Манай хойд хөрш экспортлож байгаа нефть, шатах ба тослох материалынхаа татварын хэмжээг өмнөх сарын дэлхийн зах зээл дээрх дундаж ханштай харгалзуулан тогтоодог гэдгийг уншигч та мэдэж байгаа байх. Газрын тосны үнэ бага байвал экспортлоход улсаас тогтоодог татвар ч багасдаг. Үнэ нь өндөр байвал түүнийг дагаад татвар нь өсдөг жамтай. Оросын Санхүүгийн яамны хийсэн мониторингоор энэ сард нэг тонн газрын тосны үнэ 749.3 ам.доллар байсан нь өмнөх сарынхаас өссөн үзүүлэлт юм. Тиймээс долдугаар сард экспортлох газрын тос, шатахууны үнэ ч дагаад өсөхөөр боллоо. Өсөхдөө 9.8 ам.доллараар нэмэгдэх нь. Бензиний экспортын татвар өмнөх сард тонн тутамдаа 323.4 ам.доллар байснаа 332.6 ам.доллар болж 9.2 ам.доллараар өсөх нь.
Сүүлийн саруудад Оросын газрын тосны үнэ бага багаар ч гэлээ тогтмол бууж байсны ачаар бид шатахууныхаа үнийг хурааж байгаад 50 төгрөгөөр буулгах боломжтой болсон. Харин одоо ингээд сар болгон тогтмол нэмэгдээд байвал мөн л удалгүй хурааж байгаад буцаагаад нэмэхээс өөр аргагүй болж таарах байх.