Намайг ухаан суугаагүй жаахан охин байхад Үндэсний радиогоор нэг жихүүцэм ая явсанаа “Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян, Монгол баян” гээд л уншдагсан. Зундуйн Дорж гуайн энэ үг өнөөдөр л олон хүний толгойд орох цаг ирж. Учир нь Монголын үндэсний бичиг болох Монгол бичгийг ЮНЕСКО-гоос гаргадаг мөхөж буй хэл соёлын жагсаалтад оруулчихаж. Энэ жагсаалтыг хэн нэг нь дээшээ харж суугаад санаагаараа зохиодоггүй. Тодорхой үндэслэл, баримтад тулгуурлан гаргадаг энэ жагсаалт хамгийн сүүлд “Монгол үндэсний бичиг үсэг болох босоо монгол бичиг нь мөхөж байгаа хэлний жагсаалтад бүртгэгдлээ” хэмээгээд манай үндэсний бичгээр баяжжээ.
Бичсээр, ярьсаар байгаад улиг болсон сэдэв. Гэхдээ л хамгаалж чадаж байна уу гэдгийг олон дахин хөндөн бичиж, бие биенээсээ асуух учиртай. Бид үүх түүхээ мэддэг, гадны зочид гийчдийн өмнө түүхээрээ бардамнаж, гадны хэл соёлоос суралцаж байгаагаа даяаршил хэмээх “гоё” үгээр далдлан тайлбарладаг ч хэл, соёлоо хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж байна уу гэхээр даанч чамлалтай санагддаг юм. Гудамжинд явж байгаа хүнээс Монгол бичгээр өөрийнхөө нэрийг бичиж чадах уу гэж асуувал чадах хүн олон таарна. Гэхдээ Монгол бичгээр захидал, эсвэл албан бичиг бичиж чадах уу гэвэл тийм хүн бараг гарахгүй. Үндэстний орших үндэс болсон эх хэлээрээ зөвхөн нэрээ л бичиж чаддаг байх нь чамлалтай. Сүүлийн үед гадаад хэлээр гоёх үзэгдэл ихэсчээ. Хүүхдээ хэлд орж амжаагүй байтал харь хэл зааж, сурахгүй бол хүүхдээ “тэнэг амьтан” болоод өсчих мэт сүйд болоод л...
Бид эх хэлээ тоохгүй явсаар, утгыг нь өөрийн хэлэнд орчуулж чадахгүй үгсийг тэр чигт нь эх хэлдээ буулгасаар мөхөөж байна. Үүний араас мөхөх аюулд хүрсэн соёлын өвийн жагсаалт хэрхэн үргэлжлэхийг одоохондоо таах аргагүй ч уртын дуугаа урд хөрштэйгөө хуваагаад ЮНЕСКО-д соёлын өвөөр бүртгүүлчихсэн болохоор жагсаалт ингээд дуусахгүй л болов уу.
Намайг арван жилийн сурагч байхад Монгол хэлний багш маань “Манай монгол бичгийг уншихад “тийм, тийм” гэж толгой дохиулдаг гэж Б.Ренчин гуай мөн ч онож хэлсэн дээ” гэдэг байж билээ. Үнэхээр харсан хүний сонирхлыг татахаар тийм л урлагийн бүтээл. Тийм ч учраас Холливудад бүтээгдсэн “Төмөр хүн” киноны хэсэгт Монгол бичгийг оруулсан байсан. Гэхдээ кино багийнхны зүгээс манай талд хандан уучлал хүссэн. Энэ нь ч сайн хэрэг. Нөгөө талаар өөрсдийнх нь тоохгүй, мөхөөж байгаа зүйлийг жижигхэн зүйлд ашигласны төлөө монголчууд хэл ам гаргаж, хэрүүл тэмцэл хийж байгаа нь сайшаалтай ч юм шиг. Яг л үүн шигээ үр хүүхдээ гадаад хэл заалгах гэж, монгол сэтгэлгээг нь гадаад хэлтэй хамт мөхөөх гэж байхын оронд босоо монгол бичгээрээ нэрээ алдаагүй зөв бичихэд сургавал сайнсан.
Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гарган Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх захидал, албан бичгийг монгол бичгээр үйлдэх, орчуулгыг тухайн улсын НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, мөн Иргэний төрсөний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийхээр тусгасан билээ. Гэтэл өнөөдөр албан тушаалтнуудын бичиг хэрэгт хэрэгжих байтугай эх бичиг маань бэлгэдлийн төдий болж хувирч. Энэ асуудлыг мэддэг албаны нэгэн нь “Тийм байх аа” гэхээс өөр хариулт өгч чадахгүй л сууна.
Шинээр төрсөн хүүхэд, энэ онд гэрлэлтээ батлуулсан иргэдийн гэрлэлтийн гэрчилгээн дээр монгол бичгээр бичсэн зүйл огт алга. Зарим нэг их дээд сургууль хэрэгжүүлж байгаа дуулддаг ч бүх шатандаа шийдвэртэй хийж чадахгүй байгаа учраас өнөөдөр мөхөх гэж байгаа хэлний жагсаалтанд орчихоод цаазын тавцан руу харуусал тээн алхаж байна, Монгол бичиг.
Мөн аж ахуйн нэгж албан байгууллага гаднаа монгол бичгээр хаягаа хадах, өргөн нэвтрүүлгийн телевизүүд албан тушаалтны нэр, овгийг монгол бичгээр бичиж гаргах, Ерөнхийлөгчийн албан ёсны сайт нь монгол бичгээр бичигдэж мэдээлнэ гэх сайхан сайхан шийдвэр гарч байгаа ч өнөөдөр мөхөж буй хэлний жагсаалтаас эх бичгээ аврах хэмжээнд ажил хэрэг болгож чадсангүй. Хэрэгжүүлэх ёстой гэх зарлиг хүлээн авсан нөхөд нь хийх гэж сэтгэл, зүтгэл гаргаж чадахгүй байгаа нь үндэсний хэл, соёлоо мөхөөх шалтгаан болж байна. Ерөнхийлөгч шат дараатай хоёр жилийн хугацаанд олон шийдвэр гаргасан. Хэрвээ хангалттай үр дүн гарсан бол жагсаалтад орох байсан уу гэдгийг бодох л ёстой.