Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд туйлд ч хүрсэн “burberry” брэнд

Шар өнгийн дэвсгэр бүхий дөрвөлжин хэрээсэн хээгээрээ дэлхий дахинаа танил болсон “Burberry” бол Английн нэрийн хуудас болсон брэндүүдийн нэг. Энэ брэндийн үүслийг 1856 онд Томас Бюберри тавьсан түүхтэй. Томас Бюрберри дөнгөж 21 настайдаа бэлэн хувцасны худалдаа хийж эхэлсэн бөгөөд 1879 онд ус нэвтэрдэггүй габардин хэмээх цувны материалыг гаргаж авсан нь түүний бизнест томоохон эргэлт болоод зогсохгүй, хувцас загварын ертөнцөд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Томас ус нэвтэрдэггүй материалаа ашиглан төрөл бүрийн загварын цувнуудыг хийх болсноор “Burberry” брэнд одоо ч цув, гадуур хувцасны төрөлд зах зээлд тэргүүлэгч хэвээр байна. Томас Бюрберригийн гадуур хувцасны материал цаг агаарын хатуу ширүүн нөхцөл, эдэлгээ даах чанараараа бусдаас хамаагүй илүү байсан учир Өмнөд туйлд хамгийн анх хүрсэн Роулд Амундсен энэ брэндийн хувцсыг өмсч явсан гэдэг. Түүнчлэн дайны үед Их Британийн бүх офицерууд энэ компанийн цувыг өмсдөг байжээ.

 “Burberry” дэлхий нийтэд таниулсан дөрвөлжин хэрээсэн хээгээ 1920-иод оноос загварын цувандаа ашиглаж эхэлжээ. Түүнээс хойш 90 гаруй жил өнгөрөхөд  жинхэнэ ч, бай дуураймал нь ч “Burberry”-гийн дөрвөлжин хээтэй хувцас өмсөөгүй хүн энэ дэлхийд бараг үлдэхгүй болтлоо олонд түгсэн юм.  “Burberry”-гийн хээ бүхий цув, цамц, цүнх, зангиа, ороолт, хүүхдийн хувцас, үнэртэн гээд хэдэн сая хувцас тэргүүтэн дэлхийгээр нэг тарж, танил болсон 1990-ээд оны дунд үед эргээд тус брэнд нэр хүндээ алдаж болзошгүй болсон тул компани шинэ бодлого явуулж, нэрийн хуудас болсон хээгээ аль болох багасгаж эхэлжээ. Хэтэрхий олон хүнд тарж, нийтэд танигдах тусмаа эргээд брэнд гэдэг утга, үнэ цэнээ алдах аюултай байсан учраас дөрвөлжин хээ “Burberry”-гийн бүтээгдэхүүнийг нэлэнхүйд нь бүрхэхээ больж, нарийн деталь хэсэгт нь л оруулдаг болсон юм.   

Дэлхийн шилдэг 100 брэндийн тоонд зүй ёсоор орж, Их Британийн нэрийг гаргасан тус брэндэд хатан хаан II Элизавета болон хунтайж Уэльс нар хоёр ч удаа “Дээдсийн баталгаа” олгож байсан юм.

Burberry 2002 оноос Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа худалдаж эхэлсэн бөгөөд маш хурдан хугацаанд зах зээлээс 400 сая ам.доллар босгож, тус биржийн шилдэг 100 компанийн тоонд оржээ. Одоо “Burberry”-гийн жилийн орлого  бараг  тэрбум ам.долларт дөхөж очдог болсон байна. Кейт Мосс, Эмма Ватсон зэрэг Английн нэрийн хуудас болсон алдартнуудаар нүүр царайгаа хийдэг тус компанийн 173 дэлгүүр дэлхий даяар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан