Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2016 онд ашиглалтад орох олон улсын нисэх онгоцны буудлын шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр Төв аймгийн Хөшгийн хөндийд боллоо. Нийслэлээс 54 километрийн зайтай тус хөндий нь эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн хэдий ч нисэх буудал баригдах нийт 1200 га талбайн хэсэг нь намаг балчиг, мөнх цэвдэг, чулуулаггүй бөгөөд бүхэлдээ тэгш гадаргуутай юм. Засгийн газраас Иргэний нисэхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, зорчигчдын тав тухыг хангах зорилгоор олон улсын стандартад нийцсэн нисэх буудлыг барих төслийг баталж, Япон улсын Засгийн газарт хүсэлт тавьснаар 2008 оны тавдугаар сарын 1-ний өдөр хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарч, хоёр улсын Засгийн газар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан билээ.
40 жилийн хугацаатай, 28 тэрбум 807 сая иенийн эл зээл нь жилийн 0.2 хувийн хүүтэй бөгөөд эхний арван жилд төлбөрөөс чөлөөлөгдсөн нь улс орны эдийн засагт хүндээр нөлөөлөхгүй, хамгийн ашигтай зээл хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолж байсан.    
Одоогийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь 1956 онд тухайн үеийн ЗХУ-ын тусламжтайгаар баригдсан бөгөөд 1994-1997 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөл шинэчлэлт хийж байжээ. Олон улсын мэргэжилтнүүдийн дүгнэлтээр дээрх нисэх буудлын агаарын хөлгийн хөөрч, буух зурвас нь 2.5 хувийн налуутай, зурвасны урд хэсэг өндөр уултай тул зөвхөн нэг талаас нь хөөрөлт, буулт хийх боломжтой, өвлийн улиралд агаарын бохирдол, утаа зэргээс шалтгаалж үзэгдэх орчин муутайгаас нислэг саатах тохиолдол олон гардаг гэх мэт ашиглалт, үйл ажиллагаатай хобоотой хүндрэл бэрхшээлүүдийг цогцоор шийдэх гарц нь шинэ нисэх буудал байгуулах явдал ажээ. Сүүлийн жилүүдэд манай оронд айлчлан ирэх жуулчдын тоо нэмэгдсэн мөн салбарын үйл ажиллагаа эрчимтэй тэлж байгаа нь шинэ нисэх онгоцны буудал байгуулах бас нэгэн чухал шалтгаан. Чингис хаан нисэх онгоцны буудал нь жилдээ нэг сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бол шинэ буудал нь түүнээс даруй 2-3 дахин их буюу гурван сая зорчигч тээвэрлэх гэнэ. Онгоцны буудлын цогцолбор нь 3600 м урт, 45 м-ийн өргөнтэй хоёр талаас хөөрөлт, буулт хийх боломжтой нислэгийн төмөр бетон зурвастай байх бөгөөд 250-350 хүний суудалтай Боинг, Аэробус онгоц хүлээн авах зургаан хүзүүвч бүхий зорчигч үйлчилгээний барилга, 43 м өндөр нислэгийн хөдөлгөөн удирдлагын цамхаг, бие даасан дулаан хангамжийн уурын зуух, цэвэр усны хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдэх ажээ. Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах боломжтой бөгөөд энэ нь хөөрч буух зурвасны ашиглалтыг 98 хувьд хүргэж нислэгийн саатлыг үлэмж бууруулах ажээ. Олон улсын иргэний нисэхийн байгуул­лагаас гаргасан зөвлөмжөөр дээрх үзүүлэлт нь 95 хувиас багагүй байхаар заасан байдаг.

Шав тавих ёслолын ажил­лагаанд Монгол Улсын Ерөн­хий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх, Япон улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхэт элчин сайд Шимизү Такэнори болон төслийг гүйцэтгэгч Японы Мицубуши Чиёода корпорацын гүйцэтгэх захирал Шочиро Мориваки болон холбогдох албаны хүмүүс оролцсон.

Шав тавьж, газар хөндөх ёслолын ажиллагааны дараа Иргэний нисэхийн дарга С.Буяннэмэхтэй ярилцлаа.

-Шинэ буудал байгуулагдсанаар салбарт хэр өөрчлөлт гарах вэ?
-Өнөөдрийн байдлаар иргэний нисэх жилд дунджаар нэг сая 100 мянга орчим зорчигчдод үйлчилж байна. Эдийн засгийн тогтвортой хөгжил болоод Монгол Улсын нэр хүнд дэлхийд өсч байгаатай холбогдуулан төрөөс агаарын тээвэрт хандуулж буй бодлогын хүрээнд иргэний нисэхийн салбарыг тэргүүлэх чиглэл болгохоор зорьж байна. Үүний нэг илрэл  нь МИАТ компанид “Боинг 767” загварын том оврын агаарын хөлөг авч өгсөн болон 2016 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн онгоцны буудлын шав тавих ёслол юм. Энэхүү шинэ буудал нь цаашид Монгол Улс олон улстай холбоо харилцаагаа бэхжүүлж, жуулчлалыг нэмэгдүүлэх гол үүд, хаалга болно гэдэгт итгэлтэй байна.
-Иргэний нисэхийн өнөөгийн байдал, тулгам­даж буй асуудал юу байна вэ?
-Иргэний нисэхийн өнөөг­ийн байдал тааруу байна. Урсгал засвар хийдэг ч ачаалал ихтэйг та бүхэн мэдэж байгаа. Шинэ буудал ашиглалтад орох хүртэл бүхий л боломжит ажил, шинэчлэлүүдийг хийсээр байх болно.    
Зуны дунд сарын шинийн 1-ний дашнямтай өдөр бү­тээн байгуулалтын ажлыг нь эхлүүлж буй онгоцны буудлын төслийг цаашид иргэний агаарын тээврийн хөгжлөөс хамаарч хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа аялал жуулчлалаас хамааран өсөх хандлагатай учраас ирээдүйд 20 хүзүүвч бүхий жилд 12 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай төслийн үргэлжлэлийг ЖАЙКА корпорацын судалгааны ба­гийнхан боловсруулж байгаа аж.
Шинэ нисэх буудал байгуу­лагдаж ашиглалтад орсноор тухайн орон нутагт дэд бүтэц эрчимтэй хөгжиж цаашлаад хот суурин бий болоход онцгой ач холбогдолтой юм.

Ж.Гэрэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан