Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдартай брэндүүд, компаниудын үүссэн түүх

Дэлхийд алдартай компаниуд хэрхэн гараагаа эхэлж байсан тухай унших нэг талаас сонирхолтой, нөгөө талаас сургамжтай.

 

Victoria"s Secret

Рой Реймонд гэдэг хүн  нэгэн удаа эхнэртээ гоё хийц, өнгөтэй дотуур хувцас бэлэглэхээр шийджээ. Тэгээд эмэгтэйчүүдийн дэлгүүрээр нэлээн удаан хэссэн болов ч барьцан алдан сандарсан төдийгүй зөвхөн эмэгтэй үйлчлүүлэгч нартай харьцаад сурчихсан худалдагч нар мань эрд өөдтэй зүйл санал болгож чадсангүй гэртээ гар хоосон ч гэлээ шинээ санаатай ирсэн байна. Ингээд 1977 онд «Victoria’s Secret» нэртэй анхныхаа дэлгүүрийг байгуулжээ. Дэлгүүр нь эрэгтэй хүн ч барьц алдалгүй юм худалдан авч болох уур амьсгал бүрдүүлсэн эмэгтэйчүүдийн дотуур хувцасны дэлгүүр гэдгээрээ их онцлог байлаа. Үүнээс гадна Реймонд нь каталогоор дамжуулан дотуур хувцас борлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дотуур хувцасны худалдаанд жинхэнэ хувьсгал гаргасан байдаг. Харамсалтай нь таван жилийн дараа нь Реймонд өөрийн «Victoria’s Secret» дэлгүүрээ Лесли Векснерт зарахаас өөр аргагүй болжээ. Улмаар хэд хэдэн бизнес шинээр эхлэх гэж оролдоод бүтэлгүйтсэнийхээ дараа тэрээр 1993 онд Сан Франциско хотын Алтан гүүрэн дээрээс үсрэн амиа өгүүтгэсэн юм.

 
 

KFC


АНУ дахь хамгийн анхдагч фаст фүүд ресторанудын сүлжээний нэг болох KFC-ийг Гарлан Сандерс жар гарсан хойноо үүсгэн байгуулсан юм. Тэр хүртэл Сандерс нь тун ядмаг амьдарч иржээ. Ердөө 6-р ангийн боловсролтой тэрээр 40 хүртлээ дугуй зарж, галч хийж, цэрэгт алба хааж, кондуктороор ажиллаж, фермерийн туслах байж, түгээгчээр гүйж, товчхон хэлэхэд олон арван мэргэжил сольж үзжээ. Гэвч тогтож удаан ажилласан газар нэг ч байсангүй. Гэр бүл нь зутруу амьдардаг байсан ч эхнэр нь нөхөртөө итгэл алдарсангүй хүнд бэрхшээлийг давж гарах гэж нөхөртөө чадахараа туслаж байсан байдаг. 1930 онд Сандерс авто засварын газар нээжээ. Тэгээд үйлчлүүлэгчиддээ зориулсан жижигхэн цайны газар нээх хэрэгтэй юм байна гэж шийдээд жижигхэн өрөөг цайны газар болгожээ. Өрөөнд ширээ, зургаан ширхэг сандал л байж. Хоолыг Сандерс өөрөө гэрийнхээ галын өрөөнд бэлддэг. Тун удалгүй мань хүний авто засварын газар нь цайны газрынхаа шарсан тахиагаар Кентукки муж даяар алдартай болох нь тэр. Шарсан тахиаг “Гарлан Сандерсийн шарсан кентукки дэгдээхэй” гэж нэрлэжээ. Тахиаг амтлахын тулд Сандерсийн хийдэг 11 нэр төрлийн орцтой тусгай амтлагчийг үйлчлүүлэгч болгон нь онцлох болж.1937 он гэхэд Сандерс нь “Sanders Court & Cafe” нэртэй замын буудал, бас түргэн хоолны ресторан нээсэн байдаг. 1950-д он гэхэд Сандерс өөрийнхөө шарсан дэгдээхэйг Америкийн бусад олон зоогийн газруудаар зарах болж, 1960 он гэхэд бүх Америк даяар хэдэн зуун зоогийн газар Сандерсийн үйлчилгээг авдаг болсон байсан юм.

 

Woolworth

 

 Woolworth нэртэй дэлгүүрийн асар том сүлжээг үндэслэгч, бүтээгдэхүүний үнийн шошго, супермаркет гэгч зүйлийг зохион бүтээгч Фрэнк Вуулворт нь сая сая долларын хөрөнгө цуглуулах жинхэнэ найдвартай аргыг нээсэн хүн. Ичимхий, ээрдэг залуу 21 насандаа хөдөөнөөс хотод орж ирээд жижигхэн дэлгүүрийн худалдагчийн туслахын ажилд оржээ. Тэр үед дэлгүүрийн бараан дээрх үнэ заасан шошго гэж өлгөдөгүй байлаа. Худалдан авагч орж ирэхэд худалдагч нь түүний худалдан авах чадварыг гадаад байдлаар нь тодорхойлоод үнээ хэлдэг байв. Үнэ сонссон хүн эсвэл наймаалцаж, үгүй бол шууд яваад өгдөг байж. Харин Фрэнк их ичимхий хүн байсан болохоор наймаалцаж огт чаддаггүй, нэг удаа бүр айж сандарсандаа ухаан алдаж байж. Ийм байдал гаргасан түүнийг дэлгүүрийн эзэн шийтгэж, ганцааранг нь бүтэн өдөр худалдагчаар үлдээгээд олсон мөнгө нь өдрийн дундажаас бага байвал хална гэж айлгэжээ. Наймаалцаж чаддаггүйгээ сайн мэдэх Фрэнк харин нэг мэргэн арга сэджээ. Тэрээр барааны хамгийн доод үнийг бичсэн цаасыг бараа болгоны доор бэхэлжээ. Тэгээд агуулахад байсан зарагдалгүй удсан барааг том ширээн дээр овоолоод “Нэг бүрийг нь таван центээр” гэсэн цаас тавиад гадна явж байгаа хүнд харагдахаар байрлулсан байна. Ингээд юу болохыг хүлээн бэмбэгнэн зогсож байжээ. Дэлгүүрийн бүх барааг мань эр хэдхэн цагийн дотор зарсан бөгөөд олсон орлого нь долоо хоногийнхотой тэнцээж байв. Худалдан авагч барааг барьж үзээд дээр бичсэн үнийг хармагцаа наймаалцалгүйгээр шууд л мөнгөө өгч худалдан авч байсан нь ичимхий Фрэнкт тун таатай байсан нь мэдээж. Үүний дараа Фрэнк дэлгүүрээс гарч, зээл авч байгаа өөрийн гэсэн дэлгүүр нээжээ. 1919 он гэхэд Вуулвортын дэлгүүрийн сүлжээ нь мянга гаруй дэлгүүртэй, өөрөө 65 сая долларын хөрөнгөтэй болсон байсан юм.

 

Nintendo


Компьютерийн тоглоом зохиох, тоглоомын хэрэгсэл үйлдвэрлэдэг компаний түүх нь 1889 онд эхэлжээ. Тэр үед компани нь “Marufuku” гэдэг нэртэй байсан бөгөөд гар аргаар будаж, лакдсан япон хөзөр үйлдвэрлэдэг байжээ. Дараа нь 1902 онд компани нь та бидний мэдэх европ маягийн хөзрийг гаргаж эхэлжээ. Тэр үед япончууд европ хөзрийг сайн мэддэгүй байсан удалгүй компани нь мөрийтэй тоглоомын салбарын толгой цохидог компаниудын нэг болж чадсан байна. 1970-аад онд Нинтендо нь хөзрөөсөө энгийн тоглоомын үйлдвэрлэлд шилжжээ. Улмаар бейсболын бөмбөг шидэх төхөөрөмж, механик гар, хайрын түвшин шалгагч наргиантай тоглоом гээд олон сонин тоглоомыг шинээр бүтээсэн байдаг. Харин 1978 оноос эхлэн Нинтендо аркад тоглоомын үйлдвэрлэлд шилжсэн юм.

 

Pampers


Procter & Gamble  компаний толгой химич технологич Виктор Миллз ач нарынхаа нойтон живхийг солих, угаах, хатаах гэдэг ажлыг олон хийдэг хүн байжээ. Ямагт нойтон живхтэй, өлгийтэй ноцолдох нь түүнд тийм ч таалагддаггүй байсан болохоор амьдралаа хөнгөвчлөхийн тулд шингээх чадвар маш өндөртэй нугалаатай гадаргыг тусгай хэлбэр бүхий дотоожинд бэхэлсэн нэг удаагийн живхийг бүтээжээ. Шинэ живхнийхээ эхний загваруудыг Миллз өөрийн ач нар дээрээ туршин боловсронгуй болгосон гэдэг. Ингээд боловсронгуй болгосон түүний живхийг Procter & Gamble компани нь Пампер гэсэн нэрээр зах зээлд гаргасан нь удалгүй живхний оноосон нэр болж хувирсан билээ.

 

 Nike


Фил Найт нь Орегоны их сургуулийн гүйлтийн багт дундын зайн гүйлтийн тамирчин байжээ. Тамирчны хувьд тааруухан байсан ч америк гүйлтийн гутал тун ч тааруухан гэдгийг сайн мэддэг байв. Германы Adidas бол 1960-аад онд бол маш чанартай ч гэлээ дийлэнх хүмүүст дийлэхээргүй үнэтэй байлаа. Ингээд Найт нь байдлыг өөрчлөг америкийн, чанар сайтай гүйлтийн гутал үйлдвэрлэхээр шийджээ. Тэрээр “Blue Ribbon Sportsнэртэй компани байгуулаад судалгаа явуулж эхэлжээ. Ингээд чанар сайтай ч үнэ хямдтай гүйлтийн гутал гаргахын тулд үйлдвэрлэлийг зөвхөн Азид байлгахаас өөр аргагүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Үүний дараа 1964 онд өөрийн түнш Баурманытай хамт тус бүр 500 долларын хөрөнгө оруулалт хийж байгаад Японы “Оницука Тайгер” буюу одоогийн ASICS компанид 300 хос гүйлтийн гутал захиалан хийлгэжээ. Тэгээд японы гүйлтийн гутлаа америкт шууд л ачааны машин дээрээс нь зарж эхэлсэн байдаг. Борлуулалт ч нэмэгдсээр яваандаа японы гутлыг бус харин өөрийн Найк брэндийн спорт загварын гутлыг зардаг компани болсон түүхтэй.

 

Hilton


1919 оны 6-р сард Конрад Хилтон нэртэй 31 настай залуу Техас мужийн Сиско нэртэй хотод иржээ. Энэ залуугийн байгуулсан банк нь дампуураад удаагүй байсан бөгөөд дансандаа 5000 доллартай л үлдээд байжээ. Ахиад шинээр банк байгуулах, эсвэл боломжийн банк худалдан авахаар эрэлд явж байсан  Хилтон хоноглохоор нутгийн зочид буудалд иржээ. Гэтэл сул өрөөний төлөө хооронодоо нударга зөрүүлэх олон хүн зогсож байгааг харсан Хилтон ихэд гайхжээ. Ийм олон үйлчлүүлэгчтэй байна гэдэг ямар ч бизнесмений мөрөөдөл билээ. Гэтэл тэр зочид буудлын эзэн буудлаа зарахаас буцахгүй байгаагаа түүнд мэдэгдсэн байна. Ингээд Хилтон банк худалдан авахаас татгалзан анхныхаа зочид буудлыг худалдан авсан бөгөөд зургаан жилийн дараа гэхэд Далласт өөрийн нэрийн анхны зочид буудлын нээсэн юм.

 

Adidas и Puma


Дэлхийн нэгдүгээр дайны дараахан буюу 1920 онд Дасслерийн гэр бүл Dassler нэртэй гутал үйлдвэрлэхээр болжээ. Энэ гэр бүлийнхэн гэрийн шаахай, дайны үеэр гэмтсэн тахир дутуу тамирчдад зориулсан бэлтгэлийн тусгай гутал үйлдвэрлэж байжээ. Гутлын улыг машины хуучин дугуйнаас зүсэн авч, дээд талыг хэрэггүй болсон цэргийн хувцаснаас эсгэдэг байж. 1924 он гэхэд “Ах дүү Дасслерүүдийн гутлын үйлдвэр” байгуулагдав. Ах Адольф Драсслер нь тайван, дөлгөөн зантай үйлдвэрлэгч байсан бол дүү Рудольф         Дасслер нь идэвхтэй, дайчин, нийтэч худалдагч байлаа. Жилийн дараа Адольф нь дэлхийн хамгийн анхны хатаастай пүүзийг зохион бүтээж үйлдвэрлэсэн юм. Хөл бөмбөгийн пүүз үнэхээр амжилттай болсон болохоор гимнастикийн шахайны хамтаар Дасслерүүдийн үндсэн бүтээгдэхүүн болжээ. Гэвч 1948 онд эцэг нь нас барсны дараа ах дүү хоёр түнжин хагарч тус тусдаа Адидас, Пума гэсэ хоёр компани байгуулсан билээ.

 

 Viagra


1992 онд Их Британы Пфайзерс Сэндвич нэртэй жижигхэн хотод “Pfizer” нэртэй компани нь зүрхтэй холбоотой олон асуудлыг шийдэхээр зохион бүтээгдсэн силденфилийн цитрат гэдэг шинэ эмийн бодисын туршилт судалгаа явуулж байжээ. Энэ бодис нь зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулан, артерийн даралт бууруулах нөлөө үзүүлнэ гэж төлөвлөж байсан байна. Гэтэл силденфилийн цитрат нь зүрхний булчингийн цусан хангамж, артерийн даралтанд ямар ч нөлөөгүй болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Үүнээс гадна эмийг сайн дураар өөр дээрээ туршиж байсан зарим эрэгтэйчүүд туршилт дууссан байтал үлдсэн эмийг эргүүлж өгөлгүй үлдээсэн төдийгүй нэг нь лабораторид нууцаар нэвтрэн нэмж авах гэсэн болохыг тогтоожээ. Шалтгааныг нь судлахад бүх эрчүүдийн бэлиг эрхтэний хөвчрөл эрс сайжирсан байв. Төлөвлөж байснаас тэс өөр ч гэлээ тун ч нааштай гэмээр энэ нөлөөг компани эрдэмтэд ашиглахаар шийдээд өнөөдөр хүн болгоны шахуу мэддэг Виагра нэртэйгээр хөвчрөлийн дутагдлыг эмчлэх эм болгон худалдаанд гаргасан билээ. Виагра гэдэг нь Вигор буюу хүч, чадал ба Ниагара гэдэг Хойд Америкийн хамгийн том хүрхрээний нэрний дундаас гаргасан бөгөөд товчхондоо бол Хүч чадлын хүрхээ гэсэн утгатай юм.

 

Mars


Фрэнк Марс гэгч 28 настай залуу 1911 онд  арав гаруй жилийн турш амттан хийж заран цуглуулсан мөнгөөрөө хувийн жижигхэн дэлгүүр нээжээ. Дэлгүүр нь элдэв амттан зардаг, амттанаа Марс гэртээ хийгээд галын өрөөнийхөө цонхоор бараагаа зардаг байв. Нэгэн удаа Фрэнк хүүгийн хамтаар салхилж явтал хүү нь шоколад авч өгөхийг хүссэн байна. Тэр үед шоколадыг зөвхөн жингээр зардаг байсан юм. Ийм шоколад нь идэж явахад эвгүй, ялангуяа зуны халуунд хайлж урсан гар, хувцас завааруулдаг байлаа. Яг энэ үед ер нь шоколадыг ер нь яагаад урьдчилаад бэлдэж тугалган цаасанд ороон зарж болохгүй гэж бодсон байна. Ингээд анхны Милки Уэй буюу Сүүн зам нэртэй анхны шоколадан хурууд гарч хэдхэн өдрийн дотор борлуулалтын хит болсон бол 1925 он гэхэд шоколадны зах зээлийн лидер болсон байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан