ОХУ-ын Москва хотын Оросын хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Инна Жиркова гэгчийн түүхийн шалгалтанд өгсөн хариултын бичлэг интернэтээр тарж орос даяар дуулиан тарилаа. Хөл бөмбөгч Юрий Жирковын гэргий, “Оросын гоо бүсгүй-2012” титмийн эзэн энэ бүсгүй түүхийн хамгийн энгийн асуултад хариулж чадахгүй байснаас гадна, багштайгаа маргалдаж, өөрийгөө зөвтгөн “Би эх оронч биш, тэгээд ч түүх сонирхдоггүй”, “Мөнгө байхад ухаанаар яах юм” гэсэн нь дүрс бичлэгт үлджээ. Тэр Волгоградын буюу алдарт Сталинградын уугуул нутгийн, тэндээс их сургуульд элссэн оюутан гэнэ.
Шалгалтан дээр түүний өгсөн хариултын бичлэг:
-Сталинградын тулалдаан гэж юу вэ, энэ Оросын төлөө дайн мөн үү?
-Ямар ч гэсэн немцүүд тийшээ дайраагүй, бас эзлээгүй.
-Тэр үед манай орныг юу гэж нэрлэдэг байсан бэ?
-Сталинград.
-Манай орныг Сталинград гэдэг байсан гэж үү?
-За байз даа, ЗХУ гэдэг байх аа.
-За, зургадугаар сарын 22-нд Сталинградын тулаан эхэлсэн юм байж, тэгээд цааш нь юу болов?
-Тэгээд давшилт эхэлсэн. Немцүүд дайрч байна гэдэгт Сталин сүүлийн мөч хүртэл итгээгүй. Радиогоор Сталин 10 хоногийн дараа л дайн эхэлсэн гэдгийг мэдсэн. Тэгээд л олон хүнийг цэрэгт татсан.
-Тэгэхээр бүх зүйл Сталинградын тулаанаар эхэлсэн хэрэг үү? Ер нь тийм тулалдаан болсон юм уу?
-Үгүй. Ер нь тэгээд Сталинградын тулалдаан гэж юу юм бэ. Аугаа их Эх орны дайн бол олон үе шаттай байсан, түүний нэг нь л Сталинградын тулалдаан. Тэгээд Наполеон гарын үсэг зурсан.
-Хэн гэнэ ээ, Наполеон...?
“Үгүй байх аа, Гитлер байх. Нэрийг нь сайн санахгүй байна. Гитлер л ямар нэгэн юманд гарын үсэг зурсан байх.
-1942 оны наймдугаар сард Сталинградын тулалдаан эхэлсэн байна. Немцийн цэргүүдийг хэн командалсан бэ?
-Тэгэлгүй яахав...Гитлер. Тэр цагаан морьтой давхиж явсан. За байж....үгүй ээ....
-Сталинградын тулалдаанд немцийн армийг хэн командалж байсан бэ? Чи чинь Волгоградаас ирсэн биз дээ, тийм үү?
-Би бол эх оронч биш, ер нь бол түүх сонирхдоггүй.
-Өөрийг чинь тэгээд яаж Волгоградад амьдардаг гэдгийг нэг л ойлгохгүй байна.
-Зүгээр дээ, би энэ бүх жилүүдэд тэнд л амьдарсан. Миний хувьд юу мэдэх , юу үзэхээ мэдэхтэйгээ. Мамаев курганд тээрэм байдгийг мэднэ. Тэнд би гурван ч удаа очиж байсан. Оросын түүх бол....Ер нь Орос бол миний хувьд нэг их чухал биш. Би Хүмүүнлэгийн их сургуульд орохдоо англи, испани зэрэг хэл сурах л ёстой гэж бодсон. Цаашдаа энэ чинь улс төрийн талаар мэдлэг олж авахад хэрэг болно шүү дээ.
-За тийм байж. Түүх мэдэхгүйгээр улстөрийн мэдлэг эзэмшихгүй гэж бодохгүй байна уу. Ямар улс орон байсныг мэдэхгүйгээр яаж юу мэдэх юм?
-Үгүй ээ. Юу мэдэх ёстойгоо би мэдэж байна. Хил хязгаар, улс орон гэдгээр би хариулж чадна. Гэхдээ 19-20 дугаар зууны тухайд бол би “алтан гурав” авчихна.
-Зөвлөлт холбоот улсыг тарахад юу нөлөөлсөн бэ?
-Нэгд, хямрал. Хоёрт өөрчлөн байгуулалт. Ер нь өөрийн нь үзэл суртал өөрийгөө тараасан даа. Яг үнэндээ Ельциний тэргүүлж байсан ЗХУКН 1991 онд ЗХУ-ыг тараасан.
-Наймдугаар сарын төрийн эргэлтийн тухай юу мэдэх вэ?
-Энэ чинь үзэл бодлоо ярьсан ямар нэгэн цуглаан байх аа.
-Беловежийн хэлэлцээр гэж юу вэ?
-Мэдэхгүй.
Энэ бол түүний шалгалтан дээр багшийнхаа асуултад хариулсан хариулт. Тэр бас “Нар дэлхийг тойрдог уу, дэлхий нарыг тойрдог уу”, “олон талын мэдлэгтэй хүн гэж хэнийг хэлэх вэ”, “Агния Барто гэж хэн бэ” гэсэн асуултуудад хариулж чадаагүй байна.
Гоо бүсгүй Жирковагийн шалгалт өгсөн энэ бичлэг интернетэд байрласнаас хойш оросын уншигчид хэдэн саяараа үзэж “Мөнгө байхад- ухаан хэрэггүй”, “Гоо бүсгүйн титмийг нь хураавал таарна” гэсэн сэтгэгдлүүд бичжээ.
Тайлбар:
Гоо бүсгүй Жирковагийн хариулж чадахгүй байгаа дээрх асуултууд нь орос хүн бүрийн мэддэг хамгийн наад захын мэдлэг гэдгийг хэлэх ёстой.
1. Сталинградын тулалдаан нь аугаа их Эх орны дайны үед гитлерийн герман Сталинград /өнөөгийн Волгоград/ хотыг 1942 оны долдугаар сард эзэлж, 1943 оны хоёрдугаар сарын 2-нд зөвлөлтийн улаан арми чөлөөлсөн их тулалдаан.
2. Сталинградын тулалдааны үеэр немцийн цэргийг фельдмаршал Паулюс командалж байгаад 1943 оны нэгдүгээр сарын 31-нд 24 генералын хамт бууж өгсөн. Энэ тулааны төгсгөлөөр германы нийт 300 орчим мянган цэргийг олзолсон
3. Дэлхийн II дайны төгсгөлд Гитлерийн герман үг дуугүй бууж өгөх гэрээнд Гитлерийг залгамжлагч адмирал Дениц 1945 оны тавдугаар сарын 8-нд гарын үсэг зурсан.
4. Наполеон бол 1769-1821 онд амьдарч байсан, Францын эзэн хаан. 1912 онд Орос руу дайрч Москваг эзлэн шатаасан ч Эх орны дайнд Кутузовын армид ялагдсан жанжин.
5. ЗХУ нь өөрчлөн байгуулалтын дараа Беловижийн гэрээ ёсоор бүгд найрамдах улс тус бүрээрээ салан тусгаарласан.
6. 1991 оны наймдугаар сарын 18-21-нд ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачевыг Крымд амарч байхад дэд ерөнхийлөгч Янаев, Аюулаас хамгаалах газрын тэргүүн В.Крючков нарын бүрэлхүүнтэй хэсэг хүмүүс төрийн эргэлт хийхээр завдсан хэрэг явдал. Оросын ард түмэн, Ельцин тэргүүтэй хүчин эсэргүүцэж хоёр хоногийн дараа энэ явдал нуран, буруутныг баривчилсан.
7. 1991 оны арванхоёрдугаар сарын 8-нд Белорусын Беловижийн ой дахь Вискульд Оросын талаас Борис Ельцин, Геннадий Бурбулис, Белорсын талаас Станислав Шушкевич, Вячаслав Кебич, Украины талаас Леонид Кравчук, Витольд Фокин нар гарын үсэг зурж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл байгуулах гэрээ байгуулсныг хэлж байна. Энэ гэрээ байгуулснаар ЗХУ үндсэндээ бутарч бүрэлдхүүнд нь багтаж байсан Бүгд найрамдах улсууд нь тус тусдаа салан тусгаарласан гэж болно.
8. Агния Барто / 1906-1981 / бол зөвлөлтийн үеийн хүүхдийн зохиолч. Сургуулийн өмнөх, бага насныханд зориулсан шүлгүүдийг нь уншиж өсөөгүй орос хүүхэд байхгүй.