Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулсны баавгай-Пандагийн амьдралыг хоногийн турш харж болно


Энэ наймдугаар сарын эхээр хятадын Сычуань мужийн төв Чэнду хотын хулсны баавгай судлалын төв онлайн-суваг нээж пандагийн амьдралыг хоногийн турш харж болох реалиту шоу эхлүүлжээ. Ингэснээр үзэгчид манай гариг дээр үлэмж ховордсон энэ хөөрхөн амьтны амьдрал, ааш аяг, хооллож байгаа болон өөр хоорондоо эрхэлж наадаж байгаа зэрэг амьдралын нь хэв маягийг 24 цагийн турш үзэх боломжтой болсон байна.

Чэндугийн энэ төв 1987 онд анх хэдхэн том пандатай ажлаа эхэлж байжээ.

Судалгааны төвийнхөн зургаан баавгайгаа арчлах, судлах хэмжээнд байсан бол үүнээс хойш энд 100 гаруй бамбарууш мэндэлсэн гэнэ.

Одоо энэ төвд 80 панда байгаагийн дотор зохиомол аргаар гарган авсан, хамгийн том панда хүртэл бий. Дэлхий дээр нийтдээ 1600-гаас илүүгүй байгаа энэ амьтны 250 нь дэлхийн янз бүрийн улс оронд амьдарч байна.

Тус төвийнхөн амьтан судлалын олон хүрээлэн байгууллагуудтай хамтран ажилладгийн зэрэгцээ жил бүр “Pambassador” гэсэн уралдаан зарлаж, үүндээ дэлхийн өнцөг булан бүрээс 50 орчим мянган өргөдөл авч ялагчийг нь тусгай хамгаалалттай газарт том пандагийн судалгаанд бүтэн жил ажиллах эрх олгодог юм байна.

Панда гэдэг энэ хөөрхөн амьтан энд ажиллагсдын төдийгүй зочид төлөөлөгчдийн хайрыг татсан амьтан. Тэгээд ч хулсны баавгай бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн үндсэн бэлгэ тэмдэг.

Панда өнөөдөр өчнөөн олон хүүхэлдэйн кино, компьютер тоглоом, сурталчилгааны баатар болжээ. Энэ төв, бусад орнуудын амьтны хүрээлэнд ч гэсэн олон мянган үзэгчийн дараалалд дарагдаж байдаг юм.

Панда болгон өөр өөрийн араншинтай. Угаасаа эелдэгхэн зантай энэ амьтан зүгээр байгаа нь хүртэл инээдэмтэй. Түүний хамгийн дуртай ажил нь хулсаа идэх.
Бамбарууш байхдаа бол сахилгагүй гэж болно. Тэр модон дээр авирч гараад унах, харж байгаа хүмүүсийг өөртөө татаж элдэв ааш аяг их үзүүлдэг.

Тус төвийнхөн шинээр төрж байгаа бамбаруушнуудад онцгой анхаарал тавьдаг. Эх нь тэднийг дарчихгүй, гэмтээчихгүй байлгах үүднээс эхлээд багацуулыг нэг хэсэгтээ инкубаторт байлгадаг.

Тэгээд арай жаахан өсөөд ирэхээр нь эхэд нь юм уу, өргөж авах ээжид нь өгдөг байна.

Панда угаасаа хоёроос илүү бамбарууш төрүүлдэггүй, тэрэндээ маш их анхаарал тавьдаг амьтан.

Бамбарууш арай том болж бие даах хэмжээнд ирэхээр нь чөлөөтэй орчинд оруулдаг байна.

Чэндугийн төвд зочилсон хүн хулсны баавгайг барьж, тэвэрч үзэж болно. Гэхдээ тусгай хувцас, бээлий өмсөх хэрэгтэй. Панда ч үүнд нэг их дургүй биш.

Одоо энэ сайтыг нээгээд сууж байхад та гэртээ ч юм уу, албан өрөөндөө хулсны баавгайтай хамт юм шиг эсвэл, Чэндугийн хүрээлэнд байгаа юм шиг сэтгэгдэл төрөх вий.
























0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан