Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Facebook” вант улсын эзэн Марк Зукерберг

“Time” сэтгүүл жил бүрийн эцсээр улирч буй оныхоо Онцлох хүнийг нэрлэдэг уламжлалтай. 1927 оноос хойш уламжлал болон тогтсон энэ шалгаруулалтаар Махатма Ганди, Мартин Лютер Кинг, Б.Обама, В.Путин гээд улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оны онцлох хүнээр тодорч байв. Харин 2010 онд шинэ үеийн залуусын төлөөлөл болсон нэгэн хүн онцлох хүнээр тодорсон юм. Тэр бол Марк Зукерберг. Facebook-ийн босс Марк Зукербергийг дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг гэдгээр нь хүмүүс мэднэ. Оны онцлох хүн гэдэг ямар нэг алдар хүнд биш. Харин тэр хүн, тэр хүний үйл хэрэг дэлхийн нийтийн амьдралд ямар хүчтэй нөлөө үзүүлж байгааг харуулсан үнэлгээ юм. Хагас тэрбум гаруй хүнийг арав хүрэхгүй жилийн дотор нэгтгэж, харилцааны асар том сүлжээг бий болгон, тэдгээр хүмүүс нь сар бүр 700 тэрбум минутаа Facebook-т зориулдаг зуршилтай болсон нь Марк Зукербергийн хөдөлмөрийн үр дүн билээ . Ийм байхад хэн түүнийг нөлөөтэй хүн биш гэж маргах юм бэ.
Дэлхий 6.9 тэрбум хүн амтай. Үүнээс хоёр тэрбум хүн интернэтийг тогтмол ашигладаг. Харин үүний 845 сая нь Facebook-ийн хэрэглэгч.
Одоогоос бараг долоон жилийн өмнө Харвардын хоёрдугаар курсын оюутан Марк Зукерберг гэдэг 19 настай залуу үеийнхэндээ зориулан “Thefacebook.com” гэдэг интернэт сүлжээ сайтыг оюутны дотуур байрандаа нээж байв.  Тэр ондоо АНУ-ын хэдэн зуун коллежийн оюутны байраар тархаж амжсан “Fаcebook”-ийн хэрэглэгчид 2005 онд ахлах сургуулийнхнаар хүрээгээ тэлж, дараа жил нь хүүхэд залуусынхны энэ ертөнцөд  “ажилчин ангийнхан” ч элсч эхэлжээ. Ингээд 2006 он гэхэд 12 сая хэрэглэгчтэй болсон Facebook гурван жилийн дараа гэхэд гэрлийн хурдаар хүрээгээ тэлж, 350 саяд хүрчээ. Харин өнөөдөр Facebook хэмээх энэ вант улсын хүн ам 845 саяар хэмжигдэж, улсаар бол Хятад, Энэтхэгийн дараа дэлхийд гуравт орохоор болоод байна.  Дэлхийн 12 хүн тутмын нэг нь харьяалагдаж байгаа энэ вант улсад 75 хэлийн үндэстэн ястан хоорондоо харилцаж, өдөр тутам нэг тэрбум гаруй шинэ контент “Facebook”-ийн цэнхэр хуудсыг баяжуулж байна.  
Ердөө долоон жилийн дотор энэ олон зуун сая хүнийг нэг сүлжээнд нэгтгэж чадсан хүн бол Марк Зукерберг. Тэр Макинтошийн компьютер анх худалдаанд гарсан жил буюу 1984 онд төржээ. Түүний эцэг, шүдний эмч чамгүй боловсролтой нэгэн боловч жаахан хүүгийнхээ элдэв хачин асуултуудад байнга унадаг байсан гэнэ. Бусад хүүхдүүдийн асуултуудад тийм, үгүй гээд л хариулаад болчихдог бол Маркт хэрэв үгүй гээд хэлчихвэл түүнийхээ дараа тайлбар, баримт, учир шалтгаан шаардсан томоохон мэтгэлцээнд орох хэрэгтэй болдог байж. Тиймээс Маркын эцэг эх хүүгээ гарцаагүй хуульч болно гэж итгэж байв. Гэтэл хүү огт өөрөөр компьютерийн технологи сонирхож, 12 настай байхдаа л гэр бүлийнхээ гишүүдийг хооронд нь холбох “ZuckNet” гэдэг интернэт сүлжээ хийж чаджээ. Тэр дунд сургуулийн сурагч байхдаа монополь маягийн компьютер тоглоом, оюутан байхдаа компьютерийн хөгжмийн хөтөлбөр зохион бүтээсэн нь Майкрософтод хэдэн сая ам.доллараар үнэлэгдэж байжээ. Марк ингэж компьютерийн технологид хорхойсон дурлаж, шинийг бүтээх гэж элдвийг сэдэж байхдаа Харвардын ангийн андуудтайгаа нийлэн интернэт сүлжээний вэбсайт болох “Facebook”-ээ байгуулсан юм. Эхэн vедээ уг сүлжээнд зөвхөн сургуулийнхныгаа л бүртгэж, хоёр долоо хоногийн дотор Харвардын нийт оюутны гуравны хоёрыг хамарч чаджээ. Марк сургууль дотроо амжилт олсондоо урамшиж Стэнфорд, Колумбиа, Иель зэрэг нэр хvндтэй их сургуульд сvлжээгээ танилцуулсан байна. Ингэж амжилт дүүрэн шинэ бүтээлээ цаашид улам өргөжүүлэхийн тулд Марк оюутны байрнаасаа гарч, Калифорнид өрөө хөлслөн ажиллаж, Харвардыг Facebook-ээр сольжээ. Хэдхэн сарын дараа “Facebook” хєлсний байрнаасаа гарч оффистой болсон байна. Yvнээс хойш “Facebook” –ийн амжилт цуварч эхэлсэн юм. Харин тэр амжилтуудыг одоо бараг хүн бүр мэднэ.
Интернэт гэдэг зүйлийг ашиглаж хэдэн сая хүнийг холбосноор Марк Зукерберг зар сурталчилгаа цацах маш өргөн фронтыг бий болгосон юм. Энэ нь зөвхөн бизнесийн компаниудад ч бус Маркт өөрт нь ч асар их ашиг авчирч, тэр ердөө гурав дөрөвхөн жилийн дотор тэрбумтан болж чадсан. “Facebook” түүнийг дэлхийн хамгийн залуу тэрбумтан болгож, нэр дээр нь 17.5 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулж чадсан юм. “Facebook”-ээс төрөн гарсан тэрбумтан зөвхөн түүгээр зогсохгүй. Түүнтэй анхнаасаа гар нийлэн хамтран ажилласан найзууд нь бүгдээрээ, мөн тус компанийн удирдлагад ажилладаг хүмүүсээс өнөөдөр зургаан нь ам.долларын тэрбумтан болоод байгаа нь өөр ямар ч компанийн гаргаж чадаагүй амжилт билээ.

Ийм залуудаа ингэж өндөр амжилтад хүрч, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа Марк Зукербергийг компьютер шагайх хоббитой, тэрнээс өөр юу ч сонирхдоггүй, сонирхолгүй хүн гэж зарим нэгэн нь дүгнэдэг. Тэд Маркийг маш зожиг, ганцаардмал нэгэн байх гэж боддог. Гэвч тэр оюутан байхаас нөхөрлөсөн дотны сайн найзууд, долоон жилийн өмнөөс үерхэж байгаа найз охин Присцила Чан, гэр бүлээрээ хүрээлүүлсэн халуун дулаан амьдралтай нэгэн. Тэр бас залуу хүн гэхэд өгөөмөр, өрөвч сайхан сэтгэлтэй. Тэрээр 2010 онд өөрийн бүх хөрөнгийн талаас багагүй хувийг бусдын сайн сайхны төлөө хандивлана гэдгээ олон нийтэд зарласан юм.   
Марк залуудаа амжилтын оргилд гарсан ч маш энгийн амьдралтай. Тэр ажлынхаа ойролцоо жирийн л нэг хаус хөлслөн, найз охинтойгоо даруухан гэгч нь амьдардаг. Түүний хувьд компьютер дээр ажиллахад өдрийнхөө хамаг цагийг зарцуулдаг боловч сүүлийн үед хятад хэл сурахын тулд мандарин хэлний ном шагайхад багагүй цагаа зориулдаг болжээ. Учир нь түүний найз охин Присцила нь хятад гаралтай юм.
Маркийн бий болгосон Facebook-ийн төв оффис яг л олон хүүхэд бужигнасан  айл шиг. Тэр ажилтнуудаа хэзээ ч идэхэд бэлэн амттан, төрөл бүрийн ундаагаар хангаж,  оффис, ширээгээ хүссэн бүх зүйлээрээ чимэглэхийг зөвшөөрч, эрхлүүлдэг ч “Go Big or Go Home” гэсэн уриа дагаж мөрдүүлдэг нь ажлаа хийсэн шиг хий, үгүй бол гэртээ харь гэсэн хатуу шаардлага тавьдгийг нь харуулж байгаа юм. Facebook-ийн оффис ямар нэг албан байгууллага шиг биш харин найзууд нэгнийдээ цугларсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Үнэхээр ч Facebook-ийн удирдлагууд нь бүгд Маркийн оюутан цагийн дотны найзууд байдаг юм.  Нэгэн цагт найзуудаараа нийлж босгосон энэ цахим сүлжээ өдгөө жилд гурван тэрбум гаруй ам.долларын орлоготой дэлхийн шилдэг компаниудын нэг болжээ.


•    Орчин үеийн интернэт хэрэглэгчид “Facebook”-т хэтэрхий дурлаж байгаагаас энэ сайт цахим ертөнцийн 43 хувийг эзлэх болжээ. Ганцхан жишээ дурдахад, интернэт хэрэглэгчид “Facebook”-т дунджаар 24 минут 45 секунд саатдаг бол “Google”-д 11 минут 52 секунд зарцуулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. “Facebook”-ийн 800 сая гаруй хэрэглэгчийн тал хувь нь өдөр тутам энэ сайтад холбогддог гэж үзвэл фэйсбүүкчид сар бүр 700 тэрбум минут өөрөөр хэлбэр хэрэглэгч тус бүр 16 цагийг энэ сайтад өнгөрүүлдэг байна.
•    Ердөө долоон жилийн түүхтэй “Facebook” компанийн ачаар АНУ, Европын хөдөлмөрийн зах зээлд 450 мянган ажлын байр шинээр бий болжээ. АНУ-ын Хөрөнгийн биржид таван тэрбум ам.долларын IPO гаргахаар бэлтгэж, мэдээллийн технологийн салбарын түүхэнд шинэ хуудас нээгээд буй энэ компани албан ёсоор 3000 гаруй ажилтантай. Харин энэ компанийн үүсгэсэн “Facebook”-ийн асар том ертөнцийг дагалдаж үүссэн бизнесийн үйл ажиллагаа, асар их мөнгөний эргэлт дээрх хэмжээний ажлыг байрыг бий болгосон гэнэ.  Тухайлбал, зөвхөн АНУ-д гэхэд 235 мянган ажлын байр бий болсноос 53 мянга нь “Facebook”-т зориулсан төрөл бүрийн программыг хийхээр байгуулагдсан софтвэйрийн компанид ажиллаж байна. Энэ олон мянган хүнийг ажлын байраар хангаснаар цаана нь олон мянган гэр бүлийн цалин орлого нэмэгдэж, түүнийг дагалдан үйлчилгээний ажлын байрууд ч шууд бусаар нэмэгдсэн байна. Энэ бүхэн АНУ-ын эдийн засагт нийтдээ 15.7 тэрбум ам.доллар оруулсан бол Европын эдийн засагт түүнээс ч их буюу 20.2 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан