Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Платоны тодорхойлсон хүн (Роберт Шеклийн өгүүллэг)

Платоны тодорхойлсон хүн

Экспедицийн гишүүд Регул-V гараг дээр хөлгөө амжилттай газардуулж, отогоо байгуулаад Макс гэж нэр өгсөн ХСР-22-0134 загварын хил сахигч роботоо асаав. Энэ робот нь экспедицийн явцад хаа нэгтээ харь гарагийн хүнтэй тулвал тэднийг отогт нэвтрэхээс хамгаалах зориулалттай хоёр хөл бүхий механизм бөгөөд хүний яриаг ойлгон ажилладаг. Уг нь Макс анхандаа бол зааврын дагуу ган саарал өнгөтэй байсан ч эцэс төгсгөлгүй урт нислэгийн үеэр өнгийг нь цагаан цэнхэр болгоод будчихсан байлаа. Макс метр хорин санти өндөртэй байсан болохоор экспедицийн гишүүд түүнийг ухаалаг, сайхан сэтгэлтэй төмөр хүн, “Номин эртдэнэ хотын илбэчин”-ний Төмөр Түлээчний жижигхэн хувилбар, төмөр одой гээд бүр итгэчихсэн байв.      

Мэдээж тэд төөрөлдөж байсан юм. Тэдний робот нь өөрт нь бодож олсон тэр олон чанаруудаас нэгийг нь ч агуулаагүй байв. ХСР-22-0134 бол хадагч машинаас илүүгүй ухамсартай, боловсруулагч шугамнаас илүүгүй сайхан сэтгэлтэй байлаа. Ёс суртахууны хувьд түүнийг эргэгч гол, эсвэл радио хүлээн авагчтай харьцуулж болно уу гэхээ хүнтэй бол яагаад ч болохгүй.

Улаан нүдтэй, зөөлөн цайвар цэнхэр өнгөтэй Макс бүх л электрон мэдрэмжүүдээ хамгийн дээд чадлаар нь ажиллуулан нүдэнд үл үзэгдэгч хилийн дагуу тасралтгүй тойрон явж харагдана. Тийрэлтэт нисдэг тэргээр гарагийг судлахаар ниссэн ахмад Битти, дэслэгч Жеймс хоёр долоо хоног орчим отогтоо ирэхгүй байв. Дэслэгч Холлорен үлдсэн төхөөрөмжүүдээ сахихаар отогтоо үлдсэн байлаа.

Холлорен бол торх шиг цээж, майг хөлтэй, намхан пагдгар эр. Тэрээр хөгжилтэй, сэвхтэй, хал үзсэн, сэргэлэн эр бөгөөд нүүр улаймаар үг хэлэх дуртай нэгэн. Мань эр өглөөний хоолоо идчихээд нисдэг тэрэгтэй хувиар ёсоор холбоо барьсны дараа эвхдэг сандал дэлгээд байгалийн сайхныг бахдахаар тухаллаа.

                Юу ч үгүй хоосон цөлд дуртай хүнд бол Регул-V үнэхээр сайхан газар. Отогийг тойроод хашаа л харна элс, царцсан лав, хад асганаас бүрдсэн аймшигтай халсан тал газар. Хаая нэг болжмортой төстэй шувууд нисэж, заримдаа цөөвөр чонотой төстэй амьтад гүйж харагдана. Хад асганы завсаар энд тэнд хорчгор кактусууд ёрдойно.

                Холлорен эвхдэг сандал дээрээсээ бослоо:

-Макс, би энэ хавиар явж байгаад ирье. Намайг байхгүй үед чи отогийн даргаар үлдэнэ шүү.

                Робот отогийг тойрон явахаа зогсоов.

-Мэдлээ эрхэм ээ. Би даргаар үлдэнэ.

-Харь гарагийн хүмүүсийг ийш нь оруулж болохгүй шүү, ялангуяа хоёр толгойтой, өвдөг нь арагшаа нугардгийг нь.

                Харь гарагийнхны тухай яриад эхлэхээр Макс хошигнол мэдрэх чадвараа алдчихдаг болохоор:

-Би таны тушаалыг анхаарлдаа авна аа, эрхэм ээ гэлээ.-Та нууц үгээ мэдэж байгаа юу ноён Холлорен.

-Мэдэж байгааг Макс минь. Харин чи?

-Би нууц үгийг мэднэ, эрхэм ээ.

-Сайн байна. За, удахгүй уулзана аа.

                Ингэж хэлээд Холлорен отогийг хилийг даван явлаа.

***

Холлорен отогийн эргэн тойрны үзэмжит сайхан газраар хэсэг тэнэж байгаад сонирхолтой юм олж хараагүй болохоор цагийн дараа отог руугаа буцав. Түүнд ХСР-22-0134-ийг отогийн хилийг даган эцэс төгсгөлгүй тойрон явсан хэвээр байгааг харахад сайхан сэтгэгдэл төрлөө. Энэ бол бүх зүйл хэвийн гэсэн үг.

-Хөөе Макс минь гэж тэр орилов.-Надад захидал ирээгүй биз?

-Зогс гэж робот гэнэт тушаах нь тэр.-Нууц үгээ хэл.

-Битгий тэнэгтээд бай Макс. Нууц үгтэй манатай...

                Ингэж хэлээд Холлорен отогийг хилийг давах гэтэл нь

-Зогс гэж робот заналтай тушаав.

                Холлорен тэр даруй гацаж орхилоо. Максын фото цахилгаан нүд нь асаж, чад пад хийх нэг их чанга биш дуу хоёронтоо гарч бага оврын зэвсгээ байлдааны бэлэн байдалд оруулсан гэдгийг нь мэдэгдэв. Холлорен болгоомжтой хөдлөхөөр шийдэв.

-Би зогсож л байна шүү дээ. Миний овог Холлорен. За одоо бүх зүйл хэвийн биз дээ Макс?

-Та нууц үгээ хэлнэ үү?

-“Хонх” гэж Холлорен хариулав. –Харин одоо чамайг зөвшөөрвөл...

-Хилийг битгий нэвтрээрэй гэж робот анхаарууллаа. –Нууц үг буруу байна.

-Мөн тийм байх даа. Энэ нууц үгийг би өөрөө чамд өгсөн шүү дээ.

-Энэ бол хуучин нууц үг.

-Хуучин гэнэ ээ? Чиний электрон ухаан чинь солиорчээ гэж Холлорен уурлав. –Цорын ганц жинхэнэ нууц үг бол “Хонх”, өөр ямар ч нууц үг чамд байх ёсгүй. Яахав нөгөө...

                Энэхүү яахав нөгөө гэсэн таагүй зүйлийн талаар Холлорен эргэцүүлэн бодоод чанга хэлэх хүртэл нь робот тэвчээртэй хүлээж байлаа.

-Яахав нөгөө ахмад Битти нисэхээсээ өмнө чамд өөр нууц өгсөн байж болох юм. Тэгсэн үү?

-Тийм гэж робот хариуллаа.

-Ийм юм болж магадгүй гэж сэтгэх хэрэгтэй байсан юм аа гэж Холлорен инээмсэглэн хэлсэн боловч дотроо бухимдаж байв. Иймэрхүү алдаа урд нь гарч байсан ч гэлээ байдлыг засахад туслах ядаж нэг хүн отог дотор үргэлж байж таарсан билээ.

                Гэхдээ одоо ч гэсэн түгшүүр зарлах үндэслэл алга. Хэрэв сайн бодоод үзвэл нэлээн марзан байдал үүссэн хэрэг. Тэгэхээр шийдэхэд ч ядаад байх юм алга. Гол нь бага зэрэг толгойгоо ажиллуулах хэрэгтэй.

                Холлорен болохоор ХСР-22-0134-ийг ядаж бага ч гэлээ сэтгэн бодож чаддаг гэсэн үүднээс хандаж байсан нь мэдээж.

-Макс гэсээр Холлорен яриагаа эхэллээ. –Би юу болсныг ойлгож байна аа. Ахмат Битти чамд шинэ нууц өг өгчихөөд надад тэр тухайгаа хэлэхээ мартаж. Дараа нь би отогийн хилийг орхин гарахаас өмнө нууц үгээ шалгалгүйгээр түүний гаргасан алдааг улам лавшруулсан байна.

                Робот юу ч хэлээгүй болохоор Холлорен үргэлжлүүлж:

-Ямар ч байлаа гэсэн энэ алдааг хялбар засаж болно гэв.

-Тийм гэдэгт үнэхэрэ найдаж байна гэж робот хариулав.

-Мэдээж шүү дээ гэж Холлорен хэлсэн ч дууных нь өнгө урдын адил итгэлтэй биш болсон байв.-Ахмад ч тэр, би ч тэр чамд шинэ нууц үг өгөхдөө ямагт тодорхой дүрмийг дагадаг. Чамд нууц үг хэлчихээд ахмад тэр даруй нууц үгээ надад амаар хэлээд, дараа нь одоо болоод байгаа шиг гэнэтийн зүйл тохиолдож магадгүй гэсний үндсэн дээр бичиж үлдээдэг.

-Тийм гэж үү? гэж робот асуув.

-Тийм тийм гэж Холлорен хариуллаа. –Үргэлж тэгдэг юм. Заавал. Тэгэхээр энэ удаад ч гэсэн бичиж үлдээсэн гэсэн үг. Чи ардаа байгаа майхныг харж байна уу?

                Робот нэг нүдээ Холлореноос салгалгүйгээр нөгөө нүдээ майхан руу чиглүүлэв.

-Тийм ээ, би харж байна.

-Сайн байна. Майхан дотор ширээ байгаа. Ширээн дээр саарал өнгөтэй төмөр хавчаар бий.

-Тийм байна гэж Макс хэлэв.

-Маш сайн. Хавчаар дотор хуудас цаас байгаа. Дээр нь аваарын дохио өгдөг давтамж г.м. хамгийн чухал өгөгдлүүдийг бичээстэй байгаа. Цаасны дээд буланд улаанаар тойруулаад зурчихсан одоогийн нууц үг бий.

                Робот нүдээ урагш сунган фокусыг нь тохируулж хараад буцааснаа Холлоренд:

-Таны хэлсэн бүхэн яг зөв байгаа ч энд үүсээд байгаа зүйлтэй ямар ч холбогдолгүй байна. Миний хувьд нууц үг хаана бичигдсэн байгаа нь бус харин таныг нууц үг мэдэж байгаа эсэх нь чухал. Хэрэв та нууц үгийг хэлж чадвал би таныг отог руу нэвтрүүлнэ. Хэрэв та нууц үгийг хэлж чадахгүй бол та таныг отог руу нэвтрүүлэх ёсгүй.

-Энэ чинь шал тэнэг юм гэж Холлорен хашхирав. –Дүрэм дагах донтой хөлдүү Макс минь ээ. Энэ чинь би л байна шүү дээ, Холлорен байна. Тийм гэдгийг чи мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Чамайг асаасан өдрөөс эхлээд хоёулаа байнга л хамт байгаа явж байгаа шүү дээ. Тийм болохоор гүүрэн дээрх Гораций болж жүжиглэхээ болиод намай отог руу оруулаад орхи.

-Та ноён Холлорентэй үнэхээр гайхалтай адилхан юм гэж робот хүлээн зөвшөөрлөө. –Гэхдээ таны хэн болохыг адилтган таних багаж ч тэр, эрх ч тэр надад байхгүй бөгөөд үүнээс гадна намайг зөвхөн өөрийн мэдрэхүйг үндэслэн ажиллахыг зөвшөөрдөггүй. Миний хувьд хүлээн зөвшөөрч болох цорын ганц нотолгоо бол нууц үг.

                Холлорен аяндаа буцлаад ирсэн уураа дараад ердийн хоолойгоор:

-Макс хөгшин минь чи намайг янз нь хар гарагийн хүн гэж хэлэх гээд байгаа бололтой юм аа гэж хэлэв.

-Та нууц үгийг хэлэхгүй байгаа болохоор би энэ таамгаас үүдэн тантай харьцах ёстой.

                Холлорен урагш алхангаа

-Макс аа гэж орилоод- Бурханы нэрийг барьж гуйя.

-Хил рүү бүү ойртоорой гэж робот хэлэв. Нүд нь ассан харагдана.-Та хэн ч байсан, юу ч байсан буцаад ухарна уу.

-За за би ухарлаа гэж Холлорен яаран хариулав.-Битгий нервтээд бай.

                Ингэж хэлээд мань эр хилээс холдоод роботын нүдний гэрэл унтартал хүлээв. Дараа нь чулуун дээр суулаа. Тун ч нухацтай бодож хэрэгтэй болжээ.

***
Мянган цаг үргэлжилдэг Регул гарагийн нэг хоногийн үд дунд бараг болчихсон байв. Бүдэг цагаан өнгөтэй тэнгэр дээрх хоёр цагаан толбо болох хоёр наран хамгийн өндөр цэгтээ хүрсэн харагдана. Хоёр нар туяа нь хүрсэн юм болгоныг шатаан гантигийн гадаргуу шиг газар дээгүүр удаан хөвнө.

                Халуу шатсан хуурай тэнгэрт хааяа нэг шувуу ядарсан байртай ниснэ. Жижиг амьтад нэг сүүдрээс нөгөө сүүдрийн хооронд хурдан гэгч нь шургалан гүйлдэнэ. Нохой зээхтэй төстэй амьтан майхныг гадсыг хэмлэн зогсох ч жижигхэн цэнхэр робот маань түүнийг огтхон ч анхаарахгүй байв. Харин хүн чулуун дээр суугаад роботыг ширтэнэ.

                Цангаж эхэлсэн Холлорен бий болсон нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодоод гарц олохыг оролдож байлаа.     

                Юм умаар байлаа. Удахгүй ус хамгийн чухал зүйл болж хувирна. Дараа нь ус дутагдан үхнэ.

                Отогоос өөр газар ууж болох ус байхгүй.

                Отогт ус зөндөө бий ч гэлээ роботыг давалгүйгээр түүнд хүрч чадахгүй.

                Хуваарийн дагуу бол Битти Жеймс хоёр гурван өдрийн дараа холбоо барина. Гэхдээ мань хүн хариу өгөхгүй байлаа ч тэр хоёр хар авах нь юу л бол. Яагаад гэвэл богино долгион гээч зүйл Дэлхий дээр ч гэсэн элдэв янз болж байдаг. Тэгээд оройдоо ахиад нэг удаа холбоо барих гэж үзнэ. Тэр үед хариу авахгүй бол л тэр хоёр отог дээр эргэж ирнэ.

                Тэгэхээр, дэлхийн дөрвөн өдөр шаардлагатай гэсэн үг. Харин мань эр усгүйгээр хэр удаан тэсэх бол?

                Асуултын хариу нь түүний бие махбодийн усаа алдаж байгаа хурднаас хамаарч байгаа. Шингэний алдагдал нийтдээ биеийн жингийнх нь 10-15 хувь болох үед тэр шоконд орно. Аюултай богино хугацаанд шоконд орж ч магадгүй. Нүүдэлчин бедуинууд усгүй үлдчихээд ердөө ганц хоногийн дараа үхэж байсан тохиолдлууд ч байдаг. Америкийн Баруун Өмнөд нутагт осолд орсон жолооч нар Бейкер, эсвэл Мохаве цөлөөс явган гарах гэж явахдаа 12 цаг ч тэсэлгүй үхсэн тохиолдлууд бий.

                Харин Регул-V бол Калахари шиг бөгчим халуун, чийглэг нь Үхлийн хөндийнхөөс ч бага. Регул-V-ын нэг хоног нь дэлхийн бараг мянган цагийн турш үргэлжилдэг. Одоо үд дунд гэхээр сүүдэрт нуугдах боломжгүйгээр тасралтгүй үргэлжлэх халуун дунд өнгөрүүлэх 500 цаг мань хүнийг хүлээж байлаа.

                Ер нь хэр удаан тэсэх бол? Дэлхийн нэг өдөр л байх. Хамгийн өөдрөх тооцоогоор хоёроос хэтрэхгүй.

                Тиймээс Битти Жеймс хоёрыг мартах хэрэгтэй. Мань хүн отог руу нэвтрэн ус олох зайлшгүй шаардлагатай, аль болох хурдан.

                Тэгэхээр роботыг аргалан отог руу орох арга бодож олох хэрэгтэй.

                Мань хүн логикийг ашиглахаар шийдэв.
***
-Чи намайг Холлорен гэдгийг мэдэж байх ёстой бас Холлорен намайг отогийг орхин яваад цагийн дараа эргэж ирсэн гэдгийг мэдэж байх ёстой бас Холлорен намайг чиний өмнө нууц үгээ мэдэхгүй зогсож байгааг мэдэж байх ёстой.

-Таны баталгаа үнэн гэх магадлал нэлээд өндөр байна гэж робот хүлээн зөвшөөрлөө.

-Гүй тэгвэл...

-Гэхдээ би магдлал, эсвэл бүр бүрэн итгэлтэй байдлаас үүдсэн арга хэмжээ авч чадахгүй. Тэгээд ч ер нь намайг харь гарагийн хүнтэй уулзах магадлал хэдий бага байсан ч гэлээ тэдэнтэй уулзан учрыг нь олох зориулалтаар бүтээсэн юм.

-Тэгвэл надад ядаж устай канистр аваад ирж чадах уу?

-Үгүй. Тэгвэл тушаал зөрчсөн хэрэг болно.

-Хэзээ байтлаасаа чамд усны талаар тушаал өгдөг байсан юм бэ?

-Шууд утгаар бол өгч байгаагүй. Гэхдээ надад суулгасан үндсэн заавраас ийм гаргалгаа үүдэн гарч байгаа юм. Би харь гарагийн хүнд туслалцаа, дэмжлэг үзүүлэх хоритой.

                Энэ үгийг сонссоны дараа Холлорен маш чанга дуугаар, маш хурднаар маш олон үг хэлэв. Тэдгээр үгс нь зөвхөн дэлхий дээр хэрэглэгддэг өвөрмөц хэллэг байсан ч бүгд хэтэрхий нэг талыг дөвийлгөсөн, утгагүй байсан болохоор Макс тоосонгүй.

