“Мила мода” салоны захирал, дизайнер Ч.Ганчимэгтэй ярилцлаа.
-Танай салон хуучин хувцсыг сэргээхээс гадна загварыг нь орчин үеийн болгодог. Энэ жил шинээр ямар зүйл хэрэгжүүлж байна вэ?
-Манай салоны гол онцлог нь хуучин хувцасны загвар, дизайныг өөрчлөхөөс гадна түлэгдсэн, урагдсан хэсгийг шинэ мэт болгодог. Үүгээрээ давуу гэж хэлж болно. Хавар, зуны улирал ирж байгаатай холбогдуулаад хүрэм, цувны загвар шинэчлэхээс гадна өөрийн тань хүссэнээр янзлах боломжтой байгаа. Энэ утгаараа манайхыг зорьж байгаа олон үйлчлүүлэгчтэй. Харин шинэлэг гэх юм бол салоноос гадна манайх нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаа нэлээд идэвхжүүлж байна. Энэ нь юу гэвэл, жилийн өмнө Залуу дизайнеруудын холбоо гэж байгуулсан.
-Энэ холбоог ямар учраас байгуулах болов?
-Нэг хүн Монголын загварын чиг хандлагыг тодорхойлохгүй. Тиймээс дизайнеруудаа холбоондоо элсүүлж, олон зүйл хийе гэж санаачилсан юм. Дизайнерууд нэгдсэнээр Монголын үндэсний хэв маягийг гаргасан брэнд үүсгэе. Үүнээс гадна загвар зохион бүтээгчдээ дэмжсэн янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулъя гэснээр холбооныхоо үйл ажиллагааг эхлүүллээ. Холбоонд нэгдсэн дизайнерууд ямар нэгэн татвар төлөхгүй, хэн нэгэн хүний удирдлаган дор ажиллахгүй. Залуу дизайнеруудын нэгдсэн гоё клуб байх болохоор хэн нэгэндээ чаддаг, мэддэгээ зааж өгөх боломжтой. Ерөнхийдөө Монголын загвар зохион бүтээгчдийг дэмжиж, хийсэн бүтээснийг нь олонд таниулах зорилгоор үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байна.
-Ер нь, “Гоёл” наадам боллоо гэхэд дизайнеруудын хувцсаар моделиуд нүүр царайгаа илтгэдэг. Гэвч тэр бүр загвар зохион бүтээгчид олонд танигдаад байдаггүй шүү дээ?
-Энэ бол үнэн. Манайд дизайнеруудаа хөгжүүлэх талаас нэг их үйл ажиллагаа явуулаад байдаггүй. Өөрөө дизайнер болохоор үүнийг биеэрээ мэдэрдэг гэх үү дээ. Тухайлбал, “Гоёл” наадмаас гадна “Хаврын гоёл”, “Өвлийн гоёл” гэж болдог. “Хаврын гоёл”-ыг оюутнуудын дунд хийдэг бол нөгөөх наадамд нь компаниуд оролцдог. Үндсэндээ дизайнерууд гэхээс илүү загвар өмсөгчид рүү чиглэдэг юм шиг санагддаг. Монголын дизайнеруудын холбоо гэж байдаг ч моделиудаа гадагшаа, дотогшоо явуулахад анхаардаг. Тэр утгаараа залуу дизайнеруудаа хөгжүүлье, дутмаг байгаа зүйлийг нөхөх гэж боддог. Тиймээс аль болох гадаадад болж байгаа уралдаан тэмцээнд дизайнеруудаа оролцуулъя гэж зорьж байгаа.
-Тэмцээн уралдаан гэхээс илүү Монголын дизайнерыг дэлхийд гаргах бодол байгаа байх?
-Энэ бол бидний ирээдүйн зорилго. Эхний ээлжинд би ганцаараа хүчрэхгүй. Сургуулиа төгсч байгаа, шинэхэн дизайнеруудтайгаа нэгдэж байгаад энэ амжилтад хүрч чадна гэж бодож байгаа.
-Танай холбоонд хэчнээн дизайнер элсээд байна вэ?
-Тийм тооны загвар зохион бүтээгч байна гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Манайд 20 орчим дизайнер элссэн. Гэхдээ тэдэн дизайнер элссэн байна гэсэн тоог гол болгоогүй. Хамгийн гол нь, дизайнерууд маань өөр газар ажиллаж байж болно. Холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэднийг,олон нийтэд таниулах нь чухал.
-Ингэхэд дизайнеруудад ажлын байр хэр байдаг вэ. Сургуулиа төгсөөд ажлын байр байдаггүйгээс өөр чиглэлээр ажиллах нь бий гэдэг?
-Дизайн талаасаа ажлын байр хомс. Сүүлийн хэдэн жил сургуулиуд дизайнерын мэдлэг олгож, төгсгөж байгаа. Түүнээс өмнө загвар зохион бүтээгч мэргэжилтэй хүн бараг байдаггүй байлаа. Тэгээд ч Монголын зах зээлд ажиллах нөхцөл, боломж бараг байдаггүй. Яах вэ, баячууд нь гадаадын улс руу яваад худалдаа хийж, брэндийн хувцас өмсч байна. Харин дунд, ядуу буурай хүмүүс нь урд хөршөөс орж ирсэн бараагаар гангарах нь бий. Ер нь, Монголын загварын хөгжил муу явагдаад байгаа. Тиймээс залуус хүмүүс нийлж байгаад өөрчилж чадна гэж боддог.
-Манай дизайнерууд хавар, зуны загварын чиг хандлага ийм байх нь гээд тодорхойлдог. Гэтэл гаргасан санаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлж чаддаггүйгээс дотоодынхоо хэрэгцээг хангадаггүй гэхэд болно. Тэгээд хүмүүс урд хөршөөс орж ирсэн хувцас худалдаж авахаас өөр аргагүйд хүрдэг. Харин үүнийг эсрэгээр нь болгох боломж бий юү?
-Дизайнерууд дэлхийн загварын чиг хандлагаа барьж ажилладаг. Гэвч бид Монголын загварын хандлагыг тодорхойлно гэж том ярих эрхгүй. Харин дизайнер хүмүүс дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгаа ч түүнтэй уялдуулаад шинэлэг загвар гаргаж ирвэл болохгүй юм байхгүй. Манайх хүн ам цөөхөн учир их хэмжээний үйлдвэрлэл явуулахад түүнээс ашиг олохгүй байх нь бий. Тэгэхээр үйлдвэрлэлээ гадаад зах зээлтэй илүү холбож өгөх хэрэгтэй байгаа юм. Ер нь, нэг загварын хувцсыг их хэмжээгээр гаргах боломжгүй. Энэ нь хүн амаас шалтгаалдаг. Иргэдийг санхүүгийн байдлаар нь гурав хуваагаад үзэхээр нэг хувцсыг гурван төвшинд үйлдвэрлэх нь хэцүү. Хамгийн гол нь, нэг загвар гаргаад түүнийгээ олон гэхгүй цөөн тоогоор үйлдвэрлээд гадаад зах зээлээс худалдаа хийхгүй байлгах боломж байхгүй биш байгаа. Тиймээс дээр ярьсан Монгол брэндийг гаргая гэдэг санаа маань энд явж байна. Гэхдээ Монгол үйлдвэрийн бараа гэж үнэ цэнэгүй зүйл хийчихгүй тулд дизайнер хүний шинэ содон санааг гаргах нь чухал. Хуулбарласан бараагаар яах юм бэ. Тэр бол байж болохгүй.