2011 он Аделийн жил байлаа. Үүнийгээ ч баталж тэрээр саяхан болсон Грэммигээс зургаан шагнал өвөртлөн Британи руугаа буцсан билээ.
Ердөө 23 нас шүргэж буй Британийн дуучин бүсгүй “Rolling in Deep” хэмээх хит цомгоо жилийн дотор 18 саяыг борлуулсны дотор зөвхөн АНУ-д зургаан сая нь худалдаалагджээ. Дүр төрх, хувцаслалт, гадаад имиждээ уран бүтээлээсээ илүү анхаардаг орчин үеийн хөгжмийн оддоос огт өөр, зөвхөн дуулах гэж л тайзанд гарч ирдэг түүний сонсогчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. “Би бусдын нүдэнд биш чихэнд зориулж дуулдаг” хэмээн хэлэх дуртай Аделе уран бүтээлийн карьер, хувийн амьдралынхаа тухай “CBS” телевизийн сэтгүүлч Андерсон Купертэй илэн далангуй яриа өрнүүлснийг хүргэж байна.
-Та Грэммийн зургаан шагнал нэгэн зэрэг хүртэж, дэлхийн алдартай дуучдын нэг болоод байна. Хүн бүр л таны тухай ярьж байна. Энэ танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?
-Инээдтэй л санагдаж байна.
-Инээдтэй?
-Тийм ээ, инээд хүрмээр. Би дуучин болохыг үргэлж мөрөөддөг байсан. Гэхдээ хэзээ ч ийм алдартай дуучин болно гэж төсөөлж байсангүй. Бүхэл дэлхийн хүмүүс миний тухай мэднэ гэхээр итгэмээргүй инээдтэй санагддаг.
-Яагаад, ийм алдар нэртэй болохыг хүсээгүй гэж үү?
-Үгүй ээ. Үүнд дасан зохицоход л хэцүү байгаа юм. Найз залуугаасаа салсны дараа зүгээр л сэтгэлээ тайвшруулах гэж, өөртөө зориулж бичсэн дуунуудыг маань өнөөдөр 20 сая хүн сонсч байна гэдэг…Би алдартай дуучин болъё, эсвэл хит дуу зохиоё гэж энэ дуунуудыг бичээгүй юм.
-Тэгэхээр энэ цомог таны хувийн амьдралын нэгээхэн хэсгийг илэрхийлж байгаа байх нь?
-Тийм ээ. Үүгээрээ ч хүмүүсийн сонирхлыг татсан бололтой. Тэд миний дууг сонсоод уйлахыг, бас тайвшрахыг, сэтгэлийн тэнхээтэй болохыг хүсч байна. Харин эдгээр дууг бичиж байсан үеийн мэдрэмжүүд одоо миний хувьд хуучирсан.
-“Someone like you” бол таны сүлд дуу. Хүмүүс энэ дууг сонсох бүртээ сэтгэл нь хөдөлж, уйлж, өнгөрсөн дурсамжаа санадаг. Харин та?
-Энэ дууг би яг тэдэн шиг уйлж байгаад бичсэн юм. Гэхдээ одоо тэр бүхэн ард хоцорсон. Би тэр тухай инээгээд ярьж чаддаг болсон.
-Та энэ дууныхаа түүхийг ярьж өгөөч. Өмнөх найз залуудаа зориулсан гэж сонссон?
-Тийм ээ, тэр надаас салаад удаагүй байхдаа сүй тавьсан. Тиймээс би өөрийгөө тайвшруулах гэж, би түүн шиг өөр хэн нэгэнтэй учрах л болно гэж итгүүлэх гэж энэ дууг бичсэн юм.
-Тэгээд өөр хэн нэгэнтэй учирсан уу?
-Тийм ээ. Түүнээс хавьгүй сайн хүнтэй учирсан. Хэрвээ дараа “Someone like you”-г дуулах бол “Чам шиг хэн нэгэнтэй учрах болов уу гэж бүү санаа зов, Намайг битгий мартаач” гэхийн оронд “Чам шиг хэн нэгэнтэй учирсан, Одоо намайг мартаач” гэж дуулах болно.
-Тэгэхээр Аделе дурласан байх нь ээ?
-Тийм ээ. Амьдрал сайхан байна.
-Тэр ямар залуу вэ?
-Маш гайхалтай. Тэр надаар их бахархдаг. Гэхдээ миний алдар нэртэй байх түүнд чухал биш, тэр ийм зүйл тоох ч үгүй. Хэрвээ тэр байгаагүй бол би тийм хурдан эдгэж чадахгүй байсан.
-Тэгэхээр Аделийн ойрын үеийн төлөвлөгөөнд гэрлэлт багтаж байгаа юу?
-Дөрвөөс таван жил завсарлага авах байх. Өмнөх шигээ ажлаа урдаа тавьснаас болж хайр сэтгэл минь бүтэлгүйтээсэй гэж хүсэхгүй байна. Хэсэг хугацаанд завсарлаж жаргалтай хайрын тухай дуу бичнэ. Хайрлаж дурлан, аз жаргалтай амьдармаар байна. Яг юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Хуримаа хийж, хүүхэд төрүүлж, ногоо тарьж гэрийн эзэгтэй хүний амьдралаар амьдарна даа.
-Та сайн эзэгтэй болж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Сайн эзэгтэйд байх чанар надад байдаг шүү. Хоол хийхдээ сайн, хөгжилтэй зүйл ярих дуртай.
-Аделе зүрхээ шархлуулахгүйгээр дуу бичиж чадах болов уу?
-Чадна гэж найдаж байна. Ямар “Хонгор минь, би шинэ цомгийнхоо дуунуудыг бичихгүй бол болохгүй нь, одоо хоёулаа салъя” гэж хэлэлтэй нь биш. Гэхдээ би дахин салалтын тухай дуу бичихийг хүсэхгүй байна. Одоо энэ сэдэв надад уйтгартай, улиг болсон юм шиг санагдах болсон. Хүмүүс ч “Хангалттай, одоо хөгжилдье” гэж бодож байгаа байх.
-Өнгөрсөн онд хоолой тань өвчилснөөс болж хэсэг хугацаанд тайзанд гараагүй. Тэр үед фэнүүд тань таныг дахин дуулж чадахгүй болох вий гэж их санаа зовж байсан. Таны хоолой хэзээнээс өвдөж эхэлсэн юм бэ?
-Жилийн өмнө. Парист радио нэвтрүүлэгт оролцож байх үеэр хоолой маань нэг л сонин болоод явчихсан. Яг л хоолойн дээгүүр хөшиг татчихсан юм шиг дуу гарахаа болчихсон. Ийм явдал гурав дахь удаагаа өнгөрсөн аравдугаар сард найзынхаа хурим дээр дуулж байхад давтагдсаны дараа эмчид хандсан. Тэр үед би үнэхээр их айсан. Дуулж чадахаа болих вий гэхээс айсандаа шөнөжин уйлсан. Гэтэл уйлах хүртэл хоолойд муу байдаг юм билээ. Хүмүүс намайг доктор Стивен Зейтелст ханд гэж зөвлөсөн л дөө. Тэгээд шууд Бостон руу нисч очоод үзүүлсний дараа ийм зүйл дуучдад түгээмэл тохиолддогийг мэдээд сая нэг тайвширсан. Миний дууны нэг хөвчид гэмтэл гарсан учраас мэс засал хийх хэрэгтэй болсон гэж Зейтелс эмч хэлсэн л дээ. Дуучин Жон Мэйер, Стивен Тайлер, Элтон Жон гээд олон арван дуучин түүгээр эмчлүүлж байсан юм билээ.
-Танд хийсэн мэс засал хүнд хагалгаа юу?
-Лазераар мэс засал хийсэн. Эмчилгээнийхээ үр дүнг үзэхийн тулд таван долоо хоногийн турш ярихыг хориглосон. Ингээд арваннэг, арванхоёрдугаар сарын турш дуу гаргалгүй өнгөрөөсөн.
-Энэ хугацаанд хүмүүстэй яаж харилцаж байсан бэ?
-Над шиг ярих дуртай хүнд дуугүй байх маш хэцүү байсан. Ихэвчлэн тэмдэглэлийн дэвтэр дээр хэлэх үгээ бичнэ. Бас гар утсан дээр бичсэн текстийг яриа болгодог аппликэйшн их хэрэг болсон. Би залбирах дуртай. Тиймээс залбирахдаа дандаа энэ программыг ашигладаг байсан.
-Одоо таны хоолой бүрэн эдгэрсэн үү?
-Тийм ээ, бүр өмнөхөөсөө ч дээрдсэн гээч. Мэс заслын дараа анх дуулж үзэхдээ дээд нотондоо хүрч чадах болов уу гэж их эмээж байсан. Харин дуулаад үзэхэд өмнөхөөс бүр илүү цээлхэн бас чадалтай болсон юм шиг санагдсан. Одоо дэлхийг тойрон аялж, 200 өдөр тоглосон ч чадахаар байна.
-Танд одоо “Би алдартай болсон учраас ингэж харагдах ёстой, дүр төрх, байгаа байдлаа өөрчилье” гэсэн бодол төрж байна уу?
-Үгүй, хэзээ ч үгүй. Би хэзээ ч сэтгүүлийн зураг, дуучдын дүрс бичлэгийг үзээд “Өө, би амжилтад хүрэхийн тулд өөрийгөө ингэж өөрчлөх ёстой юм байна” гэсэн бодол төрж байгаагүй. Тэгэхийг ч хүсдэггүй. Хүмүүсийг ч тэгж төөрөгдүүлж самууруулахыг хүсэхгүй. Би зүгээр л тайзан дээр гараад дуулдаг. Тэнд хүмүүсийг гайхашруулах, шоконд оруулах шаардлага байхгүй.
Аделе айлын ганц хүүхэд. Тэр Лондоны хойд хэсгийн ажилчид голдуу амьдардаг дүүрэгт ээжтэйгээ өсчээ. Түүнийг гурван настай байхад орхиж явсан эцэг нь бүр сүүлд нэрд гарсан хойно нь гэнэт гарч ирж. Ганц бие ээжтэйгээ амьдарч ирсэн түүнийг алдартай дуучин болсны дараа хэдэн арван жил сураггүй байсан эцэг нь “Би түүний аав” гэсэн аятай хэвлэлээр нэг хувийнхаа амьдралыг зарлан тунхаглажээ. Тэр бүү хэл “Sun” сонинд ярилцлага өгснийхөө төлөө ихээхэн хэмжээний мөнгө авсан байна. Энэ явдал Аделийг галзууртал нь уурлуулжээ. Тэрээр энэ тухай “Vogue” сэтгүүлд ярихдаа “Би уг нь аавтайгаа холбоо харилцаатай байя гэж бодож байтал энэ явдал болсон. Ямар эцэг хүн охиныхоо хувийн амьдралыг хэвлэлд худалдах вэ дээ” гэжээ. “Магадгүй түүний хайр сэтгэлийн харилцаа бүтэлгүйтдэг нь надаас болсон байх. Би түүнд маш их хайртай” гэж тэр миний тухай сонинд ярьсан байсан. Миний өмнөөс тэгж тайлбар хийх эрхийг хэн түүнд өгсөн юм. Хэрэв тэр үнэхээр надад хайртай байсан юм бол сонинд ярьж суухынхаа оронд надтай уулзаад хэлэхгүй яасан юм бэ. Хэрэв тэр үед би түүнтэй таарсан бол шууд алгадаад авах байсан юм хэмээн ярьжээ.
Аделийн эцэг Марк Эванс 48 настай, сантехникчийн ажилтай нэгэн гэнэ. Хэдий эцэг нь орхиж явсан ч Аделе гэр бүлийн хайр халамжаар дуталгүй өсчээ. Түүний ээж ах дүү олуулаа. Ихэнх цагаа хамтдаа өнгөрүүлдэг тул тэднийд байнга хүмүүс бужигнаж байдаг гэнэ. Аделийн чанга дуутай нь үүнтэй ч бас холбоотой аж. Олон хүний дундаас ялгарах гэж чанга ярьсаар байгаад ийм хоолойтой болоод тогтчихсон гэнэ.
Аделе урлагийн чиглэлээр ахлах сургууль төгссөнөөс гуравхан хоногийн дараа дуу бичүүлэх анхны саналаа хүлээн авчээ. Тэр үед Аделе 18-тай байв. Ингээд түүний анхны цомог 2008 онд гарч, тэр жилдээ хоёр Грэмми хүртсэний нэг нь шилдэг шинэ залуу уран бүтээлч гэсэн номинац байв. Гэвч тэр Грэмми хүртсэн дуучин гэхэд маш энгийн амьдарсан хэвээр. Тэр бүр хөгжмийн дэлгүүрт цагийн ажил хийсэн хэвээр байсан гэвэл та итгэх үү. Аделе дүүргийнхээ нэгэн жижиг хөгжмийн дэлгүүрт цомог хуурцаг ялгах ажлыг өөрийнхөө сайн дураар хийдэг байж.
Папараццуудаас залхсан Аделе одоо Лондоноос жаахан зайтай, хөдөө газар 10 унтлагын өрөөтэй том байшин хөлсөлж, хот дахь гэрээсээ нүүжээ. Одоохондоо бараг хоосон, дийлэнх өрөө нь тавилгагүй байгаа шинэ байшиндаа тэрээр дасч амжаагүй, заримдаа аймаар санагддаг ч гэлээ хувийн амьдрал руу нь хэтэрхий их өнгийдөг хэвлэлийнхний мөшгөлтөөс хол байхын тулд ингэж амьдрахад хүрчээ. Нөгөө талаар шинэ гэр нь найз залуугийнх нь ажилтай ойр тул энэ хөдөө газарт нүүж ирсэн гэнэ. Түүний найз залуу Саймон Конеки 37 настай. Хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан, одоо “Drop4Drop” хэмээх хандивын байгууллагын захирлаар ажилладаг аж.