Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэгүй юм (Роберт Шеклийн өгүүллэг)

Хүний дуу гарав уу даа сая? Эсвэл хий юм сонссон юм болов уу? Жо Коллинз ингэж бодсон шигээ заваан шар өнгөтэй дээврийг нь аалзны тор мэт хэрсэн цуурхайнаас нь борооны ус гунигтай нь аргагүй удаанаар бөнжигнөн хуримтлагдсаар дуслахыг ширтэн толгойгоо ажиллуулахыг хичээн хэвтэж байлаа. Ядаж байхад усан шалханаг болтол норсон гуталтай хөлөө хөнжил дороосоо гаргах тэнхэл ч мань хүнд алга. 


Яг тэр эгшинд л нөгөө зүйл болсон юм шиг байгаа юм. Юу вэ гэхээр нүднийх нь буланд гэнэт хачин гялалзсан төмөр шиг гадаргуйтай зүйл харагдах шиг болох нь тэр. Мань хүн өндийгөөд орон дээрээ суулаа. Харвал шалан дээр нь нэг тийм хачин төхөөрөмж байх юм. Уг нь ямар ч төхөөрөмж мөхөөрөмж байгаагүй шүү дээ. 

Ингэж бодсон шигээ Коллинз алмайрчихсан нөгөө төхөөрөмжийг ширтэн сууж байх зуур нь “За, хөөрхий, ингээд баларлаа даа” гэх огт танихгүй дуу хаанаас ч юм бэ бүү мэд дуулдах нь тэр. 

Гэхдээ мань хүнд хий юм сонсогдсон байж ч болохыг үгүйсгэх аргагүй. Харин хачирхалтай нь гэвэл нөгөө төхөөрөмж алга болчихолгүй, өмнө нь шалан дээр нь хэвтсээр. 

Коллинз орноосоо гулган буусаар сөхрөн суулаа. Нөгөө төхөөрөмжтэй сайн танилцах гэж хичээж байгаа нь тэр. Төхөөрөмж нь хааш хаашаа метр орчим хэмжээтэй шөө дөрвөлжин хэлбэртэй юм. Зүгээр ч үгүй, дүнгэнсэн дуу гаргана. Сааралдуу бэржгэр гэхээс өөр ямар ч өөгүй гадаргуйнх нь нэг буланд час улаан өнгөөтэй товчлуур, төв хэсэгт нь хүрэл шошго наалттай. Нөгөө шошго дээр нь «А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч, серийн дугаар АА-1256432» гэчихсэн. Доор нь болохоор «Энэ төхөөрөмжийг зөвхөн А зэрэглээр ашиглахыг зөвшөөрнө» гэсэн бичигтэй. 

Өөр юу ч үгүй.

Ядаж байхад Коллинзын бодлоор машин, төхөөрөмж болгонд байх ёстой унтраалга мунтраалга, араа мараа гэх мэтийн элдэв зүйлсийн нэг нь ч алга. Байгаагаас нэг муу хүрэл шошго, улаан товчлуур, хаанаас нь ч юм бэ бүү мэд гарах тасралтгүй дүнгэнсэн дуу. 

-Чи чинь одоо хаанаас гараад ирэв ээ гэсээр Коллинз дуу орлоо.

А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч харин тасралтгүй дүнгэнэн дуу гаргахаас өөрөөр хариу өгсөнгүй. Колллинз өөрөө ч ямар нэг хариу сонсоно гэж хүлээгээгүй байсан болохоор үүнд нь гайхсангүй. Үүнийхээ дараа хариу хүлээгээгүй хүн маань орныхоо зах дээр суугаад «Хаягдал боловсруулагч»- ийг бодлогошрон ширтэж эхлэв. Энэ нэг хачин юмыг чинь одоо яадаг билээ гэсэн ганц бодол толгойд нь эргэлдэнэ. 

Гэв гэнэт үүсээд гараад ирдэг төхөөрөмжүүдтэй ажиллах туршлага огт байхгүй гэдгээ сайн мэдэж байсан ч Коллинз зүрх гарган нөгөө улаан товчлуурт хуруугаа болгоомжтой нь аргагүй хүргэлээ. Дарчихвал яадаг бол? Шал цөмөрч алах юм биш байгаа? Эсвэл бүр харь гаригынхан таазнаас бөнжингнөөд ороод ирвэл ч баларлаа шүү?

Гэхдээ, үхсэн хойноо алдах юмтай хүн би л лав биш. Ингэж бодоод мань эр товчлуурыг дарлаа. 

Юу ч болсонгүй. 

Юу ч болоогүйд нь Коллинз нэлээд сэтгэлээр унаад авлаа. Тэгээд итгэл алдарсан өнгөөр:
-За алив ээ, юу ч хамаагүй хийчихээч дээ чи минь? гэж хэлэв. 

Хаягдал боловсруулагч харин урьдын адил битүү дүнгэнэн дуугарахаас өөр хариу өгсөнгүй. 

За яах вэ. Ямартаа ч төхөөрөмж л юм чинь хаа нэгтээ барьцаанд тавьчихаж болох биз. Аргаа барахад л Шударга Чарлид төмөр гэж тушаагаад доод тал нь нэг доллар олно. Ингэж бодоод Коллинз Хаягдал боловсруулагчийг өргөх гэлээ. Дийлддэггүй шүү. Хамаг хүчээ шавхаж байгаад ахиад хүчилсэнд нэг булан нь дөнгөж ямх төдий хөндийрлөө. Хаягдал боловсруулагчийг буцаан тавиад байдгаараа амьсгаадсаар орон дээрээ суув. Овоо эд үү үгүй юу.

Коллинз нь хаягдал боловсруулагчийг харангаа:
-Тав гурван бяртай залуусыг олж ирэхгүй бол чинь ч барахгүй нь дээ гэж хэллээ. Тэгтэл Хаягдал боловсруулагч гаргах дүнгэнэх чимээ чангарч, удалгүй чичигнэж эхлэх нь тэр. 

Коллинз юу болохыг нь тэвчээртэй нь аргагүй хүлээсэн ч юу ч болсонгүй. Тэгтэл яагаад ч юм бэ бүү мэд хуруу нь бараг хар аяндаа сунаснааа нөгөө улаан товчлуурыг дарчихлаа. 

Тэр даруйд ажлын хувцастай, булчинлаг хоёр залуу өмнө нь гараад ирэх нь тэр. Гэнэт бий болсон хоёр эр Хаягдал боловсруулагч руу цэгнэсэн харц чулуудав. Тэгснээ нэг нь:
-Бурханы авралаар гайгүй жижиг загвар нь юм байна. Томууд нь ч ёстой нэг лайтай шүү гэлээ.
Нөгөөх нь өлгөж аваад:
-Харин тийм хөө гэснээ- Тэгэхдээ л уурхай дээр гантиг малтаж байснаас дээр л дээ гэв. 

Тэгснээ өөдөөс нь мэлэрсэн чигтээ гацсан Коллинз руу хоёул харлаа. Дараа нь хамгийн эхэнд дуу гарсан нь залуу нь:
-Яасан бэ хөгшөөн? Ингээд мэлрээд байх зав алга. Хаягдал боловсруулагчаа хааш нь хүргүүлэх юм бэ ?гэх нь тэр.
Хариуд нь Коллинз нь:
-Та нар чинь юу вэ? гэх сөөнгөтсөн хоолойгоор арай гэж хяхтнав. 
-Ачигч нар байн аа. Яаж ч харсан эгч дүү Ванзаггитай адилгүй байгаа биз дээ.
-Тэр ч тийм л байна. Гэхдээ та хоёр хаанаас гараад ирэв ээ?
-Ачиж буулгаах «Поуха Минайл» компаний ажилчид байна гэж нэг нь хариуллаа. –Та өөрөө ачигч нар шаардсан болохоор л бид хоёр гараад ирлээ. За тэгээд энэ нэг юмаа хааш нь хүргүүлэх юм бэ?
-Та хоёр явж бай. Дараа ахиад дуудъя гэхээс өөр хариу Коллинзд орж ирсэнгүй.

Ачигч хоёр залуу мөрөө хавчаад алга болчихлоо. Алга болсон хоёрын зогсож байсан газрыг Коллинз нэг хэсэг дуугуй ширтэн суув. Дараа нь А зэрэглэлийн Хаягдал боловсруулагч руу харлаа. Хаягдал боловсруулагчийн дуу нь одоо бол буцаад хэвийн, нам болчихожээ.

Хаягдал боловсруулагч гэл үү? Мань хүн бол энэ төхөөрөмжинд илүү сонсголонтой нэр олоод өгчих байсан. Хамгийн наад зах нь Хүслийг биелүүлэгч гэчихэд болж байна шүү дээ. 

Гэхдээ энэ бүхэнд Коллинзыг нэг их балмагдсан гэвэл худал болно. Ямар нэг ер бусын зүйл тохиолдоход зөвхөн хөлдүү, оюун ухааны сааталтай хүмүүс л хүлээж авч чаддаггүй юм. Харин Коллинз бол тийм хүмүүсийн нэг яав ч биш байлаа. Гайхамшгийг хүлээн авах зуун хуувийн бэлтгэлтэй гэсэн ч болно.

Бараг л бүх амьдралынхаа туршид ямар нэгэн ер бусын зүйл тохиолдоосой гэж залбирч, мөргөж, мөрөөдсөөр ирсэн болохоор өөр яах ч билээ. Жишээлэхэд, арван жилд сурч байхдаа ч нэг сайхан өглөө босоход нь бүх хичээлүүд нь өөрсдөө аяндаа сурагдчихаад, хичээл давтах, сурах лайтай шаардлага алга болчихсон байгаасай гэж үргэлж мөрөөддөг байсан юм. Цэрэгт байхдаа бэрд, эсвэл илбэчин хүүхэн ч юм уу тиймэрхүү нөхдүүд гарч ирээд, өмнөөс нь хамаг ажлыг нь амжуулдаг болоод, өөрөө жагсаалаар алхахын оронд үргэлж казармдаа жижүүр хийсэн шигээ бие амар сууж байх юмсан гэж мөрөөддөг байлаа.

Цэргээс халагдасныхаа дараа мань Коллинз нь өөрийгөө ажил хийхэд сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй гэдэгтээ бүрэн итгэлгүй байсан болохоор нэг хэсэгтээ ажилгүй “гонзгойров». Ингээд салхины аясаар хамхуул шиг хийсч явах зуураа хамаг хөрөнгөө өвлөж үлдээгээд нас барчихдаг тэрбумтан гэнэт гараад ирдэггүй юм байхдаа гэж мөрөөдөж байлаа. Гэхдээ энэ мэтийн гайхамшиг үнэхээр болно гэж мань хүн үнэхээр итгэдэг, хүлээдэг байсан уу гэвэл мэдээж үгүй. Ямартаа ч нөгөө гайхамшиг нь үнэхээр тохиолдох үед мань хүн бэлтгэлтэй болчихсон байлаа. 

Коллинз эмээсэн аясаар:
-Би жижиг дэвсгэртээр, хаана ч бүртгэгдээгүй серийн дугаартай мянган доллартай болмоор бай гэж хэлэв. Ингэж хэлснийхээ дараа төхөөрөмжний дүнгэнэх чимээ чангарах үед нь улаан товчлуурыг дарчихлаа. Тэр даруйд үнгэгдэж, хиртсэн тавт, аравтын дэвсгэртийн том овоо өмнө нь гараа ирэх нь тэр. Цоо шинэ, шаржигнасан дэвсгэртүүд биш ч гэлээ яах аргагүй мөнгө бол мөн байлаа. 

Коллинз мөнгөнөөс атгаж авч байгаад дээш нь шидээд, дэвсгэртүүд агаарт гоё эргэлдсээр эргэн унахыг нь тухлан харж нэг үзлээ. Дараа нь эргэн орон дээрээ тухлан хэвтэж байгаад төлөвлөгөө боловсруулж эхлэв. 

Ямар ч байсан эхлээд хөршүүд ядаргаатаад байхааргүй нам гүм газар очих хэрэгтэй. Нью-Йоркоос хол, мужийн хойд нутагт бол болж л байна. Юм нэгэнт ингэж эргэнэ гэдэг чинь ашиг орлогын татварын асуудал гэсэн тун ч ээдрээтэй асуудалтай тулгарч болзошгүй юм даа. Гэхдээ яах вэ, тэгэж байгаад учир нь олдоод ирэхээр төвийн мужууд руу нүүж болох юм. Эсвэл бүр...

Юу вэ? Өрөөнд нь сэжиг бүхий дуу сонстов.

Хананд нь нүх бий болж, тэндээс нь нэг хүн түчигнэж пижигнэсээр гарч ирж байх нь тэр. Коллинз огил харайн бослоо.

-Хөөе, юу болоод байн аа? Би чамаас юу ч гуйгагүй байгаа шүү гэж Коллинз нөгөө төхөөрөмж рүү ориллоо.

Ханан дахь нүх улам томорч эхлэв. Тэгсээр нэлээд уурласан байртай улаан царайтай махлаг эрэгтэй хүн чихсээр хананаас бараг талдаа хүртэл цухуйгаад гараад ирэв. 

Энэ төхөөрөмж ч бусад бүх төхөөрөмжүүдийн адил эзэнтэй байж таараа гэсэн бодол Коллинзын тархинд гэнэт харван орж ирэв. Хүслийг хэрэгжүүлэгч төхөөрөмж нь алга болчихвол эзэн нь уурлах нь мэдээж. Уурласан эзэн нь төхөөрөмжөө эргүүлэн авахын тулд юу ч хийхэд бэлэн байх нь ойлгомжтой. 

Ийнгэж бодоод Коллинз:
-Намайг авраарай гэж орилоод Хаягдал боловсруулагчийн улаан товчлуур дээр дарж орхив.

Унтлагын хувцас өмссөн, намхан халзан нөхөр эвшээсээр гараад ирэв. Нойрмоглож байгаа нь илт. 

Тэгээд нүдээ нухсан чигээрээ:
-Цаг хугацааны хана хамгаалах «Саниса Лиик» алба гэж мэдэгдэв.- Намайг Лиик гэдэг юм. Танд юугаар туслах вэ?

-Энэ хүнийг зайлуулаарай гэж Коллинз хоолойгоо шахан орилов.

-Энэ зуур нөгөө улаан царайтай нөхөр тэнхээ мэдэн савчсаар, хананаас бараг бүхлээрээ гараад ирчихсэн харагдлаа. 

Лиик унтлагын хувцасныхаа хармаанаас гялалзсан дөрвөлжин төмөр гаргаад ирлээ. Гэтэл ууртай улаан царайтай хоолой мэдэн орилж эхэллээ:
-Чи хөөе, намайг сонс л доо. Чи буруу ойлгоод байна шүү дээ. Наад намхан хүн чинь байна аа...

Лиик дөрвөлжин төмрөө улаан царайт руу чиглүүлэв. Тэр даруйд улаан царайт эр нэг муухай орилж өгөөд алга болчихлоо. Хананд гараад байсан нүх ч алга болчихов.

-Та цаадахаа алчихсан уу? гэж Коллинз асуув.

Лиик нөгөө жижиг төмрөө халааслах зуураа:
-Мэдээж үгүй гэж хариулав. –Зүгээр л тэнхлэгийнх нь дагуу эргүүлчихсэн юм. Одоо бол үүгээр ахиж орж ирж чадахгүй.

-Орж ирэх өөр арга зам хайна гэж хэлэх гээд байна даа, тийм үү? гэж Коллинз асуулаа.

-Магадгүй л юм гэж Лиик хариулав. –Бичил трансформац, эсвэл бүр амь оруулалтыг ашиглахыг үгүй гэх газаргүй гэж үргэлжлүүлэн ярьснаа Коллинз руу ихэд сонжсон байртай анхааралтай ширтлээ.-Энэ хаягдал боловсруулагч таных уу?

-Мэдээж шүү дээ гэж хариулах зуур нь Коллинзын хүйтэн хөлс чийхарах нь тэр. 

-Тэгвэл та А зэрэглэлээр үү?

-Өөр ямар зэрэглэл байх вэ дээ гэж Коллинз хариуллаа.- Үгүй байсан бол би төхөөрөмжөөр юугаа хийхэв дээ.

-Нээрээ тийм дээ гэж Лиик нойрмог дуугаар хэлж байна. –Та битгий уурлаарай. Би зүгээр л сайн санасандаа л лавласан юм гэж хэлээд Лиик толгойгоо залхсан байртай удаан сэгсрээд- Танай А зэрэглэлийнхэн ч ёстой нэг сайн тэнэх юм аа. Ийшээ яах гэж буцаж ирсэн юм бэ? Аягүй бол түүхэн роман ч юмуу нэг тийм юм бичиж байгаа байх. Тийм биз?

Хариуд нь Коллинз учир битүүлэг инээмсэглэл нүүрэнд тодрууллаа.

-За за, би явахгүй бол горигүй нь гэж Лиик хэлээд ам мэдэн эвшээлгэв. – Унтах ч завгүй ажиллаж байна даа. Чулууны газар ч илүү амар байж дээ. 

Ингэж хэлээд Лиик эвшээлгэхээр амаа ангайлгасан чигтээ алга болж орхив.

Гадаа бороо орсон хэвээр, дээврээс ч дусаал дуссан хэвээр. Агааржуулалтын хоолойноос хэний ч юм бэ тухтай хурхирах дуу сонсогдоно. Коллинз өөрийнхөө төхөөрөмжтэй ганцаар үлджээ. Гэхдээ орь ганцаар биш шалаар нэг хөглөрсөн жижиг дэвсгэртээр авсан мянган доллар нь бас байлаа. Мань эр Хаягдал боловсруулагчаа сэтгэл хангалуун байдлаар зөөлөн цохиж үзлээ. Сая яриад байсан А зэрэглэлийнхэн ч гайгүй юм сэдсэн байна шүү. Хүслээ хэлээд л товчлуур дарчихад л гүйцээ. Жинхэнэ эзэн нь төхөөрөмжөө санах нь аргагүй л дээ.

Улаан царайтай эр өөр аргаар төхөөрөмжөө эргүүлж авах гэнэ гэж Лиик хэлсэн. Ямар арга хэрэглэх юм бол доо?

Аан лүд гэж, ер нь ямар ялгаа байна аа? Ингэж бодоод Коллинз исгэрсэн шигээ хөглөрсөн мөнгөө түүж эхэллээ. Энэ төхөөрөмж байсан цагт тийм ч амар буугаад өгчихгүй шүү. 

Ингээд дараагийн хэдэн өдрийн дотор Коллинзын амьдралд эрс өөрчлөлтүүд гарлаа. «Поуха Минайл» компаний ачигч нарын тусламжтайгаар Хаягдал боловсруулагчаа хойд нутаг руу зөөгөөд авчруулчихав. Тэгээд тэндээ, Аднрондакийн уулсын дундаас хүн амьтангүй зэлүүд хэсэгт нь байрлах нэг их том биш уул худалдан авав. Ингээд эрхийнхээ бичгийг халааслан аваад их замаас нэлээд хэдэн бээрийн зайтай байх эдлэн газартаа хөл тавьлаа. Хоёр ачигч эр хар хөлсөө урсган Хаягдал боловсруулагчийг нь өргөн араас нь алхах зуураа, мод бутан дундуур гарах тоолондоо хэдхэн хараалын үгийг маань адил давтана. 

-За за, наадахаа энд тавьчихаад арилж үз гэж Коллинз тушаав. Ер нь энэ хэдэн өдрийн дотор Коллинзын өөртөө итгэх итгэл нь огцом нэмэгдсэн нь энэ. 

Ачигч нар ядарсан байртай санаа алдаад уусан алга болцгоов. Коллинз эргэн тойрноо ширтэв. Эргэн тойронд нь хараа хүрэх газар болгонд нь нарс, хусан ой. Агаар нь чийглэг анхилуун. Шувуудын хөгжилтэй шулагнах дуу хадна. Хаа нэг хэрэм мөчир дамжин дүүлж харагдана. 

Байгаль аа гэж. Коллинз байгальд үргэлж хайртай явсан хүн. Усан сан, теннисны талбай, бас дэргэдээ жижигхэн нисэх буудал дагалдсан асар том бөгөөд уужуу байшин барихад хамгийн тохиромжтой газар мөнөөс мөн. 

-Би байртай болмоор байна гэж Коллинз итгэл төгс өнгөөр чанга хэлээд улаан товчлуурыг дарав.

Хавчаар шилтэй, тун ч донжтой саарал өнгийн костюмтэй хүн гараад ирэв. 

-Тэгэлгүй яах вэ, эрхэм ээ гэж хэлэх зуураа эцэс төгөсгөлгүй үргэлжлэх ойн модыг хялайн хараад авлаа. –Гэхдээ та яг юу хүсээд байгаагаа илүүтэй дэлгэрэнгүй тайлбарлавал сайн байна. Бунгало, ранчо, зуслангийн байшин, ордон, харш гэх мэт сонгомол шийдэлтэй зүйл хэрэгтэй юу? Эсвэл урц, өвсөн овоохой гэх мэт эгэл зүйл хүсч байна уу? Та А зэрэглэлийнх юм чинь хэсэгчилсэн нүүрэн талтай ч байшин ч юм уу, Эсэргүүцэл багатай орон зайны маягаар хийсэн оромж ч юмуу, эсвэл бүр Бичил агуу хэлбэртэй ордон гэх мэтийн супер орчин үеийн байгууламж захиалж болно шүү дээ. 

-Юу юу гэнэ ээ гэж Коллинз дахин асуув. –Ёстой мэдэхгүй юм байна. Таныхаар бол юу ч зүгээр вэ?

Нөгөө хүн эгшин төдий ч эргэлзэлгүйгээр :
-Нэг их том биш зуслангийн хаус гэж шууд хэллээ. –Цаадуул чинь гол төлөв дандаа л ийм байшингаас эхэлдэг юм. 

-Үгүй байлгүй дээ.

-Нээрээ. Тэгэж байгаад дараа нь илүү урин дулаан уур амьсгалтай нутаг руу шилжиж, тэндээ ордон бариулдаг юм. 

Коллинз ахиад нэг юмны талаар асуух гэснээ больчихов. Ёстой л нэг санааны зоргоор юм болж байна даа. Хөөрхий амьтад мань хүнийг Хаягдал боловсруулагчийн жинхэнэ эзэн, А зэрэглэлд багтдаг хүн гэж бодоод байна. Сайн л биз. Бодлыг өөрчлөх шаардлага алга. 

-За тэгвэл бүгдийг ном журмынх нь дагуу сайн хийнэ шүү гэж Коллинз хэлэв.

Нөгөө хүн:
-Тэгэлгүй яах вэ эрхэм ээ гэж хариуллаа.- Тэр бол миний үүрэг шүү дээ. 

Ингээд Коллинз мөстэй ундаа ууж, эвхэдэг орон дээр тухласан шигээ «Максиме олф» барилгын конторынхон хэрхэн шаардлагатай эд материалаа үүсгэн байшин барьж байгааг харж хэвтсээр өдрийг дуусгалаа.

Хорин өрөөтэй уртаа гэгч нь лагс барилга баригдаад дууссан ч хүч чадлаа мэдэрсэн Коллинзын хувьд бол арай дэндүү даруухан юм бариулчихав уу гэж санагдана. Дегмагийн алдартай Мига гэгчийн төслөөр хамгийн чанартай эд материал ашиглан барьж, дотоод заслыг нь Тоуиж гүйцэтгэжээ. Гаднаа мулын усан сан, Виерины загварын дагуу хийсэн англи маягийн цэцэрлэгтэй гэж байгаа.

Үдэш болоход барилгын ажил дуусч, цөөн хүнтэй барилгын бригдынхан багаж зэмсгээ хурааж аваад ууршин алга боллоо. 

Коллинз гуай хувийн тогоочдоо хөнгөхөн шиг оройн зоог хийх тушаал буулгачихаад навчин тамхи баагиулсаар томоо гэгч нь зочдынхоо өрөөнд сүүлийн хэдэн өдөр болж өнгөрсөн үйл явдлын талаар эргэцүүлэн сууж байв. Хаягдал боловсруулагч нь чихнээ сонсголонтой дүнгэнэсэн шигээ өмнө нь торойно. 

Ингээд юуны өмнө Коллинз гуай болж өнгөрсөн зүйлсийг ид шид гэх мэтийн ер бусын зүйл гэсэн бодлыг шууд арчин хаялаа. Бурхан мурхан гэх мэт зүйлс энд ямар ч хамаагүй нь ойлгомжтой. Эгэл хүмүүсийн адил хараал, ерөөл урсгасан байдаг л нэг жирийн хүмүүс байрыг нь барьж өгсөн юм чинь. Тэгэхээр Хаягдал боловсруулагч нь тун ч их ухаан зарж хийсэн шинжлэх ухааны бүтээл гэсэн үг. Яаж ажилладагийг нь мань хүн мэдэхгүй, мэдэх шаардлага ч алга. 

Хаягдал боловсруулагч нь харь гарагийн бүтээл юм болов уу? Арай л биш юм. Харь гарагийнхан мань хүнд үйлчлэх гээд англи хэл сураад явах нь юу л бол. 

Тэгэхээр Хаягдал боловсруулагч нь ирээдүйгээс ирсэн болж таарлаа. Гол нь яаж ирсэн юм бол?

Коллинз навчин тамхиа баагиулсаар буйдан дээрээ налайлаа. Ер нь яаж ирсэн нь ямар хамаа байна гэж мань эр өөртөө хэлэв. Зүгээр л өнгөрсөн үе рүү унаад өгсөн байж яагаад болохгүй гэж. Тэртээ тэргүй өөрөө оргүй хоосноос юу ч хамаагүй бүтээж чаддаг эд шүү дээ. 

Тэр ирээдүй ч ёстой нэг гайхамшигтай цаг үе байж таараа Коллинз бодно. Хүсэл биелүүлэгч төхөөрөмж бүтээчихсэн байна шүү дээ. Соёл иргэншил ч ёстой нэг туйлдаа хүртэл хөгжсөн байж таараа. Мөрөөдлөө хэлээд л гүйцээ. Май ав. Гайхамшигтай. Аягүй бол яваандаа улаан товчлуургүй төхөөрөмж гарч ирэх биз. Тэгвэл хуруугаа ч хөдөлгөлгүйгээр бүгдийг хийдэг болно доо. 

Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй шүү. Төхөөрөмжний жинхэнэ эзэн, А зэрэглэлд багтдаг хүмүүс гэж бодитоор оршин байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэд нар төхөөрөмжийг нь булаах гэж оролдох нь гарцаагүй. Удам дамжсан дурсгалт зүйл нь байсан байж ч болох шүү дээ. Тэгвэл ч ...

Мань эр нүднийхээ булангаар үл мэдэг хөдөлгөөнийг мэдрэв. Хаягдал боловсруулагч нь салхинд сэрчигнэх хуурай навч шиг дэржигнэн чичигнэж байх нь тэр.

Коллинз царайгаа бараалган, хөмсөө зангидсаар төхөөрөмжид ойртов. Хаягдал боловсруулагч нь үл мэдэг утаа мананд бүрхэгдчихэжээ. Хэт халаад байгаа юм шиг байна.

Хэт их ачаалал өгчихсөн юм биш байгаа? Хүйтэн ус асгаад үзвэл яах бол?

Тэгтэл Хаягдал боловсруулагчийнх нь овор хэмжээ нь илэрхий багасчихсан байгааг анзаарлаа. Хаягдал боловсруулагчийн хэмжээ нь 60 см орчим болоод багасчихсан төдийгүй үргэлжлүүлэн багасч байв. 

Юу болоод байна? Жинхэнэ эзэн нь юм болов уу? Эсвэл нөгөө А зэрэглэлийнх нь хүмүүс юм болов уу? Нөгөө Лиикийн яриад байсан бичил трансформац гэгч нь болж байгаа юм байна л даа. Яг одоо яаралтай арга хэмжээ авахгүй л юм бол Хүсэл биелүүлэгч төхөөрөмж нь тун удахгүй үзэгдэхээ байгаад алга болно гэдгийг Коллинз ойлгов.

Коллинз:
--«Лиик» хамгаалалтын алба гэж орилоод товчлуурыг дарав. Төхөөрөмж нэлээд халчихаж. 

Урт оймс, спортын цамц, цохиур барьчихсан Лиик өрөөний буланд гараа ирэв.

-Арай гэж нэг тоглох гэхээр л ...

Коллинз Хаягдал боловсруулагч руу заагаад
-Нэг юм хийгээдэх гэж хашхирав. Төхөөрөмж багассаар 30 см орчим хэмжээтэй болж, улайсчихсан байв.

-Би бол яаж ч чадахгүй юм байна гэж Лиик хэлснээ, –Надад зөвхөн цаг хугацааны хана байгуулах зөвшөөрөл байдаг. Та бичил хяналт руу хандах хэрэгтэй гэчихээд цохиураараа дохичиод алга болоод өгөв.

-Бичил хяналт гэж Коллинз хоолой мэдэн орилоод улаан товчлуур руу гараа явууллаа. Гэвч тэр даруй гараа угз татав. Хаягдал боловсруулагчийн хэмжээ нь төө хэртэй болж багасчихаж. Өнгө нь хүрэн улаан болж, бүхлээрээ гэрэлтэж байв. Улаан товчлуур нь чүдэнзний толгойны дайтай болж багасаад, ялгаж харахад ч бэрх болчихсон байх нь тэр. 

Тэр даруйд Коллинз эргээд дэр шүүрэн авснаа төхөөрөмж дээрээс дарж байгаад товчлуурыг олж дарлаа.

Тэмдэглэлийн дэвтэр, түүндээ шургуулсан харандаатай, эвэрлэг хүрээтэй нүдний шилтэй бүсгүй гараад ирэв. Бүсгүй юу ч болоогүй мэт тайван өнгөөр:

-Та яг хэнтэй уулзмаар байна гэж асуух нь тэр. 

Хаягдал боловсруулагч нэртэй нандин эрдэнэ нь улам бүр багасч байгааг айдас тодорсон нүдээрээ ширтсэн Коллинз:
-Надад бушуухан туслаач ээ гэж хоолой мэдэн ориллоо.

Бүсгүй хариуд нь харандааныхаа бөгсийг хазангаа 
-Ноён Вергон үүдийн хоолондоо орж байгаа болохоор байхгүй байгаа гэж бодлогошрон өгүүллээ. – Дуудлага авахгүй гээд зарлачихсан байдаг. Тэгэхээр цаадахыг чинь дуудаж чадахгүй нь дээ.

-Тэгвэл хэнийг дуудаж чадах юм бэ?

Бүсгүй тэмдэглэлийнхээ дэвтрийг шагайв.
-За байз, ноён Вис яг одоо Давхардсан өнгөрсөн үед яваа. Ноён Илгис болохоор Палеолитийн үеийн Европт цайз босгоод завгүй. Тэгэхээр та үнэхээр яарч байгаа бол Транзит хяналт руу хандсан нь дээр юм байна. Жижигхэн компани л даа. Гэхдээ яахав...
-За за арилж үз. Транзит хяналт гэж Коллинз хэлээд анхаарлаа Хаягдал боловсруулагч дээрээ төвлөрүүлж байгаад уугиад эхэлчихсэн дэрээрээ дарлаа. Хаягдал боловсруулагч нь 3-4 см хүрэхтэй үгүйтэй жижигхэн болчихоод байсан болохоор дэрний цаанаас бараг харагдахгүй шахуу болсон товчлуурыг олж дарж чадахгүй нь гэдгээ ойлгов. 

Ер нь энэ хаягдал боловсруулагчтай ингэж зууралдах хэрэг байна уу гэсэн бодол мань эрийн толгойд гялсхийн орж ирлээ. Одоо болсон юм бишүү. Байшин, газраа зарвал хөөрхөн мөнгөтэй болчихно шүү дээ.

Үгүй ээ. Үнэхээр хэрэгтэй зүйлээ хүсч амжаагүй байгаа. Тэгэхээр тэр зүйлээ хүсэх боломжийг зүгээр нэг тавиад өгчихгүй шүү.

Хаягдал боловсруулагчийн гэрэл нь нүдийг нь гялбуулж байсан ч Коллинз нүдээ жартайлгахгүй байхыг хичээн мод шиг хөшсөн долоовор хуруугаараа цайвар болтлоо улайссан товчлуурыг дарж орхив.

Үрчийж өнгийсөн хувцастай туранхай өвгөн гараад ирэв. Элдэв янзаар чимэж будсан Улаан өндөгний баярын өндөгтэй төстэй зүйл барьчихаж. Өндөг шиг зүйл нь хоёр хуваагдан задрахад дотроос нь улбар шар өнгөтэй утаа дуу татуулан гараад ирсэнд нь Хаягдал боловсруулагч нь утааг тэр даруй сорон авлаа. Үүнийх нь дараа өтгөн утаа май дээш цацрахад Коллинз золтой л хахаах үхчихээгүй ч Хаягдл боловсруулагч нь эргээд хэвийн овор хэмжээтэй болж эхэллээ. Тун удалгүй Хаягдал боловсруулагч нь огт багасч байгаагүй аятай хэвийн хэмжээндээ хүрчихсэн байв.

Өвгөн толгой дохиод:
-Бид хуучны аргаар ажилладаг ч чанартай хийдэг юм шүү гэчихээд ахин нэг толгой дохичихоод алга болоод өгөв.

Тэр мөчид Коллинзод нэг хүний уурлан уулга алдах дууг сонсох шиг боллоо. 

Ядарч туйлдсан Коллинз төхөөрөмжийнхөө өмнө сөхрөн суув. Түлэгдсэн хуруу нь хорсон таталдах аж.

Мань эр:
-Намайг эмчлээрэй хөө гэж хатсан уруулаа арайхийн эвлүүлж хэлээд эрүүл гараараа товчлуурыг дарав. 

Хаягдал боловсруулагч нь бүр хүчтэй дүнгэнэж байснаа удалгүй бүр таг болчихлоо. Хуруу нь ч өвдөхөө байв. Коллинз хуруугаа харвал өчүүхэн жижиг сорви ч үлдэлгүй эдгэчихэж.

Коллинз шарзнаасаа сайн гэгч нь татаж аваад орон дээрээ унаад өгөв. Шөнө аймаар том А үсгэнд хөөгдөж байна гэж хар дарсан боловч сэрснийхээ дараа зүүдээ мартаж орхилоо.

Долоо хоногийн дараа ойд байшин барьсан нь тун ч бодлогогүй алхам байсныг Коллинз ойлголоо. Хийх юмаа олж ядсан тэнүүлчдээс болж бүхэл бүтэн салаа цэрэг хөлсөлж авахаас өөр аргагүй болсны дээр ойд нь ан хийх гэсэн анчид заавал англи маягийн цэцэрлэгт хүрээлэнд нь буух гээд үйлийг нь үзнэ. 

Ядаж байхад нь Төрийн татварын албаныхан ашиг орлогыг нь илэрхий сонирхоод эхэллээ. 

Гэхдээ хамгийн гол нь гэвэл Коллинз байгальд тийм ч их хайртай биш юм байна гэдгээ олж мэдсэн байлаа. Шувуу мувуу, хэрэм зэрмийг харсан шигээ суух сайхан ч гэлээ тэд нартай юм ярих боломжгүй. Моддыг ширтээд суух зүгээр ч гэлээ аяга тагш юм хуваагаад уучихаж болохгүй. 

Ингээд сэтгэлийнхээ гүнд өөрийгөө жинхэнэ хотын хүн юм байна гэж Коллинз бодлоо. Тиймээс «Поуха минайл» компаний ачигч, «Максиме олф» компаний барилгачид, Агшин зуурын аяллын «Ягтон» нэртэй товчоо болон хэрэгтэй хүмүүст атгуулсан ахиухан мөнгөний тусламжтайгаар Коллинз нь Төв Америк орчмын жижигхэн улсын иргэн болчихлоо. Энэ улсынх нь цаг агаар нь илүү урин дулаан, ашиг орлогын татвар гээч зүйл огт үгүй тул мань эр морьны жүчээ, зарц, засварчид, харуул, хөгжимчид, балетийн бүжигчид, тогос гэх мэтийн элдэв зүйлээр өвч бүрэн тоноглогдсон баярхуу тансаг ордон бариулаад авав. Тэгээд шинэ байртайгаа бүрэн танилцах гэж бүхэл бүтэн хоёр долоо хоног зарцуулав. 

Тэгээд нэг хэсэгтээ л санаа амар амьдарлаа.

Ингээд нэг өглөө спорт загварын машин, эсвэл сайн үүлдрийн азарга адуу хоёрын алийг нь хүсдэг юм билээ гэж бодсон шигээ Хайгдал боловсруулагч руугаа дөхлөө. Саарал өнгөтэй төхөөрөмж рүүгээ тонгойн улаан товчлуур руу нь гараа явуултал...

Явуултал нөгөөх нь гэнэт огил үсрэн бултах нь тэр. 

Тэрхэн эгшинд мань Коллинз өөрийгөө хий юм хардаг болж байгаа юм байна гэж санаад өглөөний хоолны өмнө оргилуун дарс уудгаа болих тухай бодоод амжив. Тэгээд урагш нэг алхан улаан товчлуурыг дарахаар ахиад л гараа сарвайлаа. Гэтэл Хаягдал боловсруулагч нь хэзээ язааны аятай аятайхан бултаж зайлчихаад өрөөнөөс хар гүйхээрээ гарчихдаг байгаа.

Коллинз ч мөчөөгөө өгсөнгүй дотроо жинхэнэ эзнийг нь А зэрэглэлийнхэнтэй нь хамт хараан зүхсээр араас нь жирийлгэлээ. Нөгөө Лиикийн яриад байсан амь оруулах гээч нь болж таарлаа. Тэгэхээр жинхэн эзэн нь нэг арга хэрэглээд төхөөрөмжинд амь оруулчихаж. Ямар арга гэдгийг нь бодох сөхөө байсангүй. Төхөөрөмжөө аль болох хурдан гүйцэж очоод улаан товчлуурыг нь дарж Амь оруулалтыг хянах албаны залуусыг дуудах хэрэгтэй. 

Ингээд Хаягдал боловсруулагч нь өрөөг нэвтлэн харайлгаж Коллинз араас нь таваргалаа. Өрөөнийх нь хаалгын цэвэр алтаар цутгасан бариулыг арчиж зогссон туслах бойдоо нь мань хоёрыг хараад амаа ангайлган гацчихлаа.

-Наадахаа зогсоогооч гэж Коллинз ориллоо.

Туслах бойдаа нь Хаягдал боловсруулагчийг замыг нь хаах гэж байгаа бололтой урагш нэг алхахчаан болов. Харин төхөөрөмж нь тун ч эвсэлтэйгээр бултан бойдоо тойрч гараад гол үүд рүү харайлгах нь тэр.

Энэ зуур Коллинз нь үүд хаагчийг амжиж дарвал үүд нь ч тасхийтэл хаагдлаа.

Хариин Хаягдал боловсруулагч нь зогосохын оронд улам ч хурд аваад хаалттай үүдийг нэвт цохиод гарах нь тэр. Гадаа гарсан даруйдаа усалгааны уян хоолойнд бүдэрсэн болов ч тэр даруй тэнцвэрээ олж аваад гадагш гарахаар хашаан дундуур харайлгалаа. 

Коллинз ч араас нь тэнхээ мэдэн давхиж байлаа. Нэг ойртоод авдаг юм бол....

Тэгтэл Хаягдал цэвэрлэгч нь гэнэт дээшээ огил харайн үсрэв. Тэгснээ хэдэн секунд агаарт тогтож байгаад уначихав. Коллинз ч улаан товчлуур руу зүтгэв. Хаягдал боловсруулагч ээлжит удаагаа бултчихаад хурдаа авч байгаад ахин үсрэв. Агаарт 6 метр орчим өндөрт гараад хэсэг тогтоод авав. Дараа ахин чанх дээшээ бүр ч өндөрт гарснаа гэнэт зогтусаад галзуурсан мэт эргэлдэнгээ уначихав. 

Энэ бүхнийг харсан Коллинзын дотор нь палхийлээ. Гурав дахь удаа үсэрвэл Хаягдал боловсруулагч нь эргэж ирэхээргүй өндөрт гараад алга болоод өгөх вий гэж айсан нь тэр. Тийм болохоор Хаягдал боловсруулагчийг газардахь үед Коллинз бүрэн бэлтгэлтэй хүлээж байлаа. Мань худлаа дохиж мэхлэнгүүтээс самбаачлан улаан товчлуурыг дарж чадлаа. Мэхэнд нь орсон Хаягдал боловсруулагч бултаж амжсангүй.

Тэгээд Коллинз:
-Амь оролтыг хянах алба? гэж бах нь ханасан байртай чанга дуугаар захиалгаа өглөө. 

Юм тэсэрч байгаа мэт сулавтар чимээ гартал Хаягдал боловсруулагч нь дуулгавартай нь аргагүй хөшчихэв. Амь оролт нь сураггүй. 

Коллинз духныхаа хөлсийг шударчихаад төхөөрөмжин дээрээ тухлан суулаа. Дайснууд ч улам л ойртоод байна даа. Боломж байгаа дээр нь бүр ч илүү сүртэй, гайхалтай зүйл захиалаад авах нь л хамгийн зөв.

Ингээд таван сая доллар, өвч тоноглогдсон нефтийн цооног гурвыг, кино студи нэгийг, хэзээ ч өвдөхгүй төгс эрүүл мэнд, бүжигчин хүүхэн хориын тавыг, үхэлгүй мөнхийн амьдрал, спорт загварын машин, сайн үүлдрийн азарга адуу зэргийг ар араас нь дагуулан нүд ирмэхийн зуур захиалаад авдаа.

Тэр агшинд хаа нэгтээ хүн жогтой инээх чимээ гарах шиг боллоо. Мань хүн эргэн тойрноо анхааралтай ажиглав. Хэн ч алга.

Тэгээд эргээд хартал Хаягдал боловсруулагч нь алга болчихсон байх нь тэр. Коллинз нүдээ байдгаар нь бүлтийлгэн хайлаа. Гэвч дараагийн агшинд өөрөө алга болж орхилоо.

Сэхээ ороод нүдээ нээтэл хэдийний танил болсон улаан царайтай эр нэг ширээний өмнө суучихсан, өөрөө өмнө нь зогсож байгааг олж харав. Гэхдээ нөгөө эрийн царайнд уурлаж, уцаарласан зүйл харагдсангүй. Харин ч нэг тийм тайвширсан, эсвэл бүр залхаад уйдсан гэмээр төрхтэй болчихож.

Жинхэнэ эзэн, А зэрэглэлийнхэн нь мань хүнийг эцсийн эцэст барьчихлаа даа. Сайхан зүйл нь ингээд нэг мөр дуусч байгаад Коллинз харамсан минут хэртэй дуугүй зогсов. Гэхдээ сайхан л байсан юм чинь яадаг юм.

-За тэгээд гэсээр Коллинз ам нээлээ. –Та нар төхөөрөмжөө буцаагаад авчихлаа. Одоо надаар яах гээд байгаа юм бэ?

Улаан царайт эр гайхсан байртай өөдөөс нь ширтэнгээ:
-Төхөөрөмжөө гэнэ ээ? Эрхэм ээ, энэ чинь миний төхөөрөмж биш шүү дээ гэж хэлэх нь тэр. –Огтхон ч биш.

Коллинз мэл гайхан өөдөөс нь ширтэв.

-Намайг мэхлэх гэсний хэрэггүй шүү, ноёнтон гуай. Та бол А зэрэглэлийнх, тийм ч болохоороо энэ төхөөрөмжөө дангаар эзэмших гээд байгаа биз дээ?

Үүний дараа улаан царайт эр үзэж суусан цаасаа хойш тавив. Тэгээд:
-Ноён Коллинз, намайг Флайн гэдэг юм. Би бол иргэдийг хамгаалах холбооны төлөөлөгч гэж хатуухан хэлэв.- Манайх бол ямар нэгэн арилжааны ашиг хонжоо хөөдөггүй байгууллага юм. Тантай адил хүмүүсийн амьдралынх нь замд тулгарч болзошгүй төөрөгдлөөс хамгаалах гэсэн цорын ганцхан зорилготой. 

-Та янз нь өөрийгөө А зэрэглэлд багтдаггүй гэж хэлэх гээд байн аа даа, тийм үү?

-Эрхэмээ та тун ч гүн төөрөгдөлд автсан байна гэж Флайн тайван бөгөөд ихэмсэг аясаар хариулав.-А зэрэглэл гэдэг чинь таны бодоод байгаа шиг нийгэм олон нийтийн зэрэг дэв огт биш юм. Энэ бол зүгээр л зээлийн нэг хэлбэр төдий зүйл юм.

-Юуны хэлбэрээ гэнэ ээ гэж Коллинз гайхан асуув.

-Зээлийн хэлбэр ээ гэчихээд Флайн цагаа харав.-Цаг бага байгаа болохоор би товчхон тайлбарлая. Бид болохоор анти төвлөрөлтийн эрин зуун амьдардаг хүмүүс юм. Манай үйлдвэрлэл, худалдаа, засаг захиргааны байгууллагууд нь хоороондоо орон зай болон цаг хугацааны нэлээд алслагдаж тусгаарлагдсан байдаг юм. Харин “Хаягдал боловсруулагч” гэдэг хувьцаат нийгэмлэг нь энэ бүхнийг хооронд нь холбох маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Өөрөөр хэлбэл энэ байгууллага нь соёл иргэншлийн бий болгосон бүтээгдэхүүнүүдийг нэг газраас нөгөө газар руу шилжүүлэн хөдөлгөх гэх мэтийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. Одоо ойлгомжтой юу?\

Коллинз толгой дохилоо.

-Төлбөрийн зээлийг мэдээж хэрэг шууд олгоно. Харин олгогдсон зээлийг эрт ороогүй заавал эргүүлэн төлж дуусгах ёстой. 

Нэг л биш болоод явчихлаа. Заавал төлж дуусгах ёстой гэнэ үү? Ямар ч байсан мань хүний бодоод явсан шиг тийм ч өндөр иргэншсэн нийгэм биш бололтой дог шүү. Төлбөрийн талаар ганц удаа ган хийгээгүй шүү дээ. Юу болчихоод гэнэт одоо яриад унав аа? 

Коллинз гайхаш алдарсан дуугаар:
-Тэгвэл яагаад хэн ч намайг зогс, боль гэж хэлээгүй юм бэ? гэлээ. –Цаад хүмүүс чинь намайг төлбөрийг чадваргүй гэдгийг мэдэж байх ёстой биз дээ?

Флайн толгой сэгсэрлээ.
-Төлбөрийн чадварыг хуулиар тогтоодоггүй юм. Иргэншсэн нийгэмд нь хүн болгонд өөрөө бие даан шийдвэр гаргах эрхийг нь өгчихсөн байдаг. Тэгэхээр төлбөрийн чадвар гэдэг зуун хувь тухайн хүний сайн дурын хэрэг. Эрхэм ээ, надад тун харамсалтай байна гэж хэлснээ Флайн цагаа ахин нэг хараад нөгөө үзээд байсан цаасаа сарвайлаа.-Та энэ тооцоотой танилцаад, үнэн зөв эсэхийг магдална уу.

Коллинз цаасыг анхааралтай уншлаа.

-Бүрэн тоноглолтой ордон - 450000000 төлбөрийн нэгж.

“Поуха минайл” болон “Максимо олф” компаний ажилчид, ачигчдын хөлс нийлээд – 111000 төлбөрийн нэгж

122 бүжигчин хүүхнүүд – 122000000 төлбөрийн нэгж.

Хэзээ ч өвдөхгүй, өөгүй төгс эрүүл мэнд- 888234031 төлбрийн нэгж.

Гэсээр Коллинз бүгдийг нь гүйлгэн уншиж дуусав. Нийлбэр дүн нь 18 биллион төлбөрийн нэгжээс үл мэдэг давж гарч байх юм.

-Энэ чинь одоо юу болоод байна вэ? гэж Коллинз уулга алдлаа.-Надаас ийм их мөнгө нэхэх эрх та нарт байхгүй. Танай тэр Хаягдал боловсруулагч чинь хаанаас ч юм бэ бүү мэд өөрөө алдаа гаргаад унаад ирсэн шүү дээ. 

-Би яг наад байдалд чинь таныг анхаарлыг хандуулмаар байна гэж Флайн хэлэв.- Юмыг яаж мэдэх вэ? Цаашдаа цаадуул чинь илүү болгоомжтой байх ч юм билүү. Ямар ч байсан хичээнэ. Үүнээс илүү дордоно гэж л лав байхгүй дэг.

Коллинз нүд нь манантан бүрэлзээд эхлэв. Флайны царай ч уусан болж эхэллээ.
-За, цаг дууслаа гэж Флайн хэлэв.-Танд амжилт хүсье.

Коллинз нүдээ анив.

Эргээд нүдээ нээхэд нь огцом өндөр хадан хясаа бүхий уулсаар битүү бүслэгдсэн уйдаж үхэм төрхтэй хөндий өмнө налайж байх нь тэр. Тэнгэрийн өнгө зэвхий саарал бөгөөд чөмөг царцаам салхи үлээх тоолондоо царайг нь хайр найргүй алгадана.

Хаанаас ч юм бүү мэд гараад ирсэн ноорхой хувцастай хүн дэргэд зогсож байх юм.

Нөгөө хүн нь:
-Май гэж хэлээд Коллинзд зээтүү өгч байх юм.

-Наадах чинь юу юм бэ?

-Зээтүү гэж нөгөө хүн тэвчээртэй нь аргагүй тайлбарлав.-Харин тэнд чулуу олборлох газар бий. Хоёулаа бусадтайгаа нийлж байгаад тэндээс гантиг чулуу олборлоно доо хөө.

-Гантиг ий?

-Өөр юу байх вэ. Гантигаар ордон барих гэсэн усан хаа сайгүй байдаг юм гэж нөгөө хүн мушилзан хэлэв.-Намайг Янг гэдэг. Нэг хэсэгтээ л хоёулаа хамт ажиллана даа.

Коллинз дүйнгэтсэн харцаар Янг руу ширтээд:
-Нэг хэсэгтээ гэж хэр удаан?

-Энд сардаа таваас арван төлбөрийн нэгжийн хөлс авна. Төлбөрөө бүрэн хийж дуусах хүртэл чинь түүнийг чинь суутгаад байна гэж мэд. Тэгээд өөрөө тооцоод үзэхгүй юу. 

Коллинз өөрийн эрхгүй зээтүүгээ алдчихав.

Арай ч дээ. Ийм юм байж болохгүй шүү дээ. “Хаягдал боловсруулагч” хувьцаат нийгэмлэг алдаа гаргаж байгаагаа заавал ойлгох ёстой. Тэр төхөөрөмж нь Өнгөрсөн үе рүү унаад ирсэн нь өөрсдийнх нь буруу шүү дээ. Иймхэн юмыг мэдэхгүй байна гэж байхгүй.

-Энэ чинь бүгд эндүүрэл шүү дээ гэхээс өөр үг Коллинзд олдсонгүй.

-Ямар юмных нь эндүүрэл байх вэ дээ гэж Янг үг сөрөв.- Цаадуул чинь ажлын хүчний дутагдалд орчихсон байгаа. Тэгээд л хаа таарсан газраасаа хүн олзолдог болчихсон юм. За, гаръя даа, ажилдаа. Зүгээр дээ хөө, эхний мянган жилдээ л хэцүү байдаг юм. Тэгээд яваандаа дасчихдаг юм шүү дээ.

Коллинз өөрийн мэдэлгүй Янгын даган хоёр гурав алхалснаа зогтусав.

-Юу? Эхний мянган жил ээ? Би тийм удаан амьдрахгүй шүү дээ.

-Амьдрахаар барах уу гэж Янг эсэргүүцэх боломжгүй аясаар өгүүллээ. –Чи чинь үхэшгүй мөнхий амьдрал гуйж авснаа мартчихаа юу?

-Төхөөрөмжөө яг буцаан авч байхад нь хэлсэн болохоор тооцоогүй ч юм билүү? Эсвэл бүр буцаан авсан хойноо надаас асуулгүй өгчихсөн байж болно шүү дээ. 

Гэнэт Коллинзын нэг зүйлийг зурвасхийн харах шиг боллоо. Нээрээ, Флайны үзүүлсэн тооцооноы хуудсан дээр үхэшгүй мөнхий амьдрал гэсэн төлбөр огт байгаагүй юм байна шүү дээ.

-Би сая саналаа. Надаас үхэшгүй мөнхийн амьдрал гэж төлбөр огт нэхээгүй юм байна шүү дээ.

Янг мань эрийг хараад инээд алдав.

-Хөгшин минь битгий гэнэн царай гаргаад бай. Наад бөндгөрөө ажиллуулаач гэж хэлээд Янг мань эрийг араас нь евров.- Наад юмыг чинь л цаадуул чинь үнэгүй өгдөг илэрхий байгаа биз дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан