Масс мэдрэгч эхлээд ягаан дараа нь улаан гэрэл
цацруулан анивчиж гарлаа. Удирдлагын дэргэд зүүрмэглэж байсан Эйжи сэртэсхийв.
Тэгснээ хэлтэрхийд цөм цохиулсан хөлгийн их биеэс асар чангаар исгэрэн гараах
агаарын дууг давахыг хичээн:
-Нэг гараг руу ойртож байна шүү гэж ориллоо.
Ахмад Барнетт “Индэвэр”-ийн их биенд ээлжит
нөхөөсийг гагнангаа толгой дохилоо. Исгэрэх чимээ мэдэгдэхүйц багассан ч бүрэн
арилсангүй. Ер нь хэзээ ч арилж байгаагүй юм л даа.
Нөгөө гараг нь нэг их томгүй хэмжээтэй хүрэн улаан
нарны цаанаас цухуйж харагдав.Тас харанхуй орон зайн наана бүдэг ногооноор
гялалзах түүний гэрлийг хараад мань хоёр сансрын нисгэгч яг адил зүйл бодлоо.
Барнет бодолд дарагдсан аясаар:
-Үнэ хүрчихээр юм олддог л байгаа даа гэв.
Эйжи буурал суусан хөмсгөө итгэл тээсэн янзтай
өргөв.
“Индэвэр” хөлөг Өмнөд галактикийн замаар нисч
байсан бол ч тэд шинэ гараг олж чадах нь юу л байсан бол. Гэтэл түүгээр
холбооны цагдаагийн дэндүү олон хөлөг эргүүл хийдэг, тэднээс холхон байх тун ноцтой
шалтгаан Барнетад байлаа.
“Индэвэр” хэдийгээр худалдааны хөлөг гэгддэг ч бүх
ачаа нь гэвэл сейф онгойлгох зориулалттай асар хүчтэй хүчил бүхий хэдэн лонх,
гурван ширхэг бага оврын цөмийн бөмбөг. Эрх баригчид энэ мэтийн бараанд тун
таагүй ханддагийн дээр багийн гишүүдийг Саран дээрх аллага, Омега дээрх дээрэм,
Сами дээрх сейф эвдэлсэн хэрэг гэх мэт хуучин хэргийнх нь төлөө хариуцлагад
татах гэж тун хичээж байсан юм.
Ядаж байхад цагдаагийн шинэ хөлгүүд нь
“Индэвэр”-ээс илүү хурдан, илүү жолоодлоготой болохоор “Индэвэр” аргагүйн
эрхэнд тойруу замаар явахаас өөр аргагүй болсон нь энэ. Ийнхүү тойруу замаар
яваа хөлөг ураны асар их баялагтай орд нээгдсэн Шинэ Атенийг зорьж явлаа.
Эйжи багажнуудын заалтыг харснаа
-За даа бараг байхгүй шахуу юм байна гэж ярвайн
хэлэв.
Барнет хариуд нь толгой дохиод
-Суухгүй байсан ч болох юм байна гэлээ.
Багажны заалт мань хоёрыг гонсойлгож байлаа. Хаа ч
бүртгэгдээгүй тэр гараг Дэлхийгээс ч бага бөгөөд хүчил төрөгчтэй агаар мандлыг
нь эс тооцвол арилжааны ямар ч үнэ цэнэгүй юм.
Гэнэт хүнд металлын мэдрэгч амь орох нь тэр.
Эйжи багажны заалтуудыг гялс манас тайлан уншаад
-Тэнд нэг юм байна шүү. Их цэвэр металл юм гээч.
Яг гадаргуу дээр нь ил байна гэв.
Барнет толгой дохиж, хөлөг ч газардахаар
доошиллоо.
Халзан толгой дээрээ ноосон малгай тавьсан Виктор
арын хэсгээс гарч ирээд Барнетийн мөрийг давуулан хөлгийн дугуй цонхоор харав.
“Индэвэр”-ийг гарагийн гадаргаас хагас милийн өндөрт тогтон хөвөхөд хүнд
металлын орд газар гэж бодсон зүйл нь юу болохыг бүгд олж харлаа.
Ойн цорхойд сансрын хөлөг зогсож байх нь тэр.
Барнет:
-Ингэвэл ч харин сонирхолтой шүү гэж хэлээд Эйжи
рүү толгой дохив.
Эйжи ч тун чадварлаг газардлаа. Насаар бол
тэтгэвэртээ аль хэдийн гарах болчихсон байсан ч түүний нисгэгчийнх нь ур
чадварт насны намар огтхон ч нөлөөлсөнгүй. Эйжийг ажилгүй, халаасандаа сохор ч
зоосгүй явж байхад нь Барнет олж аваад өгөөмөр сэтгэлээр ажил санал болгосон
юм. Мань ахмад ихээхэн ашиг олж болохоор юман дээр тун өгөөмөр болж чаддаг хүн
байв.
Харь гарагийн хөлөг “Индэвэр”-ээс том, гаднаас
харахад цоо шинэ харагдаж байсан ч хийц, дээрх таних тэмдэг нь ахмадыг гайхуулж
орхилоо.
Барнет:
-Өөрөө урд нь ийм юм харж байсан уу? гэж лавлав.
Эйжи арвин их ой санамжаа ухаж эхлэв.
-Цефейд хийгсдэнтэй төстэй ч гэлээ, тэдний хөлөг
илүү шөвгөр байдаг. Гэхдээ бид нэлээд холуур тэнэж яваа болохоор манай холбооны
хөлөг биш ч байж болох юм.
Виктор гайхсан харцаа хөлөгнөөс салгаж чадахгүй
ширтэнгээ:
-Ёстой сайхан амьтан байна даа. Хэдүүлээ ийм нэг
юмтай болчих юмсан гээд чангаар санаа алдав.
Гантиг дээр ан цав гэнэт үүсдэгтэй адилаар
Барнетийн царайг инээмсэглэл хага зүслээ.
-Гэнэн ч гэлээ яг оноод хэлчихлээ. Би ч бас яг
тэгэж бодож байсан юм гэж тэр хэлэв.-Явж энэ хөлгийн ахмадтай нь уулзацгаая.
Виктор гадагш гарахын өмнө хөлдөөгч бластерууд нь
цэнэгтэй эсэхийг шалгаад авлаа.
Гарагын агаар нь үнэхээр амьсгалахад тохиромжтой
байв.
Агаарын температур Фаренгейтийн 72 градус байлаа.
Сансрын нисгэгчид маань сансрын хөлгийн зүг амар мэнд мэдсэн дохио явуулсан ч
хариу ирэхгүй байсанд бластеруудаа хантаазан доороо нуун нүүрэндээ жижүүрийн
инээмслэглэл тодруулсаар урагш алхлаа.
Хөлгийг ойроос харахад үнэхээр сүрдмээр. Гялалзсан
мөнгөлөг их биеийг нь солирууд бараг л гэмтээгээгүй байв. Цахилгааны
үүсгүүрүүдээ цэнэглэж байгаа бололтой нээлттэй хаалганаас нь нэгэн хэмийн
дүнгэнэх чимээ дуулдана.
Виктор:
-Энд амьд амьтан байна уу гэж орилов. Дуу нь хөлөг
дотуур цуурай татуулсаар цаашлав. Үүсгүүрүүдийн дүнгэнээн, өвс салхинд
сэрчигнэхээс өөр хариу дуулдсангүй.
-Хаашаа алга болчихдог байна аа гэж Эйжи гайхав.
Барнет:
-Цэвэр агаар амьсгалах гээд явсан юм байлгүй дээ.
Зочид ирнэ гэж яаж мэдэх вэ дээ гэж таамаглалаа.
Виктор өвсөн дээр сууж, Барнет Эйжи хоёр хөлгийн
ер бусын хийцийг нь сонирхон тойрж үзлээ.
-Учрыг нь олж дөнгөх үү гэж Барнет асуув.
-Дөнгөх юм шиг байна гэж Эйжи хариулав.- Сонгодог
загвараар баригдсан эд байна. Автомат удирдлагад бол санаа зоволтгүй. Хүчил
төрөгчөөр амьсгалдаг бүх амьтад нэг хэлбэрийн удирдлагын систем ашигладаг.
Учрыг нь олох гэж удахгүй байх гэж найдаж байна.
-Нэг амьтан ирж явна аа гэж Виктор ориллоо.
Гурван зуугаад метрийн цаана харагдах ойгоос тэр
гэхийн тэмдэггүй хачин дүрс гарч ирээд хөлгийг чиглэн хөдөлж эхлэх нь тэр.
Эйжи, Виктор хоёр ч тэр даруй бластерүүдээ гаргаад
ирэв.
Өндрөөрөө 70, өргөнөөрөө 30, зузаанаараа 70
сантиметр орчим тэгш өнцөг хэлбэртэй хачин амьтныг Барнет дурангаараа олж
харав. Харь гарагийн амьтанд толгой гэхээр зүйл байсангүй. Ахмад урд нь ийм юм
ер харж байгаагүй болохоор хөмсгөө зангидав.
Барнет дурангаа сайн тохируулж харвал нөгөө
танихгүй этгээдэд хүнтэй төстэй зүйл огт байсангүй. Урагш хөдөлгөх хоёр, эгц
дээшээ гозойх хоёр гээд осолтгүй л дөрвөн мөчтэй юм шиг байв. Тэгш өнцөгтийн
тэхий дунд нь хоёр жижигхэн нүд, бас нэг ам гэхээр юм байв. Харин хувцас гэхээр
зүйл харь гарагийн амьтанд ер алга.
Эйжи бластерынхаа овоо харааг байрлуулангаа:
-Ёстой хачин амьтан байна даа. Ганцаараа ирсэн
байгаасай л гэж найдахаас гэлээ.
Хариуд нь Барнет өөрийн бластерээ гаргаж ирэнгээ
-Тийм байгаасай гэж найдъя гэв.
Эйжи бластерээ онилоод
-Зай 180 метр гэж хэлснээ ахмад өөд харав.-Нэг бол
өөрөө цаадахдаа нэрийн хуудсаа өгөх гээд байгаа юм уу?
-Тэгэж ч давруулахгүй ээ гэж хэлээд Барнет ёозгүй
мушилзав.-Ойртуулаад үзье. Хүлээзнэе.
Харийн этгээдийг онилсон чигтээ Эйжи толгой
дохилоо.
***
Мань Кален энэ газрын мухрын гараг дээр мабогчуудын
асар өндөр үнэлдэг эрол нэртэй чулуулгаас ганц хоёр тонныг ч болов уу олж авах
горьдлого тээн ирсэн билээ. Гэвч аз нь таараагүй болохоор ашиглахаар авчирсан
тетнитийн бөмбөг нь керлийн самартай халаасанд нь тэр чигээрээ хэвтэж байлаа.
Тэгэхээр эролын оронд Мабог руу ямар ч хэрэггүй хүндрүүлэгч хог чирч очихоос
өөр арга алга.
“Дараагийн гараг дээр аз таарч юуны магад” гэж
бодсоор Кален ойгоос гарч явлаа.
Гэтэл түүний хөлгөөс холгүйхэн хачин жигтэй хийц
бүхий сансрын хөлөг зогсож байгааг хараад зогтусч орхив.
Хөлгийнх нь нээлттэй хаалганы дэргэд зогсож байгаа
ухсамартай амьтадтай ийм хол, газрын мухарт таарна чинээ мань Кален төсөөлж ч
байсангүй. Үл мэдэгдэх амьтдад мабогчуудтай төстэй гэхээр зүйл бараг л
байсангүй. Үнэндээ бол Мабогийн холбооны нэг гараг дээр эд нартай төстэй амьтад
байдаг ч гэлээ тэд сансрын хөлгөө огт өөрөөр барьдаг. Дам яриагаар бол
Галактикийн хязгаарт байдаг гэгддэг аугаа их соёл иргэншлийн төлөөлөгчидтэй
таарсан байж магадгүй юм.
Ийм их аз таарсанд баярласан Кален тэдний өмнөөс
яаран ойртлоо.
Гэвч харийнхан яагаад ч юм бэ байрнаасаа огт
хөдөлсөнгүйн дээр өөрийг нь анзаарсан нь илт байтал мэндчилгээ сонссонгүй. Мань
Кален эдгээр үл мэдэгдэгч бодгалиудтай хэл амаа бушуухан ололцохыг хүсч
алхаагаа хурдасгах зуур танилцах ёслолыг нэг их битгий удаасай гэж найдаж байв.
Тийм ч найрсаг бус энэ гараг дээр өнгөрүүлсэн ганцхан цаг түүнийг бүр туйлдуулж
гүйцжээ. Маш их өлсөж байсан төдийгүй шүршүүрт яаралтай орох ёстой болчихоод
байлаа.
Гэнэт хорсгосон, нэг тийм хачин хүйтэн зүйл түүнийг
арагш нь хүчтэй түлхэж орхив.
Энэ гараг түүнд бас ямар гэнэтийн бэлэг барих гээд
байна гэж бодсоор Кален эргэх тойрноо түгшүүртэйгээр харав. Тэгээд цаашаа
жаахан урагшлах гэв үү үгүй юу түүний биенд ахин нэг юм зоогдож, гадна
давхаргыг нь бүхэлд нь хөлдөөж орхилоо.
Хэрэг бишдэж эхэллээ. Мабогчуудыг амьдралын
хамгийн бат бэх хэлбэрүүдийн нэг гэж үздэг ч тэдэнд ч бас эмзэг газрууд гэж
байдаг юм. Кален өөрт нь аюул учруулж байгаа эх үүсвэрийг хайн эргэн тойрноо
харав.
Харийнхан түүн рүү буудаж байлаа.
Алмайрч хоцорсон Кален үүнд итгэж ядав. Аллага гэж
юу байдгийг тэрээр мэддэг, мэдэх мэдэхдээ зүгээр нэг сонссон төдий бус харин
хөгжил дорой амьтадын төрлийн дунд энэхүү байж боломгүй гаж завхрал гарч
байгааг хэд хэдэн удаа айдаст автан харж байсан билээ. Мөн Мабогийн түүхэнд
гарч байсан санаатай аллагын бүх түүхийг нарийвчлан буулгасан сэтгэцийн
эмгэгийн талаарх түүхийг ч уншиж байсан юм.
Гэхдээ тэр бүхэн энд, өөртэй нь тохиолдоно гэдэг
байж боломгүй юм. Кален өөртөө ч итгэхгүй байв.
Ээлжит сум биеийг нь оноод авав. Энэ бүхэн зүгээр
санагдаж байгаа төдий зүйл гэж өөртөө итгүүлэх гэсэн Кален хөдөлсөн ч үгүй.
Сансрын хөлөг барих хэмжээнд очсон ухамсартай бодгалиуд аллага хийж чаддаг юм
гэж үү?
Ядаж байхад эд нар түүний хэн болохыг ч мэдэхгүй
шүү дээ.
Тэгсээр аюулыг гүйцэд ухамсарласан Кален эргэж
хараад ой руу харайлгалаа. Танихгүй гурван этгээд гурвуул буудаж эхлэхэд
хөлдсөн өвс хөлөн доор нь чанга дуугаар тачигнан хугарч байв. Калений гадуурх
давхарга бүрэн хөлдөчихөж. Мабогчуудын арьс хасах температурт зохицоогүй
болохоор айдас төрүүлсэн хүйтэн бага багаар бүх дотрыг нь царцааж байгааг Кален
мэдэрнэ.
Ийм юм болж байхад ч Кален болж байгаа зүйлийг
бодит гэдэгт өөрийгөө итгүүлж чадахгүй л байлаа.
Түүнийг модны захад бараг хүрдгийн даваан дээр
нуруу руу нь хөлдөөгч хоёр ч сум оночихов. Цаашид бие махбодийнхоо дулааныг
тогтоон барьж дийлэхээ байсан Кален хөлдөж цантсан хөрсөн дээр нэвсийн унаад
ухаан алдав.
***
Эйжи бластераа хуйнд нь хийнгээ:
-Муу тэнэг гэж бувтнав.
-Гэхдээ ёстой гайхмаар тэсвэртэй юм гээч гэж Барнет
хэллээ.-Хүчил төрөгчөөр амьсгалдаг нэг ч амьтан үүний ард гарч дийлэхгүй дээ
гэчихээд мань эр бластераа харснаа сансрын хөлгийн мөнгөлөг хуягийг алгадан
–Хэдүүлээ энэ хөлгийг “Индэвэр-2” гэж нэрлэнээ гэлээ.
-Ахмад мандтугай гэж Виктор орилов.
-Наад дуугаа аяд гэчихээд Барнет тэнгэр өөд
ширтэв. -Дөрвөн цагийн дараа бүрэнхий болж эхэлнэ. Виктор чи яваад хоол хүнс,
хүчил төрөгч, багажаа “Индэвэр-2” руу зөө. Нээрээ хуучин ямбийгийнхаа
аккумуляторуудыг цэнэггүй болгочихоорой. Тэгэж байгаад эндээс авч явна аа.
Харин одоо бол харанхуй болохоос өмнө эндээс арилах нь хамгийн чухал.
Виктор тушаал биелүүлэхээр харайлгаж, Барнет Эйжи
хоёр харь гарагийн амьтаны хөлөг рүү орлоо.
“Индэвэр-2”-ийн сүүлний хэсэгт үүсгүүрүүд,
хөдөлгүүрүүд, эрчим хүчний хувиргагчид, түлшний сав байрлаж байв. Хөлгийн бараг
тэн хагасыг эзэлсэн дараагийн хэсэг болохоор 5 см-аас эхлээд 40 см хүртэл том
есөн шидийн өнгөтэй хачин самраар дүүргээстэй байлаа. Энэ хэсгийг залгаад
хошууны хоёр хэсэг байрлаж байв.
Эхнийх нь янз нь багийн гишүүдэд зориулсан
бололтой ч хов хоосон юм. Ор, сандал, ширээний ор ч үгүй, дан гөлгөр металл
шал. Тааз, хананд нь ямар зориулалттай нь мэдэгдэхгүй жижиг нүх, сүвүүд
гаргасан харагдана.
Хөлгийн хошуунд нь нэг хүн арай ядан багтаж болох
нисгэгчийн хэсэг байрлаж байв. Хяналтын дэлгэцийн өмнөх удирдлагын самбар янз
бүрийн багажаар дүүрчээ.
-За энэ бүхэн одоо ингээд биднийх боллоо гэж
Барнет хэлэв.-Сайн судалж учрыг нь олно шүү.
Эйжи толгой дохичихоод удирдлагын самбарын өмнө
явган суугаад багажуудыг сонирхож эхэллээ.
Виктор нэлээд хэдэн цаг болж байж бүх эд зүйлээ
“Индэвэр-2” руу зөөж дуусав. Эйжи энэ зуур юунд ч гар хүрсэнгүй. Мань эр
багажны хэмжээ, өнгө, хэлбэр болон байрлалаар нь ямар зориулалттай болохыг нь
таах гэж оролдож байлаа. Сэтгэлгээний хэлбэр ойролцоо байлаа ч энэ бол тун
амаргүй ажил билээ. Наад зах нь хөөрөлтийн туслах системийн даруулыг баруун биш
зүүн тийш эргүүлэхэд асдаг байгаа бол Эйжи бүгдийг шинээр сурч, тогтоож авах
хэрэгтэй болно. Улаан өнгө нь аюулыг заадаг юм болов уу? Хэрэв тийм бол энэ улаан
товчлуур ослын тормозыг асаадаг байгаа. Гэтэл улаан өнгө нь температур г.м. огт
өөр зүйл заадаг байж ч магадгүй.
Нисгэгчийн хэсэг рүү Барнет шагайлаа. Ард нь
Виктор сүүтгэнэж харагдав.
-За болж байна уу?
Эйжи:
-Болох л юм шиг байна гэж хэлээд нэг товчлуур дээр
хүрэв. -Энэ дээр дарвал хаалга гарцуудыг хааж түгжих ёстой.
Ингэж хэлээд мань эр товчлуурыг дарлаа. Виктор
Барнет хоёр амьсгаа даран юу болохыг нь хүлээв.
Хөлгийн хаалга дуу чимээ гаргалгүй хаагдах нь тэр.
Эйжи сэтгэл хангалуун мушилзаж харагдав.
-Харин энэ бол агаар өгөх систем гэж мань хүн
тунхаглаад жижигхэн арааг түлхэж орхив.
Таазан дээрх жижигхэн нүхнүүдээс шаравтар өнгөтэй
утаа цутгаад эхэллээ.
Эйжи сандран:
-Системд эвдрэл гарчихаж гэв
Виктор ханиалгаж эхлэв.
-Унтраагаач ээ гэж Барнет ориллоо.
Утаа багширан оргилсоор яах ийхийн зуургүй хошууны
хоёр хэсгийг дүүргэчих нь тэр.
-Унтраагаач ээ, чөтгөр ав гэж.
-Удирдлагын самбар харагдахгүй байна шүү дээ
гэчихээд Эйжи гартаа таарсан нэг унтраалга дээр дарж орхив. Тэр даруй
үүсгүүрүүд уухилан асч, удирдлагын самбар цэнхэр очоор шал руу тургилаа.
Эйжи хойш шидэгдэж, Виктор ачааны хэсгийн хаалга
руу харайлган очоод хар хүчээрээ балбаж гарав. Барнет хамаг юм дайвалзаад
ирэхийг мэдэрсэн ч амаа дарж байгаад удирдлагын самбар руу ухасхийлээ.
Виктор гадагш гарах аргаа барсан бололтой шалан
дээр суучихсан хаалгыг хумсаараа маажиж харагдана.
Барнет гараараа тэмтэрч таарсан араа болгоноо ийш
тийш нь хөдөлгөж эхлэв.
Тэгтэл үүсгүүрийн орилох чимээ гэнэт чимээгүй болж
ахмадын царай руу цэвэр агаа сэвэлзэн үлээх нь тэр. Нулимс цувсан нүдээ
арччихаад мань ахмад дээш харав. Сохор азаар шар хийний өгөлтийг зогсоож,
агаарын хавхлагыг онгойлгочихжээ. Шар хий яах ийхийн зуургүй хөөгдөн арилж,
нисгэгчийн хэсэг гарагийн үдшийн цэнгэг агаараар дүүрэв. Амьсгалахад ч хялбар
болчихож.
Виктор арай хийж хөл дээр боссон бол Эйжи хүний
урманд ядаж татганан хөдөлсөн ч үгүй. Барнет хөгшин нисгэгчийн дээрээс
тонгойсноо нам дуугаар хараалын үг урсган хиймэл амьсгаа хийж эхлэв. Тэгэж
тэгэж Эйжигийн зовхи нь чичигнэн хөдлөөд төд удалгүй ухаан орох нь тэр.
-Энэ утаа хаанаас гараад ирэв ээ? гэж Виктор
гаслав.
-Нөгөө тэгш өнцөгт хэлбэртэй найз маань энэ заваан
юмаар амьсгалдаг байсан байх гэж Барнет таамгалалаа.
Эйжи толгой сэгсэрлээ:
-Тэр ч юу л бол ахмад аа. Гарагийн агаар мандал нь
хүчилтөрөгчөөр баяжсан байтал цаад чинь ямар ч баггүй бас...
-Ямаршуу юм харагдаж байсныг нь сана л даа гэж
Барнет яриаг нь таслав. –Тэгээд ч амьтан болгоны хүчил төрөгчийн хэрэгцээ
адилгүй.
-Тэгвэл ч баларлаа шүү гэж Эйжи бувтнав.
Гэнэт сансрын нисгэгчид бие бие рүүгээ харц
шидэлцэв. Тэрхэн зуурын анир чимээгүйг нэг их чанга биш хяхтнасан, зурсан чимээ
эвдлээ.
Айж цочсон Виктор:
-Энэ юу вэ? гэж уулга алдаад бластераа гаргаад
ирэв.
-Чимээгүй гэж Барнет тушаав.
Гурвуул чих тавин сонслоо. Нөгөө чимээ дахин гарах
нь тэр. Төмрөөр ямар нэгэн хатуу, металл биш зүйл дээр балбаж байгаа мэт
санагдана. Дагзан дээрх үс нь босоод ирэхийг Барнет мэдрэв.
Дэлхийн гурав хяналтын дэлгэц рүү ширтэж эхлэв.
Жаргаж байгаа нарны бүдэг туяа “Индэвэр-1”-ийн нээлттэй хаалгыг гэрэлтүүлж
харагдана. Хяхтнах чимээ тэндээс гарч байв.
-Байж боломгүй юм гэж Эйжи уулга алдлаа. –Манай
бластерууд...
-Түүнийг алаагүй байна гэж Барнет баргар дуугаар
өгүүлбэрийг дуусгав.
-Энэ ч харин муу шүү гэж Эйжи амандаа бувтнана.
–Маш муу.
Виктор бластераа барьсан хэвээр зогтусчээ.
-Ахмадаа гэж мань эр Барнетэд хандлаа.-Би
гараад... тэгээд нөгөө...
Барнет толгой сэгсрэв:
-Цаад чинь чамайг гурван алхам ч ойртуулахгүй.
Үгүй ээ, сайн бодох хэрэгтэй. Наад чинь нэг юм сэдэж байгаа. Виктор, ингэхэд
хөлөг дээр юу юу үлдлээ? Аккумуляторууд үлдсэн, тийм ээ?
-Цэнэггүй болгочихсон. Холбогч хэлхээс нь надад
бий.
-Сайн байна. Тэгэхээр зөвхөн хүчил л ...
-Тэр чинь харин аймаар хүчтэй эд шүү гэж Эйжи
ярианд оролцов.-Гэхдээ цаад нэг юм чинь яаж ашиглахыг мэддэг гэж бодохгүй л
байна шүү.
-Тийм байх шүү гэж Барнет зөвшөөрөв.-Тэгсэн ч
гэлээ хэдүүлээ эндээс бушуухан арилахгүй бол болохгүй.
Эйжи удирдлагын самбар руу харлаа. Хагас цагийн
өмнө бол мань хүн самбарын учрыг олчихсон гэж бодож байсан. Харин одоо бол ямар
ч барьцгүй, магадгүй алж ч мэдэх занга л харагдана.
Гэхдээ энд ямар ч хорон муу санаа байсангүй.
Сансрын хөлгөөр зөвхөн аялаад байдаггүй, дотор нь бас амьдардаг. Тэгэхээр
багажнууд харь гарагийн амьтанд амьдрах нөхцлийг нь бүрдүүлж, хэрэгцээг нь
хангадаг байх л ёстой. Харин дэлхийнхний хувьд энэ бүхэн эмгэнэлтэйгээр дуусч
болзошгүй.
-Аль гарагаас ирснийг нь мэддэг ч болоосой гэж
Эйжи санаа алдлаа. –Тэгвэл ядаж энэ хөлгөөс өөр ямар гэнэтийн бэлэг гарч
ирэхийг багцаалахгүй юу.
Гэтэл мань гурав харийн этгээд хортой шар хийгээр
амьсгалдаг гэдгийг л мэдэж байдаг.
-Зүгээр ээ. Бүх юм сайхан болно гэж Барнет нэг ч
их итгэлгүй хэлэв.-Хөөрөх системийг олоод өөр юуг ч оролдож болохгүй шүү.
Эйжи багаж төхөөрөмж судлах ажилдаа буцан орж,
харин Барнет хуучин хөлгийнхөө бүүдгэр гадаргыг ширтэн харь гарагийн амьтны
бодлыг таах гэж хичээнгээ учир битүүлэг чимээг түгшүүртэйгээр чих тавин чагнаж
байлаа.
***
Кален ухаан ороод одоо хүртэл амьд байгаадаа ихэв
гайхав.
Гэхдээ “Мабогийнхан нэг бол шууд үхнэ, үгүй бол
хэзээ ч үхдэггүй” гэсэн үг дэмий нэг гараагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тийм ч
болохоор мань Кален ч үхээгүй байв. Одоохондоо шүү. Кален арай ядан өндийж
суугаад мод наллаа. Час улаан наран тэнгэрийн хаяаны цаагуур далд ороод
эхэлчихсэн, үхлийн хортой хүчил төрөгчөөр баяжсан агаар мэдэгдэхүйц цэнгэг
болоод иржээ. Кален санаа алдаад уушиг нь амьдрал тээгч шар хийгээр дүүрэн
чигтээ одоо хүртэл ажиллаж байгааг мэдрээд дотор нь уужирлаа.
Сая болж өнгөрсөн зүйл ердөө зүүд юм байжээ гэж
Кален бодож эхэлтэл нөгөө танихгүй амьтадын нэг нь хүнд ачаа тахийтлаа
үүрчихсэн хөлөг рүү орж байгааг гэнэт олж харах нь тэр. Хэсэг хугацааны дараа
хөлгийн хаалга хаагдчихав.
Тэгэхээр энэ бүх аймшиг жинхнээсээ болсон болж
таарлаа. Хатуу ч гэлээ үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Хоол,
агаарын хэрэгцээ нэн хурц болсныг Кален мэдэрнэ. Гаднах давхарга нь таг хатаад
цуурчихсан болохоор тэжээлийн цэвэрлэгээ заавал хийх шаардлагатай байдаг. Гэтэл
өөрт нь цорын ганц улаан керлийн самар бас тетнитийн бөмбөгнөөс өөр юу ч алга.
“Хэрэв самарыг хагалж дөнгөвөл нэлээн удаан
аргацаачих байх шүү” гэж Кален бодлоо. “Хамгийн гол нь яаж хагалах вэ?”
Өөрийгөө ийм арчаагүй байдалд ороод байгаадаа
Кален итгэж ядна. Хөлөг дээр бол автоматаар хийгддэг байсан өдөр тутмын ийм
энгийн зүйлийг өөрөө яаж хийх талаар анх удаа бодож байгаа нь энэ.
Харь гарагийнхан өөрсдийн хөлгөө эзгүй орхисон
байгааг мань Кален анзаараад авав. Яагаад гэдэг нь чухал биш, гол нь өглөө
болтол агаарт ил байвал үхэх болохоор тийшээ явах л хэрэгтэй.
Өөрийнхөө хөлөгөнөөс нүд салгалгүй ширтсэн чигтээ
харийн хөлөг рүү дотор нь муухай оргихыг тэвчин, удаанаар мөлхөж эхлэв. Хэрэв
дайсагнасан амьтад харчихвал бүх юм дуусна. Гэвч түүнийг анзаарсангүй. Кален
нээлттэй хаалгаар дамжин харийн хөлгийн дотогш эсэн мэнд орж чадлаа.
Бүрэнхий байсан ч гэлээ хөлөг бүр хуучраад
элэгдсэн болохыг мань Кален анзаарлаа. Нимгэн хана нь энд тэндгүй нөхөөстэй.
Харийнхан яагаад хөлгийг нь булааж авсан нь ойлгомжтой болоод ирлээ.
Ахиад л дотор нь муухай оргиод эхлэв. Юуны өмнө юм
идэх хэрэгтэй гэж бодоод Кален мабогчуудын үндсэн хүнс болсон керлийн самрыг
халааснаасаа гаргаж ирлээ. Самар асар их илчлэгэтэйн дээр 5 см орчим зузаан,
хуяг шиг бат бэх хальсныхаа ачаар олон жилийн турш мууддаггүй юм.
Самраа газар тавьж байгаад Кален хүнд төмөр саваа
аваад хар хүчээрээ дээрээс нь байлгаад авлаа. Гэвч саваа самарын ясан дээр
Калений урманд ядаж ор ч гаргалгүйгээр чанга гэгч нь хяхтнах дуу татуулан буцан
ойх нь тэр.
Кален энэ чимээ өөрийг нь баригдуулж магадгүй гэж
айсан болов ч аргагүй их өлсөж байсан болохоор бүгдийг мартан самарыг нүдэж
эхлэв.
15 минутын дараа туйлдаа хүртэл ядарсан Кален үр
дүнгүй оролдлогуудаа зогсоов. Ган саваа дундаараа бараг нугаларчихсан байхад
самар харин бүрэн бүтэн, яагаа ч үгүй байв. Мабогчуудын хөлөг дээр заавал байх
ёстой стандарт багаж болох хагалагч л керлийн самрыг хагалж чадах бөгөөд
харамсалтай нь өөр аргыг өнөөдрийг хүртэл хэн ч зохиогоогүй байдаг.
Одоо яадаг юм билээ? Кален төмөр савааг ахин шүүрч
авсан ч үе мөч нь хөдлөх чадвараа алдаж эхэлж байгаа мэдрэв. Савааг хаячихаад
бодож эхэллээ.
Гадна давхарга хөдлөхөд саад болж, арьс нь аажмаар
хатаж, эвэрлэг хуяг болон хувирч байлаа. Бүрэн хатаж гүйцэхээр нь Кален хөдлөх
чадвараа алдаад бүтэж үхнэ.
Барьц алдан тэвдэх хүслээ даван байж Кален
толгойгоо ажиллуулах тушаалыг өөртөө өглөө. Хоол яахав ээ, тэвчиж болно, арьсаа
юуны түрүүнд аврах хэрэгтэй. Өөрийн хөлөг дээр бол арьс зөөлрүүлдэг тусгай
шингэнтэй шүршүүрт орох байсан ч харь гарагийнханд тийм шингэн байж таарах нь
юу л бол. Тэгэхээр гаднах давхаргыг хуулж авах гэсэн ганцхан арга л үлдлээ.
Яахав дараа нь дотор талын эмзэг арьсыг хатууртал хэдэн хоног хүлээх хэрэгтэй ч
ямар ч байсан хөдлөх чадвартай болохоос хойш дүүрч.
Кален нугаларахаа байсан хөлөө хөдөлгөн хувцас
солигч хайж эхэлсэн ч тийм, хамгийн энгийн төхөөрөмж ч харийн хөлөг дээр
байхгүйг гунигтайгаар мэдэж авлаа.
Кален ган савааг шалан дээрээс авч дэгээ шиг
махийлгаад арьсныхаа нугачааг гогдон хар хүчээрээ дээш нь угзарч орхив.
Хатуурсан давхарга дийлдсэнгүй.
Хэд хэдэн удаа ямар ч үр дүнгүй оролдосны эцэст
ямар ч нэмэргүй савааг хөсөр шидэх зуур тетнитийн бөмбөгтэй гэдгээ гэнэт
саналаа.
Хэрэв харийнхны булаан авсан хөлгийн доор
тетнитийн бөмбөгийг сэм байрлуулчихвал хөнгөн дэлбэрэлт хөлөгт ямар ч гэмтэл
учруулахгүй, зүгээр л арваад метрийн өндөрт шидэж орхино.
Харин харь гарагийнхан үхэх нь гарцаагүй.
Кален өөрийгөө ийм юм бодож байгаадаа гэнэт маш
ихээр айлаа. Яаж бодохоороо ийм юм бодож олдог байна аа? Мабогийн ёсонд ямарваа
нэг аллага хийх хориотой шүү дээ.
Гэвч дотор хүн нь “Ингэхээс өөр аргагүй биш гэж
үү? Эдгээр харийхан бол муу амьтад. Тэднийг устгаснаар чи Ертөнцөд асар их буян
үйлдэхийн сацуу далиманд нь өөртөө ч тус болно. Үүнийг аллага биш харин бузар
муухайг цэвэрлэх арга хэмжээ гэж тооц” гэж сэм ятгана.
