БНСУ-ын жүжигчин Ан Жэ Му буюу монголчуудын мэдэх Ким Ду Ханыг Монголын нэгэн бүлэглэлийн эзэн барьцаалан охинтойгоо суухыг шаардсан тухай солонгосын хэвлэлүүд тэр дундаа цахим ертөнцөд хэсэг шуугижээ.
Жүжигчин Ан Жэ Му 11 дүгээр сарын 30-нд “SBS” радиод өгсөн ярилцлагдаа “Эгэл эрийн үе” (Монголд “Зоригт эрийн түүх” нэрээр гарсан) олон ангит кинонд тоглож алдаршсан үеэ дурссан байна. Түүний тоглосон “Эгэл эрийн үе” олон ангит кино Монголд нэрд гарч, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди түүнийг Монголд урьж байсан гэжээ. Түүний ярьснаар, бараг жил бүр Монголд очиж тоглолт хийдэг байсан ба монголчууд түүнд 5000 ам метр талбайтай зуслангийн газар хүртэл бэлэглэж байж. Хамгийн сүүлийн удаа тоглолт хийхээр Монголд очихдоо жүжигчин эр барьцаалагдаж байсан гэнэ. Үүнийг тэрбээр тайлбарлахдаа, “Намайг дагуулж явсан хүмүүс гэнэт танихгүй замаар явж, солонгос хоолны газарт орохоор нь хоол идчихээд тоглолт руу явах нь гэж бодож байтал тийм биш байсан. Үнэндээ би Монголын нэг бүлэглэлд барьцаалагдсан байсан юм. Тэд намайг тоглолт руу явуулахгүй дөрвөн цаг байлгасан. Бас тэр бүлэглэлийн эзэн намайг охинтойгоо гэрлэ гэж хэлсэн” гэжээ.