Шаргал навчис хөглөрч байсан намрын өдрийг нэг л өглөө цас хучаад авлаа. Энэ бол өвлийн улирал хаалга тогшсоны дохио. Цас ороход санаагаа хамгийн их чилээдэг хүмүүс бол мэдээж жолооч нар. Замын халтиргаа, гулгаа ихсэхээс өмнө л дугуйгаа солих юмсан гэсээр байтал нэг л мэдэхэд цастай золгож, яаравчлан өвлийн дугуйны эрэлд гардаг нь бараг ёс болсон гэхэд хилсдэхгүй. Уржигдар шөнө орсон цас жолооч нарыг хэрхэн түргэн авахуулж буйг сонирхохоор бидний хамгийн сайн мэдэх тэгээд ч үнэ боломжийн гэх “Да хүрээ” захыг зорилоо. Зах руу чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэлээд нэмэгджээ. Зам дагуу дугуй нь хий эргэх машинаа түрсэн, чирсэн жолооч нар харагдах бөгөөд гулгаагаар бие биеэ “тоншоод” авсан нь ч цөөнгүй. Замын цагдаа нар хэдийнэ ажилдаа гарч хөдөлгөөн зохицуулж харагдлаа. Захын үүдээр дугуйг төрөл бүрээр нь эгнүүлэн өржээ. Арга ч үгүй биз. Монголд 800 гаруй маркийн авто машин бүртгэгдсэн байдаг хойно. Жолооч нар машинтайгаа явангаа дугуйны үнэ сонирхож, захын ойр орчим битүү бөглөрөл үүсгэж. Ингээд Япон обуд, дугуйны бөөний худалдаа гэсэн чингэлэгт очиж сонирхвол худалдагч нь ирэх шинж алга.
“Худалдагч нь байна уу, дугуй авах гэсэн юм” гэтэл цас ороод өвлийн дугуй эрэлттэй байгаа хойно та нар авахаас хойш хүлээ гэсэн байртай худалдагч залуу хээвнэг суунгаа “Яг аль дугуй авах гээд байгаа юм бэ. Тэрийг чинь гаргаад өгье” хэмээв. Ааш муутай худалдагчтай ярихаас цааргалж дараагийн чингэлэгт очлоо. Энд тийм ч олон төрлийн дугуй алга. Худалдагч залуу “Хэдтэй өвлийн дугуй сонирхож байна. Манай дугуйнууд жинхэнэ цасных шүү. Зах дээр байхгүй сайн нь ч бий. Үнийг нь яриад өгчихнө” хэмээн угтана. Ингээд хэд хэдэн чингэлгээр ороход дугуйны үнэ ерөнхийдөө ойролцоо байх. Тухайлбал, 14-тэй өвлийн дугуй шинэ нь 170-180 мянган төгрөг байсан бол Японд явж байсан нь 65-80 мянган төгрөг. Харин жийпний дугуй 200 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд хэрэв обудтай нь авна гэвэл үнэ нь нэмэгдэж байв. Хамгийн дээд тал нь обудтай том дугуй 400 мянган төгрөгөөр борлогдож байсан бол 13-тай дугуй хамгийн эрэлттэй байв. Үнийн хувьд багадаа 60 мянган төгрөг. Ингэж дугуй сонирхож явахад зах дотор бараг хөл гишгэх зайгүй боллоо. Гэтэл худалдагч залуу “Автомашины ченж нар мягмар гарагийг муу өдөр гээд зах гардаггүй. Тийм болохоор хөдөлгөөн харин ч бага байна. Хэрэв анхны цас орсон өдөр мягмараас өөр гаригт таарсан бол та нар зах руу ирэх гэж өдрийн талыг барах байсан” гэж байлаа.
Ихэнх жолооч өвлийн ямар дугуй нь сайн гэдгийг мэдэхгүй тул худалдагчаас нь асууж аль сайн гэснийг нь авч байлаа. Юм мэдэхгүй хүнд бол сайн гээд зуны муу дугуйгаа ч шахдаг талаар зарим худалдагч бие биеэ муу хэлэх. Ямар дугуй нь сайн талаар найзынхаа танил худалдагч Н.Болдсүхээс тодруулахад “Хүмүүс M+S гэдэг тэмдэглэгээтэйг хамгийн сайн дугуй гэж боддог. Гэхдээ энэ нь Mud+Snow гэсэн утга байхгүй. Ийм тэмдэглэгээтэй байхын тулд ямар нэг туршилт, сорилд тэнцэх албагүй, зөвхөн хээний хэлбэр нь дугуйны гадна талаас дотогшоо чиглэсэн налуу ховилтой байхад л ийм тэмдэглэгээ тавьж болдог. Халтиргаатай, шавартай зам дээр илүү, сайн чанартай гэсэн үг биш. Харин цасан ширхгийн тэмдэг нь тухайн дугуй American Society for Testing and Materials (Америкийн Туршилт, Материалын Нийгэмлэг гэх юм уу) байгууллагын суудлын болон бага оврын ачааны тэргэнд халтиргаа, гулгаатай нөхцөлд ашиглах" сорилыг давсан гэсэн баталгаа юм байна. Нэг үгээр хэлбэл жинхэнэ өвлийн дугуй” гэсэн зөвлөгөөг өгсөн юм. Гэвч “Да хүрээ” захаар дээрх тэмдэглэгээтэй дугуйг олж харсангүй. Ихэнх нь M+S гэсэн тэмдэглэгээтэй. Иймээс ч жолооч нар Япон улсад үйлдвэрлэсэн M+S гэсэн тэмдэглэгээтэй дугуй сонгодог нь харагдаж байлаа. С.Хүрлээ хэмээн өөрийгөө танилцуулсан жолооч “Уг нь би долоо хоногийн өмнө л дугуйгаа сольё гэж бодож байсан ч амжаагүй цастай золголоо. Гэтэл дугуйны үнэ тэнгэрт хаджээ. Би Японд явж байсан 14-тэй нэг дугуйг 65 мянган төгрөгөөр авлаа. Нийт дөрвөн дугуй гээд бодохоор 260 мянган төгрөгөөр дугуйгаа сольж байна. Одоо эндээс гараад дугуй засвар дээр нэг дугуйг дор хаяж 2000-3000 төгрөгөөр солиулна. Уг нь долоо хоногийн өмнө авсан бол нэг дугуй нь 55-60 мянган төгрөгт багтана гэж байсан юм. Эрэлт их болохоор үнэ нэмдэг нь наймаачдын зан юм даа” хэмээн өгүүлэв.
Дугуйнууд үнээсээ хамаараад янз бүр байсан бөгөөд шинэ дугуй авах жолооч цөөн. Харин Япон, Солонгост хэрэглэж байсан орж ирсэн гэх дугуйны эрэлт өндөр байх юм билээ. Гэхдээ нэг шинэ дугуй авчихвал хоёр жил явдаг талаар нэгэн жолооч хэлж байсан. Ингээд бодохоор амь, насаа даатгаж яваа төмөр хүлэгтээ хэдэн цаас харамлаж, хуучин дугуйны хээ харж авч байснаас баталгаатайгаар нь шинэ дугуй худалдан авбал жолооч нарт хэрэгтэйсэн. Гэвч нэг сайн дугуй авах битгий хэл машинаараа хоногийн хоолоо залгаж машин нь явахаа боливол хоосон хонох айл олон бий. Зам дээр гулгаж, түрүүлж байгаа машиныг харахад ихэнх нь хуучных, тэгээд ч зуны дугуйтай. Иймээс жолооч нар маань өөртөө болоод бусдад аюул учруулахгүйн тулд өвлийн дугуйгаа яаралтай солих цаг нь болчихож.
Жолооч та дугуйгаа авлаа гээд санаа амарч болохгүй. Учир нь, авсан дугуйгаа тэр даруйд нь машиндаа тавьж бүрэн бүтэн байдал, явахад хэр байхыг нь шалгах ёстой. “Да хүрээ” захаас КТМС хүртэлх замын дугуй засварууд бүгд дараалалд дарагджээ. Энд нэг дугуйг 3000 төгрөгөөр сольж байв. Харин зах орчмоор ачаалалтай байна гэх нэрийдлээр дөрвөн дугуйг 20 мянган төгрөгөөр солих газарч байв. Түүнчлэн муу дугуйгаа сэлбэж сайн дугуй болгох санаатай жолооч нар ч олон. Дугуй засварын хүнээс амь аргалчих гайгүй хээтэй дугуй байна уу хэмээн сураглах нэгэн ч байлаа. “Хэрэглэж байсан гайгүй өвлийн дугуй худалдана гэсэн зар интернэтэд байдаг юм билээ. Нэтээс хайвал амь аргалчих дугуй олдох байх” гэсэн зөвлөгөөг нэгэн жолооч нөгөөдөө хэлж байлаа.
Өвлийн бэлтгэлээ базаахыг сануулсан энэ өдрүүдэд машины тосол, дулаан хучлага хүртэл эрэлттэй байна. “Да хүрээ” захад Орос тосол литр нь 3500 төгрөг байсан бол Хятадад үйлдвэрлэсэн тосол литрийг нь 2000 төгрөгөөр борлуулж байлаа. Нэг машинд долоогоос арван литр тосол орно гэж үзвэл 35 мянган төгрөгөөр тосолоо солино гэсэн үг. Харин дулаан хучлагын хувьд 110-120 мянган төгрөгөөр хийж байна. Ингээд бодохоор нэг жолооч хамгийн багадаа 450 орчим мянган төгрөгөөр өвлийн наад захын бэлтгэлээ хангах нь.
Дашрамд жолооч нартаа сануулахад харамч хүн хоёр дахин төлдгийн адил хямд муу тосол машиндаа хийж машиныхаа эд ангийг эвдэх, хөлдөөх юм болох вий.