                Хэсэг хугацааны дараагаар өөрийгөө Холлорен гэж нэрлэсэн харь гарагийн хүн овоолсон чулууны араар орон алга болох нь тэр.

                Хэдэн минутын дараагаар нөгөө хэсэг чулууны араас нэгэн бодгаль исгэрсээр гараад ирлээ.

-Сайн Макс гэж нөгөө бодгаль хэлэв.

-Сайн уу ноён Холлорен гэж робот хариулав.

                Холлорен хилээс арван алхамын цаана зогсов.

-Би энэ хавиар хэсэг явж үзлээ гэж тэр хэлэв.-Сонирхолтой юм энд юу ч алга. Намайг байхгүйд энд элдэв юм болоогүй биз?

-Болсон эрхэм ээ гэж Макс хариуллаа.-Отог руу харь гарагийн хүн орохыг оролдсон.

                Холлорен хөмсгөө өргөв.

-Үгүй байлгүй дээ?

-Тэгсэн эрхэм ээ.

-Тэгээд тэр харь гарагийн хүн ч ямаршуу төрхтэй юм бэ дээ?

-Тантай их төстэй байсан ноён Холлорен.

-Ээ бурхан тэнгэр минь гэж Холлорен уулга алдав.-Тэгээд тэрийг намайг биш гэдгийг чи яаж мэдэв?

-Тэр нууц үг хэлэлгүйгээр отог руу орохыг завдсан. Жинхэнэ ноён Холлорен тийм юм мэдээж хийхгүй байсан.

-Мэдээж гэж Холлорен хэлэв.-Маш сайн байна Макси. Тэр хачин амьтан ахиад гарч ирэх эсэхийг хоёулаа сайн ажиглах хэрэгтэй боллоо шүү.

-Мэдлээ эрхэм ээ. Танд баярлалаа эрхэм ээ.

                Холлорен хайнгадуу толгой дохив. Мань эр дотроо их л додигор байлаа. Макс өөрийн хийцийн онцлогоос болоод уулзалт болгоныг бусад бүх уулзалтаас зуун хувь салангид авч үзээд, зөвхөн уулзалт болох үеийн нөхцөл байдлаас хамааран арга хэмжээ авах болно гэдгийг мань хүн сэтгэхчихсэн байв. Максад өмнөх туршлага дээрээ тулгуурлан бодох хориотой байсан болохоор өөрөөр байх ч боломжгүй юм.

                Максын ухамсарт нь тодорхой урьдчилсан нөхцлүүдийг оруулан программчилсан байгаа. Макс дэлхийн хүн нууц үгийг ямагт мэдэж байдаг гэдгээс үүдэн бодож байлаа. Харь гарагийн хүн нууц үгийг хэзээ ч мэддэггүй болов ч ямагт отог руу нэвтрэхийг оролдоно гэдгээс үүдэн бодож байсан юм. Тиймээс отог руу орох гэж оролдохгүй байгаа бодгаль бол харь гарагийн хүний отог руу заавал нэвтрэх гэсэн ядаргаатай хүслээс ангид гэсэн үг болохоор дэлхийн хүн биш гэдгийг нь нотлох хүртэл түүнийг дэлхийн хүн гэж авч үзэж болно.

                Нэлээд хэдэн хувь шингэнээ алдчихсан бие махбодитой хүн гэхэд энэ бол тун муугүй логик байгууламж мөн гэж Холлорен шийдсэн болохоор төлөвлөгөөнийх нь үлдсэн хэсэг ч адилхан амжилттай болно гэдэгт найдаж болж байлаа.

-Макс би орчин тойрноо судлах явцдаа тун ч таагүй нэг зүйлийг олж мэдлээ гэж мань хүн хэлэв.

-Яг юуг вэ эрхэм ээ?

-Энэ гарагийн газрын гадаргуун хагарлын ирмэг дээр отогоо байгуулсныг илрүүллээ. Энэ бол гарцаагүй үнэн.

-Таагүй мэдээ байна эрхэм ээ. Эрсдэл нь хэр их юм бэ?

-Ихээр барах уу. Эрсдэл их байх тусам ажил их байдаг. Тэгэхээр Максаа хоёулаа отогийг өрнө зүгт хоёр миль газар шилжүүлэх хэрэгтэй боллоо.Тиймээс устай канистраа аваад намайг дагаад яв.

 -Гүйцэтгэе эрхэм ээ гэж Макс хариулав.-Та миний энэ даалгаврыг болиулангуут явъя.

-За за тэгвэл болиуллаа гэж Холлорен хариулав.-Хурдлаж үз.

-Чадахгүй нь гэж робот хэлэв.-Та нууц үг хэлж, энэ үүрэгт ажлыг зогсоолоо гэж хэлээд өөр даалгавар өгөх ёстой. Тэгвэл би энэхүү өгөгдсөн хилийг хамгаалахаа больно.

-Тэгэж маяглаж байх цаг алга байна гэж Холлорен шүд зуун хэлэв.-Шинэ нууц үг “Загас”. Бушуулаач дээ Максаа. Би хөрсний чичиргээн мэдэрч байна.

-Би юу ч мэдрэхгүй байна.

-Мэдээж мэдрэхгүй шүү дээ гэж Холлорен уурлав.-Чи бол ердөө нэг муу ХС робот болохоос тусгайлан бэлтгэгдэж, нарийн тохиргоо хийсэн мэдрэгч аппарат бүхий дэлхийн хүн биш шүү дээ. Ээ, чөтгөр ав гэж ахиад чичирч байна. Энэ удаад чи чичиргээг мэдрээ байлгүй дээ?

-Тэглээ, мэдрэх шиг боллоо.

-Тэгвэл юу хийгээд байгаа юм ажилдаа ор.

- Ноён Холлорен би чадахгүй нь. Миний энэ ажлыг зогсоохоос нааш би постоо орхиж явъя гэсэн ч чадахгүй. Эрхэмээ миний өмнөх даалгаврыг зогсооно уу, танаас гуйя.

-Чи минь битгий ингэтлээ сандар л даа гэж Холлорен хэлэв.-Ер нь хоёулаа отогоо зөөх хэрэггүй юм байна.

-Гэхдээ газар хөдлөлт...

-Би дөнгөж сая шинэ тооцоо хийчихлээ. Миний анхлан таамаглаж байснаас хавьгүй их цаг бидэнд байна. Би яваад ахиад ажиглалт хийчихээд ирье.

                Холлорен роботын нүдэнд харагдахааргүй хадны ардуур орж нуугдлаа. Зүрх нь хурдан цохилж, цус нь судсаар нь арайх гэж урсаж байгаа мэт санагдана. Нүднийх нь урд солонгон толбонууд үсчинэ. Мань хүн өөртөө хөнгөн зэргийн дулааны цохилт гэсэн онош тавиад хадны доорх жижигхэн дугуй сүүдэрт хөдөлгөөнгүй суув.
***
Эцэс төгсгөлгүй урт өдрийн цаг жунгааралдан цуварна. Давхар нарны хэлбэр дүрсгүй цагаан толбо тэнгэрийн хаяа руу нэг ямх хайзайлаа. ХСР-0134 отогийн хилийг чандлан сахиж байлаа.

                Салхи дэгдэв. Салхи эрчээ авсаар шуурга болж Максын үл анивчигч нүд рүү элсээ шидэлж эхэллээ. Робот ядрахыг үл мэдэн отогийг тойрон явсан хэвээр. Салхи намдахад Максаас 20 ярдын зайтай хадан дундаас нэгэн дүрс гараад ирлээ. Хэн нэгэн нь түүнийг ажиглаж байлаа. Холлорен уу, эсвэл харь гарагийн хүн үү? Макс энэ талаар бодохыг хүсэхгүй байв. Мань робот өөрийн хилээ сахин хамгаалж байлаа.

                Цөөвөр чонотой төстэй жижиг амьтан хадны ардаас хар эрчээрээ давхин гарч ирээд ийш тийш бултсаар Максыг хөлийг бараг шүргэн харайлгав. Том шувуу нөгөө амьтны дээрээс шунган дайрав. Час хийсэн гийнах дуу гараад цусны дусал майхнуудын нэг дээр унав. Шувуу татагнасан амьтныг хумсандаа атган далавчаа хүнд гэгч нь дэвсээр тэнгэрт цойлов.

                Макс энэ бүхнийг огтхон ч анхаарсангүй. Хадны тэндээс өөр рүү нь гуйвалзан ойртох хүнтэй төстэй бодгалийг мань робот ажиглаж байв. Нөгөө бодгаль зогслоо.

                Макс тэр даруйд:

-Өдрийн мэнд ноён Холлорен гэв.-Усгүйжилтийн тод шинж тэмдэг танд илэрсэн байгааг хэлэх хэрэгтэй ёстой болов уу гэж эмээж байна. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол усгүйжилт нь шоконд оруулан ухаан алдуулж, улмаар үхэлд хүргэдэг.

-Амаа тат гэж Холлорен сөнгө хоолойгоор хэлэв.

-Гүйцэтгэе ноён Холлорен.

-Тэгээд бас намайг ноён Холлорен гэж дуудахаа боль.

-Яагаад тэр билээ эрхэм ээ?

-Яагаад гэвэл би Холлорен биш харин харь гарагийн хүн байна.

-Үгүй байлгүй дээ гэж робот хэлэв.

-Тэгвэл чи намайг үнэн хэлсэн гэдэгт эргэлзэж байна уу?

-Ямар ч нотолгоо байхгүй таны мэдэгдлээс үзвэл...

-Тэр яах вэ. Би чамд нотолгоо үзүүлнэ. Би нууц үг мэдэхгүй. Дуулав уу? Чамд өөр ямар нотолгоо хэрэгтэй юм бэ?

                Робот эргэлзсэн хэвээр байсан болохоор Холлорен:

-Ноён Холлорен надад чиний дагаж мөрдөн ажлаа хийж байдаг өөрийн чинь үндсэн ойлголтуудыг сануулахыг тушаасан юм. Үүнд: дэлхийн хүн бол нууц үг мэддэг ухаант бодгаль. Харь гарагийн хүн бол нууц үг мэддэггүй ухаант бодгаль.

-Тийм гэж робот нэлээд эргэлзсэн байртай зөвшөөрөв. –Миний хувьд бүх зүйл нууц үг мэдэж байгаа эсэхээр тодорхойлогдоно. Тэглээ ч гэсэн энд нэг л биш байгааг би мэдэрч байна.

-Хэрэв би худлаа ярьж байгаа юм бол би нууц үг мэддэг дэлхийн хүн гэсэн үг гэж Холлорен тайлбарлав.-Тийм болохоор отогт ямар ч аюул учраагүй. Дэлхийн ямар ч хүн нууц үгийн талаар ярих болохоор худлаа хэлдэггүй гэдгийг чи мэдэж байгаа болохоор намайг худал хэлээгүй гэдгийг мэдэж байгаа.

-Би ийм урьдчилсан нөхцлөөс үүдэн дүгнэлт хийж болно гэж үү?

-Бололгүй яах юм бэ? Дэлхийн нэг ч хүн харь гарагийн хүн болж харагдахыг хүсэхгүй, тийм биз дээ?

-Мэдээж хүсэхгүй.

-Харин нууц үг бол хүн ба харь гарагийн хүн хоорондын цорын ганц илэрхий ялгаа мөн үү?

-Мөн.

-Тэгвэл энэ учрыг нотолсонд тооцож болно.

-Тэгсэн ч гэлээ би итгэлтэй биш байна гэж Максыг хэлэхэд мань робот харь гарагийн хүн ердөө л өөрийгөө харь гарагийн хүн мөн гэдгийг батлах гэж оролдож байсан ч итгэхгүй байх ёстой гэж бодож байгааг Холлорен ойлголоо.

                Холлорен хэсэг хүлээзнэвэл минутын дараа Макс:

-За яах ва таныг харь гарагийн хүн гэдэгтэй би санал нийллээ. Тийм болохоор таныг отог руу оруулахаас татгалзаж байна.

-Тийшээ намайг оруулаачээ гэж би ч гэсэн гуйгаагүй байна. Асуудлын гол нь юу вэ гэхээр би бол Холлорен олзны хүн байгаа юм. Харин энэ юу гэсэн үг болохыг чи мэдэж байгаа.

                Роботын фото цахилгаан нүднүүд нь хурдан хурдан анивчаар ирлээ.

-Энэ юу гэсэн үг болохыг би мэдэхгүй.

-Энэ бол миний талаар өгсөн Холлорений бүх тушаалуудыг чи биелүүлэх ёстой гэсэн үг юм гэж Холлорен мэдэгдэв.-Харин Холлорен болохоор намайг отогийн дотор саатуулаад, өөр тушаал өгөх хүртэл тэндээс гаргахгүй байхыг тушааж байна.

-Гэхдээ би таныг отог руу оруулахгүй байж магадгүй гэдгийг ноён Холлорен мэдэж байгаа шүү дээ гэж Макс уулга алдав.

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ Холлорен намайг отогийн дотор хорионд оруулахыг тушааж байгаа юм. Энэ бол өөр шүү.

-Тийм гэж үү?

-Мэдээж. Отог руу нь дайрч орох гэсэн харь гарагийнхныг дэлхийн хүмүүс ямагт цагдан хорьдог гэдгийг чи мэдэж байх ёстой.

-Нээрээ энэ тухай зарим нэг юм сонсож байсан юм шиг ээ гэж Макс хэлэв.-Гэхдээ л таныг отог руу оруулж чадахгүй нь. Харин яг энд, отогийн өмнө таныг сахиж бол чадна шүү.

-Тэгээд нэмэргүй л дээ гэж Холлорен дүнсийн хэлэв.

-Тун харамсалтай байв ч үүнээс өөр зүйл санал болгож чадахгүй нь.

-За, тэгвэл яая гэх вэ гэж Холлорен хариулаад элсэн дээр суулаа.-Тэгэхээр би одоо чиний олзны хүн боллоо.

-Тийм.

-Тэгвэл надад уух ус өг.

-Надад ийм зүйл хийх хориотой...

-Чөтгөр ав гэж. Олзны харь гарагийн хүнтэй зэрэг дэвийнх нь дагуу эелдэг харьцаж Женевийн конвенц болон олон улсын бусад тохиролцооны дагуу амьд явахад нь шаардлагатай бүх зүйлээр хангах ёстой гэдгийг чи гарцаагүй мэдэж байгаа.

-Тийм ээ, би энэ тухай сонсож байсан гэж Макс хэлэв.-Та ямар зэрэгтэй вэ?

-Ахлах шатлалын жемисдар. Миний цувралын дугаар: арван хоёр сая хоёр зуун далан няман мянга тэг гучин нэг бөгөөд усгүй үхэх болохоор надад нэн даруй ус шаардлагатай байна.

                Макс агшин төдийд бодоод дараа нь:

-Би танд ус өгнө. Гэхдээ эхлээд ноён Холлоренийг ус уусны дараа.

                Холлорен аль болох эелдгээр инээхийг хичээн:

-Гэхдээ тэр ус чинь бид хоёрт хоёуланд хүрэлцэх байлгүй дээ? гэлээ.

-Үүнийг ноён Холлорен шийдэх ёстой гэж Макс хатуу хариулав.

                Холлорен босоод:

-За тэгвэл яая гэх вэ гэж хэллээ.

-Байзаарай. Зогс. Та хаашаа явж байна?

-Тэр хадны ардуур орлоо гэж Холлорен хариулав.-Үд дунд цор ганцаар байж байгаад хийх ёстой мөргөлийн минь цаг болсон байна.

-Гэхдээ та зугатчихвал яах вэ?

                Холлорен цааш алхах зуураа

-Яах гэж? гэж хариуллаа. – Цаад Холлорен чинь намайг ахиад л бариад авчихана.

-Нээрээ тийм шүү. Цаад хүн чинь жинхэнэ суут ухаантан байгаа юм гэж робот амандаа бувтнах дуулдав.

Үүний дараа ердөө хэдхэн минут өнгөрөөд байлаа. Холлорен хадны цаанаас гэнэт гарч ирэв.

-Ноён Холлорен уу? гэж Макс асуув.

-Тийм ээ, би мөн байна гэж Холлорен хөгжилтэй нь аргагүй хариулав.-Миний олзны хүн ийшээ эсэн мэнд ирсэн биз?

-Тэгсэн эрхэм ээ. Одоо тэр хаднуудын ард байж бий. Залбирч байгаа.

-Залбирч л байг гэж Холлорен хариулав.-Тэгэхээр ийм байна Макс аа. Цаадахыгаа тэндээс гарч ирэхээр нь заавал ус өгөөрэй.

-Дуртайяа. Гэхдээ таныг ус уусны дараа эрхэм ээ.

-Чөтгөр гэж би ус ерөөсөө уумаргүй байна. Тэр хөөрхий харь гарагийн хүнд заавал ус өгч уулгах ёстойг анхааралдаа аваарай.

-Таныг ханатлаа уусан гэдгийг харахаас нааш би өгч чадахгүй. Миний түрүүн хэлсэн усгүйжилтийн байдал мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Та хэдийд л бол хэдийд ухаан алдаж мэдэхээр болж. Би таныг ус уугаач гэж шаардаж, бас гуйж байна.

-За за үглэхээ больж үз. Яваад надад канистр аваад ир.

-Яанаа эрхэм ээ?

-Бас яасан бэ?

-Энэ бол зааварчилгааг зөрчсөн хэрэг болно. Үүнээс гадна тэр хадны цаана харь гарагийн хүн байгаа.

-Би чиний өмнөөс цаадахыг чинь манаж байя. Харин чи ухаантай зан гаргаад ус аваад ир.

-Та тун эелдэг юм эрхэмэ ээ. Гэхдээ би танаар тийм ажил хийлгэж чадахгуй нь. Би бол тусгайлан отогийг сахин хамгаалах зориулалттайгаар зохион бүтээгдсэн ХС робот шүү дээ. Өөрийнхөө хийх ёстой ажлыг нууц үг хэлж, даалгаврыг минь зогсоохоос нааш дэлхийн хүнд ч тэр, өөр ХС роботод ч тэр даатгаж чадахгүй.

-Мэднэ ээ мэднэ гэж Холлорен бувтналаа.-Яаж ч үзээд нэмэргүй эд юм даа.

                Хөлөө арайх гэж чирсээр мань эр хад руу сажиллаа.

-Яасан бэ? гэж робот асуув.-Би буруу юм хэлчихсэн үү?

                Хариу гарсангүй.

-Ноён Холлорен? Жемисдар чинь харь гарагийн хүн үү?

                Урьдын адил хариу алга. Макс отогийн хилийг үргэлжлүүлэн хамгаалж байлаа.

                Холлорен тэнхээгээ баржээ. Тэнэг роботой шал дэмий ярьснаас болж хоолой нь хатаж, хоёр нарны тоо томшгүй олон цохилтоос болоод хамаг бие нь хөндүүр. Холлорен наранд зүгээр нэг түлэгдсэнгүй харлаж шатаад шарсан цацагт хяруул болчихожээ. Уур уцаараас бусад бүх мэдрэмжийг нь өвдөлт, цангалт, ядаргаа нэгэнт үгүй болгож.

                Ийм тэнэг байдалд орчихоод, өөрийгөө үхлээс аварч чадаагүйдээ мань хүн өөртөө уурлаж байлаа.( Холлорен уу? Нээрээ хөөрхий амьтан нууц үгээ мэдэж аваагүйгээс болоод ус, майхнаасаа зуухан алхмын зайтай үхсэн гэсэн. Өрөвдмөөр тэнэг үхэл...)

                Одоо бол зөвхөн уур бухимдал нь л түүнд эрч хүч өгч байлаа. Зөвхөн уур л түүнээр бий болсон байдлыг бүх талаас нь авч үзэн отог руу орох боломж хайлгуулж байлаа.

                Мань эр эхлээд өөрийгөө дэлхийн хүн гэдэгт роботыг итгүүлсэн. Дараа нь өөрийгөө харь гарагийн хүн гэдэгт роботыг итгүүлсэн. Даан ч аль аль нь отог руу ороход тус болсонгүй.

                Өөр юу хийж болохоор байна?

                Холлорен дээш харан эргэж хэвтээд халуу шатах цагаан тэнгэрийг гөлөрлөө. Дотор нь хар цэгүүд хөвж байх юм. Хий юм хараад эхэлж байгаа юм байх даа? Биш ээ, тэр бол шувууд. Цаадуул нь ердийн ангаа мартчихаад мань хүнийг туйлдаа хүртэл тамирдахыг хүлээжээ. Тэр цагт ч харин ч нэг найрлана даа.

                Мань эр өөрийгөө албадаж байгаад өндийн суув. Харин одоо чи маш сайн бодож байгаад гарах гарц олно шүү гэж өөртөө хэлэв.

                Максын хувьд бол нууц үг мэддэг, ухаант бодгаль болгон дэлхийн хүмүүс. Харин нууц үг мэддэггүй, ухаант бодгаль болгон харь гарагийнхан.

                Тэгэхээр зэрэг...

                Тэрхэн агшинд Холлорен оньсогны тайлалыг олоод авсан мэт санагдлаа. Гэвч анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байв. Шувууд улам бүр доошилсоор. Хадны цаанаас цөөвөр чоно гарч ирээд гутлыг нь үнэрлэв.

                Наад бүхнээ март. Анхаарлаа төвлөрүүл. Логик дараалалтай сэтгэдэг автомат төхөөрөмж болж хувир.

                Эцсийн эцэст бол Макс тэнэг. Маш явцуу хүрээг эс тооцвол түүнийг худалчыг илчлэх гэж зохион бүтээгээгүй. Түүний шалгуурууд нь эрт дээр үеийнх, яг л хүнийг өдгүй хоёр хөлтэй бодгаль гэж Платоныг хэлэхэд нь Диоген тахианы өдийг зулгааж зумлаад хэлсэн тодорхойлтонд нь яг тохирч байна гэж мэдэгдэхэд Платон хариуд нь хүн бол өдгүй, хавтгай хумстай хоёр хөлт бодгаль гэсэн нэмэлт тодорхойлолт оруулсан гэдэг онигоо шиг дээр үеийнх.

                Гэвч энэ бүхэн Макстай ямар хамаатай билээ?

                Холлорен анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдон толгойгоо хилэнтэйгээр сэгсэрлээ. Гэвч зургаан футын өндөртэй бие дээрээ нэг ч өдгүй, маш навтгар хумстай азарган тахиа гэсэн Платоны тодорхойлсон хүн нүдэнд харагдсан хэвээр.

                Макс сул талтай. Түүнд заавал сул тал байх ёстой. Макс бол өөрийн тодорхойлтууддаа нэмэлт нарийвчлал оруулж чаддаггүйгээр Платоноос ялгаатай. Тэр нэгэнт гаргасан тодорхойлт, түүнээс үүдэн гарах үр дагавараас зайлж, өөрчилж чадахгүй.

-Чөтгөр аваасай гэж Холлорен чанга хэлэв.-Би ч арга олчих шиг боллоо шүү.

                Олсон аргаа илүү нарийвчлан боловсруулах гэсэн болов ч тэгэх чадалгүй болсноо ойлгов. Тэгэхээр юу л болвол болог гээд шууд туршиж үзэх гэсэн ганц л зам үлдэж.

-Макс минь гэж мань эр шивнэж эхэллээ.-За ингээд өдөө зумлуулсан, бишээ өдөө зумлуулаагүй тахиа очиж явна шүү. Энэ тахиаг өөрийнхөө ертөнцийг үзэх үзэлдээ хийж байгаад сайн гэгч нь зажлаарай.

                Мань хүн яг юу хэлэх гээд байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй байсан ч юу хийх гэж байгаагаа сайн мэдэж байлаа.

***
Ахмад Битти, дэслэгч Жеймс хоёр дэлхийн хугацаагаар бол гурав дахь өдрийн сүүлээр отогтоо эргэн ирээд ухаангүй хэвтэх Холлоренийг олжээ. Ихээхэн хэмжээний шингэн алдаж, наранд цохиулснаас болоод ийм байдалд орсон байлаа. Холлорен дэмийрч байхдаа Платон өөрийг нь отог руу оруулахгүй гэхээр нь хавтгай хумсгүй зургаан футын өндөртэй азарган тахиа болон хувираад гүн ухаантан эрдэмтэн ба түүний найз роботыг давж гарсан гэж хашгичиж байв.

                Макс түүнд ус өгөөд нойтон давуунд ороогоод давхарласан пластикаар гэрэл үл нэвтрэх хаалт босгож өгөв. Хоёр хоногийн дараа гэхэд Холлорен аяндаа зөв зүгээр болох ёстой.

                Холлорен гэхдээ ухаан алдахынхаа өмнө цаасан дээр “Нууц үггүйгээр дотогш орж чадаагүй. ХС роботуудад ослын үеийн онцгой горим суулгаж өг гэж үйлдвэрт мэдэгдээрэй” гэж бичиж амжсан байлаа.

***

Битти яаж ч асуугаад Холлореноос тоймтой юм олж мэдэж чадаагүй болохоор Максаас асууж эхлэв. Тэгээд Холлорен хэрхэн орчин тойрноо тандахаас явсан, Холлорентой яг адилхан харагддаг олон тооны харь гарагийн хүмүүсийн тухай, тэгээд тэд юу гэж ярьж байсан, бас Холлорен юу гэж ярьж байсан тухай маш дэлгэрэнгүй олж мэджээ. Холлорен отог руу орох аргыг хамаг хүчээ шавхан хайж байсан болохоор бүгдийг нь ойлгож болж байлаа.

-Тэгээд дараа нь юу болсон бэ? гэж Битти асуулаа.-Тэр яаж отог руу нэвтэрсэн юм бэ?

-Тэр нэвтрээгүй гэж Макс хариулав.-Зүгээр л нэг мэдсэн чинь ороод ирчихсэн байж байсан.

-Тэгвэл чиний хажуугаар яаж орж ирсэн юм бол?

-Миний хажуугаар орж ирээгүй. Тэгэх боломжгүй. Зүгээр л ноён Холлорен отогийн дотор ороод ирчихсэн байж байсан.

-Ер ойлгохгүй юм гэж Битти хэллээ.

-Ний нуугүй хэлэхэд эрхэмэ ээ би ч бас юу ч ойлгохгүй байна. Таны асуултанд ноён Холлорен өөрөө р хариулж чадах байх гэж бодож байна.

- Холлорен ярьж эхлэх хүртэл өдий байна гэж Битти хэлэв.-Гэхдээ мань хүн нэг арга сэдэж олсон юм чинь би ч гэсэн олж чадах л ёстой доо.

                Битти Жеймс тэр аргыг бодож олох гэж удаан гэгч нь тархиа гашилгасан ч чадсангүй. Үүний тулд тэр хоёр хангалттай уурлаагүй, хангалттай гарцаагүй байдалд ороогүй байсан болохоор бодол санаа нь огт өөр замаар тэнээд байсан хэрэг. Холлорен ямар аргаар отогт орж чадсаныг ойлгохын тулд үйл явдлын шийдвэрлэх хэсгийг Максын нүдээр гарах хэрэгтэй байлаа.

***
Аагим халуун, шувууд, хад асга, элс, нар. Би хөндлөнгийн бүхнийг үл анхаарахна. Би отогийн хилийг харь гарагийн хүмүүсээс хамгаалан сахиж байна.

Цөлөөс, хадны тэндээс над руу нэг зүйл ойртож явна. Том биетэй амьтан байна, үс нь унжийж, дөрвөн хөллөн гүйж явна.

Би түүнд зогсохыг тушаалаа. Тэр амьтан над руу архирч байна. Би ахиад илүү чанга дуугаар зогсохыг тушаагаад буугаа асаалаа. Би түүнд заналхийллээ. Амьтан архираад отог руу мөлхсөөр л.

Дараагийн авах арга хэмжээгээ төлөвлөхийн тулд би заавруудыг эргэн саналаа.

Сэтгэн бодох чадвартайгаараа онцлог ухаант хоёр амьтан бол хүмүүс ба харь гарагийн хүмүүс болохоор тэд өөрийн бодлоо үг яриагаар илэрхийлэх чадвартай байх ёстой гэсэн үг. Намайг зогсох тушаал өгөхөд энэхүү чадвараа заавал ашиглаж эхэлдэг.

Нууц үг асуухад хүмүүс ямагт зөв хариулдаг.

Харь гарагийн хүмүүсээс нууц үг асуухалд ямагт буруу хариулдаг.

Хүмүүсээс ч тэр, харь гарагийн хүмүүсээс ч тэр нууц үг асуухад эсвэл зөв, эсвэл буруу хариулдаг.

Энэ ямагт үнэн байдаг байдаг болохоор надад хариу хэлэхгүй байгаа дурын амьтан огт хариулах чадваргүй гэсэн дүгнэлт би хийлээ. Тэгэхээр тийм амьтадыг анхаарахгүй байж болно.

Шувуу, хэвлийгээр явагчдыг анхаарахгүй орхиж болно. Миний хажуугаар мөлхөж байгаа энэ том амьтныг мөн адил анхаарахгүй орхиж болно. Би энэ амьтныг анхаарахгүй орхиж байгаа ч ноён Холлорен цөлийн хаа нэгтээ явж байгаагийн дээр тэнд Жемисдар гэдэг харь гарагийн хүн залбирч байгаа болохоор би өөрийн мэдрэх эрхтэнүүдийг хамгийн дээд чадлаар нь ажиллуулж байна.

Гэтэл энэ юу билээ? Ноён Холлорен гайхамшигтай аргаар буцаад отог дотор ороод ирчихсэн, усгүйжилт наранд цохиулснаас болоод шаналан орилж байна.

Миний хажуугаар мөлхөн орсон амьтан ор мөргүй алга болж, Жемисдар харин хадны дунд залбирсан хэвээр байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан