Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувалзууд сөнөтүгэй (Роберт Шеклийн өгүүллэг)

            Ричард Грегор Фрэнк Арнольд хоёр гараг хоорондын цэвэрлэгээний алба “АСЕ” компаний өрөөнд суучихсан үйлчлүүлэгч орж ирэхийг хүлээх урт удаан бөгөөд шаналгаатай хүлээлтийг тус тусдаа аргалж байлаа. Өндөр туранхай, сентименталь зантай Грегор хөзөр эвлүүлнэ. Булцгар, намхан нуруутай Арнольд, канар бялзуухай шиг тод шар өнгийн үс, цэнхэр нүдтэй Арнольд болохоор жижигхэн зурагтаар Фред Астерийн тоглосон хуучны кино үзэж сууна. Гэтэл гэнэт гайхамшиг болж үйлчлүүлэгч ороод ирэх нь тэр.

                Энэ удаад Саркан II гарагийн булга шиг толгойтой саркан хүн иржээ. Тэрээр цагаан костюм өмсөж, гартаа үнэтэй цүнх барьсан харагдана.

                Саркан хүн орж ирэв үү үгүй шууд л:

-Шимэгчид, хувалзуудыг нь устган цэвэрлэх хэрэгтэй нэг гараг надад байна гэж мэдэгдлээ.

-Та зөв газраа хандлаа гэж Арнольд түүнд хэлэв.-Тэгээд юу танд саад болж байгаа юм бол?

-Миигууд. Үүрнээсээ гардаггүй байхад нь бид яах вэ гээд тэсээд байдаг байсан. Гэтэл одоо миигууд манай сауника руу дайрдаг болоод эхэлсэн болохоор учрыг нь олохгүй бол болохоо байлаа.

-Миигууд гэдэг чинь юу юм бэ? гэж Грегор лавлав.

-Жижигхэн эрэмдэг царайтай, урт хумс, салбарсан үс ноостой бараг тархи гэхээр юмгүй амьтад байдаг юм.

-Тэгвэл сауника нь?

-Сауника гэдэг нь дэлхийн байцаатай төстэй, ногоон навч бүхий хүнсний ногоо юм л даа. Сарканчууд зөвхөн сауника иддэг юм.

-Тэгсэн чинь одоо миигууд сауника идээд эхэлсэн үү?

-Үгүй ээ. Цаадуул чинь сауника иддэггүй, харин хумсаараа зад таталж, их муухай бүдүүлгээр устгадаг.

-Яаж байгаа юм бол?

-Миигуудыг хийж байгаа юмыг ухаалгаар тайлбарлах боломжгүй л дээ.

-Нээрээ ч тийм дээ гэсээр Арнольд инээд алдав.-Яах аргагүй тийм шүү. За за бид танд туслаж чадах байх гэж бодож байна эрхэм ээ. Гэхдээ нэг асуудал байна аа.

                Грегор хамтрагч руугаа түгшүүртэй харц чулуудав.

-Ямар асуудал вэ гэхээр гэсээр Арнольд үргэлжлүүлэв.-Ажлын хувиарт цаг зав гаргаж болох нь уу гэж.

                Ингэж хэлээд яг ийм үед ашиглах зорилгоор өөрөө зохиож бичсэн баахан нэр, огноо бүхий олон хуудастай захиалгын дэвтрээ мань эр нээж үзэв.

-Та их азтай байна шүү гэж мань хүн мэдэгдэв.-Яг энэ амралтын өдрүүдэд бид завтай болох юм байна. Тэгэхээр одоо төлбөр дээрээ тохиролцчихвол бид танай гараг руу нислээ. Энэ бол стандарт гэрээ байгаа юм. Танилцана уу.

                Харин саркан хүн цүнхээ нээн бичиг гаргаж ирээд:

-Би өөрийнхөө гэрээг аваад ирсэн гэж хэлээд Арнольдод сарвайлаа.-Гэрээнд тун ч их хэмжээтэй төлбөрийг санал болгосон байгааг та харж байгаа биз дээ.

-Харалгүй яах вэ гэж Арнольд хэлээд гарын үсгээ таталган зурж орхилоо.

                Грегор харин гэрээг авч анхааралтай уншиж үзэв.

-Энд чинь гэрээний нөхцлийг зөрчвөл төлбөрөөсөө хоёр дахин өндөр торгууль төлнө гээд биччихсэн байна шүү дээ гэв.

-Яг тийм учраас л бид танайд тэгэж их мөнгө төлөх гээд байгаа юм шүү дээ гэж саркан хүн тайлбарлав.-Ургац хураах улирал дуусахаас өмнө үр дүн нь маш хурдан гарах ёстой шүү.

                Энэ байдал Грегорт таалагдаагүй ч хийгдээгүй төлбөр, хугацаа нь хэтэрсэн банкны зээлийг сануулсан баргар харцыг хамтрагч нь түүн рүү чулуудахад хэсэг эргэлзэснээ гарын үсгээ сараачив.

****

 

Дөрвөн өдрийн дараа мань хоёрын хөлөг Сарканы улаан одой одноос холгүйхэн дэд орон зайнаас шумбан гарч ирлээ. Үүнээс нэлээн хэдэн цагийн дараа тэд сарканчууд болон шимэгч хувалз миигуудын гараг Саркан II дээр газардах нь тэр.

                Сарканы хамгийн том хот болох Баргар нэртэй хотод тэднийг хэн ч угтсангүй. Хотын оршин суугчид бүгд амралтын улирлаараа Бага Аарцаг нэртэй амралтын хот руу, бүлгээрээ амарч байгаа хүмүүс хөнгөлөлт үзүүлж байсан ч багагүй мөнгө заран байж нүүж очоод өнгө алагласан оромжууддаа суун гарагийг нь шимэгчдээс цэвэрлэхийг хүлээж байсан хэрэг.

                Манай хоёр Баргар хотоор зугаалж үзсэн боловч шавар тагзнууд нь сайхан сэтгэгдэл төрүүлсэнгүй. Тэр хоёр хотын гадна, сауника суулгасан талбайн захад отогоо зоохдоо их олон сауникаг зулгаалж, суга татаж, хэдэн хэсэг тасар татан талбайгаар шидэлсэн байхыг хараад саркан хүн дэмий юманд санаа зовоогүйг нь ойлголоо.

                Хамтрагч хоёр ажлаа өглөөнөөс эхэллээ. Папайя буюу хулууны модонд агуулагддаг папаин нэртэй фермент нь миигуудэд аюултай нөлөө үзүүлдэг болохыг Арнольд лавлахаас олж уншсан байжээ. Ердөө саяд хорь гэсэн харьцаатай папаины уусмалаар шүршихэд л миигүүд комд ордог бөгөөд нэн даруй хүйтэн жин тавьж байж л аврах боломжтой. Галактикд үүнээс илүү ч таагүй алж устгах олон арга зохиогдсон байдаг гэдгийг санавал тун ч муугүй арга шүү. Хамтрагчид маань хэд хэдэн гараг дээрх мигуудыг устгахад хүрэлцэх хэмжээний хатаасан, хөлдөөсөн, нөөшилсөн, шинэ папайя авчирсан байлаа.

                Мань хоёр майхнаа зоочихоод түүдэг асаан эвхдэг сандал дээр тухлаж, Сарканы улаан наран үдэш хэвийх тэнгэрийн хачин чамин уран баримал шиг үүлс рүү жарган орохыг харж нүдээ баясгаж байлаа.

                Хурц сүмстэй нөөшилсөн шошоор хийсэн оройн хоолоо дөнгөж идээд дуустал нь ойролцоох бутан дунд сэрчигнэх чимээ гарч, тод бор арьстайг нь эс тооцвол мууртай их адилхан жижигхэн амьтан болгоомжтой нь аргагүй гарч ирэх нь тэр.

                Грег:

-Энэ чинь нөгөө мииг нь арай биш биз дээ? гэж Арнольдоос асуув.

-Тэгэлгүй яах вэ, би мииг байна гэж нөгөө амьтан батлан хэлэв.-Харин та хоёр Гараг хоорондын цэвэрлэгээний алба “Асе”-гийн ноёд уу?

-Яг зөв гэж Грегор хариулав.

-Сайн байна. Тэгвэл та хоёр сарканчуудын учрыг олохоор ирсэн юм байна.

-Яг ч тийм биш л дээ гэж Арнольд үгүйсгэв.

-Та хоёр бидний бичсэн захидлыг аваагүй гэж хэлэх гээд байна уу даа? Захидлыг сансрын экспресс шуудангаар явуулах хэрэгтэй байсан гэж мэдээд байсан юм аа... Тэгвэл та хоёр яах гэж энд ирсэн болж байна?

-Хм, би яаж хэлэхээ сайн мэдэхгүй байна л даа гэж Грегор үнэнээ хэлэв.-Миигууд та нарыг англиар ярьдаг гэдгийг бид мэдсэнгүй.

-Мэдээж бүгд ярьдаггүй л дээ. Гэхдээ би л гэхэд Корнеллийн их сургуулийг дүүргсэн юм.

-Аан гээч гэж Грегор хэлэв.-Яасан бэ гэхээр хэдэн өдрийн өмнө нэг саркан хүн бидэнд дээр ирээд гарагийг шимэгч хувалзнуудаас цэвэрлээд өг гээд төлбөрөө хийчихсэн юм аа.

-Шимэгч хувалз гэнэ ээ? Тэгээд хэнийг шимэгч хувалз гэсэн юм бол?

-Та нарыг гэж Арнольд хэлэв.

-Намайг уу? Биднийг үү? Тэр саркан тэгээд биднийг тэгэж хэлсэн юм уу? Бидний хооронд зарим нэг санал зөрөлдөөн байдаг ч энэ арай дэндэж байна аа. Тэгээд биднийг устгуулахаар мөнгө төлсөн хэрэг үү? Та нар харин мөнгийг нь авчихсан юм уу?

-Ний нуугүй хэлэхэд бид миигуудийг арай тийм... бүдүүлэг амьтад гэж төсөөлж байсан юм л даа гэж Арнольд бувтналаа. –Ердийн нэг хортон амьтан гэдгийг та нар мэддэг бол тийм амьтан гэж төсөөлж байсан юм.

-Ёстой утгагүй юм гэж мииг уулга алдав.-Үнэндээ бол тэд нар чинь жинхэнэ хортон, шимэгч хувалзууд байгаа юм. Харин бид бол соёлжиж иргэншсэн амьтад юм шүү.

-Үүнд чинь харин би эргэлзэж байна шүү гэж Грегор мэдэгдэв.-Үнэхээр л тийм юм бол та нар яах гэж сауникийн бөөрөнхийг сүйтгээд байдаг юм бэ?

-Би л таны оронд байсан бол харь нутгийн шашны зан үйлийн талаар ингэж бүдүүлэг дүгнэлт хийхгүй байсан юм даа.

-Бөөрөнхий тасар таталаж хаяхад зан үйлсээд байх юу байдаг юм бэ гэж Арнольд тургив.

-Мөн чанар нь үйлдэлдээ бус харин үйлдэлтэй салшгүй холбоотой утганд нь байдаг юм шүү дээ мииг тайлбарлалаа.- Сауникийн бөөрөнхийг тасар татах ердийн үйлдэл нь ухаан санааг ер бусын их гэгээрүүлдэг болохыг бидний Агуу их Мигуй гэж дууддаг Гх"тан нэртэй мииг нээсэн цагаас хойш түүнийг дагагч бид жил болгон энэхүү ёслолыг үйлддэг болсон юм.

-Гэхдээ та нар чинь сарканчуудын ургацыг сүйдлэж байна шүү дээ гэж Грегор зүй ёсны тодруулга хийв.-Наад ёслолоо хийх сауникаа өөрсдөө тарьж ургуулж яагаад болохгүй гэж?

-Сарканчууд өөрсдийнхөө тэнэг шашны ёсыг дагаад бидэнд сауник ургуулахыг зөвшөөрөхгүй байгаа юм. Мэдээж бид өөрсдийнхөө сауникийг тасар татахыг хүсэлгүй яах вэ? Бидний оронд хэн ч байсан өөр зүйл хүснэ гэж үү?

-Саркан хүн энэ тухай юу ч яриагүй шүү дээ гэж Арнольд хэлэв.

-Тэгвэл одоо хэрэг явдал тэс өөрөөр харагдаж байгаа биз дээ, тийм үү?

-Тэглээ гээд сарканчуудтай бид хоёрыг гэрээ байгуулсан явдал өөрчлөгдөхгүй.

-Тэр чинь аллага хийх гэрээ шүү дээ.

-Би танд ямаршуу байгааг ойлгож бас та нар надаа их таалагдаж байгааг хэлмээр байна гэж Арнольд хэлэв.-Гэхдээ бид гэрээг зөрчвөл манай компани дампуурах гээд байгаа  юм л даа. Харин дампуурна гэдэг үхэлтэй бас нэг талаар адилхан зүйл юм шүү дээ.

-Тэгвэл миигууд бид та хоёрт шинэ гэрээ санал болговол яаж байна?

-Гэхдээ сарканчууд түрүүлээд бид хоёртой байгуулчисан шүү дээ гэж Арнольд эсэргүүцэв.-Тэгэхээр та нарын гэрээ хууль зүйн хувьд хүчингүй болж таарна.

-Миигуудын ямар ч шүүх энэ гэрээг хууль зүйн хувьд 100 хувь хучинтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж мииг хэлэв.-Миигуудын хууль зүйн үндсэнд сарканчуудтай хийсэн бүх гэрээ нь ямар ч үүрэг, хариуцлага дагуулахгүй гэсэн зарчмыг суулгаж өгсөн байдаг юм.

-Хамтрагчтайгаа сайн бодох шаардлагатай байна гэж Арнольд мэдэгдлээ.-Бид нэлээд ээдрээтэй байдалд орчихоод байна л даа...

-Би та хоёрын хичээл зүтгэлийг үнэлж байгаа болохоор бүгдийг эргэцүүлэн бодох боломж олгоё гэж мииг хэллээ.-Сарканчууд үхэх нүгэлтэй амьтад болохоор зөвшөөрсөн тохиолдолд та хоёр ихээхэн хэмжээний мөнгөтэй болох төдийгүй ухаант бөгөөд миний бодлоор тун ч дажгүй муурын үндэстний үүрдийн талархлыг хүлээн авах болно гэдгийг бүү мартаарай.

                Миигийг дөнгөж явав уу үгүй юу Грегор:

-Хоёулаа эндээс зугатвал яасан юм бэ? гэж санал болгов. –Ийм бизнес надад таалагдахгүй байна.

-Гэхдээ хоёулаа зүгээр л шууд нисээд алга болчихож болохгүй шүү дээ гэж Арнольд эсэргүүцэв. –Гэрээг биелүүлэхгүй байна гэдэг тун ноцтой зүйл. Тэгэхээр бид эсвэл нэг үндэстнийг, үгүй бол нөгөө үндэстнийг устгах хэрэг болж.

-Би л биш шүү.

-Чи ямар аюултай, хууль зүйн хувьд аюултай байдалд орчихоод байгааг ойлгохгүй байгаа юм шиг байна гэж ирээд Арнольд тайлбарлаж эхэллээ.-Хэрэв бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу миигуудын устгахгүй бол ямар ч шүүх биднийг будаа болгоод хаяна. Харин сарканчуудыг устгачихвал ядаж л анхааралгүйгээс болоод андуурсан болж жүжиглэж болж байна.

-Тэгвэл ёс суртахууны ээдрээ гараад ирнэ. Би тийм эдрээд хамгийн дургүй.

-Ээдрээ чинь дөнгөж эхэлж байна гэж мэд гэсэн хэн нэгний дуу ард нь гарлаа.

                Арнольд гүйдэлтэй цахилгааны нүцгэн утсан дээр суучихсан мэт огил харайн босоход Грегор хамаг биеэ чангалан хөшиж орхив.

-Би энд байна аа гэж нөгөө дуу гарлаа.

                Хамтрагчид ийш тийш харвал отогийнх нь ойролцоо ганцаар ёрдойх сауникийн бөөрөнхийнаас өөр зүйл олж харсангүй. Хэдий хачин санагдаж болох ч энэ бөөрөнхий нь мань хоёрын энд таарсан амьтадаас хамгийн ухамсартай юм шиг санагджээ. Гэхдээ энэ чинь одоо ярьж чаддаг юм байх даа?

-Тэгэлгүй яах вэ гэж нөгөө бөөрөнхий бодлыг нь батлав.-Би ярьсан юм аа. Ногоо, би ногоонд хамаардагтаа ихэд бахархдаг юм шүү, ногоо бид ярианы эрхтэнгүй болохоор шууд бодлоор дамжуулан хэлсэн юм.

-Гэхдээ хүнсний ногоо чинь бодлоор дамжуулан харьцаж чадахгүй шүү дээ гэж Арнольд гайхлаа.-Ногоонд чинь бодлоо дамжуулахад шаардлагатай тархи, эсвэл нэг тиймэрхүү эрхтэн байхгүй.  Гэхдээ, уучлаарай би өөрийг чинь гомдооё гэж бодоогүй юм шүү.

-Бидэнд ямар ч эрхтэн мэрхтэн шаардлагагүй гэж нөгөө бөөрөнхий мэдэгдлээ.-Хангалттай өндөр зэрэглэлийн зохион байгуулалт бүхий дурын матери нь ухамсартай байдаг гэдгийг та нар мэддэггүй юм гэж үү? Харин ухамсраас зайлшгүй урган гарч ирдэг зүйл бол бусадтай харьцах чадвар байдаг юм. Зөвхөн бидэнтэй адил дээд ногоонууд л бодлоороо харьцах чадвартай. Сауникийн ухамсрыг танай Гарвардын их сургуульд судалж байсан юм шүү. Үүнээс гадна бидэнд Нэгдсэн гарагуудын зөвлөлийн дэргэдэх ажиглагчийн статус хүртэл олгосон байдаг юм даа. Тэгэхээр үүсэн бие болсон нөхцөл байдлын хүрээнд энэ гараг дээрх яг хэнийг нь устгах талаар бид хоорондоо сайтар хэлэлцэн ярилцах ёстой гэж надад санагдаж байна.

-Тийм шүү, тэгвэл шударга болно гэж Грегор зөвшөөрлөө.-Явж явж миигууд болох сарканчууд та нараас болоод л хоорондоо дайсраад байгаа.

-Илүү тодорхой хэлвэл биднийг эрэмдэглэж, тасар татаж, устгах онцгой эрх авахын төлөө тэд тэмцэж байгаа юм. Эсвэл би зарим нэг зүйлийг хэт дөвийлгээд байна уу?

-Үгүй ээ. Гол утгыг нь маш зөв тодорхойлж хэллээ гэж Грегор батлав.-Тэгээд та энэ хоёрын хэнээс нь ангижрахыг хүсэж байгаа юм бол доо?

-Аль аль нь надад таалагддаггүй гэдэг нь ойлгомжтой. Энэ хоёр үндэстэн бол хоёулаа бузар шимэгч, хувалзнууд. Би огт өөр шидлийг санал болгож байна.

-Наадахаас чинь л айж байсан юм гэж Арнольд санаа алдлаа.-Тэгээд та яг юу хүсэж байгаа юм бэ?

-Тун энгийн зүйл. Миний гарагийг миигууд болон сарканчуудаас ангижруулж өгөх нөхцөлтэй гэрээг надтай байгуулан гарын үсэг зурцгаачих.

-Өө, үгүй ээ гэж Грегор гаслав.

-Тэгэж ярьвал бид араатан амьтадыг үүсэхээс өмнө, үлднүүдийн дараа үүсэн бий болсон энэ гарагийн хамгийн эртний оршин суугчид. Бид бол хариас ирсэн бүдүүлэг зэрлэгүүдийн аюул заналхийлж байгаа энхийг сахигч уугуул оршин суугчид юм шүү. Үүнээс үүдэн та хоёрын хүлээх ёс суртахууны үүрэг хариуцлага тов тодорхой болж ирж байна.

-Ёс суртахуун ч мэдээж их сайхан зүйл л дээ гэж Арнольд санаа алдлаа.-Гэхдээ эгэл бор амьдралын бодит байдлыг тооцож үзэх хэрэгтэй.

-Би наадахыг чинь маш сайн ойлгож байгаа. Та хоёр сайн үйл хийснийхээ төлөө сэтгэлийн таашаал авахын дээр бид та хоёртой гэрээ байгуулж тэдний санал болгосноос хоёр дахин илүүг төлөхөд бэлэн байна.

-Ингэхэд байнаа  шүү гэж Арнольд гайхлаа.-Хүнсний ногоог банкинд данстай байна гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна даа.

-Ухамсарт бодгаль нь ямар хэлбэртэй байгаагаасаа үл хамаараад мөнгө олох чадвартай байдаг юм шүү. Бид “Сауникийн зугаатай модаль байдал” нэртэй өөрийн холдингоороо дамжуулан өөрсдийн ном, бичлэгийг худалдаанд гаргаж, янз бүрийн сэдвийн өгөгдлийн санг бүрдүүлж байдаг юм. Бид өөрсдийн мэдлэгээ Дэлхий дээрх зохиогчдын тархинд суулгаад, зохиогчийн эрхийн ноогдол болгож тун ч муугүй мөнгө төлдөг. Зөвхөн хүнсний ногоо л цэцэрлэгжилтийн талаарх жинхэнэ мэргэжилтэнд байж чаддаг болохоор хөдөө аж ахуйн талаарх нийтлэлүүд бидэнд хамгийн их ашиг оруулж байдаг юм. Та хоёр манай санхүүтэй танилцвал үнэхээр гайхамшигтай байгааг нь олж харна гэж бодож байна.

 

****

 

Хамтрагчдад зөвлөлдөх боломж олгохын тулд сауникийн бөөрөнхий талбайн алсын зах руу өнхөрлөө. Ингээд бөөрөнхийг бодлоо дамжуулах зайнаас гарч 50 ярд орчим газар холдосны дараа Арнольд:

-Энэ байцаа надад нэг л таалагдахгүй байна шүү гэв.-Арай л хэтэрчихсэн их ухаантай юм. Миний юу хэлэх гээд байгаа чи ойлгож байгаа биз дээ?

-Харин тийм ээ. Надад ч бас энэ сауника ямар нэг зүйл нотлох гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн шүү гэж Грегор санал нийлэв.-Бас тэр мииг ч гэсэн дээ... Нэг л заль гаргаад байгаа юм шиг чамд санагдаагүй юу?

                Арнольд толгой дохилоо:

-Бид хоёрыг энэ будиланд хутгаж орхисон тэр саркан нөхөр ч гэсэндээ яаж ч мэдэх этгээд шиг санагдсан.

-Ийм товч байдлаар танилцсаны дараа аль үндэстнийг нь устгахаа сонгоно гэдэг маш хэцүү юм. Тэдний талаар ийм бага зүйл мэдэж байгаа нь харамсалтай юм даа.

-Ингэхэд байна аа, хэнийг нь ч хамаагүй устгаж хаяад ажлаа бушуу дуусгая л даа. Гэхдээ хэнийг нь вэ гэж?

-Зоос шидэж үзье. Тэгвэл хэн ч бид хоёрыг аль нэгнийх нь талд орсон гэж буруутгаж чадахгүй.

-Гэхдээ гурваас нэгийг нь сонгох ёстой шүү дээ.

-Тэгвэл дэрс сугалж үзье. Өөр арга байхгүй.

                Түүнийг дөнгөж хэлж дуустал ойрхон харагдаж байсан уулсын зүгээс аянга буух аймшигтай чанга дуун хадлаа. Гүн хөх тэнгэр мууг ёрлон харанхуйлаад ирэх нь тэр. Тэнгэрийн хаяагаар аадар борооны нүсэр үүлс гараад ирсэн харагдана. Үүлс хурдан ойртож айсуй. Гэнэт тэнгэрээс:

-Энэ бүхнээс бүр залхайж гүйцлээ гэх нүрэглэн цуурайтах дуу гарах нь тэр.

-Ээ, бурхан минь гэж бид хоёр ахиад нэг амьтныг гомдоосон бололтой гэж Грегор уулга алдав.

                Арнольд толгойгоо гэдийлгэж байгаад:

-Бид хэнтэй яриад байна гэж асуув.

-Та нарын Саркан гэж нэрлэлэг гарагийн дуу хоолой байна.

-Гарагийг ярьж чаддаг гэж хэзээ с сонсож байгаагүй юм байна шүү гэж Грегор амандаа бувтнасан боловч хэн болох, юу болох нь мэдэгдэхгүй нөгөөх нь түүний үгсийг сонсчихож.

-Ер нь гараг эрхэс бид дээрээ тарвалзаж байдаг муу сайн шавьжнуудтай харьцаж доошоо ордоггүй юм гэсээр нөгөө дуу тайлбарлаж эхэллээ.-Бидэнд өөрсдийн бодол, хоорондын харьцаа л байхад хангалттай. Хаа нэгтээ тэнэмэл сүүлт од алс газрын шинэ сонинг хүргэж ирдэг нь бидэндээ болоод байдаг юм. Бид гадаргуу дээрээ болж байгаа элдэв хэрэггүй зүйлд анхаарал хандуулахгүй байхыг хичээдэг ч бидний тэвчээр заримдаа дуусдаг. Миний дээр амьдардаг зэрлэг балмад сарканчууд, миигууд, сауникуудын авир хэрээс хэтэрч байгаа болохоор би цашдаа тэвчихээ болихоор шидсэн. Эртнээс бүрэлдээд байсан эрс шийдэмгий арга хэмжээг би авах гэж байна.

-Тэгээд та юу хийх гэж байгаа юм бэ гэж Арнольд асуув.

-Хуурай газрыг арав гаруй метрийн гүн усанд живүүлээд сарканчууд, миигууд, сауникуудаас нэг мөр ангижирна. Мэдээж ингэхэд ямар ч буруугүй өөр хэд хэдэн зүйлийн амьтад хохирно гэдгийг мэдэж байгаа ч амьдрал өөрөө эцсийн эцэст ийм л байдаг хойно яая гэх вэ. Та хоёрт эндээс зайлах ганцхан цаг л байна. Цагийн дараа харин та хоёрын аюулгүй байдлыг хариуцаж чадахгүй шүү.

                Хамтрагч хоёр хамаг юмаа бушуухан хурааж аваад хөлөгтөө орлоо.

                Ингээд хөөрөхийнхөө өмнө Грегор:

-Анхуурлсанд баярлалаа гэж хэлэв.

-Намайг та нарыг бусдаасаа дээр мэтээр бодож байна гэж баярлах хэрэггүй шүү. Миний л мэдэж байгаагаар бол та нар миний оршин суугчдын адил шимэгч хувалзнууд. Гэхдээ өөр гарагийн хувалзнууд. Тиймээс намайг та хоёрыг сөнөөсөн гэдгийг мэдчихвэл танай төрлийн өөр амьтад цөмийн бөмбөг, лазерийн их буу чирж ирээд намайг тэнэмэл гараг шиг л сөнөөчихнө. Тийм болохоор намайг сайхан зантай байгаа дээр эндээс арилж үз.

                Хэдэн цагийн дараа Арнольд Грегор хоёр гарагийн амьтадын аймшигтай хувь тавиланг сансраас өөрсдийн нүдээр харж байлаа. Бүх зүйл дууссаны дараа Грегор хөлийг жолоог Дэлхийн зүг залав.

-За ингээд манай компани дампуурлаа даа гэж тэрээр Арнольдод хэлэв.-Бид хоёр гэрээний нөхцлийг биелүүлж чадсангүй. Цаад сарканчуудын өмгөөлөгчид чинь бид хоёрыг будаа болгож хаяна даа.

                Гэрээг анхааралтай уншиж дууссан Арнольд харин Грегор руу хараад:

-Тэгэж чадахгүй гэх нь тэр.-Хэдий хачирхалтай ч бид хоёр өндөг шиг өөгүй хүмүүс. Чи энэ сүүлийн догол мөрийг унш даа.

                Грегор уншиж үзээд толгойгоо маажив.

-Чиний юу гэх гээд байгаа ойлголоо. Тэгээд шүүгчид үүнд итгэнэ гэж бодож байна уу?

-Мэдээж. Үерийг хэзээнээс нааш л байгалийн гамшиг, бурханы цээрлэл гэж тооцсоор ирсэн. Тэгэхээр хэрэв бид хоёр хэлэхгүй, тэр гараг ам алдчихгүй л бол үнэн хэрэг дээрээ юу болсныг хэн ч олж мэдэхгүй.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан