Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРААЛ ДАГУУЛСАН ЭД ЗҮЙЛС ХАРААЛ ШИНГЭСЭН КИМОНО

Хүний амьдралд тохиолддог хачирхалтай, итгэмээргүй үйл явдлуудын нэг болох амьдралыг үнэ цэнтэй болгодог үхэл гээч зүйлийн хар наргианы талаар уншигч танд сонирхуулъя. Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай наргиан XIV зууны үеийн Японд болжээ. Токио хотноо аж төрдөг нэг айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэсэн байна. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Харин тэрхүү ганган кимоно дунд охиных болов. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоногоо өмсөхөөс дөрвөн хоногийн өмнө аянганд ниргүүлж нас баржээ. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон боловч мөн л насанд хүрэх баяраас дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан байна. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимонод хамаг учир байна гэж сэжиглээд ламд үзүүлж. Тэгтэл ламтан кимоног хараад “Хараалтай хувцас байна шатаах хэрэгтэй” гэжээ. Ламын хэлснийг дагаж, кимоног гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдээж орхив. Үүнээс болж 1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаарх баримттай мэдээлэл  цөөнгүй бий.

“ПОРШЕ” МАШИНЫ  БАЛАГ
 
Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа ойлголт болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байснаас албан ёсоор бүртгэгдсэн хамгийн зартай хараал дагуулсан эд нь Холливудын од Жэймс Дины барьж яваад осолдсон «Порше» машин юм. Энэ явдал 1955 онд болсон бөгөөд Жэймс Дин газар дээрээ нас баржээ. Машиныг засварын газар авчирч засч байтал гэнэт нурж, засварчны хоёр хөлийг нь бяц дарж. Yүний дараа машиныг задалж зарахаар болсон гэдэг. Тиймээс хөдөлгүүр, кардан голыг нь сонирхогчдын уралдаанд оролцдог хоёр жолооч худалджээ. Гэтэл худалдаж авсан хоёр жолооч яг нэг өдөр, нэг уралдаанд оролцож байгаад хоорондоо мөргөлдөж нас барсан байдаг. “Порше”-гийн «арьсыг» нь Жэймс Дины дурсгалд зориулсан үзэсгэлэнд өгчээ. Гэтэл үзэсгэлэнг нээх өдөр гэнэт түймэр гарч ахин гурван хүн нас барав. Yүний дараа уг арьсыг засварлан Холливудын оддын эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг музейд байрлуултал тавцан дээрээс гэнэт салж унаад нэг үзэгчийн хүзүүг нь хугалан нөгөө ертөнц рүү илгээсэн байна.

АЙДСАА ДАРАХ ГЭЭД АМИА АЛДЖЭЭ

Yхэл энэ мэтээр эд зүйлсээр дамжуулан наргихаас гадна нөхцөл тохироо ашиглан зугаацдаг. Лиза Поттер нэртэй Англи эмэгтэйн нөхөр нь төмөр замын зөрлөгөөр гарах гэж яваад галт тэргэнд дайруулан нас барсан байна. Тэр явдлаас хойш Лиза нь тэрхүү зөрлөгөөр зам гарна гэхээсээ үхтлээ айдаг болжээ. 11 жилийн дараа энэ эмэгтэй эхийгээ дагуулан салхилж явахдаа гэнэт төмөр замын зөрлөгөөс айдаг айдсаа ялахаар шийдэж. Тэгээд айдсаа даран төмөр зам дээр гараад зогсч байтал гэнэт галт тэрэг гарч ирэн дайрч амийг нь авч оджээ. Хуваарь ёсоор хөөрхий эмэгтэйг зогсч байх тэр үед нь зөрлөгөөр галт тэрэг явах ёсгүй байсан боловч ямар нэг шалтгааны улмаас 1,5 цаг хоцорсон галт тэрэг гэнэт гарч ирснээр айдсаа дарах гэсэн бүсгүйн оролдлого эмгэнэлтэйгээр дуусчээ.

БЕСИНЖЕРИЙН ГЭР БҮЛИЙН МӨХӨЛ

1957 онд Америкийн Калифорнид болсон Бесинжерийн гэр бүлийн мөхөл бүр ч аймшигтай. 1957 онд өрхийн тэргүүн Ричард Бесинжер нь Калифорнийн нэг гүүрэн дээр машинд мөргүүлэн амиа алдсан байна. Түүнээс хойш хоёр жилийн дараа мөн л тэр гүүрэн дээр хүү Хирам нь машины тээшин дээрээс унаж, гуалинд даруулан үхэв. Ахиад л зургаан жилийн дараа 14 настай ач нь уг гүүрэн дээр авирч тоглож байгаад унаж амиа алджээ. Таван жилийн дараа мөн л Ричардын дүү нь нөгөө гүүрээр машинтайгаа гарч яваад гэнэт зүрх нь зогсч нас барсан байна. Энэ гэр бүлийн зөвхөн эрчүүд нь ийнхүү золгүй гүүрэн дээр үхэлтэйгээ учирч байсан бол эмэгтэйчүүд нь маш өндөр насалсан байдаг. Жишээлбэл, Ричардын дүү гүүрээр гарч явтал гэнэт зүрх нь хаагдаж байхад ээж нь 91 настай эсэн мэнд байсан гэдэг.

ХАРИУГАА АВАХ ГЭЖ БАЙГААД

1998 онд Чехийн нийслэл Прага хотноо үхэл бүр ч хачирхалтай байдлаар хошигносон байдаг. Вера Чермакова гэгч эмэгтэй өөр хүүхэн рүү яваад өгсөн нөхрийнхөө нэр хүндийг унагаж хариугаа авахын тулд амиа хорлохоор шийджээ. Ингээд гурван давхрын цонхоор үсэртэл байрных нь дор явж таарсан нөхрийнхөө яг дээрээс нь буучихсан байна. Нөхөр нь энэ хэргээс долоо хоногийн өмнө бүх өмчөө аваад өөр хүүхэн рүү явчихсан мөртлөө яг тэр гайтай өдөр хөрш айлынхаа хүнээс өрөө авах гээд ирж явсан нь тэр аж. Амиа хорлох гэсэн бүсгүй амьд үлдэж, харин нөхөр нь унахдаа чамархайгаараа чулуу мөргөн газар дээрээ нас баржээ.

НАРГИДАГ ҮХЭЛ

Эцэст нь үхэл ч гэсэн хааяа нэг амарч наргидаг талаар сонирхуулъя. 1946 онд Нью-Йоркийн дагуул жижигхэн хотод гардаг нэг сонины ажилтан Милдред Уэст гэгч эмэгтэй таван жилийн турш ажилласныхаа дараа хоёр долоо хоногийн амралт авахаар шийджээ. Энэ бүсгүй сонинд эмгэнэл бичих ажлыг хариуцдаг байж. Гэтэл хачирхалтай явдал болж, Милдред бүсгүйн амарсан хоёр долоо хоногийн хугацаанд сониных нь 20 гаруй жилийн түүхэнд анх удаагаа тойрогт нь нэг ч хүн нас бараагүй тул ганц ч эмгэнэл нийтлэгдсэнгүй. Милдредийг жилийн дараа долоо хоног амралтаа авахад нь энэ явдал мөн адил давтагдаж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан