МХЕГ-аас томоохон зах, хүнсний бөөний худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад 11 зах худалдааны төв хамрагдснаас “Нарантуул” ОУХТ болон “Барс” худалдааны төвөөс хамгийн их зөрчил илэрчээ. Тухайлбал, худалдааны төвүүд зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хөргөх төхөөрөмжөөр хангагдаагүй, зориулалтын бус байртай, ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт үйл ажиллагаа явуулж байсан. Мөн стандартад нийцэхгүй барилга байгууламжид худалдаа үйлчилгээ эрхэлсэн зэрэг дутагдал илэрчээ. Түүнчлэн байгууллагын дотоод хяналт ч муу гэсэн үнэлгээг дээрх хоёр байгууллага авсан байна.
“Барс” зах нь нийслэлчүүдийн нийт хэрэгцээт жимс, ногооны 80 гаруй хувийг дангаараа хангадаг. Гэвч урин ороод ирэхээр “Барс” худалдааны төвийг тойроод ил задгай наймаа цэцэглэж эхэлдэг. Ил задгай худалдаа эрхлэгчид орчин тойрноо бохирдуулж, замын хөдөлгөөнд саад учруулдаг. Түүнчлэн БНХАУ-аас төмс, хүнсний ногоо хамгийн их импортолдог. Гэтэл хэрэглэгчид хаяг шошго тавиагүй учир монгол төмс үү, хятад уу төмс гэдгийг харах боломжгүй. Эх орны хөрсөнд ургасан ногоог импортоор орж ирсэнтэй хольж зардаг гээд л гомдол тасардаггүй юм.
Харин энэ талаар ямар арга хэмжээ авч буйг “Барс” худалдааны төвийн Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбооны тэргүүн Б.Ганбатаас тодруулахад “ Манай зах дотоодын хяналт шалгалтыг байнга хийж Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарч ажилладаг. Дотоодын бүтээгдэхүүнээ шинжилгээнд оруулж, улсын байгцаагчийн дүгнэлтээр худалдаанд гаргадаг. Энэ онд нэг ширхэг ч хятад төмс оруулж ирээгүй. Худалдан борлуулж байгаа төмс, хүнсний ногоо бүгд аль аймгаас хэн гэдэг хүн оруулж ирж зарж байгаа нь тодорхой байдаг. Захын дотоод хяналт шалгалтыг бид маш сайн хийдэг. Гэтэл МХЕГ-аас муу гэсэн үнэлгээ өгч байгаад бид гомдолтой байна. “Барс” захыг тойрсон ил задгай худалдааг голцуу орон нутгийнханд ирж, дур зоргоороо худалдаа эрхэлдэг. Манай захын зүгээс дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст энэ талаар байнга гомдол гаргаж байсан. Гэвч мэргэжлийн хяналтын газраас худалдаа эрхлэх зөвшөөрлийг нь олгочихдог. Тиймээс тэд манай журамд захирагддаггүй” гэж гомдоллов. “Барс импекс” ХХК-ийн “Барс” зах нь 1996 онд байгуулагдсан, 1.35 га эзэмшил газартай, хүнсний бараа хадгалах зориулалттай 3000 ам.метр ил талбай, 150 метрийн өөрийн салаа төмөр зам, дөрвөн дулаан агуулах, 1670 тонн ачаа хадгалах хүчин чадалтай сэрүүн агуулах, 540 ам.метр талбай бүхий бөөний худалдааны дэлгүүр зэргийг ажиллуулдаг манай томоохон захын нэг юм. Үүнээс гадна салаа төмөр зам нь хоногт дунджаар долоон вагон ачаа хүлээн авах хүчин чадалтай бөгөөд сард 130 вагон, жилд 1600 гаруй вагон ачаа хүлээн авдгаараа бусад зах худалдааны төвөөс онцлогтой.
Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газраас 2010-2013 оны хооронд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар “Барс” худалдааны төвд нийт 25 акт албан шаардлага хүргүүлж байсан ч гаргаж байгаа зөрчлүүд нь буурахгүй жил ирэх бүр нэмэгдсээр... Өнгөрсөн жил улсын ахлах байцаагчийн акт гаргаж “Барс” захын чингэлгүүдийг түр хугацаагаар зогсоожээ. Гэтэл олон ажлын байр бий болгож байгаа захыг хаалаа хэмээн хэл ам болж нэг өдрийн дотор буцааж нээж байсан аж. Одоогоор дээрх гарсан зөрчил дутагдлыг арилгуулах талаар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн үйлдвэр үйлчилгээний болон цагдаагийн хэлтэстэйгээ хамтраад боломжтой арга хэмжээг авч байгаа юм. Тус төвд жижиглэн худалдааны 154 лангуу, 400 гаруй түрээслэгч, бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг бөгөөд 550 гаруй иргэн үйл ажиллагаа явуулдаг аж. Хяналт шалгалтыг гуравдугаар сарын 26-наас аравдугаар сарын 14-ны өдөр явуулжээ. “Нарантуул” ОУХТ-ийн хувьд анх байгуулагдснаас хойш ил задгай худалдаа, чингэлэгтэй холбоотой таван акт бичиж үйл ажиллагааг нь зогсоох хүртэл акт үйлдэж ажилласан. Захын гадна худалдааны 31 павильон байдаг. Мөн үүд болон хойд хаалганы харалдаа ил задгай худалдаа эрхэлдэг. Үйл ажиллагааг нь зогсоох шаардлага тавьсан ч дээрхийн адил түрээслэгчид эсэргүүцэж зарлан ажилласаар иржээ. Баязүрх дүүрэгт хүнсний болон худалдааны чиглэлээр долоон байцаагч байдаг бөгөөд эдгээр байцаагч нь дүүргийн хэмжээнд хяналт шалгалт хийхэд хаанаа ч хүрдэггүй гэнэ.
Дээрх хоёр захыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хугацаатай албан шаардлага өгч гүйцэтгэлийн хяналт шалгалтаар үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол үйл ажиллагааг нь хэсэгчлэн зогсоох шийдвэр гарсан. Харин орон нутгийн зах худалдааны төвийн хувьд Ховд аймгийн “Хан Орд”, Увс аймгийн “Увс зах” Төв аймгийн “Бүлтэн загас” зэрэг худалдааны төв нь мөн л шалгалтад бүдэрсэн учраас хаалгыг нь бариад байгаа аж. Энэ мэтчилэн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан дээрх захуудад мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шаардлага хүргүүлсэн ч хүлээн авахгүй хуулийг үл тоож суугаа аж. Өмнө нь ”Нарантуул” ОУХТ-д мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд удаа дараа зөрчил гарч байсан бөгөөд тухайн үед нь анхааруулсан ч захын удирдлагуудын зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс хүнсний павильон шатаж ихээхэн хэмжээний хохирол амссан. “Барс” захын хувьд ч мөн адил. Хяналт шалгалт хийгээд байхад жил ирэх тусам зөрчил нь нэмэгдсээр байгааг албаныхан санууллаа. Иймд “Барс” захынхан ч гэсэн төрийн байгууллагын шаардлагыг биелүүлж байхгүй бол ниргэсэн хойно нь хашгирав гэгч болох вий. Өмнө нь олон худалдааны төв шатсан гашуун туршлага бий шүү.