Ердөө хоёрхон жилийн дараа дэлхийн энх тайвны бэлгэдэл болсон олимпын цагаан туг 31 дахь удаагаа Риогийн тэнгэрт мандана. Таван цагираг бүхий энэ л тугийн дор улс гүрнүүд эв саналаа нэгтгэн их спортын талбарт өрсөлддөг. Манай улсын хувьд өнгөрөгч хоёр олимпод өнгөтэй сайхан оролцсоны дундаас жүдогийн тамирчид аргагүй онцгойрсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй жүдо бөхийн “Чингис хаан” гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ. “Рио-2016” зуны XXXI олимпын эрхийн оноо олгох өндөр ач холбогдол бүхий энэ тэмцээнд АНУ, Австрали, ОХУ, Солонгос, Унгер, Чех, Польш, Узбекстан, Канад, Япон, Австри, Герман зэрэг 27 орны 300 гаруй тамирчин оролцох юм. Өчигдөр болсон тэмцээний хэвлэлийн хурлын үеэр сугалаагаар оноолт тааруулсан бөгөөд тэмцээний дүрэм журамд ямар нэг өөрчлөлт ороогүйд дасгалжуулагч, баг тамирчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээний талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай ярилцлаа.
-Олимпын оноо цуглуулах тэмцээний эрх авна гэдэг нэр хүндийн хэрэг. Харин манай тамирчид бэлтгэл, сургуулиа хэр сайн хангасан бэ?
-Тамирчид маань бэлтгэлээ маш сайн хангасан. Дэлхийн шилдэг жүдочид Монголын дэвжээнээ хүч үзэхээр ирсэн нь бидний хувьд үнэхээр нэр хүндийн хэрэг. Түүнчлэн өөрийн улсад олимпын оноо авна гэдэг тамирчдын маань хувьд өндөр хариуцлага, аз завшаан. Нийт 27 орны 165 эрэгтэй, 119 эмэгтэй жүдоч олимпын оноо авахын төлөө өрсөлдөнө.
-Нэг улсаас жин тус бүрт дөрвөн тамирчин оролцдог шүү дээ. Манайхаас хэчнээн тамирчин оролцох вэ?
-Тиймээ, нэг жинд дөрвөн тамирчин оролцдог. Манайхаас бүх жинд нийт 56 тамирчин оролцож байна.
-Шинэ залуу тамирчид хэр олон байна?
-Ихэнх нь залуу жүдочид байгаа. Нас залуу, цус шингэн ч бэлтгэл сургуулиа сайн хангасан учир их итгэл хүлээлгэж байна даа.
-Дашрамд асуухад, Монголын жүдо бөхийн холбооноос залуу үе, залгамж халаагаа бэлдэж гаргах тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Энэ тал дээр бид их анхаарч байгаа. Анхаарсаар ч ирсэн. Өмнө нь цөөн тооны тамирчдынхаа амжилтад тулгуурлаж, тэднийгээ л дэмждэг байсан бол энэ жилээс залуу тамирчдыг дэмжих, улмаар дэлхийн тавцанд нэрийг нь гаргах тал дээр илүүтэй анхаарч байна. Өөрөөр хэлбэл Монголын жүдо бөхийн холбооноос 2020 он хүртэл залуу тамирчид төрүүлэх тал дээр түлхүү ажиллах болно.
-Энэ тэмцээнд ямар амжилт гаргахаас шалтгаалж удахгүй болох дэлхийн аваргад оролцох эсэх нь шийдэгдэх байх аа?
-Тийм ээ. Тамирчдыг маань ирэх наймдугаар сард жүдогийн дэлхийн аваргын том тэмцээн хүлээж байна. Энэхүү тэмцээнд хэрхэн барилдаж, ямар амжилт гаргахаас шалтгаалж дэлхийн аваргын тэмцээнд оролцоно.
-Оноолт харахад манай тамирчдын ихэнх нь эхний тойрогтоо гоц мөргөсөн харагдлаа. Энэ нь тамирчдын чансаа илүү байгааг илэрхийлж байна уу?
-Тийм ээ. Гэхдээ цагаан хэл ам хүрэх вий. /Инээв/ Тамирчид маань амжилттай барилдах байх аа.
-100 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр барилдахгүй гэлээ?
-Бэртлийн улмаас оролцож чадахааргүй болсон. Бидний зүгээс бэртэл нь хурдан эдгэж ирэх наймдугаар сард болох Дэлхийн аваргын тэмцээнд барилдах байх гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр Монголын жүдо бөхийн холбооний удирдлагуудад бодож, төлөвлөсөн зүйл байгаа болов уу гэж бодож байна.
-Юу тэр билээ?
-Жүдо сонирхогчид маань анзаарсан байх. Дэлхийн зарим орон шилдэг гэсэн тамирчдаа ойр ойрхон тэмцээнд оруулаад байдаггүй. Бидний хувьд ч гэсэн ийм бодлого барьж байна.
-Шалтгаан нь юу юм бол?
-Наад зах нь өрсөлдөгч орнууд тамирчныг маань нэг бүрчлэн судалчихна ч гэдэг юм уу. Энэ мэт хэд хэдэн шалтгаан бий.
-Тэмцээний шүүлт, дүрэмд өөрчлөлт ороогүй нь тамирчидад таатай байх шиг байна?
-Тийм. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэмд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. 2016 оны олимп хүртэл дүрэмд гар хүрэхгүй гэж мэдэгдсэн. Одоо хэрэгжиж байгаа дүрмээрээ л барилдаан явагдана.
-“Чингис хаан” гран при тэмцээний дараа тамирчид хамтарсан бэлтгэлд гарна гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Хамтарсан бэлтгэл хийнэ. Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран өөрийн нутагтаа бэлтгэл, сургуулилт хийнэ гэдэг бидний хувьд маш том аз завшаан юм. Энд нэг зүйл зориуд хэлэхийг хүсч байна. Гадаадын тамирчдыг манай улсад ирэхэд дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байна. Жуулчны улирал эхэлчихсэн болоод ч тэрүү зочид буудлын хүрэлцээ хүндхэн байна. Энэ мэтчилэн биднээс шалтгаалахгүй асуудлууд гарч л байна.