Сэтгэлийн хамаг тэнхээгээ дайчлан албадаж байж
Кален тэр талаар бодохоо болив. “Үгүй шүү”. Арай ядан захирагдах хөлөө чирэн
байж амийг нь аврах гэнэтийн зүйл олдож магад гэж найдсаар хөлгийг онгичиж
эхэллээ.
***
Байдгаараа атийчихсан Эйжи нисгэгчийн хэсэгт
баахан залгагч, товчлуурууд дээр арилдаггүй харандаагаар ядарсан байртай тэмдэг
тавьж харагдана. Мань эр шөнөжин нүд аниагүйн дээр уушиг нь хөндүүрлэнэ. Үүр
цайгаад эхэлчихэж. “Индэвэр-2”-ын дотор нэлээд сэрүүн байсан ч Эйжи дулаан
тохируулагчийг оролдож зүрхэлсэнгүй.
Өргөж яваа хайрцагныхаа хүндийн доор тахийчихсан
Виктор орж ирэв.
-Ахмад хаана байна? гэж Эйжи асуув.
-Одоо хүрээд ирнэ ээ.
Шаардлагатай юмаа хайхад цагаа дэмий үрэхгүйн тулд
Барнет шаардлагатай гэсэн бүхнээ хошууны хэсгүүдэд төвлөрүүлэхээр шийджээ.
Багийн гишүүдэд зориулсан хэсэг бараг л дүүрчихээд байв. Виктор өргөж явсан
хайрцгаа тавих газар ололгүй эргэн тойрноо харвал хажуугийн хананд хаалга
байгааг олж харлаа. Бариулан дээр нь дарвал хаалга дээш гулган нээгдэж,
хариугүй жижигхэн хоосон зай гараад ирснийг Виктор юм хадгалахад хамгийн
тохиромжтой газар байна гэж бодлоо. Ингээд мань эр хүнд ачаагаа самрын улаан
ясаар дүүрсэн шалан дээр тавьж орхив.
Тэр даруйд тааз доошилж эхлэх нь тэр.
Виктор аймшигтай муухайгаар орилоод огцом өндийтөл
толгойгоороо тааз мөргөн ухаан алдан уначихав.
Эйжи нисгэгчийн хэсгээс үсрэн гарч ирэхдээ орилох
чимээнээр гүйж ирсэн Барнеттай мөргөлдөж орхилоо. Ахмад Викторыг хөлнөөс татаж
гаргах гэсэн боловч гөлгөр төмөр шалан дээр гулгаад болж өгсөнгүй. Харин Эйжи
бишэрмээр сийрэг ухаан гаргаж хайрцгийг өргөн бөгсөөр нь босгож тавьснаар гэнэт
доошилсон дээврийг хэсэг зуур тогтоож дөнгөв. Энэ зуур тэр хоёр Викторыг байдаг
хурдаараа чирэн гаргасан агшинд хайрцаг тас няс хийн дуугарч хэдэн хэсэг болон
зад үсэрлээ. Тааз харин бяцалчихсан болохоор болоо гэж байгаа аятай чимээгүй
дээшилж эхэллээ.
Виктор ухаан ороод цохьсон газраа илж үзэв.
-Ахмад аа гэж мань эр уйлан дуугарлаа.- Хэдүүлээ
“Индэвэр” рүүгээ буцвал яасан юм бэ?
-Викторын хэлдэг зөв шүү. Ёстой нэг муу шид
шингэчихсэн хөлөг гэж үүнийг л хэлэх байх гэж Эйжи хэлээд гараа савчив.
-Та хоёр тэгээд хөлгөөс ийм амархан татгалзаж
байгаа хэрэг үү гэж Барнет лавлалаа.
Эйжи эв хавгүй хавчигнаснаа толгой дохилоо. Тэгээд
Барнетээс харц буруулан байж:
-Энэ хөлөг ахиад ямар маяг гаргахыг хэн мэдлээ.
Хэтэрхий эрсдэлтэй байна шүү дээ, ахмад аа.
-“Эрсдэлтэй байна шүү дээ”... гэж Барнет түүнийг
егөөдөв. –Та хоёр юунаас татгалзах гэж байгаагаа ойлгож байна уу? Дан их биеийг
нь зарахад л насаараа идэх хоолтой болно. Тэр хөдөлгүүр бол бүр ч дэндүү. Урд
нь та хоёр ийм юм харж байсан уу? Энэ хөлөг чинь бүхэл бүтэн гарагийг нэвт
өрөмдөөд нөгөө талаар нь гаднаа ганц ч зураасгүй гараад ирнэ гэж мэд.
Гэвч Эйжи бууж өгсөнгүй:
-Гэхдээ үхдэлүүд шагшин магтаж чаддаггүй болохоор
наадахыг чинь бид хоёр үнэлж чадахгүй байх гэж зөрүүдлэхэд Виктор ч толгой
дохилон дагалдаж харагдав.
-Гүйцээ, чалчихаа больж үз гэж Барнет тас хийтэл
хэлэв. –Хөлгийг орхихгүй. Хамгийн гол нь аюулгүй газарт очих хүртлээ юунд ч
хүрч болохгүй. Ойлгомжтой юу? Тийм бол ажилдаа орцгоо.
Хариуд нь Эйжи өөрийн дураар гэнэт няцлагч пресс
болдог өрөөний талаар сануулах гэсэн боловч Барнетийн ширүүн харцтай тулгараад
ам нээхгүй байсан нь дээр гэдгийг ойлголоо.
-Чи удирдлагын самбар дээр тэмдэглэгээ хийчихсэн
үү гэж Барнет тайван өнгөөр асуув.
-Одоо тун жаахан үлдсэн байгаа гэж хөгшин нисгэгч
хариулав.
-Сайн байна. Илүү дутуу юманд хүрч огт болохгүй
шүү. Юу ч оролдоогүй цагт бид яах ч үгүй.
Ахмад хөлстэй духаа арччихаад хана налан хантаазаа
тайллаа.
Яг тэр агшинд ханан дэх нүхнээс хоёр ган дэгээ
үсрэн гарч ирээд ахмадыг бэлхүүсээр нь баглаад бүсэлчих нь тэр. Барнет хар
хүчээрээ угзарсан ч дэгээ дийлдсэнгүй. Тас няс хийх хачин чимээ гарснаа
хананаас нарийхан төмөр утсан тэмтрүүл гараад ирэв. Тэмтрүүл хийсэн эдийнх нь
чанарыг шалгах мэт Барнетийн хантаазыг тэмтэрч үзсэнээ ахмадад бол сэтгэл
хангалуун хоолой засах шиг болсноо буцаад хана руу орчихлоо.
Эйжи Виктор хоёр амаа ангайсан чигтээ хөшч
орхижээ.
-Энэ нэг юмыг унтраагаач ээ гэж Барнет хоолойгоо
хяхтнуулан дуугарлаа.
Эйжи удирдлагын самбар руу ухасхийв. Яг тэр агшинд
7-8 см урттай хурц хутга барьсан ган гар хананаас гараад ирэх нь тэр.
Барнет:
-Үүнийг зайлуулаач ээ гэж амь тэвчин ориллоо.
Виктор амь орж нөгөө аймшигт гарыг барьж авах
гэтэл нөгөөх нь огцом бултаад мань эрийг эсрэг талын булан руу чулуудчихав.
Дараа нь нөгөө гар туршлагатай мэс засалч шиг эв дүйтэй нь аргагүйгээр
Барнетийн хантаазыг дээрээс нь доош хүртэл зүсчихээд юу ч болоогүйг юм шиг хана
руу буцаад орчихов.
Эйжи гартаа таарсан араа, товчлуур болгоныг
сандачин дарж түлхэж, нааш цааш нь болгож үүсгүүрүүдийг орилуулж чарлуулан,
хавхлаг сэнснүүдийг нээж хаан, хөдөлгүүрүүдийг асааж унтраан, гэрлүүдийг
анивчуулж үзсэн ч ахмадыг олзолсон бүс тавигдсангүй.
Нарийхан төмөр тэмтрүүл ахиад гараад ирэв. Тэгээд
Барнетийн цамцанд хүрснээ яахаа шийдэж байгаа аятай хэсэг зуур зогтуслаа.
Доторх эд анги нь түгшүүртэй хүрчигнэнэ. Дараа нь тэмтрүүл цамцанд ахин нэг
хүрч үзээд ахиад л яахаа мэдэхгүй зогтуслаа.
-Би яаж ч чадахгүй байна аа гэж тэндээс Эйжи
орилов.-Наад чинь автомат ажиллагаатай юм байна.
Тэмтрүүл хана руу буцан орж, тэр даруйд ган гар
гараад ирэв. Виктор том түлхүүрээр иртэй хутга руу хар хүчээр байлгаад авахдаа
Барнетийн гавлыг золтой л зад татчихсангүй.
Гэвч хутга хүний урманд доргисон ч үгүй. Шууд л
цамцыг итгэлтэй нь аргагүй хоёр хэсэг болгож үхтлээ айсан Барнет ахмадыг
бүсэлхий хүртэл нь нүцэглэж орхиод алга боллоо. Дараа нь ахмадын мөөрөх төдий
орилох дуунаар тэмтрүүл ахин гарч ирэхэд Викторын дотор муухайрч, Эйжи нүдээ
тас анилаа. Тэмтрүүл олзны хүний цээжний зөөлөн дулаан арьсанд дөнгөж хүрээд
сэтгэл хангалуун тургив. Бүс тэр даруй тайларч ямар ч тэнхэлгүй болсон Барнет
шуудай шиг л шалан дээр гулзайн тарлаа.
Хэсэг зуур анир чимээгүй болов. Бүгд ойлгомжтой
байсан болохоор үг илүү байлаа.
Амьд биеийг мэдэрчихээд тэмтрүүл яагаад зогссоныг
ойлгох гэж Эйжи хичээнэ. Харь гарагийнхан ийм маягаар хувцсаа сольдог байсан юм
бол уу? Үгүй ээ, хэрэв тийм бол энэ солиорол. Гэтэл няцалдаг өрөө ч бас
солиорол биш гэж үү?
Хөгшин нисгэгч болж өнгөрсөн зүйлд сэтгэлийнхээ
гүнд баярлаж байлаа. Энэ муу зөрүүд илжиг Барнет сайхан сургамж авлаа даа. Одоо
ч энэ чөтгөрийн хөлгийг орхиод өөрийнхөө хөлөг рүү яаж буцахаа сэдэхээс өөр
арга үгүй болсон.
-Юугаа зогсоод байгаа юм бэ? Алив хувцаслахад
туслаадхаач гэж ахмад архирав. Виктор хурдан гэгч нь шинэ цамц авчирч өгөхөд
Барнет хананаас холхон шиг зогсож байгаад хааш яаш өмссөн болов.
-Хэдий хугацааны дараа хөөрч чадах вэ? гэж тэр
Эйжигээс асуулаа.
-Юу?
-Дүлийрчихсэн юм биш биз?
-Үгүй, гэхдээ сая болсон...
-Хэдийд хөөрч чадах вэ? гэж ахмад дуугаа
өндөрсгөв.
-Ойролцоогоор цагийн дараа гэж Эйжи хариулсан
болоод үзэн ядаж байгаа нисгэгчийн хэсэг рүү сажиллаа.
Барнет хоолойтой ноосон цамц, дээрээс нь пальто
өмсөөд авав. Хөлөг дээр хүйтэн байсан болохоор мань эр үнэхээр их даарчихаж.
***
Кален хамаг тэнхээгээ барчихаад хэвтэж байв.
Хатсан гадаргыг хуулах гээд хамаг хүчээ шал дэмий зүйлд үрсэн нь тэнэг хэрэг
болж. Одоо бол чүү чамай л хөдөлж чадаж байв.
Толгойд нь хар багынх нь дүр зураг гялалзан
өнгөрнө. Цайз шиг шөвгөр үзүүртэй Мабогийн хадан хясаа, Кантанопегийн аварга
том сансрын зогсоол бас жаргаж байгаа хоёр нарыг харан бахдан зогсох өөрийнх
нь, бяцхан Калений дүр. Хоёр нарны нэг нь хөх, нөгөөх нь шар өнгөтэй. Гэхдээ
хоёулаа яагаад өмнө зүгт жаргадаг юм бол? Ааваас асуух хэрэгтэй юм байна шүү.
Кален бодлоо үлдэн хөөлөө. Удахгүй өглөө болох нь.
Мабогийн сансрын нисгэгч ингэж гутамшигтайгаар үхэж болохгүй, тэмцлээ
үргэлжлүүлэх хэрэгтэй.
Мань Кален хагас цаг гаруй үйлээ үзэн хайсны эцэст
хөлгийн сүүлний хэсэгт лацадсан төмөр хайрцагтай таарлаа. Тагийг нь цохиж
унагавал завсар нь зөөлөн даавуу, үртэс хийж жийрэглэсэн тус бүртээ ороолттой
том лонхнууд байж байв. Нэг лонхыг гаргаж сонирхлоо. Дээр нь хачин цагаан
тэмдэг дүрслэгдсэн байсан нь Календ нэг л танил санагдав. Ой тогтоолоо дайчлаад
таньлаа. Тэр бол хүн төст бодгалиудын гавлын яс байв. Мабогийн холбооонд хүн
төст бодгалиудын нэг иргэншил ордог бөгөөд ийм гавлын ясны дуураймлуудыг Кален
музейд харж байсан байжээ. Гэхдээ ийм тэмдгийг лонхон дээр зурдаг нь яаж байгаа
юм бол?
Лонхыг нээн үнэрлэж үзэв. Үнэр нь их таатай яг
л... яг л сул ч гэлээ арьс цэвэрлэдэг тэжээлийн шингэний үнэртэй төстэй байлаа.
Кален лонхон дахийг дээрээсээ асгачихаад юу
болохыг нь амьсгал дараан хүлээж эхлэв. Арьсаа л сэргээчихдэг юм бол уу...
Бодсоноор нь ч болж шингэн ч сулавтар цэвэрлэгч
мөн болж таарав. Мань Кален ахин нэг лонхыг дээрээсээ асгаж байхдаа амь
оруулагч уусмалыг гадарга нь хэрхэн шингээн авч байгааг мэдэрч байлаа.
Шингэн эвэрлэг хуяганд нь шимэгдэн зөөллөхийг
хүлээж Кален хэсэг зуур дээш харан тайвшран хэвтлээ. Удалгүй арьс нь уян хатан
чанараа бүрэн сэргээхэд Кален ч эрч хүч нь гайхалтай нэмэгдэхийг мэдрэв.
Ямар ч байсан тэр амьдрах болно.
Эмчилгээний шингэнд орсны дараа Кален нислэгийг
удирдах хэрэгслүүдийг судлав. Үнэхээр тэнэг хийгджээ. Хөлгийн бусад хэсгүүдийг
татлцлын эсрэг үйлчилгээтэй өрөө болгочихож ч чадаагүй байна шүү дээ. Гэхдээ
нөгөө талаас авч үзвэл тийм хэмжээний шингэн хадгалах сав багтаах зай ч бас
алга.
Зүгээрээ гэж Кален бодооо. Ийм зэргийн бэрхшээлийг
тэр яаж ийж байгаад л давж чадна. Гэвч хөдөлгүүрийг судлах явцдаа аккумуляторын
зайнуудын зайлшгүй хэрэгтэй нэг эд анги байхгүй байгааг анзаарав.
Аккумуляторуудыг санаатайгаар ажиллагаагүй болгочихож.
Өөрийн хөлгөө эргүүлж авах гэсэн ганцхан арга л
одоо үлдэж дээ.
Гэвч яаж вэ? Мабогийн хуулиуд бүх төрлийн аллага
үйлдэхийг хориглодог. Ямар ч тохиолдолд, өөрийн амь насыг аврахын төлөө ч гэсэн
тэр мабогчууд амьтны аминд хүрэх эрхгүй байв. Энэ мэргэн хуулийн ачаар
мабогчууд өдийг хүртэл гурван мянган жилийн турш дайнгүй амьдарч, мабогийн соёл
иргэншил хамгийн өндөр дээд хөгжилдээ хүрсэн билээ.
Тэгээд одоо яах болж байна? Үхэх үү?
Мань Кален хөл доорхоо харав. Түүний асгасан
шингэн нь шалан дээр маш том нүх гарган цоолоод идчихсэн байгааг хараад ихэд
гайхлаа. Өчүүхэн муу сул цэвэрлэгч хүртэл идчихдэг яасан найдваргүй хөлөг вэ
дээ. Янз нь харь гарагийнхан ч маш сул дорой амьтад бололтой.
Тетнитийн ганцхан бөмбөг байхад л хангалттай.
Тэгээд... тэгээд Мабог дээр хэн ч энэ тухай олж
мэдэхгүй.
***
-За, яасан? Болж байна уу? гэж Барнет тэвчиж ядсан
байртай асуув. Эйжи харандаагаар тэмдэглэсэн удирдлагын самбарыг хараад:
-Тийм л юм шиг байна гэж хариулав.
-Сайн байна. Виктор бид хоёр багийн гишүүдийн
өрөөнд үлдэнэ. Хамгийн бага хурдатгалтайгаар хөөрөөрэй.
Эйжи арван секундын бэлэн байдал зарлаад товчлуур
дээр дарахад түүнийг багийн гишүүдийн хэсгээс тусгаарласан хаалга хаагдлаа.
Түүнийг ахиад нэг товчлуур дээр дарахад аккумуляторууд ажиллаж эхэллээ.
Одоохондоо бол ч бүх зүйл хэвийн явж байлаа.
Тосорхог шингэн шалан дээгүүр нарийхан жим
татуулсаар урсаад гараад ирэв. Эйжи түүнийг хараад дамжуулагч нарын нэг нь тос
алдаад байгаа юм байна гэж сурсан зангаараа бодчихоод бодсон даруйдаа мартаж
орхилоо. Автомат чиглүүлэгчид шаардлагатай чигийг оруулаад хөдөлгүүрийг асаатал
хөлд нь сонин юм хүрэх шиг болохыг мэдрээд харвал өтгөн, эвгүй үнэртэй шингэн
төө хэртэй зузаанаар шалыг бүхэлд нь дүүргэчихсэн байх нь тэр. Тос алдалтын
шалтгааныг тогтоох гэж Эйжи хамгаалалтын бүсээ тайллаа. Удалгүй шингэнийг
лугшилтаар цацан гаргаж байгаа дөрвөн нүхийг олов. Тэгээд хаалгыг удирддаг
товчлуур дээр дарсан ч хаалга нээгдсэнгүй. Аль болох сандрахгүй байхыг хичээн
мань эр хаалгыг маш анхааралтай үзэв.
Хаалга яах аргагүй л онгойх ёстой байлаа.
Гэвч онгойсонгүй.
Эйжи удирдлагын самбар руу буцаж очив. Хөлөг рүү
орж байхад ямар ч шингэн олж хараагүй. Тэгэхээр буцаж урсдаг хоолой байгаа юм
байна.
Шингэн гадагшилдаг хоолойг олох үед өмхий үнэртэй
шингэн бэлхүүсээр нь татчихаад байв. Эйжи арааг нь өөр рүүгээ татахад шингэн
дороо алга болчихов. Дараа нь хаалга ч нээгдлээ.
-Юу болоод байна гэж Барнет асуув.
Болсон зүйлийг Эйжи ярьж өглөө.
-Тэгвэл ойлгомжтой гэж Барнет тайван хэллээ. –Тэгш
өнцөгт хэлбэртэй найз мань хөөрөх үеийн хурдатгалыг яаж тэсвэрлэдэг юм бол доо
гээд бодоод байсан юм. Бид хөлгийн дотор цаадахыг чинь бүсэлчихэж болох юу ч
олоогүй шүү дээ. Тэгэхээр цаад чинь хөлөг хөөрөхөд бэлэн болох үед нисгэгчийн
хэсгийг автоматаар дүүргэдэг тосон дотор хөвж байдаг юм байна.
-Тийм юм бол хаалга яагаад онгойхгүй байсан юм
бол?
Барнет:
-Ойлгомжтой биш байна гэж үү гэж хэлээд жаахан
хүүхэд аргадаж байгаа мэт инээмсэглэв.-Хөлгийг тэр чигээр нь тосонд хутгах шаардлага
байхгүй шүү дээ.Тэгээд ч санамсаргүй тос алдагдахаас давхар хамгаалж байгаа
хэрэг.
-Тэгвэл бид хөөрч чадахгүй юм байна.
-Яахаараа тэгдэг билээ?
-Би тосон дотор амьсгалж чаддаггүй. Гэтэл намайг
хөдөлгүүр асаамагц л тос дүүрээд ирнэ.
-Чи тэгвэл буцаж урсгах хоолойг нээгээд буцаж
хаалгахгүйн тулд тохируулагчийн арааг холбоод уячихдаг байхгүй юу. Тэгэхээр тос
дүүрч байгаа хурдаараа буцаж урсах болно.
Эйжи:
-За за тэгвэл үзээд л алдахаас гэж ямар ч
баясгалангүй дуугаар зөвшөөрлөө.
Ахмадын зөвлөгөө үнэхээр зөв болж таараад шингэний
түвшин 5 см хэртэйгээс хэтэрсэнгүй. Хурдатгалын тохируулагчийг хамгийн бага
дээр нь тааруулж байгаад Эйжи хөөрөх товчлуур дээр дарлаа.
***
Газраас тасран хөөрч яваа хөлгөө Кален гунигтай
харцаар үдлээ. Тэр бөмбөг тавьж зүрхэлсэнгүй. Хэдэн зууны турш мөрдөгдөж байгаа
хуулийг хэдхэн цагийн дотор зөрчинө гэдэг амаргүй.
Гэвч Кален барьц алдан сандарсангүй. Бууж өгөхгүй
болоогүй байна шүү. Эцсийн амьсгал хүртлээ амьдралаас зууралдаж, гараг дээр өөр
хөлөг нисч ирнэ гэсэн саяд ганцхан боломж байсан ч найдсаар байх болно.
Цэвэрлэгч шингэнээс агаар орлуулагчийг хялбархан
хийж болно гэдгийг сая л Кален сэтгэв. Ямар ч байсан хэд хоног амьсгалах
агаартайгаа. Болдогсон бол дээр нь нэмээд керлийн самараа хагалчихвал ч...
***
Муурч унахынхаа өмнө хурдатгалыг хоёр дахин
багасгаж амжсан байснаа Эйжи ухаан ороод ойлголоо. Ингэсэн тулдаа л амьд байгаа
болж таарав.
Гэсэн хэдий ч хөлгийн шатлалаар бол бараг тэгтэй
тэнцүү байгаа хурдатгалыг тэсч давахын аргагүй хэвээр. Эйжи хаалгыг нээгээд
өөрийнхөө хэсгээс мөлхөн гарав.
Барнет Виктор хоёрыг бэхэлсэн бүс нь хөөрөх үед
зад үсэрчихэж. Виктор дөнгөж ухаан орсон бололтой, харин Барнет юу ч үгүй
шалчийсан хайрцагнууд дотроос арай хийн гарч харагдана.
-Юун тэнэг наргиан бэ? гэж Барнет үгүйээ зөөж ядан
хэлэв.-Хамгийн бага хурдатгалтгайгаар гэж би хүний хэлээр хэлсэн биз дээ.
-Би хамгийн багаас хоёр дахин бага хурдатгалтай
хөөрсөн гэж Эйжи хариулав.-Өөрөө очоод харахгүй юу.
Барнет нисгэгчийн хэсэг рүү ороод, удалгүй буцаад
ирэв.
-Хэрэг ч бишдлээ дээ гэж нөгөө хоёртоо хэлэв.-Энэ
хөлөг чинь манайхаас гурав дахин илүү хурдатгал авахаар тооцологдсон юм байна.
Тэр тэнэг гараг нь хэтэрхий их хүндийн хүчтэй болохоор хөөрөхийн тулд аймшигтай
хурд авах шаардлагатай байдаг бололтой.
Ханан дотор нэг юм тас няс хийв.
Сэхээ орсон Виктор:
-Нэг л дулаан болоод байгаа юм шигээ гэж
болгоомжтой хэлэв.
-Даралт ч бас нэмэгдээд эхэллээ гэж Эйжи хэлчихээд
удирдлагын самбар руу зүтгэлээ.
Барнет Виктор хоёр түгшүүр дүүрэн харцаар хөгшин
нисгэгчийн араас ширтэн үлдэв.
Эйжи минчийж улайсан нүүрнийхээ хөлсийг арчин:
-Би яаж ч чадахгүй юм байна аа. Хөлгийн доторх
дулаан, даралтыг автоматаар тохируулдаг юм байна. Янз нь нислэгийн явцад
“хэвийн” гэсэн түвшин хүртэл өөрчлөгддөг бололтой.
-Тэгвэл яаж ийж байгаад унтраагаач дээ, чөтгөр ав
гэж Барнет хашгирлаа.-Эсвэл чи биднийг шарж алах гээ юу?
-Дулаан тохируулагч тэртээ тэргүй тэг дээрээ
байгаа гэж Эйжи хариулав. –Илүү багасгах ямар ч аргагүй.
-Тэр муу хараал идсэн харь гарагийн амьтны хэвийн
дулаан нь хэд юм бол доо?
-Бодохоос ч аймаар гэж Эйжи хариулав. –Хөлгийг
санаанд оромгүй их дулаан даах чадвартай эдээр хийж. Бас дэлхийн хөлгүүдээс
арав дахин өндөр даралтыг даах чадвартай юм. Энэ хоёр өгөгдлийг харьцуулж
байгаад өөрөө бодоод үз дээ...
Төмөр шал бараг улайсчихаж. Барнет тэсгэл алдан:
-Гэхдээ наадуул чинь ер нь унтардаг юм байгаа биз
дээ гэж уурлалаа.
-Наадахаа унтраа л даа гэж Виктор дуу мэдэн
чарлав.
-Би ямар энэ хөлгийг угсраа юу гэж ирээд Эйжи
өөрийгөө зөвтгөж эхлэв.-Би яаж мэдэх юм...Намайг зүгээр байлга гээд Эйжи
бластераа шүүрэв. Тэгтэл гэнэт толгойд нь мэргэн санаа гялсхийж, мань эр
хөдөлгүүрүүдийг унтрааж орхив.
Ханан дотор тас няс хийх чимээ гарахаа байж
хөлгийн доторх хөрж эхлэв.
-Юу болсон бэ? гэх дууг нь сонсвол Виктор шууд
тайвширчихаж.
-Хөдөлгүүр ажиллаагүй үед дулаан, даралт хоёр
унадаг юм байна гэж Эйжи хариуллаа. –Хөдөлгүүр асаагүй цагт бид аюулгүй.
Хэсэг зуурын анир чимээгүй Барнет эвдлээ:
-За тэгэхээр хэдүүлээ заваан юманд орооцолдож дээ,
тийм үү?
-Тэгэж ээ гэж Эйжи батлав.-Инерцээрээ урагшлаад
байвал хамгийн наад зах нь гурван жил болж байж том гарагт хүрнэ.
-Тэгвэл одоо яая гэх вэ, өөрсдийнхөө хөлөг рүү л
буцахаас даа.
Эйжигийн дотор нь онгойсон ч гаднаа
мэдэгдэлгүйгээр автомат чиг баригчид шинэ чиг орууллаа.
-Нөгөө амьтан чинь хөлгийг маань эргүүлж өгөх
болов уу гэж Виктор асуув.
-Мэдээж гэж Барнет итгэлтэй нь аргагүй
хариулав.-Өөрийнхөө хөлгийг ямар ч үнээр хамаагүй буцааж авахыг хүсч байгаа.
Тэгэхээр манай хөлгийг орхиж л таарна.
-Тийм л дээ. Гэхдээ цаадах чинь..
-Бид автомат удирдлагыг нь эвдэлнэ. Засах гэсээр
нэлээд удах биз гэж Барнет хэллээ.
-Нэг их удах нь юу л бол гэж Эйжи бодлоо
хэлэв.-Дараа нь тэртээ тэргүй биднийг гүйцээд авна.
-Тэр ч юу л бол гэж Барнет мушилзав.-Хамгийн гол
нь хэдүүлээ түрүүлээд хөөрөөд авах хэрэгтэй. Энэ хөлгийн их бие хэдий бат бөх ч
гэлээ гурвын гурван цөмийн дэлбэрэлтийг даах нь юу бол.
Эйжигийн царай нь цонхийж орхив:
-Энэ талаар харин бодоогүй юм байна шүү.
Барнет өөдрөг хоолойгоор:
-Тэгээд хэдүүлээ хэзээ нэгэн цагт эргэж ирнэ. Энэ
хөлгийг хийсэн металл үнэ хүрэх нь гарцаагүй гэж үгээ дуусгав.
Эйжи хөдөлгүүрүүдийг асаан “Индэвэр-2”-ыг гараг
руу эргүүллээ. Автоматууд ажиллаж хөлгийн дулаан яах ийхийн зуургүй нэмэгдээд
ирлээ. Автомат чиглүүлч шаардлагатай чигт нисч байгаа эсэхийг магадласны
дараагаар Эйжи хөдөлгүүрүүдийг унтраахаад, хөлөг цаашаа инерцийн хүчээрээ нисч
эхлэв.
Тэд автоматуудыг эвдэлж амжсангүй. Учир нь
газардахын өмнө Эйжи хөдөлгүүрүүдийг дахин асаахаас өөр аргагүй болсон болохоор
“Индэвэр-2”-ыг газардасны дараа манай гуравт арай хийж гадагш гарах тэнхээ л
үлдсэн байсан юм.Тэдний хамаг бие нь түлэнхийн цэврүүгээр дүүрч, гутлынх нь ул
нэвт шатсан байв.
Манай гурав ойд нуугдаад хүлээж байлаа.
Хэсэг хугацааны дараа харь гарагийн амьтан тэдний
хөлгөөс гараад өөрийнх рүүгээ оров. Ороод агшин төдий л удсан байх хаалганууд
нь хаагдаад авлаа.
Барнет:
-За тэр харав уу гэж хэлээд бослоо. –Одоо харин
яаралтай хөөрөх хэрэгтэй шүү. Эйжи чи шууд л удирдлагын самбар руу яв. Би
аккумуляторуудыг холбоно, харин Виктор хаалгыг татаж хаана. Урагшаа.
***
Кален нөөц савыг нээхэд хөлөг анхилуун сайхан
үнэртэй, цэнгэг шар хийгээр дүүрлээ. Кален хэсэг зуур тамшаалан байж
амьсгаллаа.
Дараа нь хамгийн том гурван ширхэг керлийн самарыг
сонгож аваад няцлагч няцалж дуусахыг нь тэвчээртэй хүлээлээ.
Цадаж авсныхаа дараа Калений бие хавьгүй дээрдээд
ирэв. Хувцас солигчоор чулуу шиг болсон гадна давхаргаа хуулууллаа. Иртэй хутга
дээд талын хоёр давхаргыг тун чамбай зүсээд амьд, зөөлөн арьсанд нь хүрэлгүй
зогсов.
Харь гарагийн амьтадын ухаан нь самуурсан байх гэж
Кален бодов. Буцаж ирээд хөлгийг нь буцааж өгснийг өөр юугаар тайлбарлах билээ?
Эрх баригчдад энэ гарагийн байршлыг заавал хэлж
байгаад эндээс авахуулж, эмчлүүлэх юм шүү.
Кален аз жаргалтай байлаа. Мабогийн ёс зүйн
хуулийг зөрчөөгүй болохоор арга ч үгүй. Гэтэл хэрэв хүссэн бол харийн хөлөг дээр
тетнитийн бөмбөг тавьчихаад хөдөлгүүрийг нь ажилгаагүй болгочихаж чадах л
байсан.
Гэхдээ тийм юм хийсэнгүй.
Өөрийнхөө амьд явах нөхцлийг хангах хэдэн энгийн
төхөөрөмж л угсарсан төдий.
Кален төхөөрөмжүүдээ шалгавал бүгд зүв зүгээр.
Нэгэнт зүгээрээс хойш Кален аккумуляторуудаа
асаачихаад нисгэгчийн хэсгийг хүндийн хүчний эсрэг шингэнээр дүүрэхийг
хүлээлээ.
***
Виктор хаалганд хамгийн түрүүнд гүйж хүрсэн ч
хүрсэн даруйдаа буцаад шидэгдэх нь тэр. Барнет гүйцэж ирээд:
-Юу болсон бэ? гэв.
-Намайг нэг юм цохиод авлаа.
Гурвуулаа хөлгийн дотогш болгоомжтой шагайлаа.
Тун чамбай холбосон утаснуудыг аккумуляторуудаас
хана хүртэл татсан харагдана. Хэрэв Виктор хананд хүрсэн л бол тэр даруйдаа
гүйдэлд цохиулан үхэх байж.
Үхэл агуулсан хэлхээг холбож орхиод мань гурав
дотогш орлоо.
Хөлгийн дотор хөл толгой нь мэдэгдэхгүй болжээ.
Шалаар дүүрэн хаа хамаагүй шидэлсэн зүйлс хөглөрнө. Тэхий дундуураа гулзайсан
ган саваа буланд хэвтэж харагдав. Энэ бүхний дээр “Индэвэр”-ийн үжирсэн их
биеийг хүчил хэд хэдэн газар цоо түлчихэж.
Сүүлний хэсэгт бас нэгэн урхи тэднийг хүлээж байв.
Хүнд хаалгыг хэмжээ жижигтэй асаачгтай туйлын хорон санаатайгаар холбочихож.
Ганцхан удаа л болгоомжгүй хөдлөхөд орох гэж оролдсон хүн гамбир болох байлаа.
Сансрын нисгэгчдийн хэнийх нь ч тайлж мэдэхгүй өөр
бусад төхөрөөмжүүд бас байв.
-Хэдүүлээ энэ бүхнийг засч чадах болов уу? гэж
Барнет асуув.
-Манай бараг бүх багаж “Индэвэр-2” дээр үлдсэн.
Жил хэртэй ноцолдвол зарим нэг юмаа засч чадах ч их бие засварыг даана гэж
баттай хэлж чадахгүй л юм гэж Эйжи хэлээд мөрөө хавчив.
Мань гурав гадагш гарлаа. “Индэвэр-2” тэнгэр өөд
цойлон хөрч байв.
Барнет хүчилд идэгдсэн хөлгийн их биеийг хараад:
-Өөдгүй новш юм даа гээд байдгаараа уурлан хараал
урсгав.
-Харь гарагийн амьтан ямар хэрэг тарихыг тааж
мэдэх ч хэцүү юм даа гэж Эйжи гүн гүнзгий дүгнэлт хийв.
-Харь гарагийн сайн амьтан гэвэл харь гарагийн
үхсэн амьтныг л хэлэх байх даа гэж Виктор хэлэв.
“Индэвэр-1” одоо “Индэвэр-2”-той адил нууцлаг,
аюултай хөлөг болон хувирч. Харин “Индэвэр-2” аль хэдийн сураггүй болсон
байлаа.