Бразилийн Кабо Фрио хотын эмнэлэгт төрөх хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн нэг эмэгтэй өвдөөд иржээ. Эмч нар үзлэг хийтэл хүүхдийн зүрхний цохилт сонсогдохгүй байсан учир даруйхан кесарево хагалгаа хийжээ. Гэтэл эмч нарыг цочирдуулсан явдал болж, бүсгүйн хэвлийд ямар ч хүүхэд байсангүй. 41 долоо хоногтой эмнэлэгт ирсэн тэр эмэгтэйд хуурамч жирэмслэлт тохиолджээ. 37 настай тэр эмэгтэйд уг нь жирэмсний бүх шинж тэмдэг илэрч, анхнаасаа эмчийн хяналтад ороод явж байж. Гэвч төрөх хугацаа нь өнгөрсний дараа л эмэгтэй ч, эмч нар нь ч энэ бүхэн төсөөллийн жирэмслэлт байсан гэдгийг олж мэджээ. Яг үүн шиг явдал өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард мөн Бразильд гарсан юм.
Лаяана Сантос хэмээх 19 настай эмэгтэй 38 дахь долоо хоногтоо өвдөөд Сан Паологийн эмнэлэгт иржээ. Түүнийг үзэхэд хүүхдийн зүрхний цохилт хүртэл мэдэгдэж байсан гэнэ. Гэтэл түүнийг кесарево хагалгааны дараа сэртэл энэ бүхэн төсөөллийн жирэмслэлт байж гэдгийг эмч нар хэлжээ. Гэвч эмэгтэй үүнд огтхон ч итгэхгүй байгаа бөгөөд эмнэлгийнхэн хүүхдийг нь хулгайлсан байх гэж сэжиглэжээ. Тэрээр жирэмсний хяналтад орж, эход хүүхдээ харуулахад 3.1 кг охинтой болно гэж эмч нь хэлж байсан гэнэ.
Эмч нарын тайлбарлаж буйгаар төсөөллийн буюу хуурамч жирэмслэлт нь өмнө нь хүүхдээ алдаж байсан эсвэл зулбасан сэтгэл зүйл хүнд цочролд орсон эмэгтэйчүүдэд тохиолддог байна. Ийм жирэмслэлт нь гаднаас хараад мэдэх аргагүй, яг л жинхэнэ юм шиг хэвлий, хөх томорч, сарын тэмдэг зогсдог боловч жирэмсний тестээр үзэхэд сөрөг гардаг гэнэ.