Архи, шар айраг, виски гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа үүсдэг хам шинж буюу хордолтыг бид зөөлрүүлж шарталт гэдэг. Бидний элгэнд архи задрахдаа ацеталдегид гэдэг бодис болон хувирч биеийн ердийн уураг даавруудыг хэвийн ажиллагаанаас нь саатуулдаг байна. Ингэснээр хүний бие орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгүй хямарч байгаа нь толгой өвдөх, дотор муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зүрх салганах, уцаарлах, нүд улайх, цочих, бөөлжих, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах, үе мөч бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Уусны маргааш толгой их өвдөх нь биеийн шингэн дутагдсантай холбоотой гэнэ. Архи, согтууруулах ундаа огт уухгүй байх нь шарталтаас сэргийлэх хамгийн төгс арга. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа бол гар таталгүй хамгийн сайн, үнэтэй, цэвэр архи, дарс, шар айргийг худалдан ав. Мөн шингэн юм, цэвэр ус сайн уух хэрэгтэй.
Бид яагаад агсамнадаг вэ?
Хүний биед спиртийг задалдаг фермент гэж байдаг. Монгол үндэстэнд тэр фермент дутмаг гэнэ. Франц, Герман, Орос зэрэг үндэстэнд бол биднийхээс илүү фермент байдаг. Энэ нь бидний биеийн онцлог, том багаас хамаарна. Угаас жижгэвтэр биетэй бидний хувьд архинд донтох өвчинд маш хурдацтайгаар ордог байна. Үүнээс гадна нийгмийн болон хувь хүний асуудлууд хэтэрхий овоорсон, тэр бүхнээс өөрийгөө ухаалгаар чөлөөлөх чадвар дутуугаас архи уугаад агсам тавих хэлбэрээр түүнийг шийдэх гэж оролдох нь элбэг байдаг байна.
Согтуу хүн яагаад гуйвдаг вэ?
Хүний биеийн тэнцвэрийн төв чихэн дотор байрладаг байна. Тэнцвэрийг мэдрэх тэр төв бага тархитай харилцан нарийн уялдаатайгаар хөдөлгөөнийг зохицуулна. Гэтэл архи уухад хүний цусаар спирт дамжин тэнцвэрийн мэдрэлийн ажиллагааг саатуулснаас хүн тэнцвэрээ алдан гуйвдаг гэнэ.