Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Google vs Facebook

Цахим ертөнцөд ноёрхлоо тогтоох дайн

“Facebook” хөрөнгийн зах зээлд IPO-гоо гаргахад бэлэн болж, “Twitter” зарим зохисгүй мессежийг цезурдэнэ гэдгээ мэдэгдэн, “Google”-ийн 2011 оны сүүлчийн улирлын орлого төсөөлснөөс хавьгүй бага дүнтэй гарч интернэт ертөнцөд урьд хожид тохиолдож байгаагүй хачин жигтэй үйл явдал өрнөж байна. Интернэтийн солиоролд автаж байсан галзуу үе ард хоцорч байх шиг.
Нэгэн цагт интернэтийн ертөнц гэж зах хязгааргүй цэлийсэн тал байв. Тэр зах хязгааргүй ертөнцөд “Apple”, “Amazon”, “Facebook” зэрэг фермер өөр өөрийн хашаагаа хатгасаар өмнө нь тэнд дангаар ноёрхож асан “Google” өнөөдөр хашааны гадна ганцаар үлджээ.
“Google”-ээр амьсгалдаг интернэтийн хуучны цаг үе аажмаар алсарч, “Facebook”, “Twitter” гэсэн илүү хувийн шинжтэй цахим хуудаст холбогдох гэсэн хүмүүс өнөөдөр онлайнд орж ирэх нь нэмэгджээ. “Google”-ээс бүхнийг хайдаг байснаа өнөөдөр смартфон, таблет компьютерээр интернэтэд холбогдож янз бүрийн үйлдэлтэй програм, аппликэйшн татаж авах, эсвэл “Amazon” мэтийн сайтаас онлайн худалдаа хийх болж.
Өнөөдөр томоохон хөрөнгө оруулагчид шинэ интернэтийн орчинд хэн ялагч болон үлдэх вэ гэдэг дээр мөрий тавьж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хувьцаа нь 370 хувь өссөн “Amazon”, 438 хувиар нэмэгдсэн “Apple” дээр тэдний мөрийний дийлэнх нь явж байна. Харин таван жилийн хугацаанд ердөө 17 хувиар хувьцаа нь өссөн “Google” дээр бооцоо тавих хөрөнгө оруулагч ховорджээ.
Мэдээж, “Google” шиг том компани зах зээлээс арчигдахад урт удаан хугацаа шаардагдана. Дэлхийн нийт онлайн сурталчилгааны 50 хувь одоогоор зөвхөн “Google”-д ногдож байгаа бөгөөд 2012 онд үүгээрээ 36 тэрбум ам.долларын орлого олох тооцоо байгаа юм.  Гэхдээ л энэ компанид цаашид салбарынхаа аваргуудтай эн тэнцүү өрсөлдөх ирээдүй харагдахгүй байна. Үүний хамаг учир нь “Google”-ийн өөрийнх нь бизнесийн арга хэлбэр болоод  технологид нь байгаа юм. Технологийг худалдан авч эсвэл хуулбарлачихаж болно. Харин бизнесийн арга хэлбэрээ өөрчилнө гэдэг ямар ч компанийн хувьд хамгийн хүнд, бараг бүтэшгүй зүйл.
“Google”-ийн бизнес хийх арга бол бүхэлдээ онлайн сурталчилгаанаас орлого ашгаа олох явдал.  Биднийг “Google”-ээр юуны ч тухай юм хайж байхад тэр маузны товшилт бүрээр энэ компанийн дансанд мөнгө урсан орж байдаг. Хэдийчинээ олон хүн энэ хайлтын системд нэвтэрч, хэдийчинээ олон удаа товшино тэр тоолонгоор “Google”-ийн халаасанд зар сурталчилгааны орлого хэмээн хэдэн тэрбум ам.доллар орж байдаг.  Гэвч интернэтийн орчин өөрчлөгдөж, илүү боловсронгуй болж, өөр томоохон өрсөлдөгчид гарч ирэх тусам “Google”-ийн бизнес хийх арга үнэ цэнээ алдаж байгаа юм. Хоёр долоо хоногийн өмнөх “Google”-ийн албан ёсны мэдээллээр бол тус компанийн нэг товшилт бүрээр тооцдог зар сурталчилгааны төлбөр буурсан байна. Яагаад гэвэл бизнес эрхлэгчдийн хувьд өөр олон зуун сая хэрэглэгчтэй “Facebook”, “Twitter” мэтийн реклам сурталчилгаагаа байршуулах хэрэгслүүд бэлээхэн гарч ирсэн учраас. Өнөөдөр интернэтэд нийгмийн харилцааны сайтууд, смартфон, гар компьютерууд ноёрхох хандлагатай болж ирсэн учраас “Google”-ийн орлого олох суваг улам нарийсаад байгаа юм.
Орчин үеийн интернэт хэрэглэгчид “Facebook”-т хэтэрхий дурлаж байгаагаас энэ сайт цахим ертөнцийн 43 хувийг эзлэх болжээ. Ганцхан жишээ дурдахад, интернэт хэрэглэгчид “Facebook”-т дунджаар 24 минут 45 секунд саатдаг бол “Google”-д 11 минут 52 секунд зарцуулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. “Facebook”-ийн 800 сая гаруй хэрэглэгчийн тал хувь нь өдөр тутам энэ сайтад холбогддог гэж үзвэл фэйсбүүкчид сар бүр 700 тэрбум минут өөрөөр хэлбэр хэрэглэгч тус бүр 16 цагийг энэ сайтад өнгөрүүлдэг байна. Энэ бол “Gmail”, “Google+” зэрэг харилцааны шинэ хэлбэрүүдээрээ хэрэглэгчдийг татах гэж хичээж буй “Google”-ийн хувьд давж гаршгүй том даваа болоод байгаа юм.  Гэтэл үүн дээр нэмээд “Google”-ийн туршлагатай ажилтнуудыг “Facebook” компани өндөр цалин урамшуулал амлан урвуулан авч байгаа нь хүнд цохилт болж байна. Одоо “Facebook”-ийн удирдлагад багтдаг 11 гүйцэтгэх захирлын дөрөв нь “Google”-д өмнө нь ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Тиймээс “Google” компани топ мэргэжилтэн, инженерүүдээ өрсөлдөгчдөө алдахгүйн тулд 10 сая ам.долларын цалин хөлс амладаг болоод байна.
Түүнчлэн “Google” зах зээлээ алдахгүйн тулд “Android” систем гаргаж ирснийг дурдах хэрэгтэй. Энэхүү үйлдлийн систем iPhone-оос илүү хурдацтайгаар зах зээлд тархаж байгаа хэдий ч гар утсаар интернэтэд холбогдогсдын талаас илүү хувийг iPhone хэрэглэгчид эзэлж байгаа учраас ганц “Android”-ын хүчээр интернэтийн ертөнцөд тэсч үлдэнэ гэж итгэхэд бэрх. Мэдээж жилийн орлого нь 30 гаруй тэрбум ам.доллараар яригддаг, 32 мянган ажилтантай “Google” компани одоо ч хүчирхэг хэвээр байгаа ч яг л “Microsoft”, “IBM”, “Intel” зэрэг мэдээллийн технологийн аваргууд зах зээлийн гол тоглогчийн байр сууриа чимээгүйхэн алдсан шиг аажмаар уруудах зам руугаа явсаар.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан