Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sony”, “Panasonic” корпорац шинэ үеийн OLED зурагт үйлдвэрлэх төсөлд хамтрахаар ярилцаж байна. Одоогоор хоёр корпорацын аль аль нь дээрх мэдээллийг нууцалж буй ч зардал өртөг өндөртэй энэ ажлыг дангаараа бус хамтраад хийвэл санхүү мөнгөний хувьд ч хямд тусна гэж үзэж байгаа аж. Шинэ үеийн дэлгэц хэмээн нэрлэж буй OLED нь гар утас, компьютер, зурагт зэрэг хүмүүсийн энгийн хэрэглээнд аль хэдийнэ нэвтрээд эхэлсэн боловч хараахан том хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. “Sony” гэхэд 21 инчийн OLED дэлгэц л үйлдвэрлэж чадсан бол зурагтны зах зээлд ноёлж буй Өмнөд Солонгосын “Samsung Electronics” энэ оны эцсээр 55 инчийн OLED худалдаанд гаргана хэмээн мэдэгдэж буй. Уг зурагтны үнэ ямар байх нь одоогоор нууц байгаа ч 8000 ам.доллараас дээш байна гэж таамаглаж байгаа юм.
OLED-ыг үйлдвэрлэх технологи, үйлдвэрлэл нь өөрөө өртөг өндөртэй учир “Sony”, “Panasonic” компани өрсөлдөгчдөөсөө хоцрохгүйн тулд ийнхүү хамтраад үзэхэд ч бэлэн байгаа аж. Аливаа шинэ үеийн зурагт телевизорууд нь өндөр хөрөнгө оруулалтаар бүтдэг боловч энэ салбар дахь ширүүн өрсөлдөөнөөс үүдэн үйлдвэрлэж, худалдаанд гаргах явцад үнэ нь хямдарч, эргээд шинэ технологид зарцуулсан мөнгөө ч олж авч чадахгүй үе гардаг аж. Тиймээс Японы үйлдвэрлэгчид тус тусдаа хөрөнгө зарахын оронд хамтраад ажиллавал технологид зарцуулах төсөв нь бага тусах юм. 2000 оны эхээр Японы компаниуд яг ийм байдлаар хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан удаатай.
OLED дэлгэц нь одоо ашиглаж байгаа LCD, LED болон пласма зурагтаас маш нимгэн, цахилгаан зарцуулалт багатай, уян хатан чанартай /нугалж эвхэж болдог, дугуй хэлбэртэйгээр ч хийж болно/ гэдгээрээ давуу талтай юм.