахыг харуулсан харамсалтай дүр зураг бразильчуудын зүрхийг шархлууллаа.
Неймар явснаар Бразилийн шигшээ багт жинхэнэ сүйрэл нүүрлэлээ гэж олон хүн харж байгаа ч Пелегийн хувьд тийм ч муугаар төсөөлөхийг хүсэхгүй байна. Тэрээр 1962 оны ДАШТ-ийг эргэн сануулаад “Чилийн ДАШТ-ээр би гэмтэл авч тэмцээний орхисон ч Бразилийг дэлхийн аварга болоход бурхан тусласан юм” хэмээн Твиттертээ бичжээ.