Дэлхийн банк манай улсын эдийн засагт дүн тавилаа. Тэгэхдээ энэ оны эхний хагас жилийн дүр зургийг ч бас тооцжээ. Тэдний тайланд дурдсанаар өндөр инфляц асуудал тарьж мэдэх нь. Мөн эдийн засгийн эмзэг байдал цаашид үргэлжлэх төлөв бий гэв. Иймд эдийн засгийн болон санхүүгийн эрүүл, тогтвортой нөхцөлөө хадгалахын тулд төсөв, мөнгөний бодлогоо чангалах хэрэгтэй хэмээн санууллаа.
Сүүлийн гурван жилд эдийн засгийн өсөлтөө дэмжсэн бодлого баримталж ирснээр хоёр оронтой тоонд тогтлоо. Гэвч энэ нь эдийн засгийн өнөөгийн тэнцвэргүй байдлыг дэмжсэн хэрэг болсон гэж дэлхийн банкны мэргэжилтнүүд дүгнэжээ.
Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь уул уурхай байлаа. Гэтэл дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан тул манайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт татарсан юм. Тиймээс өнгөрсөн онд Засгийн газар, төв банк эдийн засгийн урамшууллын бодлого хэрэгжүүлсэн. Энэ бодлого нь гадаад эдийн засгийн орчноос үл хамаарч дотоодын эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалж чадсан билээ. Бодлогын дэмжлэгтэй эдийн засгийн энэ өсөлт төлбөрийн үлдэгдэлийн дарамт, инфляц өндөр байх нөхцөл бүрдүүлсэн хэмээн дүгнэв. Сүүлийн гурван жилд төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 30 хувьд хүрчээ. Гэтэл өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 51 хувиар буурсан юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ийнхүү огцом буурсан нь төлбөрийн тэнцлийн алдагдлаа хааж чадахгүйд хүрчээ. Тэгэхээр алдагдлыг хаах эх үүсвэргүй бол гадаад валютын нөөц хэрэг болно. Ингээд гадаад валютын нөөцөө ашиглаж эхэлсэн учир энэ оны тавдугаар сарын байдлаар 1.6 тэрбум ам.доллар болж буурсан байна. Энэ бол манай улсын нийт импортыг гурван хоногт хүрэлцэх аж.
Он гарснаас хойш төлбөрийн тэнцэлийн алдагдал буурч ирсэн байдаг. Энэ нь худалдааны бланс багассантай холбоотой гэнэ. Нэг ёсондоо төр засгаас бодлогын арга хэмжээ авахгүй байгаа тохиолдолд эдийн засаг өөрөө өөртөө тохируулга хийж буй явдал гэж байгаа юм.
Манай эдийн засаг 2011 онд дэлхийд хамгийн өндөр өсөлттэй буюу 17.5 хувьтай гарч байв. Гэтэл өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 13 хувь дээр тогтсон. Он гарснаас хойш ч мөн л буурсаар буй. Энэ оны нэгдүгээр улиралд гэхэд 7.4 хувьтай гарсан байна. Харин Дэлхийн банкны тайланд энэ онд манай эдийн засгийн өсөлт 9.5 хувьтай гарна хэмээн тооцжээ. Өсөлт ингэж буурах болсон шалтгаан нь өнгөрсөн оны сүүлчээс хойш аж үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдааны өсөлт саарсантай холбоотой. Тухайлбал аж үйлдвэрийн салбарын өсөлт энэ оны нэгдүгээр улиралд 12.9, бөөний болон жижиглэнгийн худалдааны өсөлт 12.2 хувиар тус тус буурсан байна. Харин эдийн засгийн дээрх өсөлтийн гуравны хоёрыг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Тус салбарын өсөлт ийм өндөр хувь эзэлж буй нь Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл эхэлсэнтэй холбоотой гэж Дэлхийн банкны эдийн засагчид дүгнэв. Өөрөөр хэлбэл манай улсын зэсийн үйлдвэрлэл 85 хувиар өссөн дүнтэй байна.
Өндөр инфляц бол иргэдийн түрийвчний “хулгайч” гэж хэлж болно. Инфляц энэ оны тавдугаар сарын байдлаар 13.7 хувьтай гарчээ. Үүнд суурь инфляц өссөн явдал нөлөөллөө хэмээн Дэлхийн банкны эдийн засагчид үзэж байна. Тухайлбал, эдийн засагт мөнгөний нийлүүлэлт эрс өссөнөөс улбаалж суурь инфляц нэмэгдсэн аж. Өөрөөр хэлбэл бодлогоор дэмжсэн хямд зээлүүд эдийн засагт илүү их нийлүүлж байна гэсэн үг юм. Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр их хэмжээний мөнгө эдийн засагт нийлүүлсэн. Энэ дотоодын мөнгөний зах зээлийн эргэлтэд орохдоо төгрөгийн ханшийг огцом сулруулах шалтаг болжээ. Тэгэхээр цаашид мөнгөний бодлогоо чангалах, их хэмжээгээр олгож буй зээлийг хумих ёстой гэнэ. Ингэснээр инфляц буурч тогтворжино хэмээн Дэлхийн банкнаас дүгнэв. Төсвийн бодлого нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх учиртай. Төсвийн сахилга батыг хангах эрх зүйн орчин бүрдсэн ч өнөөг хүртэл хэрэгжихгүй иржээ. Төсвийн гадуурх зардал үргэлжилсээр байгаа тул төсвийн нийт алдагдал ДНБ-ий 10 хувьд хүрсэн. Иймд төсвийн гадуурх зардлыг төсөв нэгтгэх шаардлагатай ажээ.
Дэлхийн банкны уг тайланд банкны актив хөрөнгө суларч буй тул хяналтыг бэхжүүлж, сайжруулах шаардлагатайг цохон тэмдэглэв. Сүүлийн нэг жилд зээл бараг 50 хувиар нэмэгджээ. Энэ оны тавдугаар сарын байдлаар найдваргүй болон хугацаа хэтэрсэн зээл нэг их наяд төгрөгт хүрсэн аж. Гэтэл өнгөрсөн оны мөн үед 464 тэрбум төгрөг байсан байна. Үүнээс гадна орон сууцны зах зээл хэт халах шинж тэмдэг байгааг дурьджээ. Энэ нь улам гүнзгийрвэл банк, санхүүгийн байгууллагын тогтвортой байдалд сөрөг нөлөөлж магадгүй нь. Орон сууцны өсөлт эрэлт өндөр байгаа. Үүнийг үнийн өсөлтөөс харж болно. Төрөөс барилгын салбарыг дэмжиж өнгөрсөн онд хоёр их наяд төгрөгийн зээл олгосон. Тэгэхээр орон сууцны нийлүүлэлт огцом нэмэгдэх хандлага бий гэнэ. Нийлүүлэлт ингэж нэмэгдсэнээр орон сууцны зах зээлд хэт халалт үүсэх магадлал байгаа аж. Иймд орон сууцны зах зээлд нарийн судалгаа хийж хяналт тавьж зохицуулах ёстой гэж Дэлхийн банкнаас үзэж байна.